Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/532

 

2024        05          10                                  2024/ШЦТ/532

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                       Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч С.Аюушжав,  М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,

   Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа

    Иргэдийн төлөөлөгч С.Цэрэндэжид

Улсын яллагч М.Батзаяа

Хохирогч Д.Батжаргал, түүний өмгөөлөгч Д.Туяа

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Гантуяа

Шинжээч эмч Э.Мөнхнаран, З.Амар-Амгалан /цахим/

Шүүгдэгч Т.Нямдэлгэр, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар  нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Төмөртогтохын Нямдэлгэрт холбогдох эрүүгийн 2406 00047 0100 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: 1976 оны 06 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, том оврын ачааны автомашинаар тээвэрт явдаг ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр 15-р хороолол 202-33 тоотод оршин суух хаягтай боловч түүний мэдүүлгээр Баянзүрх дүүрэг 41-р хороо, 290-33 тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2015 оны 07 сарын 30-ны өдрийн 981 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, Харчин овогт Төмөртогтохын Нямдэлгэр /ЦБ76062074/

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Т.Нямдэлгэр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Налайхын зам дээр 60-58 ДГС улсын дугаартай “Вольво” маркийн том оврын тээврийн хэрэгслийн бүхээг дотор тухайн автомашиныг жолоодож явсан Д.Батжаргалыг “танай ах хүн чанаргүй, хүн муутай, хүндээ” гэх шалтгаанаар маргалдаж Д.Батжаргалын баруун гарын бугалга хэсэгт хутгаар хутгалж түүний эрүүл мэндэд баруун гарын бугалганы артери, вен, булчин болон бугалганы мэдрэлийн бүрэн тасрал бүхий хүнд гэмтлийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Нямдэлгэр мэдүүлэхдээ: “...Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Батжаргал мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Би 2 гартай гэж харагдаж байгаа ч энэ гэмтэлтэй гаран дээрээ 1 килограммаас өөр зүйл даахгүй. Миний баруун гар мэдрэл байхгүй. Хагалгааны заалттай байгаа. Би өөрөө чадахаараа яваад гар маань нугалардаггүй байсан нугалардаг болсон ч мэдрэл байхгүй байгаа. Би эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Хөдөлмөрийн чадвараа алдсан байдалтай байна. Сардаа 9,000,000 төгрөг олдог орлоготой байсан. Зуны улиралд 9,000,000 төгрөгөөс дээш орлого олдог байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

       Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /хх-ийн 6-10/, хохирогч Д.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч Т.Лхагванямын мэдүүлэг /хх-ийн 24/, сэжигтэн Т.Нямдэлгэрийн мэдүүлэг /хх-ийн 19-20/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.12.19-ний өдрийн 385 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 30-31/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.12.19-ний өдрийн 02116 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 38-39/, эд мөрийн баримтаар тооцох тухай 2023.12.09-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 53/, яллагдагч Т.Нямдэлгэрийн хувийн мэдээллүүд /хх-ийн 66-91/, хохирлын баримт тооцоо,”...2914915 төгрөг /хх-ийн 93-104/ хохирогч Д.Батжаргалын дансны хуулга /хх-ийн 106-131/, 2023.12.07-ны өдрийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрээс ирсэн дуудлага мэдээллийн судалгаа /хх-ийн 140-142/ шинээр хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирогч Д.Батжаргалын орлогын тооцоолол 4 хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт 6 хуудас, эмчилгээний зардлын баримт 3 хуудас, шүүгдэгчээс 2914000 төгрөг төлсөн хаан банкны шилжүүлэгийн баримт 1 хуудас иргэний нэхэмжлэгчээс итгэмжлэл, иргэний нэхэмжлэгчийн хүсэлт, 2024.05.02-ны өдрийн 02/1607 дугаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг /2 хавсралт/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Т.Нямдэлгэр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Налайхын зам дээр 60-58 ДГС улсын дугаартай “Вольво” маркийн том оврын тээврийн хэрэгслийн бүхээг дотор тухайн автомашиныг жолоодож явсан Д.Батжаргалыг “танай ах хүн чанаргүй, хүн муутай, хүндээ” гэх шалтгаанаар маргалдаж Д.Батжаргалын баруун гарын бугалга хэсэгт хутгаар хутгалж түүний эрүүл мэндэд баруун гарын бугалганы артери, вен, булчин болон бугалганы мэдрэлийн бүрэн тасрал бүхий хүнд гэмтлийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн санаатай учруулсан байна.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.12.19-ний өдрийн 385 дугаартай шинжээчийн дүггнэлтээр: Д.Батжаргалын биед баруун гарын бугалганы артери, вен, булчин болон бугалганы мэдрэл /N.Medianus/-ийн бүрэн тасрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлий нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Амь насанд аюултай гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн эмчийн дүгнэлт /хх-ийн 30-31.....” гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Т.Нямдэлгэр нь уг дүгнэлттэй маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

  Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч Т.Нямдэлгэр нь хохирогч Д.Батжаргалын эрүүл мэндэд халдсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Т.Нямдэлгэр нь хохирогч Д.Батжаргалын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Т.Нямдэлгэрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэдийн төлөөлөгч С.Цэрэндэжид: “шүүгдэгчийг гэм буруутай байна” гэх дүгнэлтийг гаргасан.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Т.Нямдэлгэр бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Д.Батжаргал  нь шүүгдэгч Т.Нямдэлгэрээс мөрдөн байцаалтын явцад баримтаар 2,914,915 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр нэхэмжилсэн, мөн ажилгүй байх хугацааны цалин нэхэмжилсэн гэж прокурор яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон түүний өмгөөлөгч: Өмнө нь мөрдөгчид 2,914,915 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Шүүгдэгч нь уг төлбөрийг төлж барагдуулснаас хойш нийт 1,544,700 төгрөгийн хохирол гарсан. Энэ нь эмчилгээ, сувилалд хэвтсэн, машины шатахуун, журмын хашааны түрээсийн төлбөр орсон байгаа. Хаан банкны дансны хуулга 106-131 дугаар хуудсанд гаргаж өгсөн. Сард дунджаар олдог орлого гэж 9,000,000 төгрөгөөр бодож нийт 6 сарын ажилгүй байх хугацааны 54,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд шинжээчийн дүгнэлтэд хөнгөн гэмтэл, гэмтлийн зэргийн 2-р зэрэгт тогтоогдсон. Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25-р тогтоолын хүснэгтийн 2-р зэрэглэлд 4-8 хувь буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний гэсний хамгийн дээд буюу 12,99 хувиар тооцож нийт 7,144,500 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно... 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заажээ.

Шүүгдэгч Т.Нямдэлгэрээс нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд  нэхэмжилсэн 2,914,915 төгрөгийг өмнө төлсөн баримтыг шүүх хуралдаан гаргаж өгсөн бөгөөд талууд хэн аль нь маргаагүй. Үүнээс хойш нэмж гаргасан эмчилгээ сувилгаа болон бусад зардлыг тооцож нэхэмжилсэн 1,545,050 төгрөгийг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. Хохирогч Д.Батжаргалын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын хавсралтын хүснэгтээр 4-р зэрэглэлээр тооцох ёстой гэж мэтгэлцэж оролцсон.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн мэргэжлээрээ зохих хугацаанд ажилласан туршлагатай шинжээч З.Амар-Амгалан, Э.Мөнхнаран нар нь хууль сануулагдан гаргасан дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн баримтлах нь зүйтэй гэж үзсэн болно. Уг дүгнэлтэд: Д.Батжаргалын сэтгэцэд 2023 оны 12 сарын 07-ны өдрийн гэмт хэргээс шалтгаалж гэмтлийн дараах стресс, сэтгэл түгшилтийн шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл эрүүл мэндэд учирсан гэмтэл хүнд боловч түүний сэтгэцэд учирсан хор уршиг 2-р зэрэглэл хамаарч байна гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах нь зүйтэй байна. Шинжээч эмч нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-г баримтлах талаар хуульд заасан шаардлага байхгүй. Харин уг аргачлалаар хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг шүүх тогтоох юм.

Иймд нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн 2 дугаар зэрэглэлээр хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг: хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл заасан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэмт хэрэг үйлдэгдэх үеийнхээр 550.000 х 12.99 = 7,144,500 төгрөгийг шүүгдэгч Т.Нямдэлгэрээс гаргуулан хохирогч Д.Батжаргалд олгуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн хохирогч Д.Батжаргал нь Замын-Үүд боомтоос Улаанбааатар хот хооронд тээвэр хийдэг бөгөөд сард дунджаар олдог орлого гэж 9,000,000 төгрөгөөр бодож нийт 6 сарын ажилгүй байх хугацааны 54,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч  хохирогчийн гаргаж өгсөн гэх баримтуудаар түүний ажилгүй байсан хугацааны орлого олдог гэх байдал хангалттай нотлогдож тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Харин хохирогч Д.Батжаргал нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардал байвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хохирогч Д.Батжаргалын өмгөөлөгч Д.Туяа нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Батжаргал тусламж үйлчилгээ авч дээрх зардал эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан учраас иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг томилуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авч иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын томилсон. 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг гэмт хэргийн хохирогч Д.Батжаргал Эрүүл мэндийн даатгалын сангаас 8,972,430 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд энэхүү хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх хүсэлт гаргасан байна.

Шүүх бүрэлдэхүүн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Т.Нямдэлгэрээс 8,972,430 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Нямдэлгэрээс 8,972,430 / найман сая есөн зуун далан хоёр мянган дөрвөн зуун гучин/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч болох Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд тушаахыг даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Нямдэлгэр нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                                                     

Улсын яллагч: “Шүүгдэгч Т.Нямдэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 8 жил хорих ял оногдуулах саналыг гаргасан.

 

Шүүх шүүгдэгч Т.Нямдэлгэр эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирлоо тодорхой хэмжээнд төлсөн, үлдэх хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож ухамсарласан, хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Нямдэлгэрт  7 /долоон/ жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

           

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг 9 см урттай, бариул хэсэг нь 12 см, нийт 21 см урттай бариул хэсэгтэй улаан өнгийн таван хошууны дүрс бүхий 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Нямдэлгэр энэ хэрэгтээ цагдан хоригдсон 78 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Т.Нямдэлгэрт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харчин овогт Төмөртогтохын Нямдэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Нямдэлгэрт  7 /долоон/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нямдэлгэрт оногдуулсан 7 /долоон/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нямдэлгэрийн цагдан хоригдсон 78 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

             5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нямдэлгэрээс 8,689,550 /найман сая зургаан зуун наян есөн мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Батжаргал /ОК86070110/-д олгуулсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Нямдэлгэрээс 8,972,430 / найман сая есөн зуун далан хоёр мянган дөрвөн зуун гучин/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч болох Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд тушаахыг даалгасугай.

 

          7. Хохирогч Д.Батжаргал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардал байвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

         

          8.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн  хураагдаж ирсэн ажлын хэсэг 9 см урттай, бариул хэсэг нь 12 см, нийт 21 см урттай бариул хэсэгтэй улаан өнгийн таван хошууны дүрс бүхий 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Т.Нямдэлгэрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

         10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

     11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нямдэлгэрт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

                       

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.МӨНХТУЛГА

 

                   ШҮҮГЧ                                         С.АЮУШЖАВ

 

                      ШҮҮГЧ                              М.ТҮМЭННАСТ