Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/49

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч Т.Жавхлантөгс, шүүгдэгч Ё.Төрбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Ё.Төрбатад холбогдох эрүүгийн  201721000163 дугаартай, 178/2017/0052/Э/ индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн  байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багт  төрсөн, 30 настай, эрэгтэй, ард халх, дээд боловсролтой, малын эмч, жолооч мэргэжилтэй, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын тамгын газрын  мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн ажилтай, сард 600000 төгрөгийн өрхийн орлоготой, аминдаа 310 толгой бог 57 толгой бод мал, нийт 367 толгой малтай, мотоцикль-1 суудлын  “Чезер” маркийн авто машин нэг, гэр нэгийн  хөрөнгөтэй ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн   хамт Ховд аймгийн Дарви  сумын Булган  багт оршин суух, ял шийтгэлгүй, ПГ87091119 дугаарын регистртэй Зана овогт Ёндонжамцын Төрбат.

Холбогдсон хэргийн талаар: / тогтоолд дурдсанаар /

Шүүгдэгч Зана овогт Ёндонжамцын Төрбат нь 2017 оны 05 сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг  дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр М.Ганзаяатай  маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг бүртгэлтэд  хохирогч М.Ганзаяагийн өгсөн....Миний бие 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байтал манaй нөхөр Ё.Төрбат  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэртээ ирсэн Тухайн үед нөхөртэйгээ ярилцаад гэр бүлээрээ салхинд зугаалахаар болсон. Зугаалах үедээ бид хоёр  4 ширхэг пиво хувааж уусан. Нөхөр маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор согтоод унтчихаар нь би машин барьж яваад шаварт суулгасан. Манай хамаатны залуу Барсаа хажуугаар ойрхон өнгөрч яваад уг шаварт суулгасан машиныг гаргаж өгсөн. Түүнээс болж нөхөр Ё.Төрбат нь Барсаатай намайг хардаад хэл амаар доромжилж гэрт ирсэний дараа зодож цохисон. Тэр үед зодоод байхаар нь гараад зугтаасан боловч араас гарч ирээд үсдэж чирээд гэрт оруулж миний бөөр нуруу хэсэг газар луу дахин цохисон. Тухайн үед хажуу айлын Бямба-Учрал эгч гарч ирээд бид 2-ыг салгасан. Би тэр шөнө тэднийд хоносон. Маргааш нь миний бие өвдөөд байхаар нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Надад ямар нэг нэхэмжлэх зүйл гомдол алга… гэх мэдүүлэг/хх-ийн 11-14 дүгээр хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч эмч Д.Тогтохын 2017 оны 05 сарын 19-ний өдрийн 273 дугаартай…М.Ганзаяагийн   биед тархи доргилт 2 нүдний дээд, доод зовхинд тус бүр 2х3 см баруун далны доод хэсэгт 4х2 см, зүүн бөөрний гадаргууд 5х3 см, зүүн талын ташаанд 9х6 см тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

