Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             “Б” ХХК-ий нэхэмжлэлтэй иргэний

                                                        хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 129/ШШ2018/00978 дугаар шийдвэртэй

худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний “Б” ХХК-ий нэхэмжлэлтэй

Б.Бт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

4 984 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгч “Б” ХХК-ий давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт:

“Билгийн” сан ХХК-ий барьцаат зээлийн газраас 2015.02.27-ны өдөр иргэн Б.Б нь 5 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 9 хувийн хүүтэй, зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,4 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан зээлж авсан. Зээлийн барьцаанд шинэ цагийн мөнгөн аяга 4 ширхэг, монетан бөгж 2 ширхэг, зүүлттэй монетан гинж 1 ширхэг, хос монетан ээмэг 1 ширхэг буюу нийт 772 000 төгрөгийн эд зүйлсийг, үлдсэн 4 228 000 төгрөгийн барьцаанд Истана микро автобусаа худалдан авсны дараагаар баримт бичгийг нь барьцаанд үлдээхээр харилцан тохиролцож мөнгөө авсан боловч машины бичиг баримтаа өгөөгүй, барьцааны гэрээг хийгээгүй болно. Үнэт эдлэлүүдийг бөөнд нь жинлэхэд 21,4 грамм болсон. Эрэгтэй хүний бөгж гэсний ард 21,4 грамм гэж бичсэнийг л бүгдийг нь жинлээгүй гэж ярьж байна. 21,4 грамм гэдгийг Б зөвшөөрч гарын үсэг зурсан. Б.Б нь зээлийн гэрээний хугацааг 2015.03.27-2015.06.27-ны өдрийг хүртэл 4 удаа сунгуулж хүүг төлсөн боловч 2015.07.27-ны өдрөөс нэхэмжлэл гаргаж буй өнөөдрийг хүртэл нэг ч удаа зээлж авсан үндсэн мөнгө, хүү, алдангийг төлсөнгүй. Тухайн зээлсэн үндсэн мөнгө, хүү, алдангийг төлөх талаар удаа дараа мэдэгдэхэд хашаа байшингаа зараад өрөө барагдуулна, хүүхэд БНСУ-д ажиллаж байгаа, ирэхээр нь өгнө, Улаанбаатар  хотод мод зараад өгнө гэх мэтчилэн төөрөгдөлд оруулан 980 хоног буюу 32 сар 10 хоногийг өнгөрөөлөө. Барьцаанд тавьсан эд зүйлсийг зарж хүүгийн төлбөрөөс хасах  талаар хэлэхэд Б.Б нь зөвшөөрсөн учир 2016.10.01-ний өдөр Улаанбаатар  хотын алт монет авдаг газар монетан эдлэлийг нэг мөнгөн аягын хамт нийт 1 140 000 төгрөгөөр худалдан борлуулж хүүгийн төлбөрөөс суутгал хийн тооцсон. Иймд Б.Бт зээлүүлсэн үндсэн мөнгө 5 000 000 төгрөг, гэрээ ёсоор алданги  2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт:

“Би 7 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус ломбарднаас 2015.02.27-ны өдөр 1 сарын хугацаатай, сарын 9 хувийн хүүтэй, 5 000 000 төгрөгийг үнэт эдлэлүүдээ барьцаалж зээлж авсан нь үнэн юм. Гэтэл тус ломбард нь нэхэмжлэлдээ 772 000 төгрөгт үнэт эдлэлийг, 4 228 000 төгрөгт Истана микро автобусны баримт бичгийг тус тус барьцаалж мөнгө авсан боловч машины бичиг баримтаа өгөөгүй, барьцааны гэрээ хийгээгүй гэж ямар ч үндэслэлгүй худал зүйл бичсэн байна. Надад болон манайд микро автобус байхгүй, тэгээд ч ломбард барьцаа хөрөнгөгүй ийм их мөнгө өгөхгүй шүү дээ. Миний зээлийн барьцаанд тавьсан эрэгтэй хүний 11,15 гр монетан бөгж, эмэгтэй хүний 10,25 гр монетан бөгж, 12,9 гр монетан гинж, 9,97 гр монетан зүүлт, 15,6 гр ээмэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, нийт 4 мөнгөн аяга зэрэг эд зүйлсийн үнэлгээнийх нь 60 хувиар тооцлоо гэж надад хэлж байсан мөртлөө 772 000 төгрөгийн барьцаанд авсан гэж ямар ч үндэслэлгүй бичсэн байна. Мөн барьцаанд тавьсан эд зүйлсийг зарах талаар хэлсэн гэж нэхэмжлэлдээ бичсэн байна. Ломбардны Баясаа гэх эмэгтэй надтай 2-3 удаа утсаар ярьсан. Ярихдаа мөнгөө, хүүгээ авъя гэж ярьдаг байсан. Түүнээс биш эд зүйлсийг чинь зарлаа гэж нэг ч удаа ярьж хэлж мэдэгдэж байгаагүй. Би ч “миний эд зүйлсийг битгий зараарай, би мөнгөө хүүгээ төлж юмаа авна шүү” гэж хэлж захидаг байсан. Би Баясаад нийт 2 250 000 төгрөг бэлэн өгсөн. Миний өгсөн мөнгийг хүүнээс тооцлоо гэж хэлж байсан. Миний эд зүйлс 1 140 000 төгрөгөөр худалдаалагдах эд зүйлс биш ээ. Намайг хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн гэж байна. Тулга гоёл дэлгүүр бол мөнгөн аяга худалдаж авсан газар, Мөнгөн завъяа нь монетан эдлэл авсан дэлгүүр. Би худалдаж аваагүй, ор үндэсгүй зүйлийг барьцаалчихаад худлаа яриад байгаа юм биш. Банк ч, ломбард ч хүний барьцаа хөрөнгийг үнэлгээндээ хүрээгүй нөхцөлд мөнгө зээлнэ гэж байхгүй. Баясалмаа миний нүдэн дээр бөгжүүдийг граммлаж аваад битүүмжлээгүй, баримтаа бичиж 5 000 000 төгрөг өгсөн. Бусад зүйлсийг нь миний нүдэн дээр граммлаж битүүмжлээгүй. Бусад газар хүний өгсөн зүйлийг бүгдийг нь граммлаж бичээд, битүүмжлээд гарын үсэг зуруулаад авдаг. Тухайн үед машин тэрэгний бичиг баримт өгнө гэж яриагүй. Би хуурамч зүйл өгч мөнгө төгрөг залилж аваагүй. Тухайн үеийн худалдаж авсан ханшаараа л барьцаалж 5 000 000 төгрөгийг зээлсэн.” гэжээ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон тайлбарт:

“Б.Б би тус ломбарднаас 5 000 000 төгрөгийг 2015.02.27-ны өдөр 1 сарын хугацаатай, 9 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Би эрэгтэй хүний монетан бөгж 11,15 гр буюу 1 449 000 төгрөгийн, эмэгтэй хүний монетан бөгж 10,25 гр буюу 1 319 500 төгрөгийн, монетан гинж 12,9 гр буюу 1 677 000 төгрөгийн, монетан зүүлт 9,97 гр буюу 1 296 100 төгрөгийн, монетан ээмэг 15,6 гр буюу 2 028 000 төгрөгийн, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг буюу 155 000 төгрөгийн, их гарын мөнгөн аяга 2 ширхэг буюу 260 000 төгрөгийн, нийт 8 184 600 төгрөгийн үнэтэй эд зүйлсээ барьцаанд тавьсан. Зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр сунгаагүй. Намайг мөнгө аваачиж өгөхөөр хүүнд нь авлаа гэдэг байсан. Би төлөх ёстой нэг сарын хүүнээс гадна 1 800 000 төгрөг, нийт 2 250 000 төгрөг төлсөн байгаа. Би дээрх барьцаанд тавьсан зүйлүүдийг буцааж авах, хэрэв зарагдсан бол тухайн эд зүйлсийн үнэ 8 148 000 төгрөг, төлсөн мөнгө 2 250 000 төгрөг, нийт 10 434 600 төгрөгөөс зээлсэн  мөнгө 5 000 000 төгрөг, 1 сарын хүү 450 000 төгрөг, нийт 5 450 000 төгрөгийг хасаж, үлдэх 4 984 600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарт:

“1. ”Б” барьцаат зээлийн газар нь

иргэн Б.Б эрэгтэй хүний 3,8 болон 11,2 гр жинтэй 2 ширхэг монетан бөгж, эмэгтэй хүний 3,8 гр жинтэй 1 ширхэг монетан бөгж, 6,4 гр жинтэй монетан ээмэг, гинж, зүүлт, нийт 21,4 гр жинтэй монетан эдлэлийг нэг граммыг нь 30 000 төгрөгөөр буюу нийт 642 000 төгрөгөнд тооцож, 5,5-тай 2 ширхэг мөнгөн аягыг тус бүрийг 40 000 төгрөгөөр, нийт 80 000 төгрөгөнд, 5,0-тай 1 ширхэг мөнгөн аягыг 30 000 төгрөгөнд, 1,0-тэй 1 ширхэг мөнгөн аягыг 20 000 төгрөгөнд тус тус тооцож барьцаанд авсан. Дээрхи эд зүйлс нь нийт 772 000 төгрөгийн барьцааг хангаж, үлдсэн 4 228 000 төгрөгийн барьцаанд Истана микро автобусаа худалдан авсны дараагаар  баримт бичгийг нь барьцаанд үлдээхээр иргэн Б.Б нь бичгэн гэрээг хийж хоёр тал харилцан тохиролцсон. 2015.07.27-ны өдөр гэрээний хугацаа дуусч мөнгөө буцаан  төлөх талаар 99001632, 99487479 дугаарын утсанд удаа дараа мэдэгдэж ирж уулзахыг хэлсэн боловч ирж уулзаагүй. Иргэн Б.Б нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй 980 хоног өнгөрсөн тул барьцаанд тавьсан эд зүйлсийг худалдан борлуулж хүүгийн төлбөрөөс тооцох талаар хэлэхэд тэрээр хүлээн зөвшөөрсөн тул Улаанбаатар хотод дээрх эд зүйлсийг 1 140 000 төгрөгөөр худалдан борлуулж хүүгийн төлбөрөөс суутгал хийсэн. Дээрхи үйл баримт нь барьцаалагч, барьцаалуулагч нарын байгуулсан гэрээ, хоног хугацаагаар нотлогдож байгаа тул сөрөг нэхэмжлэлд дурдсан 8 184 600 төгрөгийг барьцаалагч талаас төлөх ямар ч үндэслэлгүй.

          2. Б.Б нь зээлийн гэрээг нийт 5 удаа биш 4 удаа сунгуулсан байдаг. /2015.03.27-2015.04.27, 2015.04.27-2015.05.27, 2015.05.27-2015.06.27, 2015.06.27-2015.07.27/. Дээрх 4 удаагийн сунгалт хийх бүрт Монгол Улсын Иргэний хуульд заасан барьцааны гэрээний гол нөхцлийг хангасан тул нэхэмжилсэн мөнгөнөөс тухайн сарын хүүнд төлөгдсөн мөнгийг суутгах ямар ч эрх зүйн үндэслэлгүй. Иймд иргэн Б.Бийн нэхэмжилж байгаа нийт 4 984 600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх сөрөг нэхэмжлэлд дурдагдсан асуудал нь ямар ч нотлох баримтгүй, шүүх байгууллагыг төөрөгдүүлсэн худал мэдүүлэг байх тул хэргийн талаар оролцогч үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа үүгээр илэрхийлж байна.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 129/ШШ2018/00978 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон овгийн Б Б /РД:АГ74122442, утас:99001632/ 6 450 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д /рд: 2695677, улсын бүртгэлийн дугаар 111001113/ олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1 050 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, 286.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч Б ХХК-аас 4 ширхэг мөнгөн аяга, 4 740 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Бт олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Б улсын тэмдэгтийн хураамж 118 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Б ХХК-д, хариуцагч Б.Бийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 94 703 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 94 703 төгрөг гаргуулж хариуцагч Б.Бт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ий давж заалдах журмаар гаргасан гомдолд:

  • Тус компаний нэхэмжлэлтэй иргэн Б.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 129/ШШ2018/00978 тоот шийдвэрийн сөрөг нэхэмжлэл 4 740 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 94 703 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагч Б.Бт олгох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь барьцаалагч, барьцаалуулагч нарын хооронд бичгээр байгуулсан үндсэн гэрээ, тухайн хэргийн шинжээчийн дүгнэлт зэргийг хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар үнэлээгүй нь баримт бичиг, шинжээчийн дүгнэлтийг нотолгооны хэрэгслээр тогтооно гэх 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтыг, барьцаалуулагчийн барьцаанд тавьсан монетан эдлэлийг 59,8 грамм бөгөөд тухайн эд зүйлсийн үнийн дүн 8 148 000 төгрөг байсан гэх сөрөг нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн тайлбарыг үндэслэн хуурамч нотлох баримтыг шүүхийн шийдвэр гаргахдаа үнэлсэн нь хуурамч нотлох баримт гаргах, түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно гэсэн 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтыг тус тус зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 129/ШШ2018/00978 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг бүхэлд нь, 3 дахь заалтын “Б” ХХК-аар улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх хэсгийг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Б” ХХК 2018.03.12-ны өдөр Б.Бт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулахыг шаардсан байна. /хх 1-2/

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа /хх-16/ сөрөг нэхэмжлэл гаргаж /хх-31/, “барьцаанд тавьсан зүйлүүдийг буцааж авах, хэрэв зарагдсан бол тухайн эд зүйлсийн үнэ 8 148 000 төгрөг, төлсөн мөнгө 2 250 000 төгрөг, нийт 10 434 600 төгрөгөөс зээлсэн  мөнгө 5 000 000 төгрөг, 1 сарын хүү 450 000 төгрөг, нийт 5 450 000 төгрөгийг хасч, үлдэх 4 984 600 төгрөг...” шаарджээ.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс 6 450 000 төгрөгийн шаардлагыг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 4 ширхэг мөнгөн аяга, 4 740 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

“Б” ХХК нь Б.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд үндэслэлээ “зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй 980 хоног буюу 32 сар 10 хоногийн хугацаа хэтрүүлсэн” гэж тайлбарлажээ.

 

“Б” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, өдрийн 0,3 хувийн хүүтэй Б.Бт зээлүүлсэн байна. Б.Б нь зээлийн барьцаанд 4 мөнгөн аяга, 2 монетан бөгж, 2 гинж кулон, 2 монетан ээмэг барьцаалсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэгчид эрэгтэй хүний 11,15 гр жинтэй монетан бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний 10,25 гр жинтэй монетан бөгж 1 ширхэг, 12,9 гр жинтэй монетан гинж 1 ширхэг, 9,97 гр жинтэй монетан зүүлт 1 ширхэг, 15,6 гр жинтэй монетан ээмэг 1 хос, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, их гарын мөнгөн аяга 2 ширхэгийг барьцаалсан ба эдгээр эд хөрөнгө 8 148 000 төгрөгийн үнэтэй гэж нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...эрэгтэй хүний 3,8 болон 11,2 гр жинтэй 2 ширхэг монетан бөгж, эмэгтэй хүний 3,8 гр жинтэй 1 ширхэг монетан бөгж, 6,4 гр жинтэй монетан ээмэг, гинж, зүүлт, нийт 21,4 гр жинтэй монетан эдлэлийг нэг граммыг нь 30 000 төгрөгөөр буюу нийт 642 000 төгрөгөнд тооцож, 5,5-тай 2 ширхэг мөнгөн аягыг тус бүрийг 40 000 төгрөгөөр, нийт 80 000 төгрөгөнд, 5,0-тай 1 ширхэг мөнгөн аягыг 30 000 төгрөгөнд, 1,0-тэй 1 ширхэг мөнгөн аягыг 20 000 төгрөгөнд тус тус тооцож барьцаанд авсан” гэсэн байх бөгөөд зохигчдын тайлбараас үзэхэд барьцаалагдсан хөрөнгийн жин хэмжээ, үнэлгээний тухайд талууд зөрүүтэй тайлбар гаргаж маргажээ.

 

          Анхан шатны шүүх шийдвэртээ “... барьцаанд байгаа 4 ширхэг мөнгөн аяганы үнийг /хариуцагчийн өөрийн сөрөг нэхэмжлэлдээ тодорхойлсон үнээр хх-31х/ 260 000 төгрөгийг хасч...” гэсэн байх боловч энэ нь талуудын гаргасан тайлбараас зөрүүтэй төдийгүй ямар нотлох баримтыг үндэслэж ийнхүү дүгнэж байгаа нь тодорхойгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

 

Иймд барьцаалсан 4 ширхэг мөнгөн аяга үүрэг үүсэх үед ямар үнэтэй байсан талаархи нотлох баримт хэрэгт байхгүй тул давж заалдах шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

 

Шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 129/ШШ2018/00978 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 90 790 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 3 913 төгрөг, нийт 94 703 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.  

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                                      Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                                       Д.БЯМБАСҮРЭН