| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0188/Э |
| Дугаар | 0055 |
| Огноо | 2019-08-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 0055
Б.Мид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Г.Т
Шүүгдэгч Б.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Мид холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Мийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б овгийн Б-н М,
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн Толгодын 24-15 тоотод оршин суух Л.О-н байнгын амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бага гарын мөнгөн аягыг нууцаар, хууль бусаар авч, 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б овгийн Б-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Моос 80.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 7а-8-2 тоотод оршин суух М.Ц-т олгож,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо:
... Би тухайн гэмт үйлдлийг хийсэндээ гүнээ гэмшиж харамсаж байна.
Миний зүүн хөлний аарцаг, сүүжний зөөлөн эд бүрэн элэгдсэний улмаас явахад хүндрэл зовиуртай болж ойрын хугацаанд яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа.
Өмнө нь ямар ч төрлийн ял шийтгэл эдэлж байгаагүй болон эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Т дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Мид холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Мийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт багийн Толгодын 24-15 тоотод оршин суух Л.О-н байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бага гарын мөнгөн аягыг нууцаар, хууль бусаар авч 80.000 төгрөгний хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, түүний хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж, тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба хуульд заасан төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иймд шүүгдэгч Б.Мийн ... оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
С.ЦЭЦЭГМАА