| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 140/2019/00347/И |
| Дугаар | 141/ШШ2019/00320 |
| Огноо | 2019-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 141/ШШ2019/00320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нэхэмжлэгч Р.Б /онлайнаар/-г оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Р.Б-гийн нэхэмжлэлтэй, Т.Бд холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Хариуцагч Т.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Т.Б нь өөрийн эзэмшлийн 00000000 дугаарын утаснаас миний гар утас руу залгаж яаралтай мөнгөний хэрэг байна, та 1,000,000 төгрөг зээлээч гэсэн. Манайх хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Гэхдээ би хүнд мөнгө хүүтэй болон хүүгүйгээр зээлдүүлээд байдаггүй ч Т.Быг аргагүй хэрэгцээ гараад байна гэж өөрөө залгаж гуйсан болохоор нь, тэгээд ч хуулийн байгууллагын хүн, шүүгч хүн болохоор нь намайг хуурчихна гэж бодоогүй, тусалъя гэж бодож энэ өдөр ХААН банкны 5519079817 тоот Г.Д-н эзэмшлийн данснаас 1,000,000 төгрөгийг Т.Б-н ХААН банк дахь 5495284220 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл маргааш нь дахин залгаж 4,000,000 төгрөг хэдхэн хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй нэмж зээлээч гэсэн. Бид тохиролцож 5,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй өгч авахаар болж би 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Төрийн банкны 170000221198 тоот нөхөр С.Банзрагчийн эзэмшлийн данснаас 1,000,000 төгрөгийг, ХААН банкны 5517217070 тоот өөрийн эзэмшлийн данснаас 3,000,000 төгрөгийг Т.Бын ХААН банк дахь 5495284220 тоот дансанд тус тус шилжүүлсэн. Ингэхдээ эгч нь мартаас өмнө бараандаа явна шүү, чи түүнээс өмнө өгөөрэй гэж хэлж байсан. Т.Б нь нэг удаа 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 400,000 төгрөгийг нэг сарын хүү гээд миний ХААН банк дахь 5517217070 тоот дансанд хийсэн байдаг. Анх мөнгө зээлүүлэхэд бичгээр гэрээ хийгээгүй байсан бөгөөд удаа дараа мөнгөө шаардаад өгөхгүй байсан учир хэлцлээ бичгээр хийж баримтжуулъя гэж бодоод 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээг нөхөн байгуулсан. Энэ гэрээг Т.Б өөрөө бичиж боловсруулсан юм. Уг гэрээгээр 1 сарын хугацаатай, 5 сая төгрөгийг, 8 хувийн хүүтэй нөхцөлөөр зээлэхээр тусгасан байсан боловч гэрээний хугацаа дуусахад мөн л үндсэн мөнгө болон хүүг төлөөгүй. Ийнхүү анх мөнгө зээлсэн өдрөөс хойш бүтэн жилийн хугацаанд гэрээний үүрэг биелүүлэхгүй, намайг удаа дараа чирэгдүүлж хохироосон учир 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр миний бие шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан. Гэтэл Т.Б нэхэмжлэлээ буцаагаад авчих, үндсэн зээл болон хүү 7,500,000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлнө гэсэн эвлэрлийн гэрээ гэхийг өөрөө бичиж гарын үсэг зурж өгсөн боловч мөн л дээрх хугацаандаа төлсөнгүй. ...Мөн 2019 оны 11 дүгээр сард Тосонцэнгэлийн шүүх рүү хэрэг шилжихийн өмнөхөн над руу утсаар яриад нэхэмжлэлээ буцаагаад авчих, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд 7,500,000 төгрөг өгье гэхээр нь би нэхэмжлэлээ буцааж авахгүй, 15-ндаа мөнгөө өгчих л юм бол би гомдолгүй гэдгээ шүүхэд хэлье гэхэд тэгвэл шүүхээр хугацаа алдаад явж бай гэсэн агуулгатай зүйл хэлээд утсаа тасалсан. ...Миний бие нь одоо Т.Б-аас үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулж авах хүсэлтэй байна. Би өөрөө бизнес эрхэлдэг хүн бөгөөд 5,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд эргэлдүүлсэн бол тэр битгий хэл ашиг олоод авсан байх ёстой, тэгээд ч 2 жилийн 2,500,000 төгрөгийн хүү гэдэг бол бараг банкны хүүнээс бага болж байгаа юм. Иймд 2 жилийн хугацаанд 2,500,000 төгрөгийн хүү тооцогдоно гэж үзээд нэхэмжилж байгаа. ...Т.Б нь надаас мөнгө зээлэхдээ хүнд зээлж авч өгч байгаа гэж хэлээгүй, өөрөө мөнгөний хэрэг гараад байна гэж авсан... гэжээ.
Хариуцагч Т.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т.Б миний бие нь Р.Бгаас 5,000,000 төгрөгийг авч найз Гд зээлж өгсөн нь үнэн. Улмаар Г нь мөнгийг өгөхгүй улмаар Улаанбаатар хот явж алга болсон. Миний бие нь Р.Б эгчтэй нийлж дээрх төлбөрийг авч өгөх гэсэн боловч Г нь Р.Бтай уулзахгүй гэж зугтааж, мөнгийг төлөхгүй өдий хүрээд байна. Ингээд би Г болон аав, ээжтэй нь биеэр очиж уулзсан боловч мөнгийг өгнө гэх боловч одоог хүртэл өгөхгүй удаашраад байна. Иймд миний бие нь 7,500,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Т.Бд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Т.Бд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4,000,000 төгрөгийг зээлдүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлдүүлсэн 5,000,000 төгрөгтөө 1 сарын 8 хувиар хүү тооцож авахаар тохиролцсон бөгөөд хариуцагч Т.Б нь хэдхэн хоногийн дотор төлнө гэж тохирсон хугацаандаа төлөөгүй учир 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хэлцлээ бичгээр баримтжуулж 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр гэрээ байгуулсан боловч одоог хүртэл төлөөгүй гэсэн үндэслэлээр үндсэн зээлд 5,000,000 төгрөг, зээлийн хүүнд 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Т.Бд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх үйл баримтын талаар хариуцагч Т.Б маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул Р.Б нь Т.Бын өмчлөлд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Ийм учраас нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Т.Баас зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.
Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч Р.Б, хариуцагч Т.Б нар нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээндээ Р.Бгаас Т.Бд 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сард зээлдүүлсэн 5,000,000 төгрөгийн зээлээ баримтжуулах, хүү авах зорилгоор дээрх гэрээг байгуулсан талаар тайлбарласныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, маргаагүй учир талууд 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр урьд байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэлт оруулж, хүү тогтоосон байна гэж шүүх дүгнэх үндэслэлтэй байна.
Ийм учраас нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Т.Баас зээлийн хүү шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч Т.Б нь нэхэмжлэгч Р.Бтай тохиролцож, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Т.Б миний бие нь Бгаас 5,000,000 төгрөгийг авч хүнд өгснөөс болж өдий хүртэл нөгөө хүнээсээ мөнгөө авч чадаагүй болно. Энэхүү мөнгийг хүнээс авч өгөх болохоор надад хугацаа шаардлагатай байна. Ийм учраас 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэхэд 7,500,000 төгрөгийг хүнээс авч өгье гэсэн, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Т.Б нь Р.Бгийн нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тэрээр тус шүүхээр шийдвэрлүүлэхээс татгалзсан байна. Миний бие уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, маргаагүй учир Р.Бгаас гаргасан татгалзал үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна... гэсэн, шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Б миний бие нь Р.Бгаас 5,000,000 төгрөгийг авч найз Гд зээлж өгсөн нь үнэн. Улмаар Г нь мөнгийг өгөхгүй улмаар Улаанбаатар хот явж алга болсон. Миний бие нь Р.Б эгчтэй нийлж дээрх төлбөрийг авч өгөх гэсэн боловч Г нь Р.Бтай уулзахгүй гэж зугтааж, мөнгийг төлөхгүй өдий хүрээд байна. Ингээд би Г болон аав, ээжтэй нь биеэр очиж уулзсан боловч мөнгийг өгнө гэх боловч одоог хүртэл өгөхгүй удаашраад байна. Иймд миний бие нь 7,500,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулна гэсэн зэргээс үзвэл тэрээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээний талаар маргаагүй байна гэж үзэх үндэслэлтэй юм.
Түүнчлэн талууд 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн гэрээнд хүү тооцох хугацааг 1 сараар тогтоосон хэдий ч хариуцагч Т.Б нь 1 сараас илүү хугацааны буюу 2,500,000 төгрөгийн хүү шаардсан нэхэмжлэгч Р.Бгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
Зохигч талуудын маргаагүй үйл баримтуудыг шүүх тэдний хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзсэн бөгөөд иргэний хуулийг зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх учир үнэлэлт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Харин хариуцагч Т.Б нь нэхэмжлэгч Р.Бгаас зээлдэж авсан мөнгөө Г гэх хүнд өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд хариуцагч Т.Баас зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг, зээлийн хүүд 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Бд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
7.1.1.эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх:
| Нэхэмжлэлийн үнийн дүн /төгрөгөөр/ | Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/ |
| 0-130 000 | 4550 төгрөг. |
| 130 001-650 000 | 4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ. |
| 650 001-1 300 000 | 20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ. |
| 1 300 001-13 000 000 | 35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ. |
| 13 000 001-ээс дээш | 222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ. |
гэж тус тус хуульчилсан.
Нэхэмжлэгч Р.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 134,950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх тул уг мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Баас 134,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Бд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус зааснаар Р.Бгийн нэхэмжлэлтэй, Т.Бд холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг, зээлийн хүүнд 2,500,0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч Т.Баас 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Баас 134,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн доторЗавхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН