| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2021/01035/и |
| Дугаар | 151/ШШ2022/00352 |
| Огноо | 2022-04-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2022/00352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .............. тоотод оршин суух ..... овогт Ө.Д -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..............Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай,
Нэхэмжлэлд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа,
хариуцагч Д.Сарангэрэл,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Д. нь шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие Ө.Д. нь боловсролын салбарт 31 дэх, Ө.Д.ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлаар 11 дэх жилдээ ажиллаж байна. Сургуулийн захирлаар ажиллах хугацаандаа 2013 онд сургуулийн барилгын их засвар, 2015 онд Хөдөөгийн усан хангамж ариун цэврийн байгууламжийн төслийн хүрээнд Зүүндэлгэр багийн нутаг дэвсгэрт Ариун цэврийн байгууламж, “Хааны эрэлд” 2016 цэргийн хээрийн сургуулийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 30 Сурагчийн дотуур байр зэрэг ажлуудын зураг төсвүүдийг хийлгэн бариулж, багш, ажилчид, сурагчдын сурах хөгжих, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, багш нарын заах арга зүй ур чадвар, мэргэжил боловсролыг дээшлүүлэх зорилгоор гадаадын улс оронд багш, сурагчийн солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж, БНСУ-ын Пусан хотын Пихиуонг Их сургуулийн оюутнуудын сайн дурын үйл ажиллагааны хүрээнд сургуулийн урьд талбайд 40 ш нарс мод, “Самдан баатар”-ын хөшөөний орчимд 60 ш нарс мод тариулж ногоон байгууламж бий болгон, мэдээлэл зүйн танхим тохижуулуулах, сагсан бөмбөгийн гадаа талбай байгуулах, сургуулийн шалыг плитажуулах зэрэг сургалтын таатай орчин бүрдүүлэх,
бүтээлч ажлуудыг санаачлан зохион байгуулж, сэтгэл зүтгэл гарган сургууль, сум, орон нутгийн хөгжилд багагүй хувь нэмрээ оруулж, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, идэвх зүтгэл, уйгагүй нөр их хөдөлмөр, энэхэн бие сэтгэлээ эргэж буцалтгүйгээр бүрэн зориулж ажилласаар ирсэн. Цаашид боловсролын стандарт, сургалтын чанарыг дээшлүүлэх, хамт олны нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцлийг сайжруулахад бодит дэмжлэг болохуйц Буриад улсын ахлах сургууль, Дотоод хэргийн Их сургуулийн Лицей сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулах, БНСУ-ын Инчон хотын Инха ахлах сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг үргэлжлүүлэх, сургуулийн агааржуулалт салхивчийн ажлын зураг төсвийг хийлгэн барилгын хөгжлийн төвөөр магадлуулан, сургуулийн Спорт заалыг засварлуулах, сургуулийн гадна талын ханыг хөөсдүүлж дулаалуулах зэрэг төлөвлөсөн зүйлүүд, шийдвэрлүүлсэн төсөл хөтөлбөрүүд байгаа хэдий ч, өөрөө санаачлаагүй байхад 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 тоот ажлаас чөлөөлсөн хүнлэг бус шийдвэрт үнэхээр гомдолтой байна.
Үр дүнгийн гэрээ, улирлын ажлын үр дүнг хагас бүтэн жилээр дүгнүүлж, Засаг даргын захирамжаар урамшууллаа авч байсан. Сумын засаг дарга миний ажлыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/35 тоот захирамжаар улирлын мөнгөн урамшууллыг 84,8 үнэлгээгээр 37,8 хувь, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/188 тоот тушаалаар улирлын үр дүнгийн урамшууллыг 90 үнэлгээгээр 40,5 хувиар авсан.
Би сүүлийн 5 cap ажлаас чөлөөлөгдөх ямар нэгэн хүсэлт өгөөгүй, харин сумын Засаг дарга Ч.С. нь энэ албан тушаалд томилогдсоноос хойш янз бүрийн дарамт шахалт үзүүлж, 2021 оны 02 дугаар сард гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаагүй. Миний ажлын байр байнгын орон тоо учир хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Засаг даргын захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цаг 15 минутын орчим Засаг даргын Тамгын газрын дарга Г.Батжаргалаар ахлуулсан комисс ирж танилцуулсан. Би тэр үед Засаг даргын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө.Д. нь 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн .............Зуунмод хотын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлаар 11 дэх жилдээ ажиллаж байгаа. Бага анги, монгол хэл, уран зохиолын багш, боловсролын удирдлагын менежер мэргэжилтэй. Ө.Д.Засаг даргын захирамжаар үр дүнгийн урамшууллыг тогтмол авч байсан. Ажиллах хугацаанд нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Удаа дараа ажлын байрны дарамт ирж, ажлаас чөлөөлнө гэдэг шаардлагыг тавьж байсан байдаг. Сүүлд 2021 оны 6 дугаар сарын 31 гэх өдөр нэг нь он сар өдөртэй, нөгөө он сар өдөргүй хоёр өргөдөл бичүүлсэн байдаг. Шүүхэд нотлох баримтаар он сар өдөртэй өргөдөл хэргийн материалд хавсаргагдсан. Үүнээс өмнө 2021 оны 3 дугаар сард буюу хатуу хөл хорионы үед архи хэрэглэсэн асуудал яригдсан. Тухайн үед Ө.Д.тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул сахилгын арга хэмжээ авах боломжгүй байсан учир тайлбар бичүүлж авсан. Энэ тайлбарын дагуу дарамталж дээр дурдсан хоёр өргөдлийг бичүүлсэн байдаг. Гэхдээ 2021 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гэж хуанлид байхгүй. Ө.Д. тухайн үед сэтгэл зүйн дарамтад орсон байсан учир 2021 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гэж өргөдөл, хүсэлтдээ бичсэн байдаг. Ө.Д. уг өргөдлийг өгөхдөө сэтгэл зүйн дарамтад орж бичсэн гэж өөрөө тодорхойлдог. Хэрэв 2021 оны 6 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх байсан бол өргөдөл өгсөн өдрөөс эхэлж ажиллахгүй байж болох байсан. Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан нь өөрийн хүсэл зорилгыг илэрхийлж байна. Нэхэмжлэгч нь сургуулийн захирлаар ажиллах хугацаандаа 2013 онд сургуулийн барилгын их засвар болон бусад төсөл хэрэгжүүлэн сургалтын таатай орчин бүрдүүлэх, бүтээлч ажлуудыг санаачлан зохион байгуулж, ...ажилласаар ирсэн. Мөн цаашид боловсролын стандарт, сургалтын чанарыг дээшлүүлэх, хамт олны нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад бодит дэмжлэг болохуйц ...хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйлүүд, шийдвэрлүүлсэн төсөл хөтөлбөрүүд байсан гэдэг.
Хариуцагч Ч.С. нь дарамт шахалт үзүүлж, өргөдлөө өгөхгүй бол ажлаас хална гэх мэтээр дарамталж өргөдөл бичүүлсэн. Энэ талаар тухайн үед нарийн бичгийн дарга байсан Р.Цэрэнпагма тодорхой нотолж хэлсэн байсан. Түүний дагуу Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж шалгуулж байх явцад Р.Цэрэнпагма нь нэхэмжлэгчийг Ч.С.ийн өрөөнөөс уйлж гарч ирсэн гэдгийг хэлсэн. Засаг дарга Ч.С. нь Ө.Д.г согтууруулах ундаа хэрэглэсэн захиргааны санаачилгаар төрийн албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах, сахилгын шийтгэл авахаар сануулахад Ө.Д. “2021 оны 9 дүгээр сард оюутан хүүгээ хот ороход нь хот руу шилжинэ” гэж Ч.С.д хэлсний улмаас тухайн үед нь ажлаас чөлөөлөөгүй гэдэг. Энэ нь эрх зүйн үндэслэл байхгүй. Хэрэв хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх боломж байсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир дээр дурдсан нөхцөлөөр чөлөөлөх боломжгүй. Нэхэмжлэгч нь ажлын хамт олондоо хүсэлтээ өгөөд ажлаас гарна гэж хэлж байгаагүй. Түүний дараагаар ажлаас чөлөөлөгдөхөд сургуулийн нийт 43 багш, ажилчид гарын үсэг зурж Засаг дарга Ч.С.д хүргүүлж байсан. Мөн сургуулийн эцэг эхийн зөвлөл Ө.Д.г сургуулийн захирлаар ажиллуулах хүсэлт гаргаж, 200 гаруй эцэг эх гарын үсэг зурсан байдаг. Эдгээрээс харахад нэхэмжлэгчийн хувьд өөрийн хүсэл зорилгоо илэрхийлж ажлаас чөлөөлөгдөөгүй нь харагдаж байна.
Иймд Ө.Д.Засаг дарга Ч.С.ийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгож, .............Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд нийт 7,755,798 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ө.Д.Засаг дарга Ч.С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ө.Д.Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан Ө.Д. нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот руу шилжин ажиллах болсон тул тус өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн .............Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Энэ нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд .............Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч .............Засаг дарга Ч.С. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2012 оноос эхэлж Ө.Д. нь .............4 дүгээр сургуулийн захирлаар ажилласан. Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ө.Д.Засаг даргаар томилогдож, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлаа хүлээж авсан. Ажил хүлээж авах үеэр дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал гарч улсын онцгой комисс, аймгийн онцгой комисс, сумын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд үйл ажиллагаа явуулж байсан. 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр .............Зуунмод суманд ковид-19 цар тахлын анхны тохиолдол батлагдсан. Энэ үед аймгийн онцгой комисс, сумын онцгой комисс, .............Засаг даргын тамгын газар, зургаан баг, харьяа байгууллагын бүх ажилтан ажилласан. 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр анхны тохиолдол батлагдсанаас хэд хоногийн дараа өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр болсон. Ингээд Ө.Д.бүх удирдлага, төрийн байгууллага болон харьяа байгууллагын алба хаагчдыг хуваарилсан. Тэгэхэд Ө.Д. 016 дугаар цэргийн ангийн орон сууцанд хуваарилагдаж шинжилгээ авах үүрэг гүйцэтгэсэн. Тэр үед Ө.Д. нь шинжилгээ авчихаад н.Шижирбаатар гэх Ө.Д.Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэнтэй архи уусан байдаг. Энэ үед бүх иргэд хөл хорионд орж хүнсний дэлгүүр, үйлчилгээний газар бүгд хаалттай байр үеэр архи уусан асуудал гарсан. Миний бие тухайн үед М.Шижирбаатартай уулзахад архи ууснаа хүлээн зөвшөөрч тайлбар бичиж өгсөн. Түүнийг хэргийн материалд хавсаргасан. Түүний дагуу М.Шижирбаатартай хариуцлагын асуудал ярихад залуу хүний хувьд захиргааны санаачилгаар арга хэмжээ авахуулах нь хэцүү байна гээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая гаргасан тайлбартаа зөв ярьж байна. 2021 оны 6 дугаар сарын 31 гэх өдөр хуанлид байхгүй. Ө.Д. надтай уулзаж өргөдөл бичиж өгсөн нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр юм. Энэ нь архи уусан асуудлаар М.Шижирбаатартай уулзаад, дараа нь Ө.Д.тэй уулзахад архи уусан нь үнэн гэдгээ хэлсэн. Түүний дагуу хариуцлагын асуудал ярихад би боловсролын салбарт олон жил ажилласан. Архи уусан гэж ажлаас халагдах юм бол миний насны хүн дахин ажлын байр олоход хэцүү. Тийм учир би өргөдөл гаргаж өгч, өргөдлийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Ингэхдээ “2021 оны 9 дүгээр сард манай хүү оюутан болж Улаанбаатар хот руу явна тэр үед би ажлаас чөлөөлөгдөж Улаанбаатар хот руу шилжинэ” гэж хэлээд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өргөдөл бичиж өгсөн.
Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг сургуулиудаас .............4 дүгээр сургууль бүх сургалтын үйл ажиллагаагаар хамгийн сүүлд ордог. Ө.Д.гийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн өргөдлийн дагуу 2021 оны 9 дүгээр сард асуудлыг шийдвэрлэх гэхэд ковид-19 цар тахлын том давалгаа гарч Боловсролын яам, агентлагаас хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа учир танхимын сургалтыг зохицуулах хэрэгтэй гэсэн чиглэл ирсэн. Энэ үед сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх асуудал яриад хэрэггүй байх гэж бодоод асуудлыг хойш тавьсан. Түүний дараагаар 2021 оны 10 дугаар сард энэ асуудлын талаар нэхэмжлэгчтэй ярих гэхэд нэхэмжлэгч ковид-19 халдвар аваад өвдчихсөн. Иймээс 2021 оны 10 дугаар сарын сүүлээр нэхэмжлэгч Ө.Д.г өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт ажлын байрны дарамт шахалт үзүүлсэн гэж олон удаа тайлбарлаж байна. Тийм зүйл огт байхгүй. Би төрийн байгууллагыг төлөөлж ажиллаж байгаагийн хувьд Ө.Д.гийн бичгээр гаргасан өргөдлийн дагуу асуудлыг шийдвэрлэсэн. 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл буюу ажлаас чөлөөлөх захирамж гаргах хүртэл 8 сарын хугацаанд би ажил дээрээ байсан. Дунд нь нэг сарын хугацаанд ээлжийн амралттай байсан. Хэрэв Ө.Д.гийн өөрийн нь хүсэл биш бол энэ хугацаанд нэг ч удаа ирж уулзаж, ажлаа үргэлжлүүлэх ажиллах хүсэлт амаар болон бичгээр гаргасан зүйл байдаггүй. Тийм учир би Ө.Д.гийн өөрийнх нь хүсэлтийг шийдвэрлэсэн. Харин уг хүсэлтийг шийдвэрлээгүй бол магадгүй би өөрөө асуудалд орох болзошгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, 2020, 2021 оны цалингийн тооцооны карт, Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 137 дугаартай албан тоот, Ө.Д.Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/03 дугаартай захирамж, .............Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Захирал, эрхлэгч нарт төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох тухай” Б/7 дугаартай захирамж, Ө.Д.Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаартай “Ө.Д.г ажилд томилох тухай” захирамж, Ө.Д.Засаг даргын “Улирлын мөнгөн урамшил олгох тухай” захирамжууд, Ө.Д.Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 дугаартай “Ө.Д.г үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” захирамж, Ө.Д.гийн 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, .............Ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр сургуулийн 2020, 2021 оны төлөвлөгөө /хх-3-77/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, .............Засаг даргын тамгын газар болон Төрийн албаны зөвлөлд хандсан өргөдлийн хариу /хх-94-96/, Хүний эрхийн үндэсний комисст өгсөн өргөдлийн хариу /хх-17/, сургуулийн гадна фасодын засварын төсөв, зураг /хх-18-27/;
Хариуцагчаас .............Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/63 дугаартай “Ч.С.ийг .............Засаг дарга бөгөөд хотын захирагчаар томилох тухай” захирамж /хх-82/ хариу тайлбар /хх-н 88, 95-р хуудас/, Ө.Д.гийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлүүлэх хүсэлт /хх-н 89-р хуудас/, тайлбар гаргах тухай албан тоот, хавсралтууд /хх-100-108, 189-198/;
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талаас “Ө.Д.гийн гаргасан өргөдөл /хх-89/, 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, мөнгөн урамшуулал олгосон захирамж, 2021 оны хоёрдугаар улирлын ажлын тайлан /хх-120-121/, .............захирагч Ч.С.д Ө.Д.гээс гаргасан тайлбар /хх-199-203/, 4 дүгээр сургуулийн багш ажилчдын гаргасан өргөдөл, түүний хариу, өргөдөл гомдлын дэвтрийн хуулбарыг бүрдүүлж, хэрэгт хавсаргав.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
1. Нэхэмжлэгч Ө.Д. нь хариуцагч .............Засаг даргад холбогдуулан .............Засаг дарга Ч.С.ийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгож, .............ерөнхий боловсролын 4 дүгээр дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 4,730,640 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цалин хөлсийг олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар нэмэгдүүлэн шаарджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд .............Засаг даргад холбогдуулан .............Засаг дарга Ч.С.ийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгож, .............ерөнхий боловсролын 4 дүгээр дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7,755,798 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулснаар хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ө.Д. нь С.Оюунбилэгт 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр /хх-213/ нэхэмжлэгчийн эдлэх бүхий л эрх, үүргийг итгэмжлэлээр олгожээ.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“Ө.Д. нь сүүлийн 5 сарын хугацаанд ажлаас чөлөөлөгдөх ямар нэгэн хүсэлт өгөөгүй, сумын Засаг дарга Ч.С. нь энэ албан тушаалд томилогдсоноос хойш янз бүрийн дарамт шахалт үзүүлж, гүйцэтгэлийн төлөвлөгөө батлаагүй, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй явсаар ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасныг эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийг шимтгэлийг нөхөн төлүүлнэ” гэжээ.
