| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/1069/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1076 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.11.1., |
| Улсын яллагч | А.Марал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,
Улсын яллагч А.Марал,
Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн 27.11 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э т холбогдох эрүүгийн 2403006440854 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Э нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 7 буудлын замд 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 20 цаг 40 минутын үед “Toyota Aqua” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 10.3. “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Ц г мөргөж, эрүүл мэндэд нь баруун суудал ясны далд хугарал, хэвлийн урд ханын няцрал, хэвлий, умдаг, гуя, өгзөгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Т.Э нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 7 буудлын замд 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 20 цаг 40 минутын үед “Toyota Aqua” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 10.3. “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Ц г мөргөж, эрүүл мэндэд нь баруун суудал ясны далд хугарал, хэвлийн урд ханын няцрал, хэвлий, умдаг, гуя, өгзөгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/,
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-13 дугаар тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10 дугаар тал/,
Хохирогч О.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр өдөр 17 цагийн үед 7-н буудал дээр таньдаг хүнтэйгээ тааралдаад бид хоёр 0.75 литрийн 1 шил архи хувааж ууж юм ярьж сууж байгаад би гэр лүүгээ харих гэж 7-н буудлаас Хайлааст руу явж байсан. Яг хаагуур явж байсан гэдгээ сайн мэдэхгүй байна. Гэнэт машинд мөргүүлээд газар унаснаа мэдэж байна. Түргэний машин дотор сэрээд охин руугаа яриад охин Гэмтлийн эмнэлэг дээр ирж анхан шатны үйлчилгээ авч тэр өдрөө эмнэлэгт хэвтээд 2024 оны 8 дугаар сарын 20-нд эмнэлгээс гараад хэвтэрт байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч С.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх хэргийн улмаас хохирогч О.Ц нь 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас О.Ц г 309,920 төгрөг гарсныг яллагдагч Т.Э ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 22 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10947 дугаартай: “...О.Ц гийн биед баруун суудал ясны далд хугарал, хэвлийн урд ханын няцрал, хэвлий, умдаг, гуя, өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 32-34 дүгээр тал/,
Жолоочийн нэгдсэн сан, Авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67, 75 дугаар тал/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 287 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-44 дүгээр тал/,
“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээч Я.С ын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 52/48, 52/271 дугаартай: “1. Хэргийн материалтай танилцахад Toyota Aqua маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Т.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч О.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Toyota Aqua маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Т.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18 дугаар тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр О.Ц гийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлийг тогтоов" гэх хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн талаарх тэмдэглэл /хх-ийн 44 дүгээр тал/,
Шүүгдэгч Т.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр аавынхаа гэрт аавтайгаа хамт 0.75 литрийн Хараа гэдэг нэртэй архи хувааж уугаад гэр лүүгээ харих гээд 7-н буудал доторх гудамжаар өөрийн эзэмшлийн Toyota Aqua маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод далангийн зам руу орох гээд туслах замаас зүүн тал руугаа машин харж байгаад хоосон байхаар нь зам руу орох гэтэл урдуур хүн зам гарч таараад тухайн хүнийг машиныхаа баруун талын хэсгээрээ мөргөхөд тухайн хүн газар унасан. Тэгэхээр нь би цонхоороо зүгээр үү гээд асуутал хажуу талын хүн нь зүгээр гэхээр нь би яваад өгсөн юм. Тэгээд аавынхаа гэрт очоод нэмж архи уугаад байж байтал цагдаа ирээд намайг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөн шүүх хуралдааныг хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э ээс: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Т.Э нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 7 буудлын замд 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 20 цаг 40 минутын үед “Toyota Aqua” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 10.3. “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Ц г мөргөж, эрүүл мэндэд нь баруун суудал ясны далд хугарал, хэвлийн урд ханын няцрал, хэвлий, умдаг, гуя, өгзөгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн 27.11 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Хохирогчоос баримтаар нэхэмжилсэн зүйлгүй. Сэтгэцэд учирсан хохирлын 3 дугаар зэрэг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 8,580,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 309,920 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.Э нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Шүүгдэгч Т.Э нь зам тээврийн осол гаргаж хохирогч О.Ц гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.
Шүүгдэгч Т.Э нь зам тээврийн осол гаргаж хохирогч О.Ц гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгчийн Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн санаатай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг хуульчилсан.
Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 10.3. “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэсэн заалтыг шүүгдэгч Т.Э зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан байна.
Шүүгдэгч Т.Э нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, хэргийн газрыг зориуд орхиж зугтааж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд зааснаар “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Т.Э т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Тус гэмт хэргийн улмаас О.Ц гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч нь хохиролтой нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 309,920 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнийг шүүгдэгч Т.Э ээс гаргуулахаар шийдвэрлэв.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “...хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай...” тогтоол гарсан.
Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан журмын 2.2 дахь заалтад “...Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих ...гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ...энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. ...энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно...” гэж заасан.
Иймд шүүх хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, эмчилгээ хийгдэж байгаа байдал, эдгэрэлт, хохирогчийн зовуурь, биеийн байдлыг харгалзан хүснэгтэд заасан шалгуур үзүүлэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хохирогч О.Ц гийн эрүүл мэндэд “хүндэвтэр” зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд “хүндэвтэр” гэмтэлд сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг 3-д багтаасан байна.
Хавтаст хэргийн 18 дугаар талд Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын зааварт “...О.Ц гийн сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлийг тогтоов...” зөвшөөрсөн...” гэх баримт авагдсан байна.
Уг аргачлалд нөхөн төлбөрийн хэмжээг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ.
Хохирогчийн зовуурь шаналал, эдгэрэлт, эмчилгээ хийлгэж байгаа, цаашид хийлгэх шаардлагатай зэрэг бусад хүчин зүйлсийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 8,580,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Т.Э ээс гаргуулж хохирогч О.Ц д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Т.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил, 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 01 жил, 6 сарын хугацаагаар ... тоотоос гарахыг хязгаарлаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.Э нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Т.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.Э ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар тал/, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 81-85 дугаар тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 68 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 70 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 74 дүгээр тал/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 76 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 77 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шүүгдэгч Т.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жил, 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар;
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жил, 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Т.Э ийг дээрх хугацаанд оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь шүүхээс оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар;
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э т шүүхээс оногдуулсан оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Шүүгдэгч Т.Э т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын хоёр дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6, 3.8, Дөрөвт тус тус заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Э ээс 8,580,000 /найман сая таван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Ц д, мөн 309,950 /гурван зуун есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай.
8. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.