Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/50

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Д.*******т  холбогдох эрүүгийн  201721000165 дугаартай, 178/2017/0053/Э/ индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн  байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд  боловсролтой, жолооч  мэргэжилтэй, хувиараа мал малладаг, аминдаа 300 толгой малтай, сард 253000  төгрөгийн өрхийн орлоготой, ам бүл 2 , эхийн  хамт Ховд аймгийн *******  сумын *******  багт оршин суух, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй ******* овогт *******ийн *******

Холбогдсон хэргийн талаар: / тогтоолд дурдсанаар /

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 04 сарын 02-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг  дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  иргэн Г.*******тэй  маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг бүртгэлтэд  хохирогч Г.*******ийн өгсөн.... 2017 оны 05  сарын 14-ний өдөр 15-16 цагийн орчимд ******* сумын төвөөс хөдөө байдаг гэрлүүгээ аав Галсан, дүү Хонгорзул нарын хамт аавын эзэмшлийн суудлын жижиг автомашинтай явж байтал  замд ******* багийн нутаг дэвсгэр болох Гурван бургас гэх газар нутгийн залуус болох Д.*******, Бүтээлч нар мотоцикльтой явж байгаад таарсан. Тухайн үед тэр 2 залуу нилээд согтсон байдалтай байсан. Тэгээд манай аав Галсан, Д.*******,Бүтээлч гурвуулаа тэр хоёр залуу тал “Ерөөл” нэртэй архи авч ирсэн. Түүнийг хувааж уусан. Тэр хугацаанд миний сууж байсан автомашинд Д.******* орж ирээд суучихаад чи намайг урьд нь архичин гэж хэлсэн. Би  тийм архичин байна уу гээд шууд миний зүүн мөр лүү нэг удаа гараараа цохисон. Машинаас буух үед араас миний өгзөг тус газар нэг удаа өшиглөсөн. Тэгээд хажууд явсан манай дүү Хонгорзул аав нар салгасан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Сумын цагдаа олон нийтийн байцаагч нар ирээд Д.*******ыг аваад явсан. Миний бие өвдөөд байхаар нь аймгийн төв орж ирээд нэгдсэн эмнэлэгт үзүүлж 7 хоног эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Д.******* нь манай аавынд намайг байж байтал 4-5 хоногийн өмнө нилээд халамцуу ирээд намайг “чи мал мэдэхгүй байж нөхөрт гарахдаа аавынхаа бүх малыг авсан” гээд янз бүрээр хэлээд байхаар нь би яаж явах нь чамд хамаагүй чи наад ууж байгаа архиа больчих гэж хэлсэн. Түүнээс хойш надад юм бодож явдаг юм шиг байсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Миний эмчилгээний бүх гарсан зардлыг бүрэн барагдуулж өгсөн. .. гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч эмч Б.Цэндхүүгийн  2017 оны 05 сарын 19-ний өдрийн 274 дугаартай

Г.*******ийн  биед умайн тонус/ хатуурал/ ураг дутуу төрхөөр завдалт өгсөн эмгэг өөрчлөлт тогтоогдлоо.

Г.*******ийн  биед учирсан дээрх  эмгэг өөрчлөлт нь цохигдох , мөргөлдөх унах үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдсэн байх боломжтой

Г.*******ийн  биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4 1-д . гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөр чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлттийн шатанд Д.*******ын  сэжигтэн, яллагдагчаар өгсөн... Миний бие 2017 оны 05  сарын 14-ний өдөр хамаатны ах Бүтээлчийн хамт хөдөө гэрийнхээ ойролцоо нэг шил 0,5 граммтай архи уугад сууж байтал манай хамаатны ах Галсан  ирсэн. Бид гурав 0,5 граммтай архинаас тал архи үлдсэн байсныг хувааж уугаад би тухайн үед согтсон байсан. Гэтэл машинд ороод суутал Г.******* намайг өмхий үнэртсэн архичин машинаас буу гэхэд  нь миний уур хүрч Г.*******тэй үл ойлголцсоны улмаас хоорондоо маргалдаж хэл амаар дайрч доромжилж  нүүр лүү нь түлхээд машинаас бух үед өгзөгөн тус газар нь нэг удаа өшиглөж эрх чөлөөнд нь халдсан байсан. Тэр үед бид 2-ыг маргалдаж  Г.*******ийг хэл амаар доромжилж байхад хажууд явсан хүмүүс салгасан байсан. Намайг сумын цагдаа Бекбол ирээд аваад цагдаагийн хэсэг дээр түр хугацаанд саатуулсан байсан. ..Би урьд нь архи нилээд уусан байсан болохоор согтсон өөрийгөө хянан чадваргүй байсан. Г.*******тэй маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж зодсоноо санахгүй байгаад маргааш нь хамт явсан гэх Хонгорзулаас асуухад та “Г.******* эгчийг хэл амаар дайрч доромжилсон зодсон” гэж надад хэлсэн. Миний хувьд Г.*******ийг хэл амаар дайрч доромжилж эрх чөлөөнд нь халдаж зодсоноо хүлээн зөвшөөрч буруугаа ойлгон гэмшиж байна... гэх мэдүүлэг/ хх-ийн 30-32 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын  өгсөн... Миний бие Г.*******ийн   биед  хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Сайн дурын үндсэн дээр бид эвлэрсэн байгаа хэргийг хэрэгсэхгүй болгож хуулийн  дагуу шийдэж өгнө үү? гэх мэдүүлэг болно.

Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр шүүгдэгч Д.******* нь 2017 оны 04 сарын 02-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг  дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч  Г.*******тэй  маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай  учруулсан  нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.******* нь бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай байна.

            Түүний үйлдсэн гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг болно.

       Шүүгдэгч Д.******* нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байгаа болно.

      Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “яллагдагч ,  эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн тохиолдолд хохирогч яллагдагчтай сайн дураар эвлэрсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсэн  тул зааснаар шүгдэгч  Д.******* нь  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан ба шүүхэд хохирогч  сайн дураар эвлэрч, хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтийг гаргаж байх тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзнэ.  

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  байна. 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн  248 дугаар  зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294-299, 418 дугаар зүйлийн 418.5- заасныг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******т холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3.Эрүүгийн 201721000165 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүй  болохыг дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 64 дүгээр зүйлийн 64.1-д  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* овогт *******ийн *******т өмнө гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр хэрэглэсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёснытөлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Т.ЦЭЦЭГМАА