Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02153

 

Ч.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 5-ны өдрийн 183/ШШ2018/01974 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Амаржаргалд холбогдох,

 

10 080 000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ганцэцэг нь  байр худалдаж авахаар “Их өвөр” ХХК-ийн менежер П.Амаржаргалд 2009 оны 12  сарын 24-ний өдөр 1 500 000 төгрөг, 2010 оны 7  сарын 25-ны өдөр 8 850 000 төгрөг, нийт 10 080 000 төгрөгийг бэлнээр тушаасан. Ингээд тус компанийн байранд амьдарч байтал уг мөнгийг П.Амаржаргал хувьдаа завшсан нь илэрч 2 cap амьдраад хөөгдсөн. П.Амаржаргал нь бэлэн мөнгө авах эрхгүй байсан ч худал хэлэн авсан байсан. П.Амаржаргалд холбогдох эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болгосон. Иймд П.Амаржаргалаас мөнгөө гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч П.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн үед “Их Өвөр” ХХК-д ажиллаж байсан. П.Амаржаргал нь гэрээ хийх эрхтэй, авсан мөнгөө н.Доржбадамд өгдөг байсан нь нотлох баримтаар нотлогдсон. Эрүүгийн хэрэгт “Их Өвөр" ХХК болон П.Амаржаргал нар хамт шүүгдэгчээр татагдсан ба энэ үндэслэлээр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 гэх зүйл анги 150 дугаар зүйлийн 150.3 болж, Өршөөлийн хуульд хамрагдсан ба компани хэдийг би хэдийг төлөхийг тогтоогоогүй. Тухайн үед 10 080 000 төгрөгийг 2 хувааж аваад би 1 000 000 төгрөгийг хамт ажилладаг байсан Оюунбилэгт зээлээд эргүүлэн авч чадаагүй. Үлдэх мөнгийг бүгдийг н.Доржбадамд өгсөн болох нь эрүүгийн хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон. Иймээс Нийслэлийн прокурорын газраас “Их Өвөр” ХХК болон П.Амаржаргал нарт холбогдох хэргээс нотлох баримтуудыг авч “Их Өвөр” ХХК нь хэдэн төгрөгийг, хариуцагч П.Амаржаргал хэдэн төгрөгийг төлөхийг баримтаар нотолж энэ хүнийг хохиролгүй болгох хүсэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Пүрэвдоржийн Амаржаргал /РД:ЙЮ81100624/-аас 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Боржигин овогт Чимэдлхамын Ганцэцэг /РД:ЧН69051601/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 080 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Амаржаргалаас 28 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ганцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Ганцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4 дэх заалт, 10 дугаар зүйл заалтуудыг тус тус зөрчиж нийтэд илэрхий үйл баримт хэрэг бүртгэл мөрдөн байцаалтаар нэгэнт тогтоогдсон байхад нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг хариуцагч П.Амаржаргалаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх нэхэмжлэгч хариуцагчийг зөв тодорхойлоогүй гэж хууль буруу хэрэглэсэн байна. 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн Прокурорын 275 дугаар тогтоолд П.Амаржаргал нь нэр бүхий 23 хүнд 111 010 000 төгрөг төлөх бөгөөд хохирогч нар иргэний журмаар шүүхээр нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Ч.Ганцэцэг нь  хариуцагч П.Амаржаргалд холбогдуулан  “Их-Өвөр” ХХК-ийн менежерээр ажиллаж байх үедээ буюу  2009 онд 10 080 000 төгрөгийг бэлнээр авч байгууллагад тушаагаагүй хохироосон, ийнхүү хохироосон болохыг мөрдөн байцаалтаар тогтоож Өршөөлийн хуульд хамрагдан хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэсэн үндэслэл зааж, уг 10 080 000 төгөргийг гаргуулахаар шаарджээ. 

Хариуцагч  П.Амаржаргал нь  “авсан мөнгөө н.Доржбадамд өгсөн. Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 гэх зүйл анги 150 дугаар зүйлийн 150.3 болж, Өршөөлийн хуульд хамрагдсан.Компани хэдийг, би хэдийг төлөхийг тогтоогоогүй. Мөнгийг н.Доржбадамд өгсөн болох нь эрүүгийн хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон. Иймээс Нийслэлийн прокурорын газраас “Их Өвөр” ХХК болон П.Амаржаргал нарт холбогдох хэргээс нотлох баримтуудыг авч “Их Өвөр” ХХК нь хэдэн төгрөгийг, хариуцагч П.Амаржаргал хэдэн төгрөгийг төлөхийг баримтаар нотолж энэ хүнийг хохиролгүй болгох хүсэлтэй” гэсэн тайлбар гаргажээ.

Маргаж буй мөнгөн хөрөнгийг П.Амаржаргал өөртөө авсан уу, эсхүл цааш нь компанид шилжүүлж өгсөн үү гэдэг үйл баримтад хамааралтай нотлох баримтыг гаргуулах, хэрэгт ач холбогдолтой хүсэлтийг хариуцагч гаргажээ. /хх 26 дугаар хуудас/ Гэтэл шүүх уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна. Мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс авсанд хариуцагч маргаагүй хэдий ч Их-Өвөр ХХК-д хэдийг төлсөн болох нь нотлогдоогүй тохиолдолд П.Амаржаргал тэр мөнгийг дангаар хариуцах ёстой эсэх  асуудалд эцсийн дүгнэлтийг хийх, хэрэглэгдэх хуулийг тодорхойлох боломжгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь П.Амаржаргалыг  эрүүгийн хэрэг үйлдэж залилан, мэхэлж мөнгө авсан гэж үзэж байвал эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг шаардсан агуулгатай болох юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирлын асуудлыг нэг шүүгч биш, харин 3 шүүгчийн бүрэлдхүүнтэйгээр шийдвэрлэх юм.  Эсхүл эрүүгийн хэрэгтэй хамааралгүй ч  П.Амаржаргалаас хүлээн авсан мөнгөн хөрөнгийг цааш нь эрх бүхий этгээд болох компанид дамжуулаагүйтэй холбон шилжүүлсэн хөрөнгөө буцаан авах агуулгатай байвал Иргэний эрх зүйн өөр харилцаа болох юм.

 Харин худалдах, худалдан авах гэрээнээс  татгалзаж, байрыг өмчлөлдөө шилжүүлж чадаагүй тул сууцны үнэд төлсөн  мөнгөн хөрөнгөө буцаан гаргуулах агуулгаар шаардаж байвал хариуцагчийг зөв тодорхойлох асуудал хөндөгдөхөөр байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 183/ШШ2018/01974 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Ганцэцэгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Т.ТУЯА

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД