| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2021/03326/и |
| Дугаар | 182/ШШ2021/00644 |
| Огноо | 2021-03-17 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2021/00644
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо хаягт оршин суугч, /регистрийн дугаар /, овогт Л.Д,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо тоот хаягт оршин суугч, /регистрийн дугаар /, овогт Д.Б,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо тоот хаягт оршин суугч, /регистрийн дугаар /, овогт Д.Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суугч, /регистрийн дугаар /, овогт Л.Бт холбогдох
Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Сүрэнжав, хариуцагч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Д, Д.Б, Д.Б нарын төлөөлөгч Л.Сүрэнжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Л.Бд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр ын 1 байр, 12 тоот хаягт байрлах 32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Л.Б нь Л.Дын төрсөн ах бөгөөд түүнд бэлэглэсэн орон сууцанд бидний аав Мэргэд овогт Намсрайн Лувсанравдан, ээж Доржсүрэнгийн Аюуш нар амьдран суудаг байсан гал голомт учраас Л.Д тус орон сууцны өмчлөх эрхийг ахдаа шилжүүлэхдээ бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, хамтран өмчлөгч нэмэхгүй гэж ярилцаж тохиролцсон. Гэтэл Л.Б нь эхнэр Г.Мөнхцэцэгийг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байсан. Л.Б нь 2020 оны 9 дүгээр сараас эхнэр Г.Мөнхцэцэгээсээ тусдаа амьдарч эцэг эхийн минь гал голомтыг алдах болоод байгаа тул бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчтэй харилцан тохиролцсон тохиролцоондоо хүрэлгүй бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж орон сууцыг буцаан авахаар болсон. Тус орон сууцанд Г.Мөнхцэцэг амьдарч, дүү Л.Б маань найзындаа амьдарч байна. Иймд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүү нараасаа бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, хамтран өмчлөгч нэмэхгүй, аав ээжийн гал голомтыг авч явж чадна гэдэг амлалт өгч дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр , 1 байр, 12 тоотын орон сууцыг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Би өөрийн нэр дээр шилжүүлж аваад сар ч бололгүй 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр эхнэр Г.Мөнхцэцэгийн нэрийг орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмүүлсэн. Ингэж нэмүүлэхдээ эгч дүү нартаа хэлэлгүй нууцаар шилжүүлчихсэн. Дүү нар ч удалгүй гадаад руу явсан. Анх өгсөн амлалт болох аав, ээжийн гал голомтондоо өмчлөгч нэмэхгүй гэдгээ зөрчсөн. Нэгэнт өгсөн амлалтаа зөрчиж дүү нарынхаа итгэлийг алдсан тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг зөвшөөрч байна. Эхнэр Г.Мөнхцэцэгээс 2020 оны 9 дүгээр сараас тусдаа амьдарч байна. Орон сууцыг дүү нартаа буцаан өгч эхнэр Г.Мөнхцэцэгтэй цаашид тусдаа амьдрах бодолтой байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Л.Д, Д.Б, Д.Б нар нь хариуцагч Л.Бт холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлээ дэмжиж Бэлэг хүлээн авагч Л.Б, бэлэглэгчтэй харилцан тохиролцсон тохиролцоондоо хүрэлгүй, эхнэр Г.Мөнхцэцэгийг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэн бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тайлбарлав.
Хариуцагч Л.Б нь Эхнэр Г.Мөнхцэцэгийг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн бөгөөд 2020 оны 9 дүгээр сараас тусдаа амьдарч байна. Орон сууцыг дүү нартаа буцаан өгч эхнэр Г.Мөнхцэцэгээс цаашид тусдаа амьдрах бодолтой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө гэх тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгч Л.Д, Д.Б, Д.Б нар 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээгээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн дүүрэг, хороо, 1 дүгээр , 1 байр 12 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ бэлэг хүлээн авагч Л.Бт үнэ төлбөргүйгээр бүрмөсөн бэлэглэж, бэлэглэлийн гэрээ байгуулжээ.
Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ. Иймд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Бэлэглэгч Л.Д, Д.Б, Д.Б нар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бэлэг хүлээн авагч Л.Бын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлсэн нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан бэлэглэгч тал өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн байна.
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, 280.1.2 дахь хэсэгт зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй.
Талуудын хооронд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц бэлэглэлийн гэрээний 1-т Бэлэглэгч Л.Д би, бэлэг хүлээн авагч Л.Бын өмчлөлд өөрийн өмчлөлийн дүүрэг, хороо, 1 дүгээр ,1 байр 12 тоот орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар бүхий 32 м.кв, 2 өрөө 100,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хариу төлбөргүй бэлэглэж байна. 3-т Энэ гэрээ нотариатчаар гэрчлэгдэн, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. 4-т Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас бэлэг хүлээн авагч Л.Бт орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор бэлэг хүлээн авагчийн өмчлөх эрх үүснэ гэж харилцан тохиролцож, гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлсэн байна. /хх-ийн 8 тал/
Бэлэг хүлээн авагч Л.Б дүүрэг, хороо, 1 дүгээр ,1 байр 12 тоот орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар бүхий 32 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай гэрчилгээг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр авч тус орон сууцны хууль ёсны өмчлөгч болжээ.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байна.
Дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч Л.Б нь эхнэр Шарайд овгийн Гомбожавын Мөнхцэцэгийг хамтран өмчлөгчөөр 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэмж бүртгүүлэн гэрчилгээ олгогдсон нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. / хх-ийн 4,5 тал/
Бэлэг хүлээн авагч Л.Б нь бэлэглэгчтэй орон сууцны өмчлөх эрхийг бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, хамтран өмчлөгч нэмэхгүй гэж харилцан тохиролцсон тохиролцоондоо хүрэлгүй, эцэг эхийнхээ гал голомтыг бусдад шилжүүлж бэлэглэгчийг ноцтой гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж маргасан боловч тус гэрээний Нэмэлт нөхцөл хэсэгт бичилт хийгдээгүй, талууд болзол заасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасан байх ба бэлэглэгч нар бэлэглэлийн гэрээнд болзол заагаагүй, бэлэг хүлээн авагч Л.Б дээрх эд хөрөнгийг хууль ёсны дагуу өмчлөгч болсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байна.
Иймд хариуцагч Л.Бт холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай Л.Д, Д.Б, Д.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч болзол зааж тохиролцсон бичгийн баримт байхгүй гэх тайлбар гаргаж, энэ талаарх баримтаа ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Л.Бт холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай Л.Д, Д.Б, Д.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