Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 128/ШЗ2019/6627

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар “С” ХХК-ийн гомдолтой , Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н нарт холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: “С” ХХК  

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н нар

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №0005505 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 20 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах тухай”.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, өмгөөлөгч Ж.О,  хариуцагч Б.Н, П.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гомдол гаргагч шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо болон гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан талаар: Манай компаниас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлт, 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлага, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №0005505 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 20 сая төгрөгийн торгууль зэргийг эс хүлээн зөвшөөрч Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан юм.

Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүн гэх албан тушаалтай С.Ц нь манай гомдлын 20 сая төгрөгийн торгуульд холбогдох хэсгийг хангах боломжгүй гэж, улсын байцаагчийн 05/06 дугаар албан шаардлага хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэх хариуг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2/293 дугаар албан бичгээр өгсөн байна.

Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, мөрдлөг болгох үүрэгтэйгийн хувьд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр гаргах үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.” гэж, 15 дугаар зүйлийн 15.1-т “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 15.1.16-д “улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх” гэж тус тус заасны дагуу улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар буюу түүний 9 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан шийвэрлэхээр хуульчилсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т “Оролцогч ... эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ.” гэж заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана.” гэж заасны дагуу манай компаниас Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т “улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах” гэж заасан журмын дагуу улсын байцаагчийн шийдвэрт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан байдаг.

Гэтэл манай компанийн гомдлыг хангах боломжгүй гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны нэг гишүүн дангаар шийдвэрлэсэн нь илт хууль бус болсон гэх үндэслэлтэй юм.

Хоёр. Улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл: Манай компани нь Улсын байцаагч нарын хяналт шалгалтын дүгнэлтэд дурдсанчлан Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагааг явуулаагүй болно.

Учир нь тухайн хяналт шалгалтын хугацаанд Манай компани нь ямар нэг байдлаар хэрэглэгчийг хохироосон худалдааны арга хэрэглэж ямар нэг байдлаар хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулаагүй болно. Мөн түүнчлэн ямар нэг аж ахуй эрхлэгчийн өрсөлдөөнийг хязгаарласан зүйлгүй болно.

Өрсөлдөөний тухай хуулийн зорилго нь тухайн зах зээлд өрсөлдөж буй аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг атал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд хэрэглэгчдийнхээ эрх ашигт нийцүүлэн бүтээгдэхүүнээ борлуулан өрсөлдөж буй манай компанид 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан шийдвэрийг гаргасаныг илтэд өрсөлдөөний үндсэн зарчмаас гажуудсан гэж бид үзэж байна.

Улсын байцаагч нар нь бодит нөхцөл байдлыг үнэн зөв, эргэлзээгүй байдлаар нотлох үүргээ биелүүлээгүй буюу тухайн зөрчлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэг бүрчлэн тогтоож чадаагүй байдаг.

Тодруулбал, манай компани яг ямар хуулиар хориглогдсон ямар худалдааны аргыг хэрхэн хэрэглэж, хэн хэн гэх нэртэй ямар хэрэглэгчийг хэрхэн хохироосон, үүний улмаас ямар аж ахуй эрхлэгчийн өрсөлдөөнийг яаж хязгаарлаж, ямар хохиролтой үр дагавар үүсгэсэн болохыг ямар нэг баримтаар нотлоогүй буюу манай компанийн зүгээс ийм төрлийн ямар ч үйлдэл гаргаагүй, хэн нэгний өрсөлдөөнийг хязгаарлаагүй юм.

Дээр дурьдсанчлан бодит байдалд нийцээгүй, хөдлөшгүй баримтаар нотлогдоогүй зөрчил гэх зүйлийг арилгахыг шаардсан албан шаардлага нь үндэслэлгүй болж байгаа бөгөөд мөн үйлдээгүй, тогтоогдоогүй, нотлогдоогүй зөрчилд оногдуулсан 20 сая төгрөгийн торгууль нь мөн үндэслэлгүй болсон гэж бид үзэж байна

Иймд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлт, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлага, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №0005505 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 20 сая төгрөгийн торгууль зэргийг тус тус хүчингүй болгож манай компанийг үйл ажиллагаагаа төрийн байгууллагын хууль бус дарамт шахалтаас ангид хэвийн явуулах нөхцөлөөр хангаж өгөхийг хүсье.” гэжээ.

Хариуцагч Б.Н, Г.Э нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “С” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 0005505 дугаартай шийдвэр буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэхүү тайлбарыг хүргүүлж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-д хэрэглэгчдээс “Зарим компанийн шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийгээд байна” гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1/19 дугаартай удирдамж баталж шуурхай ажлын хэсэг гарч нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд анх хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар “Тэс петролиум”, “Магнай трейд”, “С” ХХК-иуд хязгаарлалт хийсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Ийм учраас нарийвчлан хяналт шалгалтыг хийх агентлагийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/01 дугаартай удирдамж баталж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хийгдэж байгаа өмнөх хяналт шалгалтаас гадна дахин шинэ ажлын хэсэг гарган хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын хэсгийн ажлын удирдамж, чиглэл нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг шалгах, “засвартай, нөөц байхгүй, төвөөс түр үйл ажиллагаагаа зогсоо гэсэн” гэх зэрэг тодорхойгүй байдлаар үйл ажиллагааныхаа доголдлыг арилгахгүй, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж байгаа, мөн эрх бүхий зөвлөлийн шийдвэр нэг мөр гараагүй байхад дур мэдэн бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа, мөн АИ-95, нано автобензиний үнийг нэмэгдүүлсэн үйлдэлд хяналт шалгалт хийсэн.

Энэ хяналт шалгалт нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/01 дугаартай удирдамжийн хүрээнд “С” ХХК-д хийгдсэн хяналт шалгалт бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу прокурорт бүртгүүлж, прокурорын хяналтан дор явуулсан бөгөөд зөрчил тогтоогдож байсан тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Гэтэл “С” ХХК-ийн зүгээс энэ шийтгэлийг үндэслэлгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд дараах хариу тайлбар, няцаалтуудыг өгч байна.

Нэг. “Улсын байцаагчийн шийдвэрт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны нэг гишүүн дангаар шийдвэрлэсэн нь илт хууль бус болсон” гэсэн тухайд: Өрсөлдөөний тухай хуулийн 2010 оны шинэчилсэн найруулгаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр гаргах үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна гэж заасан боловч энэ асуудал шийдвэрлэгдэхгүй явсаар 2012 оны Засгийн газрын 66 дугаар тогтоолоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмийг батлан орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилон газрын хуралдаан хийгддэг болсон.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмээр газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын хүрээг тогтоож, өрсөлдөөний тухай хуулинд заасан /6.1.1, 6.1.2, 8, 15.1.6, 15.1.7, 15.1.15, 15.1.17/-д холбогдох асуудлуудыг хэлэлцэхээр заасан байдаг. Иймд улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг газрын хуралдаанаар шийдвэрлэх зохицуулалт байхгүй болно. Өмнө нь шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан шүүхийн практик ч Улсын ерөнхий байцаагч улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг хянах бүрэн эрхгүй гэж дүгнэж байгаагүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т “эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу тус газрын зүгээс гомдлыг хянах боломжгүй юм.

Хоёр. “Өрсөлдөөний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагааг явуулаагүй” гэсэн тухайд:

Хяналт шалгалт хэд хэдэн удаагийн үе шаттайгаар хийгдсэн. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “С” ХХК-ийн шатахуун түгээх станцууд нь дизель түлшийг зөвхөн өөрийн компанийн “Ай Си" картаар олгож, дизель түлш худалдан авах мөнгөн дүнгийн дээд хэмжээ нь 100.000 төгрөг бөгөөд үүнээс дээш хэмжээгээр худалдаалахгүй байсан.

Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нөөцийн мэдээллээр улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн нөөцтэй үүнээс А-80 автобензин 68, АИ-92 автобензин 46, дизелийн түлшний 28 хоногийн нөөцтэй байсан. Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн шатахууны нөөцийн үлдэгдлийн мэдээгээр “С” ХХК-ийн үлдэгдэл нөөц хэвийн хэмжээнд байгаа нь харагдаж байна.

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шатахуун түгээх станцуудад хийсэн хяналт шалгалтаар “С” ХХК-ийн Шатахуун түгээх станц-2 салбар дизель түлшийг 100 литрийн хязгаарлалттай, Шатахуун түгээх станц -28, Шатахуун түгээх станц-1, Шатахуун түгээх станц-40 дизель түлшийг өөрийн компанийн “Аи Си” картаар борлуулж байсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн мэдээллээр АИ-92 автобензин 38, дизелийн түлшний 38 хоногийн нөөцтэй байсан.

2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 5/01 тоот удирдамжийн дагуу шатахуун түгээх станцуудад хийсэн хяналт шалгалтаар “С” ХХК-ийн Шатахуун түгээх станц-23 нь бэлэн мөнгөөр борлуулалт хийхгүй, “Аи Си” картаар худалдаалах хязгаарлалт хийсэн байсан. Сүхбаатар дүүргийн Шатахуун түгээх станц-43 нь АИ-95 бензинийг бэлэн мөнгөөр хязгааргүй борлуулж, АИ-92 автобензинийг “Аи Си" картаар худалдаалах хязгаарлалт хийсэн байсан.

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шатахуун түгээх станцуудад хийсэн хяналт шалгалтаар “С” ХХК-ийн Шатахуун түгээх станц-43 салбар, Шатахуун түгээх станц-42 салбарууд бэлэн мөнгөөр үйлчлэхгүй зөвхөн “С” ХХК-ийн “Аи Си” картаар үйлчилгээ үзүүлж хязгаарласан байдалтай байсан. Тухайн үед хяналт шалгалтын ажлын хэсэг тухайн Шатахуун түгээх станцуудын шатахуун хадгалах савнуудын үлдэгдлийг шалгахад доорх хэмжээний үлдэгдэлтэй байсан.

А. Шатахуун түгээх станц-43-т  11135 литр Дизель түлш, 10726 литр АИ-92 бензин, 14372 литр АИ-92 бензин, 25904 литр А-95 бензин

Б. Шатахуун түгээх станц-42-т 6667 литр Дизель түлш, 3025 литр АИ-92 бензин, 3344 литр            АИ-92 бензин, 5776 литр А-95 бензин

“С” ХХК-ийн Шатахуун түгээх станцуудын эрхлэгчдээс “Аи Си” картыг шинээр хэрэглэгчид олгож байгаа эсэх талаар асуухад карт хэвлэгдэхгүй байгаа, карт өглөө төвөөс авчирсан боловч дууссан гэх зэрэг тайлбар өгч байсан. 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Шатахуун түгээх станц-43, Шатахуун түгээх станц-42 салбараар үйчлүүлж байсан иргэдээс гэрчийн мэдүүлэг дуу дүрсний бичлэгээр нотлох баримт бэхжүүлж авсан.

“С” ХХК-ийн зүгээс дээрх байдлаар шатахууныг үндэслэлгүйгээр хязгаарлалттайгаар борлуулсан, хэрэглэгчдэд үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоож ялгавартай хандсан, тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахаар хандсан этгээдүүдэд үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзсан зэрэг нь тухайн худалдан авагчийн хууль ёсны ашиг сонирхолд харшилсан болон хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэх үндэслэл болсон.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 тоот тушаалаар Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар ахлуулсан “Шатахууны жижиглэнгийн үнэ бүрдэлт, компаниудын ашиг алдагдлын тооцоог судалж санал дүгнэлт гаргах" ажлын хэсгийн дүгнэлтээр: “Аж ахуйн нэгжүүдийг шатахууны нөөцөөс үүссэн хязгаарлалт хийх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан байдаг.

Ашигт малтмал, газрын тосны газрын нефтийн бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн хэмжээний талаарх мэдээг аж ахуйн нэгжээс ирүүлсэн мэдээллийг үндэслэн гаргадаг байна.

“С” ХХК-ийн 2015-2017 оны 12 дугаар сарын автобензин, дизелийн түлшний үлдэгдлийн мэдээг харьцуулахад АИ-92 автобензиний 2017 оны 12 дугаар сарын үлдэгдэл 2016 оны 12 дугаар сараас 1668.78 тонноор илүү, дизелийн түлш 1307.4 тонноор дутуу үлдэгдэлтэй байна.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5.1.4-т “газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэвийн бус өсөлт, хангамжийн тасалдал, хомсдол үүсэх нөхцөлд зохицуулалт хийх” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6 дугаар хуралдаанаар автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэн, онцгой албан татварыг нэмэгдүүлсэн ч шатахууны жижиглэнгийн үнийн огцом өсөлтийг саармагжуулах тогтвортой байдлыг хангах талаар зөвлөмж гаргасан байдаг,

Үүнтэй холбоотой Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 309 тоот тогтоолоор зарим хилийн боомтоор импортлох автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нарт үүрэг болгосон.

Мөн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Хамтарсан зевлөл”-ийн 7 дугаар хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэтэй холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцэж, шатахууны импорт, жижиглэнгийн худалдааны өртгийн судалгааг нарийвчлан тооцох, зохицуулалт хийх боломж, нөхцөлийг судлан тогтоох үүрэгтэй ажлын хэсэг байгуулан санал, дүгнэлтийг нь зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтож, зөвлөлийн хуралдаанаар шийдвэр гаргах хүртэл аж ахуйн нэгжүүд аливаа хэлбэрээр шатахууны үнийг нэмэгдүүлэх, хязгаарлалт хийхгүй байхаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/43 тоот мэдэгдлийг хүргүүлсэн. Мэдэгдлийн агуулга нь “Хамтарсан зөвлөл”-ийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах, ингэхдээ 2017          оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд шатахууны хязгаарлалт болон үнийг нэмэгдүүлэх талаар гаргасан аливаа шийдвэрийг цуцалж 2018  оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хариу ирүүлэх, цаашид асуудлыг нэг мөр шийдвэрлэх хүртэл шатахууны хязгаарлалт, үнийн өөрчлөлт хийхгүй байхыг мэдэгдсэн.

Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн мэдээлэл, газар дээр нь хийсэн үзлэг, шалгалт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 тоот тушаалаар Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар ахлуулсан “Шатахууны жижиглэнгийн үнэ бүрдэлт, компаниудын ашиг алдагдлын тооцоог судалж санал дүгнэлт гаргах” ажлын хэсгийн дүгнэлт зэргээр Улсын хэмжээний нөөц болон компанийн нөөц хангалттай байтал “С” ХХК-ийн Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцууд дизель түлш болон АИ-92 автобензинийг иргэдэд бэлэн мөнгөөр бус тухайн байгууллагын “Аи Си” картаар борлуулан автобензин болон дизелийн түлшний борлуулалтыг хязгаарлалттайгаар буюу худалдах хэмжээг үнийн дүн, хэмжих нэгж /литр/-ээр хязгаарлаж худалдаалсан, зөвхөн хэрэглэгчийн карт эзэмшигч хувь хүн, албан байгууллагуудад олгож байсан, бэлэн мөнгөөр хэрэглэгчид үйлчлээгүй зэрэг байдлаар газрын тосны бүтээгдэхүүнийг үндэслэлгүйгээр хязгаарлалттайгаар борлуулсан, хэрэглэгчдэд үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоож ялгавартай хандсан, тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахаар хандсан этгээдүүдэд үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзсан зэрэг нь тухайн худалдан авагчийн хууль ёсны ашиг сонирхолд харшилсан болон хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэх үндэслэл болсон.

Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дэх хэсэгт “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх" гэж зааснаар хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэсэн заалтыг зөрчиж байна.

Үүнээс үүдэн өрсөлдөөнд ямар сөрөг үр дагавар гардаг вэ? гэхээр жирийн аж ахуй нэгжийн борлуулалтын ачаалал ихсэн хэрэглэгчийг бухимдуулж байна. Энэ тохиолдол нэг удаагийн үйлдэл биш юм. 2011, 2012 онуудад зарим аж ахуй нэгжийн хязгаарлалт хийсэн зөрчилд Шүүхийн шийдвэрээс хэрэглэгчтэй ялгавартай хандсан гэж үзэн Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан заалтыг зөрчсөн гэж үзсэн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “С” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №0005505 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 20 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах” хүссэн шаардлага бүхий гомдлыг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №0005505 дугаар шийтгэлийн хуудсаар Өрсөлдөөний тухай хуулийн 12  дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт болон Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж,  “С” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1“Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан байна.

