Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Н.Амаржаргал,

Шүүгдэгч У.Болдсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбожав овогт Ухнаагийн Болдсайханд холбогдох эрүүгийн 201710010064 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 46 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Эрүүл мэндийн гудамжны 02-22 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Гомбожав овогт Ухнаагийн Болдсайхан /РД:ЕЦ70060671/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Болдсайхан нь 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн 21-86 ДУА улсын дугаартай автомашиныг жолоодож яваад ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөний дүрмийн 2.5, 9.2 дахь заалтуудыг зөрчсний улмаас Н.Энхтуулын эзэмшлийн модон хашааг мөргөж, улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч У.Болдсайхан нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “…Би 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчим өөрийн эзэмшлийн 21-86 ДУА улсын дугаартай автомашинтай Цагдаагийн хойд талын гудамжаар явж байтал утас дуугарч Эрчим хүчний галч Азжаргал ярьж зуухны даралт буураад байна гэхээр нь эргэж явах гээд арагшаагаа ухрах үйлдэл хийхдээ ардаа байсан айлын модон хашааг мөргөөд, ослын газрыг орхиж зугтаасан. Тухайн үед айлын хашаа мөргөснөө мэдэж байсан бөгөөд сандарсандаа болоод зугтаачихсан юм. Үүнээс хойш цагдаагийн байгууллагад огт мэдэгдээгүй явсаар байгаад 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Эрээн хотоос ирэхдээ цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү”...гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42х/,

- Хохирогч Н.Энхтуул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 15-16 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн ард талын модон хашаа эвдэрчихсэн машин мөргөөд явсан дугуйны мөр байсан. Тэгээд манай хашаанд байдаг дүү Ундармаагаас юу болсон талаар асуухад гэрийн хойд талд юм түчигнээд байхаар нь гараад харахад цэнхэр өнгийн УАЗ-469 маркын машин хашаа мөргөөд зугтаачихсан гэж хэлсэн. Машин мөргөсний улмаас манай хашааны 3 хөндлөн мод цуурч, 1 модон шон хугарсан ба хэд хоногийн дараа Болдсайхан гэгч хүн ирээд манай гэрийн хашааг бүрэн бүтэн болгож өгсөн”...гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/,

- Гэрч Л.Ундармаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 15-16 цагийн үед гэртээ нөхөр хүүхдүүдтэйгээ зурагт үзээд сууж байтал гэрийн хойд талд юм нурах шиг чимээ гарсан. Тэгээд би тухайн үед нэг их тоолгүй хажуу айлын хүмүүс ачаа буулгаж байгаа юм болов уу гэж бодоод байж байтал нөгөө чимээ дахиад гарахаар нь хүүхдээ эхэлж гаргаад араас нь өөрөө гарсан чинь цэнхэр өнгийн УАЗ-469 маркийн машин манай гэрийн хойд талын модон хашааг мөргөөд зүүн тийшээ хүүе гэхийн завдалгүй давхиад явчихсан. Тэгээд би хүүхдээ урдуур нь гүйлгээд тухайн автомашины улсын дугаарыг харуулаад энэ талаараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа нөгөө ах манай хашааг янзалж өгсөн. Хашаа нь манай хадам эгчийн эд хөрөнгө байгаа юм”...гэсэн мэдүүлэг /хх-ийн 17х/,

- Хэрэг болсон газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад авсан гэрэл зургууд /хх-ийн 04-07х/,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Замын цагдаагийн хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот шинжээчийн дүгнэлтэнд У.Болдсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5, 9.2 дахь заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарсан гэсэн дүгнэлт /хх-ийн 22х/,

- Эд хөрөнгийн хохирлыг “Вендо” ХХК-иар үнэлүүлсэн үнэлгээ /хх-ийн 30х/,

- У.Болдсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг хянан шйидвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд шүүгдэгч У.Болдсайхан нь 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн 21-86 ДУА улсын дугаартай автомашиныг жолоодож яваад ухрах үйлдэл хийхдээ айлын хашаа мөргөөд зугтсан үйл баримт болсон байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч У.Болдсайханыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч У.Болдсайхан нь зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан  гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Энхтуулын “...манай байшингийн ард талын модон хашаа эвдэрчихсэн машин мөргөөд явсан дугуйны мөр байсан... гэрийн хойд талд юм түчигнээд байхаар нь гараад харахад цэнхэр өнгийн УАЗ-469 маркын машин хашаа мөргөөд зугтаачихсан гэж хэлсэн. Машин мөргөсний улмаас манай хашааны 3 хөндлөн мод цуурч, 1 модон шон хугарсан”...гэсэн, гэрч Л.Ундармаагийн “...гэрийн хойд талд юм нурах шиг чимээ гарсан. Тэгээд би тухайн үед нэг их тоолгүй хажуу айлын хүмүүс ачаа буулгаж байгаа юм болов уу гэж бодоод байж байтал нөгөө чимээ дахиад гарахаар нь хүүхдээ эхэлж гаргаад араас нь өөрөө гарсан чинь цэнхэр өнгийн УАЗ-469 маркийн машин манай гэрийн хойд талын модон хашааг мөргөөд зүүн тийшээ хүүе гэхийн завдалгүй давхиад явчихсан. Тэгээд би хүүхдээ урдуур нь гүйлгээд тухайн автомашины улсын дугаарыг харуулаад энэ талаараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлгүүд болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч У.Болдсайханд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч У.Болдсайханд хуульд заасан ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч У.Болдсайханы хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч У.Болдсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдаж, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн 468662 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Гомбожав овогт Ухнаагийн Болдсайханыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ухнаагийн Болдсайханыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Болдсайханд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч У.Болдсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт бичиг баримтаар хураагдан ирсэн 468662 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч У.Болдсайханд буцаан олгосугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Болдсайханд оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Болдсайханд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