Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2020/02670

 

 

 

 

 

 

   2020         10          29                                           181/ШШ2020/02670                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 25 дугаар байрны 40 тоот хаягт оршин суух, Боржигон хишиг овогт Ишсамбын Хишигбаяр /РД:ЙЮ70031018/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Их тойруу 81/1, Улаанбаатар 14193-д байрлах, Гаалийн ерөнхий газарт холбогдох, 

Ажилгүй байсан хугацааны цалин 16,958,324 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг хийлгэж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадулам, нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.       

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: И.Хишигбаяр нь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/312 тушаалаар Ухаа худаг дахь Гаалийн салбарын эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. Гэтэл Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалаар түүнийг Ухаа худаг дахь гаалийн салбарын эрхлэгчийн албан тушаалын үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж мөн өдрөөс Шивээхүрэн дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажил, албан тушаал, ангилал, зэрэглэл, цалинг бууруулан томилсон.

Энэ талаар буюу Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, Ухаахудаг дахь Гаалийн салбарын эрхлэгчийн ажил албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин бусад нэмэгдлүүдийг нөхөн олгуулах талаар нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Тус шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зуйлийн 11.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаартай тушаалыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

Гаалийн ерөнхий газар нь шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 сарын хугацаанд шинээр ямар нэгэн акт гаргаагүй төдийгүй И.Хишигбаярыг хуучин ажилд нь буцаан ажиллуулаагүй олон cap хүлээлгэсний эцэст Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/123 тоот тушаалаар 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс Улаанбаатар хот дахь Гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар ажил, албан тушаал, ангилал, зэрэглэл, цалинг бууруулан томилсон. Одоогоор И.Хишигбаяр нь дээрх ажил албан тушаалыг гүйцэтгэж байна.

Иймд И.Хишигбаярын ажилгүй байсан 2019 оны 02 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулна. Үүнд: 2019.03.01-нээс 2020.01.01-нийг хүртэл нэг сарын үндсэн цалин 845,212 төгрөг, нэмэгдэл цалин 65% буюу 549,387 төгрөг бүгд нэг сарын цалин 1,394,599 төгрөг х 10 сар=13,945,990 төгрөг,

2020.01.01-нээс үндсэн цалин нэмэгдэж 912,329 төгрөг болсон ба нэмэгдэл цалин 65% буюу 593,338 төгрөг. Нэг сарын цалин 1,506,167 төгрөг х 2 сар=3,012,334 төгрөг,

Нэмэгдэл цалин буюу 65%-ийн задаргааг тооцбол: Төрийн тусгай албаны 10%, Хил дээр ажилласны 25%, Үр дүнгийн 15%, Улсад ажилласан жилийн 15%.

Нийт 13,945,990 төгрөг + 3,012,334 төгрөг = 16,958,324 төгрөг, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг хийлгэж дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасан. Гэтэл 3 дугаар сарын 19-нийг хүртэлх 19 өдрийн цалин 953,905 төгрөгийг тооцож нэмээгүй дутуу бичсэн байх тул үүнийг нэмэгдүүлж, нийтдээ 17,912,229 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн И.Хишигбаярын тус шүүхэд гаргасан Гаалийн ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4 дэх хэсэгт батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох гэж заасан байдаг.

Гаалийн байгууллага нь улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллага тул Гаалийн ерөнхий газрын дарга тухайн жилд батлагдсан төсөв, бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан ажилчдын цалин хөлсийг тогтоон томилдог.

И.Хишигбаяр нь Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын Ухаа худаг дахь гаалийн салбарын эрхлэгчээс Шивээхүрэн дэх гаалийн газрын Гаалийн улсын байцаагчаар томилсон болохоос ажлаас нь чөлөөлөөгүй болно.

И.Хишигбаяр нь Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалын дагуу 2 cap ажилласан боловч 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажил албан тушаалаа эрхлээгүй буюу ажиллаагүй нь Гаалийн ерөнхий газраас ажил олгоогүй бус харин иргэн И.Хишигбаяр нь үндэслэлгүйгээр ажил тасалсан гэж үзнэ.

Үндсэн хуулийн 17 дүгээр зүйлийн 17.2 дахь заалтад “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.”, Захиргааны ерөнхий хуульд Төрийн байгууллага тасралтгүй, шуурхай байхаар тус тус заасан.

Гэтэл төрийн жинхэнэ албан хаагч болох И.Хишигбаяр нь ажил хөдөлмөр эрхлэлгүй амралтын байдалтай дээрх хугацаанд өөрөө ажлаа хаяж, дур мэдэн явчихаад, эрх нь зөрчигдсөн нэрээр Гаалийн ерөнхий газрыг буруутган Төрийг хохироож ямар нэгэн ажил эрхлээгүй, хөдөлмөрлөөгүй байж ажилгүй байсан хугацааны цалин буюу дээрх нийт хугацааны цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-д зааснаар Төрийн албан хаагчийн цалин хөлс нь Тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдлээс бүрддэг. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Төрийн тусгай албаны 10%, үр дүнгийн 15%, улсад ажилласан жилийн 15%-ийн нэмэгдэл цалин Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжид огтоос тусгагдаагүй байна.

Иймд иргэн И.Хишигбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.Хишигбаяр нь хариуцагч Гаалийн ерөнхий газарт холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин олговор 16,958,324 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цалин олговрыг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл гэж бичсэн боловч 19 өдрийн цалинг нэмээгүйг 953,905 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 17,912,229 төгрөгийг гаргуулахаар тодорхойлсон. 

Нэхэмжлэгч И.Хишигбаяраас Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн шалгаж, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0524 дүгээр шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн /2020 оны/ 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захирааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай” гэж шийдвэрлэжээ./хх-ийн 4-8 дахь талд/

Нэхэмжлэгч И.Хишигбаяр нь дээрх шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгүүлэх тухай хүсэлтээ тухайн шүүхэд гаргасан ба 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/241 дүгээр албан бичгээр түүнд хүргүүлсэн хариунд: “...Нэгэнт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0524 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхээс тогтоосон 3 сарын хугацаа өнгөрснөөр захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаал хүчингүй болно” гэжээ. /хх-ийн 8 дахь талд/

Дээрх шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

Шүүхээс тогтоосон 3 сарын хугацаа өнгөрснөөр захиргааны байгууллага болох хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга дахин шинэ акт гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, талуудын мэтгэлцээнээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах нэхэмжлэлийг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасантай нийцнэ.

Хэрэгт авагдсан Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 5/123 дугаар “И.Хишигбаярыг ажилд томилох тухай” тушаалаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 128/ШШ2018/0524 дүгээр шийдвэр, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан өөрийн хүсэлтийг нь үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн И.Хишигбаярыг Улаанбаатар хот дахь гаазийн газарт улсын байцаагчаар томилж, сарын үндсэн цалинг 841,216 /ТТ-10-5 (14 жил)/ төгрөгөөр тогтоож, албан тушаалын туслах түшмэл, тэргүүн зэрэг дэвийн 25, төрийн алба хаасан хугацааны 15, албан ажлын онцгой нөхцөлийн 10 хувийн нэмэгдэл олгохыг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, Улаанбаатар хот дахь гаалийн газарт зөвшөөрсөн байна./хх-ийн 51 дэх талд/

Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/312 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын Ухаахудаг дахь гаалийн салбарын эрхлэгч бөгөөд гаалийн улсын ахлах байцаагч Б.Ванданцэрэн, гаалийн улсын ахлах байцаагч И.Хишигбаяр нарыг 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн И.Хишигбаярыг Ухаахудаг дахь гаалийн салбарын эрхлэгчээр томилж, И.Хишигбаярын сарын үндсэн цалинг 724,633 /ТТ-12-10/ төгрөгөөр тогтоож, албан тушаалын түшмэл, тэргүүн зэрэг дэвийн 25, төрийн алба хаасан хугацааны 10, албан ажлын онцгой нөхцөлийн 10, хилийн 25 хувийн нэмэгдлүүдийг тооцож олгохыг Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Гашуунсухайт дахь гаалийн газарт зөвшөөрчээ./хх-ийн 52 дахь талд/

Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/25 дугаар “Үндсэн цалин, нэмэгдлийг шинэчлэн тогтоох тухай” тушаал, түүний хавсралт 13-аар нэхэмжлэгч И.Хишигбаярын нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 912,829 төгрөг, нэмэгдэлд төрийн тусгай албаны 10, хил дээр ажилласны 25, үр дүнгийн 15, улсад ажилласан жилийн 15 хувийн буюу нийт 65 хувийн цалинг гаргуулахаар шаардсан шаардлага нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймээс, нэхэмжлэгч И.Хишигбаярын ажилгүй байсан хугацааг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түүнийг ажилд томилсон 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцох үндэслэлтэй байна.

1. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түүний нэг сарын үндсэн цалинг 845,212 төгрөг, нэмэгдлийг 65 хувиар тооцоход 549,387 төгрөг бөгөөд нийлээд нэг сарын цалин олговор 1,394,599 төгрөгийг 10 сарын хугацаагаар тооцвол 13,945,990 төгрөг,

2. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн цалин нэмэгдэж 912,829 төгрөг болсон байх тул нэмэгдлийг 65 хувиар тооцож 593,338 төгрөг, нийлээд нэг сарын цалин 1,506,167 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл тооцвол 2 сар, 12 өдрийнх /1,506,168 х 2 сар + /12 х 70,054/ 840,648/ 3,852,984 төгрөг болж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан 17,912,229 төгрөг гаргуулахаас /13,945,990+3,852,984/ 17,798,974 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч И.Хишигбаярт олгож, нэхэмжлэлийн үлдэх 113,255 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар шүүх хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 17,798,974 төгрөгийн цалин олговроос И.Хишигбаярын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу тооцон суутгаж, шимтгэл төлөлтийн талаархи бичилтийг дэвтэрт хийж баталгаажуулахыг Гаалийн ерөнхий газарт хариуцуулах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон               

                                                                                                              ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Гаалийн ерөнхий газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17,798,974 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Хишигбаярт олгож, нэхэмжлэлийн үлдэх 113,255 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч И.Хишигбаярын ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл, мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг Гаалийн ерөнхий газарт хариуцуулсугай.

3. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,742 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 246,945 төгрөгийг гаргуулж, 4,203 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 242,742 төгрөгийг нэхэмжлэгч И.Хишигбаярт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ТҮМЭНЦЭЦЭГ