Гомдол гаргагч нь “ манайх өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагааг явуулаагүй, ямар нэг аж ахуй эрхлэгчийн өрсөлдөөнийг хязгаарласан зүйлгүй, улсын байцаагч нар нь бодит нөхцөл байдлыг үнэн зөв, эргэлзээгүй байдлаар нотлох үүргээ биелүүлээгүй буюу тухайн зөрчлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэг бүрчлэн тогтоож чадаагүй, манай компани яг ямар хуулиар хориглогдсон ямар худалдааны аргыг хэрхэн хэрэглэж, хэн хэн гэх нэртэй ямар хэрэглэгчийг хэрхэн хохироосон, үүний улмаас ямар аж ахуй эрхлэгчийн өрсөлдөөнийг яаж хязгаарлаж, ямар хохиролтой үр дагавар үүсгэсэн болохыг ямар нэг баримтаар нотлоогүй, бодит байдалд нийцээгүй, үйлдээгүй, тогтоогдоогүй, нотлогдоогүй асуудалд шийтгэл оногдуулсан нь хууль бус” гэсэн агуулгаар гомдлын үндэслэлээ тодорхойлон маргаж байна.

“С” ХХК нь хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх зөрчил гаргасан болох нь гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар, тус хэрэгт цугларсан болон зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ. Үүнийг тайлбарлавал:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлтийн 3 буюу дүгнэлт хэсгээр:

“ ... “С” ХХК-ийн шатахуун түгээх станцууд нь  дизель түлшийг зөвхөн өөрийн компанийн “Аи Си” картаар олгож,  дизель түлш худалдан авах мөнгөн дүнгийн хэмжээ 100.000 төгрөг бөгөөд үүнээс дээш хэмжээгээр худалдаалахгүй байсан. Мөн ... ШТС-23 шатахуун түгээх станц нь бэлэн мөнгөөр борлуулалт хийхгүй, “Ай Си” картаар худалдаалах хязгаарлалт хийсэн байсан, АИ-95 бензинйг бэлэн мөнгөөр  хязгааргүй борлуулж, АИ-92  бензиныг  “Ай Си” картаар худалдаалах хязгаарлалт хийсэн байсан...

... АИ-92  бензиныг  иргэдэд бэлэн мөнгөөр бус  тухайн байгууллагын Ай Си картаар борлуулсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 12  дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт болон Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна” гэж тус тус дүгнэсэн байна.

Мөн дээрх 5/02 дугаар дүгнэлтийн 4 буюу цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэсэгт: “зөрчил гаргасан аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулах асуудлыг судлан шийдвэрлэх” гэсэн байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/.... дугаар шийдвэрээр “С" ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлт, улсын байцаагч Д.Д-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлагыг тус тус хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0024 дүгээр магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0.. дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор дээрх 221/МА2019/0024 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0.... дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.   

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэр болон хяналтын шатны шүүхийн тогтоолоор “улсын хэмжээний нөөц болон компанийн нөөц хангалттай байтал “С” ХХК-ийн шатахуун түгээх станцууд дизель түлш болон А/92 шатахууныг иргэдэд бэлэн мөнгөөр бус өөрийн “Ай Си” картаар борлуулсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг зөрчсөн гэх хариуцагч улсын байцаагч нарын дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй байна, дизель түлш болон АИ-92 автобензинийг бэлэн мөнгөөр худалдахгүй, зөвхөн өөрийн карт эзэмшигчдэд худалдан борлуулж, үйлчилж байгаа нь бусад хэрэглэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйлдэл байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзсэн нь үндэслэлтэй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэлт хийсэн байна” гэсэн агуулгаар дүгнэсэн байна.

Иймд дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, хяналтын шатны шүүхийн тогтоолоор дээрх байдлаар дүгнэн, С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2018 оны 5/02 дугаар дүгнэлтийг үндэслэн гарсан маргаан бүхий №0005505 тоот шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь “хэргийн материалтай танилцуулаагүй, манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, зөрчлийн хэрэгт авагдсан итгэмжлэлийг төлөөлөх эрхгүй этгээд олгосон” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь зөрчлийн хавтаст хэргээс үзэхэд хэргийн материалтай итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С танилцаж гарын үсэг зурсан[1], Ж.С-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон[2] албан бичиг зөрчлийн хэрэгт авагдсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийн эрхийг хязгаарласан гэж холбогдогч үзвэл тухайн үед прокурорт гомдол гаргах боломжтой байсан тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн  дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д тус тус заасныг баримтлан  “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №0005505 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 20 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “С” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ

 

 

[1] Нэгдүгээр хавтаст хэргийн 184 дүгээр хуудас.

[2] Нэгдүгээр хавтаст хэргийн 107 дугаар хуудас.