М.Ганзаяагийн   биед учирсан гэмтлүүд нь цохигдох мөргөлдөх, унах  үед

мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдсэн байх боломжтой

М.Ганзаяагийн    биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй

М.Ганзаяагийн   биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4 1-д .гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөр чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлттийн шатанд Ё.Төрбатын сэжигтэн, яллагдагчаар өгсөн... 2017 оны 05  сарын 12-ны өдөр 17 цагийн орчим ажлаа тараад Улаанбаатар хот руу явж байгаа найзыгаа үдэж өгөөд найзтайгаа 500 граммын шилтэй нэг шил архи хувааж уусан. Ууж дуусаад манай найз явсан. Миний бие гэрлүүгээ харьсан. Гэртээ ирээд эхнэртэйгээ ярилцаад гэр бүлээрээ буюу 2 хүүхдээ аваад сумын төвөөс ойрхон салхинд гарахаар шийдсэн юм. Эхнэр  2 хүүхэдтэйгээ миний бие өөрөө машинаа жолоодоод сумын төвөөс баруун тийш 5 км орчим газар луу явсан. Уг газар ирээд эхнэр маань машин жолоодож сурмаар байна гэж хэлэхээр нь зөвшөөрч эхнэр маань машин жолоодож хэсэг газар явсан. Сумын төвөөс гарахдаа миний бие дэлгүүрээс 2 шил пиво худалдаж авсан. Тэгээд салхинд гарсан газар ирээд эхнэр бид 2 тус бүр 1 шил пиво уусан. Ууж дуусгаад дахин сумын төв рүү явж 4 шил пиво дэлгүүрээс худалдаж аваад дахин салхинд гарсан газраа очиж эхнэр бид 2 тус бүр 2 шил пиво уусан. Миний бие түрүүнд нь найзтайгаа архи  хувааж уусан байсан болохоор дээрээс нь пиво уугаад нилээд согтоод унтсан. Тэгээд сэрсэн чинь эхнэр бид 2-ын пиво уусан газраас нилээн холдоод сумын төвд ойртчихсон байсан. Машины  маань дугуй шаварт суугаад саатчихсан байсан. Тэгээд хажуугаар явж байсан манай хамаатны Барсаа гэдэг залуу миний машиныг таньсан бололтой ирээд машиныг маань шавраас гаргаж өгсөн. Би сумын төв рүү буюу гэрлүүгээ машинаа өөрөө жолоодоод харьсан. Харих замдаа би эхнэртээ хандан “энэ машин шавраас гаргаж өгдөг Барсааг чи дуудсан юм уу” гэж хэлсэн чинь эхнэр маань уурлаад бид 2 маргалдсан. Би эхнэрээ Барсаатай хардаад маргалдсан юм. Тэгээд гэртээ ирээд дахин дээрхи асуудлаас болж эхнэр бид 2 маргалдаад би эхнэрээ нилээн олон удаа алгадсан. Тэгсэн чинь эхнэр маань гэрээс гараад зугтаагаад хашааны гадаа гараад мөн зугтаагаад гүйхээр нь би араас нь хөөж байгаад нуруу орчим руу нь өшиглөсөн. чинь толгойныхоо ард хэсгээр буюу дагзаараа газар унахаар нь би үснээс нь чирээд хашаанд ороод чирсэн чигээрээ гэртээ ороод дахин эхнэрийнхээ нүүр лүү миний санаж байгаагаар 4-5 удаа алгадсан. Тэгсэн чинь манай хөрш айлын Бямбаа эгч манай гэрт орж ирээд бид 2-ыг салгаад энэрийг маань өөрийнхөө гэрлүү аваад орсон. Бямбаа эгч эхнэрийг минь тэр орой гэртээ хонуулсан. Миний хувьд эхнэртэйгээ маргалдаад зодсоноо хүлээн зөвшөөрч байна Буруугаа ойлгон гэмшиж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 24-26  дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Төрбатын өгсөн...Миний бие эхнэр М.Ганзаяагийн биед  хөнгөн  гэмтэл учруулсан. Эхнэрээ үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Одоо ямар нэг  гомдолгүй гэсэн хүсэлт ирүүлсэн байгаа.  Сайн дурын үндсэн дээр бид эвлэрсэн  тул хэргийг хэрэгсэхгүй болгож хуулийн  дагуу шийдэж өгнө үү? гэх мэдүүлэг  зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцэхэд  шүүгдэгчийн өөрийн хэргээ  хүлээн мэдүүлсэн мэдүүлэгээр  Ё.Төрбат нь  2017 оны 05 сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг  дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр М.Ганзаяатай  маргалдаж улмаар түүний бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай  учруулсан нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ё.Төрбат  нь бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай байна.

            Түүний үйлдсэн гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг болно.

       Шүүгдэгч Зана овогт Ёндонжамцын Төрбат нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 38 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байгаа болно.

      Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “яллагдагч ,  эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн тохиолдолд хохирогч яллагдагчтай сайн дураар эвлэрсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсэн  тул зааснаар яллагдагч Зана овогт Ёндонжамцын Төрбат нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан ба хохирогч М.Ганзаяа нь  шүүхэд шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн талаараа хүсэлтийг ирүүлсэн байх тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзнэ.  

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  байна. 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн  248 дугаар  зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294-299, 418 дугаар зүйлийн 418.5- заасныг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Зана овогт Ёндонжамцын Төрбатыг бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-дзааснаар шүүгдэгч Зана овогт Ёндонжамцын Төрбатад холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3.Эрүүгийн 201721000163  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүй  болохыг дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 64 дүгээр зүйлийн 64.1-д  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Зана овогт Ёндонжамцын Төрбатад өмнө гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр хэрэглэсүгэй.

5.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёснытөлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Т.ЦЭЦЭГМАА