Хариуцагч .............Засаг дарга Ч.С. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа:
“Цар тахлын онцгой дэглэм бүхий нөхцөлд архи уусан учир төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг шаардсан бөгөөд “9 дүгээр сараас хүү оюутан болохоор Улаанбаатар шилжинэ, намраас ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн өргөдөл өгснийг хичээл сургууль эхлэх, нэхэмжлэгч ковидоор өвдсөн байдал зэргийг харгалзан 9 дүгээр сард биш нэлээд хожуу нь шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй” гэжээ.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг хүссэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан ...тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулийн хугацаанд нэхэмжлэгч гомдлоо гаргажээ.
3. “Боловсролын тухай хуульд 2018 оны 6 дугаар сард орсон нэмэлт өөрчлөлтөөр “Сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгчийг томилох, чөлөөлөх”-ийг сумын Засаг даргын бүрэн эрхэд шилжүүлсэнтэй холбогдуулан Ө.Д.Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/119 дугаар захирамжаар Ө.Д.IV сургуулийн эрхлэгчээр Өлзийбилэгийн Дуламсүрэнг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон байна /хх-9/.
Ажилтныг томилсон тушаал гарсан боловч түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ байхгүй талаарх албан тоотоор нотлогдож байх бөгөөд Ө.Д.4 дүгээр сургуулийн эрхлэгчээр томилон ажиллуулж, цалин хөлс олгосноор тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй юм.
Ө.Д.Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 тоот захирамжаар .............4 дүгээр сургуулийн захирал Өлзийбилэгийн Дуламсүрэн нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, ажил хүлээлцэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож шийдвэрлэжээ /хх-12/.
Дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан “ажилтан санаачилж” хөдөлмөрийн гэрээг цуцлах, 43.1-т “ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэсэн заалтуудыг ажил олгогч баримталсан байна.
Ажил олгогчийн шийдвэрийн үндэслэл болсон гэх өргөдөлд “.............Засаг дарга Ч.С. танаа. Миний бие хүү ...энэ жил ахлах сургуулиа төгсч оюутан болох тул 2021 оны 9 дүгээр сараас Улаанбаатар хот руу шилжих хүсэлтэй байгаа тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү” гэжээ /хх-88-89/.
Нэхэмжлэгч тухайн өргөдлийг 2021 оны 6 дугаар сарын 31-ний өдөр бичсэн гэж, хариуцагч 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр архи уусан зөрчил гаргасны дараа бичсэн гэж, хариуцагч байгууллагын өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт өргөдлийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шийдвэрлэсэн гэж бүртгэсэн байх бөгөөд зохигч талууд өргөдлийн огноог өөр өөрөөр тайлбарлаж байгаа ч, өргөдөл бичсэн эсэх үйл баримтад талууд маргаагүй болно.
Харин нэхэмжлэгч тал “ажил олгогчоос дарамт шахалт үзүүлж, ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргуулсан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хүсэл зориг биш” гэж, хариуцагч тал “нэхэмжлэгч өргөдөл гаргасныг цаг үеийн болон нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдлаас хамааран хожуу буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр
шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргаж байна.
Ө.Д.Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/70 дугаар захирамжаар сумын хэмжээнд “Нэг өрх-Нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулахаар тогтож, сумын онцгой комиссын гишүүнээр ажиллаж байх үедээ Ө.Д. нь архи уусан үйл баримтыг нэхэмжлэгч тал няцаагаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ажил олгогчид хандан гаргасан тайлбар, бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна /хх-100-106, 199-203/.
Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар Ө.Д.Засаг дарга нь Ө.Д.тэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй нь ажил олгогчийн буруу байна.
Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтнаар ажил үүргийг гүйцэтгүүлсэн тохиолдолд тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан ажиллаж буй ажилтны нэгэн адил хэрэгжинэ. Харин хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогч нь ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй бөгөөд шаардлага тавих, хариуцлага ногдуулах эрх хязгаарлагдана.
Ө.Д.гийн өргөдлийг .............Засаг даргын Тамгын газар нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өргөдөл гомдлын бүртгэлд бүртгэснээс хойш 30 хоногийн дотор буюу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор шийдвэрлэж, хариу өгөх үүрэгтэй. Ажил олгогч өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй үндэслэлийг “хичээл сургууль эхэлсэн, ковидоор өвдсөн хүндэтгэн үзэх байдлыг харгалзан үзэж 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шийдвэрлэсэн гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлэх, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хариуцагч биелүүлээгүй байна. /II хавтас-2, 12-14/
Харин Хөдөлмөрийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хөдөлмөрийн харилцааны нөгөө тал болох ажилтан Ө.Д. нь “9 дүгээр сараас ажлаас чөлөөлөгдөх” өргөдлөө гаргаснаас хойш ажлаа орхих эрхтэй боловч үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох буюу гэрээг цуцлах санаачлага болох хүсэлтээсээ татгалзсан гэж дүгнэх үндэслэлтэй юм.
Иймд Ө.Д.Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 тоот захирамжаар Ө.Д.г үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх ба захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ө.Д.г эрхэлж байсан .............Зуунмодын 4 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
4. Шүүх нэхэмжлэгчийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүрэгт ажлаас чөлөөлсөн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх 5 сарын хугацааны дундаж цалин хөлсийн олговорт нийт 7,755,798 төгрөгийг шаардсан.
Ө.Д.д 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн цалинг 938,498 төгрөг, орон нутагт ажилласны нэмэгдэл 10 хувь /93,849 төгрөг/, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувь /234,624 төгрөг/, тэргүүлэх мэргэжлийн зэргийн нэмэгдэл 15 хувь /140,774 төгрөг/, сард нийт 1,407,747 төгрөгийг олгож байсан нь 2020, 2021 оны цалингийн тооцооны карт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажилд томилсон захирамжаар нотлогдож байна. /хх-3-4, 9, 13/
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 5-д “ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гарсан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг... тодорхойлно” гэж заасан.
Түүний нэг өдрийн дундаж цалин 65,476.60 төгрөг (1,407,747 төгрөг ÷ 21,5)-ийг ажлаас чөлөөлсөн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажлын нийт 102 хоногоор тооцоход цалин олговорт нийт 6,678,604 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Шүүхэд үр дүнгийн гэрээ, түүний үнэлгээтэй холбогдуулан талууд маргаагүй боловч үр дүнгийн урамшууллыг шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь, үр дүнгийн урамшуулыг үр дүнгийн гэрээг дүгнэсний үндсэн дээр ажил олгогчийн тушаалаар олгодог. Нэхэмжлэгч аль улиралд, ямар үнэлгээг авсан болохоо шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй тул цалин олговорт илүү нэхэмжилсэн 1,077,194 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 46.2-т “ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д “...цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажилт хийлгэхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдол гаргагч Ө.Д. нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар цалин хөлсний олговорт олгохоор шийдвэрлэсэн 6,678,604 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 121,808 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгч Баясгалан овогт Өлзийбилэгийн Дуламсүрэнг Ө.Д.Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Д.д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,678,600 төгрөг олгохыг хариуцагч Ө.Д.Засаг дарга /санхүү/-д даалгаж, үлдэх 1,077,194 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Д.гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу тооцож, шимтгэл төлөлтөд баталгаажилт хийлгэхийг Ө.Д.Засаг дарга /санхүү/-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдол гаргагч Ө.Д. нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Ө.Д.Засаг дарга /санхүү/-аас 121,808 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
6.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор .............Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН