Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2020/01896

 

                                                                                                                                         

 

 

 

 

 

 

                                     2020         09          03

 

            182/ШШ2020/01896

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А.Ө

 

Хариуцагч: Д.А

 

            16,912,800 төгрөгийн үнэ бүхий тоног, төхөөрөмж болон дагалдах сэлбэг хэрэгслүүдийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Ө, хариуцагчийн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Ө нь гадаадаас оёдлын машин, түүний сэлбэг нийлүүлэх бизнес эрхэлдэг бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн Д.Атай "Худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулсан юм. Уг гэрээгээр бид БНХАУ-д үйлдвэрлэгдсэн оёдлын машины иж бүрдэл, тоног, төхөөрөмжүүдийг Д.Ад нийлүүлэх, Д.А дээрх тоног төхөөрөмж, оёдлын машинуудын үнэ 15,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон юм. Д.А гэрээнд зааснаар 15,000,000 төгрөгөө урьдчилаад өгсөн юм. Бид гэрээнд заасны дагуу дээрх тоног төхөөрөмж, оёдлын машинуудын үнийн дүнд тохирсон 6 машин, тоног төхөөрөмжийг Цагаан шонхор ТӨҮГ-т 2019 оны 07 дугаар сарын сүүлээр нийлүүлсэн юм. Нийлүүлснээс хойш хариуцагчийн зүгээс оёдлын машинууд ажиллахгүй байна, ирж засаж өг гэх шаардлагууд тавьсны дагуу бид очиж засварлаж өгч байсан.

Гэтэл 2019 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхээс дуудахад нь очиход Д.А шүүхэд нэхэмжлэл гаргаж нийлүүлсэн тоног, төхөөрөмжийг авахгүй, харин түүний үнэ 15,000,000 төгрөг, холбогдох алданги, хохирлын хамтаар нийт 19,200,000 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Шүүх 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаад 102/ШШ2020/00184 дугаартай шийдвэрээр надаас 16,800,000 төгрөгийг гаргуулж иргэн Д.Ад олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага гүйцэтгэлийн ажиллагаа явуулан надаас 4,300,000 төгрөгийг албадан гаргуулж аваад байна. Гэтэл бидний нийлүүлсэн тоног, төхөөрөмжийг хариуцагч Д.А, түүний Д.А нар өгөхгүй, хэл, амаар доромжилж хохироосоор байна. Нэгэнт шүүхээс тоног, төхөөрөмж, оёдлын машинуудын үнийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул би нийлүүлсэн тоног төхөөрөмжөө буцаан авах нь хуульд нийцэх юм. Бид ядаж тоног, төхөөрөмжөө буцаан авч борлуулж байж Д.Агийн мөнгийг төлмөөр байна. Иймд 2,328,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг шулуун питль, 2,134,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг урсдаг наалт, 3,104,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг цувны наалт, 3,492,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг дугуй питль, 776,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хутгатай ердийн машин, 1,358,000 төгрөгийн үнэ бүхий 52 ширхэг /хар/ цувны наах тууз, 77,600 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг мотор, 543,200 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг /өнгөгүй/ цувны наах тууз зэрэг тоног төхөөрөмж болон дагалдах сэлбэг хэрэгслүүдийг гаргуулж өгнө үү. Тээврийн зардалд 1,500,000 төгрөг, зарим сэлбэг болон солих ажлын хөлс 600,000 төгрөг, Бээжингээс Улаанбаатарт ирж буцах зардалд 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А нь иргэн А.Өтай 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 03 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч А.Ө гэрээний үүргээ биелүүлээгүй тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 00184 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагч А.Өгаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэнд 16,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгох шийдвэр гарсан байгаа. А.Ө нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бөгөөд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шаардсан ба А.Өгаас одоогийн байдлаар 4,300,000 төгрөгийг авсан. Бусад төлбөрийг төлөхгүй явж байна. Гэрээгээр 7 төрлийн машиныг 15,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон боловч 6 машин ирсэн. Цувны наалт болон мотор нь дагалдаж ирсэн зүйлс юм. Мөн түүнчлэн ажлын хөлс, замын зардлыг гэрээний үнэд оруулан нэхэж буйг ч хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ цуцлагдсанд нэхэмжлэгч өөрөө буруутай. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т аль нэг тал гэрээнээс татгалзвал гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаана гэсэн нь үүрэг нь зэрэг биелэгдэхийг хэлж байна. Иймд иргэн А.Өгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тус асуудлын талаар хүчин төгөлдөр шийдвэр байгаа буюу 2020 оны 03 дугаар сард Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээг цуцалсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 2,328,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг шулуун питль, 2,134,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг урсдаг наалт, 3,104,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг цувны наалт, 3,492,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг дугуй питль, 776,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хутгатай ердийн машин, 1,358,000 төгрөгийн үнэ бүхий 52 ширхэг /хар/ цувны наах тууз, 77,600 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг мотор, 543,200 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг /өнгөгүй/ цувны наах тууз зэрэг тоног төхөөрөмж болон дагалдах сэлбэг хэрэгслүүдийг мөн тээврийн зардалд 1,500,000 төгрөг, зарим сэлбэг болон солих ажлын хөлс 600,000 төгрөг, Бээжингээс Улаанбаатарт ирж буцах зардалд 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжилж байх ба хариуцагч уг хэрэг маргааны талаар хүчин төгөлдөр шийдвэр байгаа, гэрээнээс татгалзсанаас талууд гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах үүргүүд зэрэг биелэгдэх ёстой гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Талууд оёдлын машин, сэлбэг худалдах, худалдан авах гэрээ байгуулан 7 ширхэг машин авахаар Д.А А.Өд 15,000,000 төгрөг төлсөн ба 6 машиныг нийлүүлсэн, бэлгэнд цувны наалт, мотор зэрэг зүйлийг өгсөн дээр талууд маргахгүй байна.

Зарим нэг машин нийлүүлэгдээгүй, нийлүүлэгдсэн машин эвдэрч байснаас Д.А гэрээнээс татгалзан, 15,000,000 төгрөгийг хохирлын хамт нэхэмжлэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/00184 дугаар шийдвэрээр хариуцагч А.Өгаас 15,000,000 төгрөгийг алданги 1,800,000 төгрөгийн хамт нийт 16,800,000 төгрөгийг гаргуулж Д.Ад олгохоор шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан байна. Хариуцагч Д.А нь гэрээг цуцалж, шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн атлаа харилцан гэрээний зүйлсийг буцаах үүргээ биелүүлээгүй байх тул 2,900,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг шулуун питлийн, 1,900,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг урсдаг наалтын, 1,900,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг цувны наалтын, 3,400,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг дугуй питлийн, 500,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хутгатай ердийн машин /нийт 11,100,000 төгрөгийн/-ыг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 3,900,000 төгрөгийг оёдлын бүрэн автомат машиныг А.Ө Д.Ад нийлүүлээгүй байна. Дагалдах сэлбэг болох цувны наалт, мотор зэргийг А.Ө бэлгэнд өгсөн байх ба түүнийг нэхэмжлэгч нэхэмжлэхгүй гэж байна.

Харин А.Өгийн буруугаас гэрээ цуцлагдсан ба ба түүний бараанд явсан замын болон тээврийн зардал, машины засварын зардлыг Д.А хариуцах үндэслэлгүй байна. Худалдах барааны замын болон тээврийн зардлыг ямар нэг тохиолдолд худалдан авагч хариуцах тухай заалт гэрээнд байхгүй, харин тоног төхөөрөмжинд ямар нэг дутагдал байвал худалдан авагч худалдагчаас шаардах, худалдан авагч дутагдлыг арилгах, эсхүл сольж өгөх тухай заалтууд гэрээний 4.1.2, 5.2.2-т байна.

Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-ийг баримтлан Д.Агаас 2,900,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг шулуун питлийн, 1,900,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг урсдаг наалтын, 1,900,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг цувны наалтын, 3,400,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг дугуй питлийн, 500,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хутгатай ердийн оёдлын машин /нийт 11,100,000 төгрөгийн/-ыг тус тус гаргуулж А.Өд олгож, нэхэмжлэгчийн 5,812,800 төгрөгийн үнэ бүхий сэлбэг хэрэгсэл, зардал нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 192,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 242,514 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


 

                                         ДАРГАЛАГЧ                                   С.БУД