Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2019/0181/З |
Дугаар | 128/ШШ2019/0405 |
Огноо | 2019-06-26 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2019/0405
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Ү ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Ц.Ц, Б.М нарт хороонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Ү ХХК
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Ц.Ц, Б.М
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.М, Б.А,Ц.Ц нарын оногдуулсан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2300129 тоот актын Тогтоох хэсгийн 1.1-д заасан 2013 онд 63.779.900 төгрөгийн худалдан авалтыг НӨАТ-ын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6.377.990 төгрөгийн нөхөн татвар, Тогтоох хэсгийн 1.3-д заасан 2013 онд 63.779.900 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг ААНОАТатварын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6.377.990 төгрөгийн нөхөн татварыг тус тус хүчингүй болгуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, П.У, хариуцагч Ц.Ц, Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.М, Б.А, Ц.Ц нар нь манай компанийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2******* тоот актаар 358.518.495.9 төгрөгийн зөрчилд нийт 63.167.110.4 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулсан байдаг.
Манай компанийн зүгээс дээрх актын зарим хэсгийг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн №025 дугаар тогтоолоор 26.279.830.2 төгрөгийн торгууль, 18.104.247.5 төгрөгийн алданги нийт 44.384.077.7 төгрөгийн төлбөрийг хасч, үлдэгдэл 18.783.032.7 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Бид Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.М, Б.А, Ц.Ц нарын оногдуулсан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2******* тоот акт болон Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн №025 дугаар тогтоолын үлдэгдэл төлбөр болох 18.783.032.7 төгрөгийн төлбөрийн зарим хэсгийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 12 сарын 21-ний өдрийн №44 дугаар тогтоолоор Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн №025 дугаар тогтоолыг хэвээр баталж, бидний гаргасан гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Бид Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.М, Б.А, Ц.Ц нарын оногдуулсан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2******* тоот актын Тогтоох хэсгийн 1.1-д заасан 2013 онд 63.779.900 төгрөгийн худалдан авалтыг НӨАТ-ын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6.377.990 төгрөгийн нөхөн татвар, Тогтоох хэсгийн 1.3-д заасан 2013 онд 63.779.900 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг ААНОАТатварын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6.377.990 төгрөгийн нөхөн татвар" болон Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн №025 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 12 сарын 21-ний өдрийн №44 дугаар тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байгаа болно. Үүнд:
1. Манай компанийн үндсэн үйл ажиллагаа нь К******* рестораны үйл ажиллагаа бөгөөд рестораны үйл ажиллагаа явуулахад бэлтгэн нийлүүлэгчдээс мах, гурил, будаа зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг их хэмжээгээр авах шаардлагатай болдог. Мах нь Улаанбаатар хотын зах, худалдааны төвүүдээр борлуулагдахдаа бидний нэрлэдгээр ченж гэх хүмүүсээр дамжуулж өртөг нь нэмэгддэг бөгөөд манай компанийн зүгээс өртгөө бууруулах зорилгоор ченж нараас бус хөдөө малчдаас махаа бэлтгэн нийлүүлсэн бөгөөд малчид нь нэхэмжлэл, падаан өгдөггүйгээс зөрчилд тооцогдсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед мөрдөгдөж байсан 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан бөгөөд үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй ноос, ноолуур, мах, өндөг, арьс шир, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнэд нь 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан этгээдийн төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг уг хувиар хасч тус тус тооцно, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн12.1-д Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татаар ногдуулах орлогыг тодорхойлно.
12.1.1 түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур ус, эрчим хүч, түлш шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал гэж тустус заасныг үндэслэн тайландаа хасч тайлагнасан ба энэ нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл /НТГ-ын МТЗ/-ийн 025 дугаар тогтоолын Үндэслэх хэсэгт ч худалдан авалтын хасалт хийх нь зөв гэж дүгнэсэн ч актын төлбөрөөс хасаагүй нь үндэслэлгүй гэж үзэж байна.
2. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс манай компанийг шалгах болсон үндэслэл нь манай компанид тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад зөрчил гаргаж халагдсан этгээд ажлаа /тооцооны баримт, санхүүгийн анхан шатны баримтууд/ бүрэн хүлээлгэж өгөөгүй, бүр манай компанийг татвар ногдох орлогоо нуудаг мэтээр үндэслэлгүй гомдол гаргаж татварын байгууллагаас хяналт шалгалт хийж энэ актыг тавьсан. Энэ хугацаанд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.М, Б.А, Ц.Ц нарын оногдуулсан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2******* тоот актаар зөрчилд тооцогдсон Тогтоох хэсгийн 1.1-д заасан 2013 онд 63,779,900 төгрөгийн худалдан авалтыг НӨАТ-ын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6,377.990 төгрөгийн нөхөн татвар", Тогтоох хэсгийн 1.3-д заасан 2013 онд 63,779,900 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг ААНОАТатварын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6,377,990 төгрөгийн нөхөн татвар-ын санхүүгийн анхан шатны баримтуудыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргаж өгсөн боловч ТЕГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөл үнэлээгүй, татвараас хасагдах зардлаас хасч тооцоогүй нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.М, Б.А, Ц.Ц нарын оногдуулсан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2******* тоот актын Тогтоох хэсгийн 1.1-д заасан 2013 онд 63.779.900 төгрөгийн худалдан авалтыг НӨАТ-ын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6.377.990 төгрөгийн нөхөн татвар, Тогтоох хэсгийн 1.3-д заасан 2013 онд 63.779.900 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг ААНОАТатварын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6.377.990 төгрөгийн нөхөн татвар-ыг тус тус хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.М, Б.А, Ц.Ц нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 5******* тоот регистрийн дугаартай Ү ХХК-ийн 2013-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.М, Ц.Ц нар 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргасан иргэний өргөдлийн дагуу 23160500233 тоот томилолтоор татварын хяналт шалгалтыг хийв.
Татварын хяналт шалгалтаар 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2******* тоот актаар нийт 358.518.495.90 төгрөгийн зөрчил илэрснээс 349.851.495.90 төгрөгийн зөрчлийг татвар төлөгч үндэслэлгүй хэмээн НТГ-ийн МТЗ-д хандан гомдол гаргасан. Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагчдын бичсэн акны 358.518.495.9 төгрөгийн зөрчилд 13.622.680.0 төгрөгийн нөхөн татвар, 29.637.249.0 төгрөгийн торгууль, 19.907.181.4 төгрөгийн алданги нийт 63.167.110.4 төгрөгийн төлбөр тогтоосноос гомдлын дагуу Нийслэлийн маргаан таслах зөвлөл 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 025 тоот тогтоолоор 26.279.830.2 төгрөгийн торгууль, 18.104.247.5 төгрөгийн алданги бүгд 44.384.077.7 төгрөгийн төлбөрийг Анхны арчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд өршөөлд хамруулж хүчингүй болгон /Үүнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн торгууль, алдангийн төлбөр багтсан болно/, 358.518.495.9 төгрөгийн зөрчилд ногдуулсан 13.622.680.0 төгрөгийн нөхөн татвар, 3.357.418.8 төгрөгийн торгууль, 1.802.933.9 төгрөгийн алданги бүгд 18.783.032.7 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр актыг өөрчилсөн болно.
Мөн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Татварын Ерөнхий Газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд Ү ХХК нь дахин гомдол гаргасан боловч Нийслэлийн маргаан таслах зөвлөлөөс гарсан шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Тус компанийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариу тайлбарыг өгөх нь:
1. 2013 онд 63.779.900.0 төгрөгийн худалдан авалтыг НӨАТ-ын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6.377.990.0 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах
2013 онд 63.799.900.0 төгрөгийн худалдан авалтыг НӨАТ-ын тайлангийн Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчээс худалдан авсан мах, сүү, өндөг, арьс шир, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, дотооддоо үйлдвэрлэсэн гурил /үнэнд шингэсэн НӨАТ-ыг оруулахгүй/ хэсэгт тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан, үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, өндөг, арьс шир, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан татварыг уг хувиар: гэсэн заалтад
Дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол дээрх түүхий эдийн үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэж хасалт хийсэн бол үндэслэх ямарч баримт гарган өгөөгүй.
Ү ХХК нь хяналт шалгалтын хугацаанд 2013 оны анхан шатны баримтууд байхгүй гэх шалтгаанаар тус оны баримтуудыг өгөөгүй болно.
2. 2013 онд 63.779.900.0 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг ААНОАТ-ын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6.377.990.0 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах
2013 онд 63.779.900.0 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд хасч тайлагнасан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйл.
Хасагдах зардалд тавигдах хязгаарлалт 15.1 дараах тохиолдолд зардлыг албан татвараас хасч тооцохгүй. 15.1.2-т албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал гэсэн заалтын дагуу хяналт шалгалт хийх хугацаанд тус компанийн баримтанд дээрх зөрчилтэй холбоотой анхан шатны баримт байхгүй байсан болно. Маргаан таслах зөвлөлд тухайн хугацааны нотлох баримт бичгийг ирүүлээгүй байсан болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар хасалт хийнэ гэдэг нь жишээлбэл улсад 6,000,000 төгрөгийн татвар төлөх ёстой байтал бид хөдөөгийн малчдаас сүүгээ авсан болохоор 6,000,000 төгрөгөө шингээгээд худалдан авалт хийсэн учраас улсад татвар төлөх шаардлагагүй гэсэн үндэслэлээр татвар төлөхөөс зайлсхийж байна гэсэн үг юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны баримтаа дутуу бүрдүүлж өгсөн үндэслэлээ нягтлан бодогчтой зөрчилтэй, таарамжгүй харилцаатай байсан гэж тайлбарла байна. Энэ бол хүндэтгэн үзэх шалтгаан биш. Тухайн компанийн эрх бүхий этгээд буюу захирал нь бүх зүйлээ хянаж явах үүрэгтэй. Энэ нь тухайн компанийн дотоод асуудал байна.
Татварын улсын байцаагч нар нь 2013 онд 63,779,900 төгрөгийн худалдан авалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан дээр мал, аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчээс худалдан авсан мөх, сүү, өндөг, арьс шир, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, дотооддоо үйлдвэрлэсэн гурил хэсэгт тайлагнасан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан бөгөөд үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй ноос, ноолуур, мах, өндөг, арьс шир, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнэд нь 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан этгээдийн төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг уг хувиар хасч тус тус тооцно гэсний дагуу хасалтыг хийх гэсэн боловч 2013 оны санхүүгийн анхан шатны баримтууд огт байгаагүй.
Тус компани нь хяналт шалгалтын хугацаанд 2013 оны анхан шатны баримтыг шаардахад огт өгөөгүй. Иймд бид акт гаргасан. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгч байгаа баримтуудыг огт нотлох баримтыг шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэх этгээдийг нэр нь мах, сүү борлуулдаг гэсэн тодорхойлолт өгсөн Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт багийн Засаг даргын өгсөн хүмүүстэй нэртэй таарахгүй огт өөр нэр байна. Гэсэн ч дээрх нотлох баримтуудад Ү ХХК-д худалдан борлуулалт хийсэн гэсэн зүйл огт байхгүй байна. Н.М, Д.У гэдэг 2 хүнийг мах, сүү, цагаан идээ худалдан борлуулдаг гэсэн тодорхойлолт байна. Нэхэмжлэгч компанид мах худалдан борлуулсан гэсэн зүйл байхгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт хамааралгүй баримт болж байна.
Мөн татварын улсын байцаагч нар санхүүгийн анхан шатны баримтад үндэслэх ёстой. Гэтэл дээрх орлогын баримтад хүлээлгэн өгсөн, хүлээн авсан хүний нэр байхгүй байна. Нэг бол хүлээлгэн өгсөн н.Б гэдэг Ү ХХК-ийг төлөөлсөн хүн байдаг. Хүлээн авсан дээр нь Ү ХХК-ийг төлөөлсөн н.Б гэдэг хүн бас гарын үсэг зурсан байна. Тэгэхээр хүлээлгэн өгсөн, хүлээн авсан нь хоёулаа н.Б байна. Ямар ч тамга, тэмдэг байхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 63 сая төгрөгт мах авсан гэж байгаа. Гэтэл өнөөдөр 63 сая төгрөгт мах авахад хэдэн тонн мах ирэх билээ. Үүнийгээ хаана нөөцлөх гэх мэт маш олон авцалдаагүй асуудал гарч ирж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргаж өгсөн нотлох баримтыг хариуцагчийн зүгээс нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал гэсэн хэсэгт тусгагдсан зардал нь ямар ч хуулийн үндэслэлгүй учир Татварын улсын байцаагч нарын акт нь хүчин төгөлдөр үндэслэлтэй байна гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.М, Б.А, Ц.Ц нарын оногдуулсан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2300129 тоот актын Тогтоох хэсгийн 1.1-д заасан 2013 онд 63.779.900 төгрөгийн худалдан авалтыг НӨАТ-ын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6.377.990 төгрөгийн нөхөн татвар, Тогтоох хэсгийн 1.3-д заасан 2013 онд 63.779.900 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг ААНОАТатварын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6.377.990 төгрөгийн нөхөн татварыг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь ...манай компанийн зүгээс өртгөө бууруулах зорилгоор ченж нараас бус хөдөө малчдаас махаа бэлтгэн нийлүүлсэн бөгөөд малчид нь нэхэмжлэл, падаан өгдөггүйгээс зөрчилд тооцогдсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна, 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4-д мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, ...дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнэд нь 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан этгээдийн төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг уг хувиар хасч тооцно гэж заасан тул татварын улсын байцаагчийн акт үндэслэлгүй гэсэн агуулгаар маргаж байна.
