Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 104/ШШ2018/00301

 

 

 

                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 3 дугаар хороо, *******,******* тоотод оршин суух ******* /РД:*******/-ны

           

            Хариуцагч: Налайх дүүрэг, 6 дугаар хороо, *******,******* тоотод оршин суух ******* /РД: *******/-оос

 

            Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

                                                         

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.О*******, хариуцагч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.О*******-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Бид 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр танилцаж хамтран амьдарсан. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү Ж.Б, охин Ж.Т нарыг төрүүлсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид тодорхой шалтгааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.О******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Жид 2 хүүхдээ өгөхгүй. Өөрөө зан харьцааны маш их догодолтой. Өөрийнхөө хүүхдүүдтэй маш зэрлэг харьцдаг. Хоёр ихэр хүүхдийг минь уйлахад ад үзэж уурладаг. Намайг худлаа гүтгэж байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэсэндээ сайн аав болж жүжиглэж асрамжийн талаар маргаж байна. 9 сартай, 2 ихэр хүүхдүүдийг минь эхийн асрамжид үлдээж тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч Н.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бид 2017 оны 11 дүгээр сард танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 ихэр хүү, охин төрсөн. Ц.О******* нь өмнө нь уулздаг байсан эрчүүдтэйгээ уулзаж гэртээ хонуутаар ирэхгүй явдаг. Мөн Ц.О******* хуучин нөхөр болох н.Этай хамт буудалд орж надруу утсаар ярьж доромжилдог болсон. Энэ үйлдэл нь хэд хэдэн удаа давтагдсан. Надтай амьдрахаас өмнө н.М гэж залуутай хамтран амьдарч байхдаа н.Э гэх хуучин нөхөртэйгөө уулзаж самууран завхайрч байгааг нь н.М гэх залуу харж тэсэхгүй амиа хорлосон. Надаас элдэв шалтиг хайж тэвчихэд бэрх хэрүүл дэгдээж байгаад Налайх руу явж хэд хоноод ирдэг. Ингэж явах бүртээ байнга н.Этай буудалд юм уу хот руу гэрт нь очиж архидан самуурдаг. Ц.О*******ыг төрөөд хүүхдүүдээ хараад засрах байх гэж боддог байсан. Гэтэл хүүхдүүдээ төрүүлснээс хойш бүр муухай ааштай болж, хэрүүл шуугиан дэгдээж, хашгирч дайрч самардаж хувцас урж мааждаг болсон. Мөн 03 дугаар сарын 18-ны өдөр Ц.О*******ы найз н.Т нөхөртэйгөө манай гэрт ирээд маргааш нь хэрүүл зодоон үүсч намайг өшиглөж заамдаж самардахаар нь би Ц.О*******ы хүзүү, дал орчимд 2 удаа цохиход цагдаа дуудаж шүүхээр орж би торгуулийн ялаар шийтгүүлсэн. Одоо намайг ялтан минь ална шүү, шүүхэд хандаад шоронд явуулна гэж дарамтлан Налайх явж 2-3 хоногоор архидан самуураад ирэхдээ бэлгийн замын халдварт өвчин тусч ирээд метрогель, цагаан өнгөтэй тариа  хийлгэж байж эдгэрсэн. Ц.О*******д өөрийн гэр байхгүй, тогтсон хаяггүй, ажилгүй хүн 2 хүүхэд өсгөнө гэдэг хэцүү байна. Ц.О******* өөрөө хэлэхдээ хүүхдийн сургууль орох хүртэл Тэрэлжид хамт байж байгаад надаас салж явна. Чи 2 хүүхдээ сайн өсгөөрэй гэж хэлдэг байсан. Надад Ц.О*******аас нэхэмжлэх зүйлгүй. Тиймээс 2 хүүхдийн ирээдүйг бодож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч   Ц.О*******  нь  хариуцагч   Н.Жоос  хүүхдийн   тэтгэлэг

гаргуулахыг шаардсан. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн тайлбартай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Ж.Б, охин Ж.Т нарыг өөрийн асрамжид үлдээхийг хүссэн.

 

Хариуцагч Н.Ж хүүхдүүдийг өөрийн асрамжид авна, тэтгэлэг төлөхгүй гэж маргасан.

 

Н.Ж, Ц.О******* нар 2016 оны 11 дүгээр сараас гэрлэлтийн баталгаагүй, хамтран амьдарсан,  тэдний дундаас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү Ж.Б, охин Ж.Т нар төрсөн, хүүхдүүд 9 сартай, эрүүл бойжиж байгаа нь зохигчдын тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдсон.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрхтэй бөгөөд эцэг, эх нь хүүхдээ асрамжлах, тэтгэх үүрэгтэй.

Хүүхдүүд эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдарч байгаа тохиолдолд тэдний хэн нэгний асрамжид байж, тусдаа амьдарч байгаа эцэг, эхийн хэн нэгээр тэжээн тэтгүүлэх эрхтэй.

Эцэг, эх нь хүүхдийн асрамжийн талаар тохиролцож чадаагүй тохиолдолд хуульд зааснаар шүүх шийдвэрлэнэ.

Зохигч хувийн таарамжгүй байдлаас тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь хүүхдүүдийг өөрийн асрамжид авна гэж маргасан учраас хүүхдүүдийн насны байдал, эрүүл өсөж бойжиход эхийн байнгын асаргаа, халамж, анхаарал зайлшгүй хэрэгтэй, эцгээсээ тусдаа амьдарч байхдаа эхийн асрамжид байж түүнд энэгшин дассан зэрэг нөхцөл байдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Ж.Б, Ж.Т нарыг эх Ц.О*******ы асрамжид үлдээж,  эцэг Н.Жоос Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д зааснаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Жийн Б, охин Жийн Т нарыг эх Ц.О*******ы асрамжид үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Жийн Б, Жийн Т нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Жоос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66.300 /жаран зургаан мянга гурван зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Жоос 66.300 /жаран зургаан мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.О*******д олгож, 70.200 төгрөгийг хариуцагч Н.Жоос гаргуулж улсын орлого болгосугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.ЭНХБИЛЭГ