Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 104/ШШ2018/00418

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Замчины 38 дугаар гудамж, 250 тоотод оршин суух Боржигон Өлзийбаярын Цолмонтуяа /РД:УД95031408/-гийн

 

Хариуцагч: Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Баянзүрхийн 10 дугаар гудамж, 839 тоотод оршин суух Монгол Бямбасүрэнгийн Пүрэвдорж /РД:УД89080312/-д холбогдох

 

Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Цолмонтуяа, хариуцагч Б.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ө.Цолмонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Пүрэвдоржтой 2014 онд танилцаж хамтран амьдарсан. Бидний дундаас  2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр охин П.Анхилуун төрсөн. Б.Пүрэвдорж хамт амьдрах хугацаанд олон удаа намайг зодсон, хэл амаар доромжилсон, хувцасыг минь шатаасан учраас 2017 оны 11 сараас тусдаа амьдарч байгаа. Цаашид хамт амьдрах боломжгүй тул охин П.Анхилууныг эхийн асрамжид үлдээж хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ө.Цолмонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид  ярилцаад  миний  хувьд  хүүхдийн  тэтгэлэг  гаргуулах  нэхэмжлэлээсээ татгалзаж

байна. Харин хүүхдээ өөрийнхөө асрамжид авах шаардлагаа дэмжиж байна гэв. 

 

Хариуцагч Б.Пүрэвдорж үндсэн нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан тайлбартаа: Эхнэр Ө.Цолмонтуяагийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2013 оны зунаас 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл буюу төрсөн өдрөө тэмдэглэнэ гэж гараад эргэж ирэхгүй хамт амьдрахгүй гэж шийдсэнд их гайхдаг. Бид 5 жил гаруй хугацаанд хамт амьдрахдаа гэр бүлээ хүнээс дутаахгүй авч явж байсан. Энэ хугацаанд Ө.Цолмонтуяагийн дутагдалтай талыг засаж, бүхий л үйлдэлд нь буулт хийж архи ууж, агсам согтуу тавьж байхад хүртэл зүгээр өнгөрүүлдэг байсан. Хэрэв надтай хамт амьдрахгүй гэж шийдсэн бол охиноо түүнд өгмөөргүй байна. Иймд түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр анх танилцаад нэг жилийн хугацаанд үерхэж байгаад тусдаа гарч амьдрах болсон. Нэг жилийн дараагаар охинтой болсон. Тэгээд охиноо 2 настай байхад нь муудалцаад тусдаа амьдрах болсон. Бидний хувьд муудалцах гол шалтгаан нь олон удаагийн хардалт байсан. Бид 2 эвлэрч амьдрах талаар ярьж байгаа боловч үр дүн гарахгүй байгаа. Тусдаа амьдарсанаас хойш охиноо бид хоёр аль аль нь асарч байгаа. Ө.Цолмонтуяагийн ажилтай үед би болон миний ээж харж ханддаг. Ө.Цолмонтуяа ажилгүй амарсан үедээ охиноо аваад гэрлүүгээ явдаг. Шүүхийн шийдвэр ямар ч гарсан гэсэн энэ чигээрээ л байх болов уу. Хүүхэд эцэг эхийн хэн нэгний асрамжид байх зайлшгүй шаардлагатай учраас охиноо эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч Б.Пүрэвдорж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ө.Цолмонтуяад охин П.Анхилууныг өгөхийг хүсэхгүй байна. Бид хамт амьдрах хугацаанд хүүхдийг ихэвчлэн би харж хандаж байсан. Миний хүүхдийг асран хамгаалахаар шийдэх юм бол хүүхдийн минь хүмүүжил, үлдэж байгаа орчин нь хүүхдийг эрүүл өсөж хүмүүжихэд таатай нөхцөлд үлдэж байна гэж би бодохгүй байна. Ө.Цолмонтуяа хамт амьдарснаас хойш өөрийн гэсэн эрхэлсэн тодорхой ажил хийж байгаагүй, архи, тамхи байнга хэрэглэдэг, зугаа цэнгэл хөөж хүүхдээ байнга орхиж явдаг, авч явахаараа нэг өмссөн хувцастай нь хэд хоногоор аваад явчихдаг байсан. Хэрэв хүүхдээ эх нь асрамжилахаар болох юм бол Налайх дүүрэг 3 дугаар хороо, Замчины 38-250 тоотод хойд эцэг, эх, дүү, түүний хүүхдүүдийн хамтаар амьдрах байх. Хамт амьдрах хугацаанд тухайн хаяг болон хойд эцгийнд нь хүүхдээ  заримдаа үлдээж харуулдаг байсан ч гэртээ ирээд янз бүрийн хараалын үг цээжлэн хүүхдийн зан араншин эвдэрч байгааг хэлдэг байсан. Энэ нь гэр бүлийн харилцаанд сэв сууна гээд энэ талаар маргаан гаргадаггүй байсан. Би одоо өөрийн гэсэн тогтсон ажилтай, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх орон байртай, зан суртахуун, боловсрол, эдийн засгийн хувьд асран хамгаалж өсгөж хүмүүжүүлээд явах бүрэн боломжтой байх тул 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Пүрэвдоржийн Анхилууны асран хамгаалагчаар тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ө.Цолмонтуяа сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд тайлбарлахдаа: Би охин П.Анхилууныг эцэгт нь өгөхийг хүсэхгүй байна. Хамт амьдрах хугацаандаа Б.Пүрэвдоржийн аавын хашаанд гэрт тусдаа амьдарч өөрөө охиноо хардаг байсан. Б.Пүрэвдорж ажилтай гээд явдаг заримдаа хэдэн өдрөөр ч гэртээ ирдэггүй. Явж ирээд найз нөхөдтэйгөө намайг хардаж зодож утсыг минь олон удаа эвдсэн. Анх намайг жирэмсэн байхад гудамжинд зодож өмсөж байсан куртик цамцыг минь тайлж шатааж байсан. Үүнээс хойш хамт амьдрах хугацаандаа хэл амаар байнга доромжилж удаа дараалан архи уудаг байсан. Олон удаа хувцас, бичиг баримтыг минь урж шатаасан. Би өмссөн хувцастайгаа л үлддэг байсан. Өвөө маань нас барж, ээж, дүү нар Тайжийн 6 дугаар гудамж 05 тоотод амьдрахаар болж бид Замчины 38 дугаар гудамж 25 тоотод нүүж очсон. Тэнд амьдрах хугацаанд Б.Пүрэвдорж ажилдаа явж согтуу ирээд миний нүд нүүр рүү зодож хутга барьж дайрсан. Би хөл нүцгэн өвөл хажуу айлдаа орж цагдаа дуудаж байсан. Удаа дараалан зодож, хутга барьж дайрч байсныг Б.Пүрэвдоржийн ээж болон нийгмийн ажилтан мэднэ. Би ийм хүнтэй хамт амьдарч охиноо өгөхийг хүсэхгүй байна. Иймд охин П.Анхилууныг өөрийнхөө асрамжинд авахыг хүсч байна гэжээ.

 

Хариуцагч Б.Пүрэвдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шинжээчийн дүгнэлт бодит байдалд нийцэхгүй байгаа. Гэсэн хэдий ч бид хоёр ярилцаад охиноо эхийнх нь асрамжид үлдээхээр болсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв. 

 

Нэхэмжлэгч Ө.Цолмонтуяа сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр сая ярилцаад Б.Пүрэвдорж сөрөг нэхэмжлэлээс би хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзаж байна. Одоохондоо бид хоёр хэн аль нь хүүхдээ  асраад  тэтгээд  байгаа  болохоор  эв  зүйгээ  олоод  явах нь охинд маань

хэрэгтэй байх гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч Ө.Цолмонтуяа нь хариуцагч Б.Пүрэвдоржоос хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдааны явцад хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаас татгалзсан.

Хариуцагч Б.Пүрэвдорж хүүхдийн асрамжид маргаж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч мөн шүүх хуралдааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хүүхдийг эхийн асрамжид өгөхийг зөвшөөрсөн.

2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Пүрэвдоржийн Анхилууны төрсөн эцэг, эхийг захиргааны журмаар тогтоогдсон, хүүхдийн эцэг, эх 2017 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа, тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүхэд эхийн асрамжид байгаа талаар зохигч мэдүүлсэн.

Шүүх хуралдааны явцад хүүхдийн эцэг, эх хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон бөгөөд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын  шинжээч нар хүүхэд эхийн асрамжид байх нь хайр халамжаар дутахгүй, үл хайхрах хүчирхийлэлд өртөхгүй, амьдрах гэр орон аюулгүй тайван амьдруулж чадна” гэж үзсэн дүгнэлт, хүүхдийн нас, хүйс зэргийг давхар харгалзан охин П.Анхилууныг эх Ө.Цолмонтуяагийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ө.Цолмонтуяа хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хариуцагч Б.Пүрэвдорж хүүхдийг өөрийн асрамжид үлдээхийг шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг батлах нь зүйтэй гэж үзсэн.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Хүүхэд гэр бүл хөгжлийн газрыг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн ажлын хөлсөнд 589.800 төгрөг гарсныг энэ хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.-т зааснаар улсын төсвөөс гаргуулж Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт олгох, нэхэмжлэлийн шаардлага хангагдсантай холбогдуулан энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч Б.Пүрэвдоржоос шүүхийн зардлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Пүрэвдоржийн Анхилууныг эх Ө.Цолмонтуяагийн асрамжид үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч Ө.Цолмонтуяа хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаас, хариуцагч Б.Пүрэвдорж хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ө.Цолмонтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103.350 /нэг зуун гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Пүрэвдоржоос 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Цолмонтуяад олгох, хариуцагч Б.Пүрэвдоржийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар шинжээчийн зардал 589.800 /таван зуун наян есөн мянга найман зуу/ төгрөгийг Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас гаргуулж Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт олгож, хариуцагч Б.Пүрэвдоржоос 589.800 /таван зуун наян есөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газарт олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.ЭНХБИЛЭГ