Харин хариуцагч нь ...ямар үндэслэлээр хасалт хийснийг нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, анхан шатны баримтууд байхгүй, анхан шатны баримтуудыг гаргаж өгөөгүй, нотлох баримтуудыг ирүүлээгүй, баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.
2008 оны Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ, 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.2-т татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх, 18.1.3-д анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах гэж тус тус заасан байна.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж тус тус заасан байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 2006 оны хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй, 15.1.2-т албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал гэж тус тус заасан байна.
Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай 2001 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно, 7.6-д Анхан шатны баримтын бүрдэлд, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэж тус тус заасан байна.
Маргаан бүхий татварын улсын байцаагчийн 230014123 тоот актаар Ү ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хүртэл хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн байна.
Татварын хяналт шалгалтанд хамрагдсан дээрх хугацааны үед үйлчилж байсан дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, татварын тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд ирүүлэх, анхан шатны баримтыг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтлөх зэрэг нь татвар төлөгчийн үүрэг байна.
Мөн дээр дурдсан хуулийн зохицуулалтуудаас үзэхэд худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй байхаар, албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй байхаар тодорхой хуульчилсан ба гаргасан зардлаа шаардлага хангасан баримтуудаар нотлох нь төлбөр төлөгчийн үүрэг бөгөөд зардлаа баримтаар нотлоогүй бол албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй юм.
Мөн анхан шатны баримтын бүрдэлд, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэж хуульчилсан байх ба анхан шатны баримтын буюу орлого, зарлагын баримтын үнэн зөвийг зөвхөн бэлтгэн нийлүүлэгч буюу худалдагч тал бус шалгаж хүлээн авсан буюу худалдан авагч тал давхар хариуцахаар хуульчилсан байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн орлогын баримтууд, Засаг даргын тодорхойлолтууд зэрэг 10 хуудас баримтуудаас үзэхэд анхан шатны баримтын шаардлага хангаагүй, зарим баримт нь гарын үсэггүй, хэнд хүлээлгэн өгч, хэн хүлээж авсан нь тодорхойгүй зэрэг шаардлага хангаагүй баримтууд байх тул анхан шатны баримтын шаардлага хангаагүй баримтуудыг нэхэмжлэгч гаргаж өгч байна гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээс үзэхэд нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй буюу шаардлага хангасан холбогдох нотлох баримтууд болон анхан шатны баримтуудыг хяналт шалгалт хийх тухайн үед хариуцагчид гаргаж өгөөгүй, зардлаа шаардлага хангасан баримтуудаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дээрх үндэслэлүүдээр Ү ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 2008 оны Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай 2001 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 7.6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 2006 оны хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.М, Б.А, Ц.Ц нарын оногдуулсан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2300129 тоот актын Тогтоох хэсгийн 1.1-д заасан 2013 онд 63.779.900 төгрөгийн худалдан авалтыг НӨАТ-ын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6.377.990 төгрөгийн нөхөн татвар, Тогтоох хэсгийн 1.3-д заасан 2013 онд 63.779.900 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг ААНОАТатварын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6.377.990 төгрөгийн нөхөн татварыг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Ү ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ү ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