Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2018/00635

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2018/00385/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн ******* /РД: ..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... байр, ... гудамж, ...тоотод оршин суух ... овгийн ******* /РД:..., утас: .../-д холбогдох

 

“3,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэлгэрнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

   “Миний бие ******* нь *******тэй зээлийн гэрээ бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлж 3,500,000 төгрөг хүйгүйгээр 1 сарын хугацаатай 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Бэд зээлүүлсэн юм. Бээс гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг тоочиж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Бээс үндсэн зээл 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

“Нэхэмжилж байгаа 3,500,000 төгрөгийг ******* надаас бэлэн мөнгөөр аваагүй. Тухайн үед бид хамтран амьдарч байсан. Тэр хугацаанд ******* Б гэж хүнээс бэлэн мөнгөөр 2,000,000 төгрөг зээлсэн юм байна лээ. Надтай хамтран амьдарч байхдаа тавилга зэрэг хийлгэсэн мөнгө, бас төрсөн дүү Бу нь надад 100,000 төгрөгийн өртэй байсан, тэдгээрийг оролцуулаад 1,500,000 төгрөг, ингээд нийт 3,500,000 төгрөг болж байгаа. Б өөрөө тэр Б эгчээс 2,000,000 төгрөг дансаар авсан байсан. Би *******ийг хөдөө ажиллаж байхад нь *******ийн өмнөөс Бтэй 3,500,000 төгрөг зээлсэн гэрээ хийж нотариатаар гэрчлүүлсэн юм. Одоо тэр хүн нь надаас мөнгөө нэхээд, би *******ээс нэхээд байгаа юм. Би энэ мөнгийг нь аваад тэр Б гэж хүнд өгөх юм. Зээлийн гэрээний дагуу надаас мөнгө зээлсэн зүйл байхгүй.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Хариуцагч ******* нь *******тай хамтран амьдарч байсан. Хамтран амьдарч байхдаа таарч тохирохгүйн улмаас нэг хэсэг тусдаа амьдрах болсон. Гэтэл ******* намайг хүүхэдтэй минь уулзуулахгүй байсан. Тэгээд зээлийн гэрээнд гарын үсэг зурвал хүүхэдтэй чинь уулзуулна гэсэн. Арга буюу хүүтэйгээ уулзахын тулд 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээнд заасны дагуу би нэг ч төгрөг *******гаас зээлж аваагүй. Иймд шүүхэд гаргасан *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч шүүхэд зээлийн гэрээний дагуу 3,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Зээлийн гэрээг байгуулсанд тооцох талаар Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байгаа. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч ******* хариуцагч *******эд мөнгө шилжүүлсэн талаар дансаар шилжүүлсэн бол дансны хуулга, мөнгө өгсөн бол мөнгө өгсөн талаар баримт байх шаардлагатай, энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу 3,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу... гэж тодорхойлж байгаа бөгөөд хариуцагч ...Гэрээний дагуу нэг  төгрөг ч зээлж аваагүй, хүүхэдтэй чинь уулзуулна гэхээр гарын үсэг зурсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...  гэж маргаж байна.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 3,500,000 төгрөгийг төлөхгүй, шалтаг тоочиж, үүргээ биелүүлэхгүй байгаа гэсэн боловч шүүх хуралдаанд энэхүү гэрээний дагуу 3,500,000 төгрөг шилжүүлээгүй гэж тайлбарласан, хариуцагчийн ...гэрээний дагуу нэг төгрөг ч зээлж аваагүй, хүүхэдтэй чинь уулзуулна гэхээр  гарын үсэг зурсан... гэсэн татгалзал үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч ******* зээлдэгч *******ийн өмчлөлд 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн нөхцөлд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэх үүрэг *******эд үүсэх учиртай, энэ үүргээ хэрэгжүүлээгүй үед *******д шаардах эрх үүсэх болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй, энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэснээр нэхэмжлэгч ******* 3,500,000 төгрөг шилжүүлсэн талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн  42.1-д ...зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна... гэснээр 3,500,000 төгрөгийг шилжүүлээгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд 3,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар ...хамтран амьдарч байх үедээ н.Б гэдэг хүнээс 2,000,000 төгрөгийг ******* дансаар шилжүүлэн авч зээлсэн, харин би гэрээнд гарын үсэг зурсан тул надаас нэхэмжилж байгаа тул би *******ээс авч төлбөрт өгөх гэж байгаа... гэж тайлбарлаж байгаа  болно.

 Энэ тохиолдолд тайлбарт дурдагдсан н.Б гэгч хариуцагч *******ээс 2,000,000 төгрөг шаардах эрхийг шилжүүлсэн талаархи нотлох баримтгүй, мөн үүргийн гүйцэтгэлийг *******ийн өмнөөс гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаар гэрээний харилцаанд оролцсон тал шаардах эрх нээлттэй.

Мөн 1,500,000 төгрөгийн 100,000 төгрөгийг хариуцагч *******ийн дүү н.Бу зээлсэн, хамтран амьдарч байх үедээ гэрийнхэн нь авч өгсөн 1,400,000 төгрөгийн угаалгын машин, хөргөгч зэрэг гэрийн эд хогшил үлдсэн, *******ийн аав, ээж аваад үлдсэн гэж байгаа бол энэ талаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган зохих этгээдэд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гарган, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрх нээлттэй болно.

Иймд нэхэмжлэгч Г.Огийн хариуцагч *******эд холбогдуулан гаргасан  3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 70 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******эд холбогдуулан гаргасан 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100 190 000 958 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