Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 0054

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

У.Оөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Л.О

Шүүгдэгч                                           У.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                С.Б, Р.Ц

Хохирогч                                           Ж.Б/онлайнаар/

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолтой, У.Оөд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч У.Оийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, М овгийн У-н О

 

Шүүгдэгч У.О нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 33-1 тоотод хамтран амьдрагч Ж.Бгийн нуруун тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч М овгийн У-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар У.Оөд 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Оөд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

           

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Оөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

 

          Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Оийн хүүхдүүд болох 15 настай О.Б, 9 настай О.М нарын асран хамгаалагчийг тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг даргад даалгаж,  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч У.О давж заалдах гомдолдоо:

 

... Миний бие Ж овогтой Б-тэй хоёр жил гаруй хамтран амьдарсан юм. Би энэ зүйлчлэлээ хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна.

Учир нь Ж.Б хэрэг гарах өдөр намайг огт зодоогүй гэсэн мэдүүлэг өгсөн байна. Гэвч 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн ... У.Оийн биед хуйх, баруун мөр, зүүн гуя, баруун шанаанд зөөлөн эдэд 7 тооны цус хуралт зүүн бугалганд 1 тооны шалбархай бүхий гэмтэл тогтоогдсон ба зоддог байсныг батлах олон хүний мэдүүлэг байгаа.

Ж.Б /манай хамаатны залуу Б.М нь найз залуугийнхаа хамт манайд ирсэн юм/ мэдүүлэхдээ миний аав Ц.У миний бие У.О, хамаатны хоёр хүнтэй архи уусан гэж мэдүүлэг өгсөн.

Энэ нь ор үндэслэлгүй худал мэдүүлэг өгсөн байна. Хамаатны залуу болох Б.М найзын хамт айлд нохойны гөлөг хүргэж өгөөд явж байна гээд аавын биеийн байдлыг асуучихаад цай уугаад унаа хүлээж байгаад ирэхээр нь явсан. Тэр хоёр манайд архи, дарс уусан зүйл байхгүй. Иймд энэ хоёр хүнээс асууж гэрчийн мэдүүлэг авахуулмаар байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ:  Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна  гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             

              Шүүгдэгч У.Оөд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

              Шүүгдэгч У.О нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 33-1 тоотод хамтран амьдрагч Ж.Бгийн нуруун тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

              Анхан шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар У.Оийн үйлдлийг сэтгэл санаа хүчтэй цочрон давчдасны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнээд шүүгдэгч У.Оийг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

              Шүүгдэгч У.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, зүйлчлэлийн хувьд маргаантай байхад энэ талаар анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4.д заасныг журамлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн гэж дүгнэж ял оногдуулан Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

              Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай заалтыг гэм буруугийн талаар маргаантай байгаа шүүгдэгчид хэрэглэж ял оногдуулж шийдвэрлэжээ.

 

              Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байх тул шүүгдэгч У.Оийн ... Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.Б нь хэрэг гардаг өдөр намайг огт зодоогүй гэсэн мэдүүлэг өгсөн байна. Намайг урд нь зоддог байсныг батлах олон хүний мэдүүлэг байгаа. Би архи дарс уугаагүй байсан тул Б.М түүний найзаас гэрчийн мэдүүлэг авахуулж өгнө үү... гэсэн гомдлыг нь хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч У.Оөд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

  1. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч У.Оөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч У.Оийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.  Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА