| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/04103/И |
| Дугаар | 181/ШШ2021/00701 |
| Огноо | 2021-03-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2021/00701
| 2021 о 03сарын 26өдөр | 181/ШШ2021/00701 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Ц.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НЕБС-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.О-г миний бие тус сургуульд 2009 онд дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажилд ороод 2012 онд хөдөлгөөн орон зайн баримжааны багшаар ажиллах болсон. Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Миний бие 2020/08/24-ны өдөр 55 нас хүрээд өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгох гэтэл тухайн үед захирал байсан Ч гэдэг захирал та тэтгэврээ тогтоолгоод харааны бэрхшээлтэй хүүхдийн гол сургалт болох хөдөлгөөн орон зайн баримжааны хичээлийн мэргэжлийн багш дутагдалтай байгаа тул үргэлжлүүлээд нэг жил ажиллаад шинээр ажиллах гэж байгаа багш нараа дадлагажуулаад тэгээд тэтгэвэртээ гарах санал тавьсан. Үүнийг миний бие хүлээж аваад захиралтай нэг жилийн гэрээ хийгээд ажиллаж байсан. Гэтэл манай захирал өөрийн хүсэлтээр ажлаасаа гараад оронд Д.М гэдэг хүн ирээд захиргааны дарамт үзүүлэн ажилчдыг эхнээс нь халж,солих болсон бөгөөд ковид 19 өвчнөөс болоод хатуу хөл хорио тогтоосон байхад 2020 оны 12 сарын 02-ны өдөр 16 цагийн орчим захирлын нарийн бичиг утсаар яриад таныг ажлаас чөлөөллөө, тэтгэмж сургуулийн дансанд суугдсан гэж хэлсэн. Захирал угаасаа ирснээсээ хойш цалингийн сан хүрэлцэхгүй байхад залуу багш нарын цалин булаацалдаад байхдаа яадаг юм гэсэн. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Захирал учир байдлаа хэлээд уулзсан бол миний бие тус байгууллагад олон жил ажилласнаа бодоод хэм амгүй яваад өгөх байсан. Гэтэл тэгээгүйд гомдолтой байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалингийн олговорт ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү. гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнгийн 2020 оны 08 сарын 26-ний өдрийн Б/14 тоот тушаалаар Д.М Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилсон. Мөн сайдын тушаалаар 2020 оны 10 сарын 19-ний өдрийн Б/24 тоот тушаалаар дахин жинхлэн томилогдсон. Манай сургууль төсөв хүрэлцэхгүй улмаас тэтгэвэртээ гарах хүсэлтээ өгсөн, улсаас авах тэтгэмж нь дансанд нь орсон багш Ц.О Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3 дахь заалтын дагуу ажлаас чөлөөлсөн. Боловсрол, Шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Б ахлуулсан Ажлын хэсгийн тайлан дүгнэлт гэсэн албан тоот 2020 оны 09 сарын 30-ний өдрийн 2/1847 тоот албан бичиг ирсэн. Уг албан бичгийн зөвлөмжид Багш ажилтны Төрийн албан хаагчийн хувийн хэрэг-ийг төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолоор баталсан төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам-ын дагуу шинэчлэн бүрэн бүрдүүлэх ажлыг дахин зохион байгуулах тухай чиглэл өгсний дагуу зарим багш нарын Багш мэргэжлийн дипломыг шалгуулахад Ц.О багшийн диплом нь Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системд бүртгэлгүй байсан тул Боловсрол Шинжлэх ухааны яаманд хүсэлт гаргасны дагуу 2020 оны 12 сарын 22 өдрийн 13/3585 албан бичиг ирсэн. Ц.О нь 2020 оны 08 сарын 17 өдөр өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн, мөн хүсэлтээр тэтгэвэрт гарах болсон тул тэтгэвэрт гаргахаар олгодог нэг удаагийн тэтгэмжийг олгож өгнө үү гэсэн хүсэлтүүдийг бичгээр гаргаж байсныг шүүхэд гаргаж өгсөн. Манай сургуульд олгосон төсөв хүрэлцэхгүй, багш нарт олгох ёстой цалин хөлс хүрэлцэхгүй байгаа, багш мэргэжлийн дипломыг шалгуулахад бүртгэлгүй байсан мөн тэтгэврийн насанд хүрч хүсэлтээ гаргасан тул тэтгэвэрт нь гаргасан болно. Ц.О нэхэмжлэлдээ багш нараа дадлагажуулаад тэгээд тэтгэвэртээ гарах санал тавьсан гэжээ. Ц.О хуучин захиралтай гэрээ байгуулахдаа тэтгэмж орж иртэл ажиллахаар тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд тэтгэмж 2020 оны 11 сарын 30-нд орж ирж Ц.О данс руу шилжсэн болно. Ц.О нь багш нараа дадлагажуулах ямар ч ажил хийгээгүй харин ч залуучуудад зөв үлгэр дуурайлал болж халамжлан хүмүүжүүлэх үүргээ зүй ёстойгоор биелүүлэхгүй, сурагч нарын эрх ашгийг зөрчиж тэг зогсолт хийж, өөрөө би тэтгэвэрт гарч байгаа хүн яасан яах гэж залуу багш нарыг өрөөнд дуудан оруулж өдөөн турхирдаг, өөрөө болж байвал бусад хүмүүс яах нь хамаагүй гэсэн байдалтай байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлан өндөр насны тэтгэвэрт гаргаж, тэтгэмжийн мөнгийг зохих журмын дагуу олгосон, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.О-г нь Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн Хөдөлгөөн орон зайн баримжааны багшийн ажлын байранд ажиллаж байгаад тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 08 сарын 20-ны өдрийн Б/44 дугаартай Ц-н О-г ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-78 тал/-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр буюу өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан үндэслэлээр 2020 оны 08 сарын 18-ны өдрөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байх ба ийнхүү ажлаас чөлөөлөгдсөний дараа Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон Ц.О-г нарын хооронд 2020 оны 08 сарын 20-ны өдөр 02/52 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-5,6 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургууль нь Ц.О-г Хөдөлгөөн орон зайн баримжааны багшийн ажлын байранд 1 жилийн хугацаатай ажиллуулахаар харилцан тохиролцжээ.
Улмаар Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 02-ны Б/82 дугаартай Цэндийн Отгончимэгийг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-2 тал/-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг баримтлан Ц-н От-г нь өндөр насны тэтгэвэрт гарсан гэх үндэслэлээр 02/52 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2020 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлгөөн орон зайн баримжааны багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан, нэхэмжлэгч нь 2020 оны 12 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул нэхэмжлэгч Ц.О-г хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 02-ны Б/82 дугаартай Ц-н О-г ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зйүлйин 40.1.3 дахь заалт буюу Хөдөлмөрийн гэрээг ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэсэн заалтыг баримтлан гарсан байх ба Ц.О-г нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 55 нас 3 сартай байсан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дахь заалтад зааснаар 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.
Ц.О-г нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дахь заалтад заасан эрхийн хүрээнд ажил олгогчдоо хүсэлтээ гарган Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 08 сарын 20-ны өдрийн Б/44 дугаартай Ц-н О-г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөн, түүнээс хойш ажил олгогчтой хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байхад Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 02-ны Б/82 дугаартай Ц О-г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтад заасан үндэслэл бий болсон гэж үзэн Ц.Отгончимэгийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон байх тул Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургууль нь Ц.О-г ажлаас буруу халсан гэж үзэж, Ц.О-г Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн Хөдөлгөөн орон зайн баримжааны багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасан байна.
Ц.О нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-4 тал/-т бичигдэн баталгаажсан 2020 оны 09 сарын цалин хөлс 1,486,887 төгрөг, 10 сарын цалин хөлс 1,292,807 төгрөг, 11 сарын цалин хөлс болох 1,438,606 төгрөг, нийт 4,218,300 төгрөгөөс нэг сарын дундаж цалин хөлсийг тооцож үзэхэд 1,406,100 төгрөг, үүнийг сарын дундаж 21.5 хоногт хуваан нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход 65,400 төгрөг болж байна.
Ц.Огийг хянан шийдвэрлэсэн 2021 оны 03 сарын 26-ны өдрийг хүртэлх 3 сар 19 хоногоор тооцоход 3 сарын цалин хөлс нь /1406100*3=4218300/ 4,218,300 төгрөг, 19 хоногийн цалин хөлс нь /65400*19=1242600/ 1,242,600 төгрөг, нийт 5,460,900 төгрөг болж байх тул хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,460,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.О-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Ц.О болон хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуульд даалгаж шийдвэрлэв.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгэдэггүй, багшийн диплом нь дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэлгүй, сургуулийн төсөв хүрэлцэхгүй, багш нарт олгох ёстой цалин хөлс хүрэлцдэггүй гэх зэрэг шалтгаануудыг дурдсан байсан боловч уг нөхцөл байдлууд нь Ц.О-г ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл болоогүй байх тул шүүх тайлбарт дурдагдсан тухайн нөхцөл байдлуудын талаар үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.О-г Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн Хөдөлгөөн орон зайн баримжааны багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,460,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.О-т олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Ц.О-н болон хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 102,324 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР