Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                                иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2018/01052 дугаар шийдвэртэй

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Ц” ХХК-д холбогдох

хохирол 71 751 291 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Дын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д, С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчдийн тайлбарт:

“Номин Реалтор ХХК нь “Ц” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн NR/13/274 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Номин их дэлгүүрийн 1 дүгээр давхарт байрлах “Терранова” дэлгүүрийн дотор заслын ажлыг, мөн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн NR/13/287 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тус дэлгүүрийн 1 дүгээр давхрын цахилгаан гэрэлтүүлгийн ажлыг, мөн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн NR/13/285 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тус дэлгүүрийн гадна фасадны ажлыг тус тус хийж гүйцэтгүүлсэн. Гэтэл 2017.04.02-ны өдөр “Ц” ХХК-аар барилгын ажил хийж гүйцэтгүүлсэн “Терранова” дэлгүүрийн эрэгтэй бэлэн хувцасны тасагт дүүжин тааз бүхэлдээ нурсны улмаас Н ХХК-д 496 040 төгрөгийн, Номин реалтор ХХК-д 14 318 305 төгрөгийн, Ухаалаг эрчим хүч ХХК-д 1 043 461 төгрөгийн, Номин Трейдинг ХХК-д 5 682 098 төгрөгийн, Номин Тав Трейд ХХК-д 26 120 755 төгрөгийн буюу нийт 47 660 659 төгрөгийн хохирол учирсан. Барилгын дүүжин тааз нурсан нь Барилгын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас үүссэн болох нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын дүгнэлтээр тогтоогдсон. Дээрх үйл явдалтай холбоотойгоор учирсан хохирлыг уг барилгын ажлыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн “Ц” ХХК-аас шаардах эрхийг Номин Реалтор ХХК, Номин Тав трейд ХХК, Номин Трейдинг ХХК, Ухаалаг эрчим хүч ХХК 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн NR/17/204 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээгээр манай Н ХХК-д шилжүүлсэн. Осол гарсны дагуу Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02-06-035/146 дугаар актаар тус дэлгүүрийн үйл ажиллагааг 2017.04.02-2017.04.19-ний өдрийг хүртэл зогсоосон. Энэ хугацаанд Номин Трейдинг ХХК-ийн хувцас болон гоёл зүүсгэл худалдааны Номин Фейшн худалдааны салбар чиглэл нь үйл ажиллагаа явуулж ашиг орлого олоогүй боловч ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, ослын үед илүү цагаар ажилласан ажилчдын хөлс болон тус дэлгүүрийн түрээсийн төлбөрийг Номин Реалтор ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу төлсөн.

Үүний дагуу ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, илүү цагийн хөлсөнд 11 006 418 төгрөг, түрээсийн зардалд 9 431 514 төгрөг төлсөн буюу энэ ослын улмаас нийт 20 437 932 төгрөгийн хохирол Номин Трейдинг ХХК-д учирсан. Мөн дээрх осол гарснаар Номин Даатгал ХХК нь Номин Трейдинг ХХК-тай байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01-002016046 дугаартай бараа материалын даатгалын гэрээний дагуу тус компанид учирсан хохирол болох 3 652 700 төгрөгийг гэрээний даатгалын нөхөн төлбөрт олгосон. Үүний дагуу Номин Даатгал ХХК нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасны дагуу буруутай этгээд буюу “Терранова” дэлгүүрийн байрыг түрээслүүлэгч Номин Реалтор ХХК-аас Номин Трейдинг ХХК-д төлсөн нөхөн төлбөрөө шүүхийн журмаар шаардаж авсан юм. Хэрэв дээрх осол гараагүй байсан бол Номин Реалтор ХХК нь Номин Даатгал ХХК-д даатгалын нөхөн төлбөр болох 3 652 700 төгрөг төлж хохирол хүлээхгүй байсан. Иймд нийт 71 751 291 төгрөгийг “Ц” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт:

“Манай компани нь 2014 онд Номин их дэлгүүрийн 1 давхарт байрлах “Терранова" дэлгүүрийн дотоод заслыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ барилгын дүүжин тааз нурснаас үүссэн хохирлыг манай компаниас гаргуулахаар дурьджээ. Барилгын тааз 2017 онд нурсан нь манай компанитай огт холбогдолгүй асуудал байна. Мэргэжлийн хяналтын актанд дурьдсан Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт дахь механик аюулгүй байдлыг хангах асуудалд манай компани хариуцлага хүлээхгүй гэдгээ үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргахдаа тайлбарласан. Манай компани нь зөвхөн ажил гүйцэтгэх гэрээгээр ажилласан бөгөөд бүх материалыг нэхэмжлэгч тал бүрэн хариуцаж гаргасан тул материалын чанартай холбоотой хариуцлагыг Н ХХК хариуцна. Бүтээц, эдлэхүүний тухайд нэхэмжлэгч тухайн ажлын зураг, бүтээц эдлэхүүний тоо хэмжээг өөрөө гаргасан. Зурагт зааснаас өөр бүтээц, эдлэхүүнээр хийсэн зүйл огт байхгүй.

Хэрэв бүтээц, эдлэхүүний хувьд тооцоолол зургийн ямар нэгэн алдаа гарсанаас уг тааз нурсан бол Н ХХК бүрэн хариуцах ёстой. Хийцийн тухайд Н ХХК-ийн хяналтын инженерүүд технологи хийцэд өдөр тутам хяналт тавьж ажиллаж байсан. Хийцийн хувьд хугацаандаа чанартай хийж өгсөн тул хүлээн авах комисс санал дүгнэлтээ гаргаж ажлыг бүрэн хүлээж авсан. Баталгаат хугацаанд ямар нэгэн гологдол дутагдал илрээгүй. Баталгаат хугацаанаас хойш нэг жилийн дараа нэхэмжлэгч албан тоотыг хүргүүлсэн байдаг. Баталгаат хугацаанаас хойш гарсан аюулгүй байдлын асуудал нь манай компанид холбогдолгүй. Гэтэл гэрээ байгуулаагүй, мөн шаардах эрхгүй компаниуд үндэслэлгүйгээр манай компанид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргажээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2018/01052 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “Ц” ХХК-аас 71 751 291 /далан нэгэн сая долоон зуун тавин нэгэн мянга хоёр зуун ерэн нэг/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 729 788 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Дын давж заалдах журмаар гаргасан гомдолд:

          “Нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д би Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2018/01052 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хэргийн үйл баримтын талаар: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Номин их дэлгүүрийн 1 дүгээр давхарт байрлах “Терранова” дэлгүүрийн таазыг засварлах ажлыг “Ц” ХХК нь Номин реалтор ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн NR/13/274 дугаартай ажил гүйцэтгэх гэрзэ байгуулан гүйцэтгэсэн болно. Үүний дараа “Терранова” дэлгүүрийн эрэгтэй бэлэн хувцасны тасагт дүүжин тааз бүхэлдээ нурж үйл ажиллагаа 2017.04.02-04.19-ний өдрийг хүртэл түр зогссон ба үүний улмаас Н ХХК, Ухаалаг эрчим хүч ХХК, Номин тав трейд ХХК, Номин трейдинг ХХК-д гэм хорын хохирол, Номин реалтор ХХК-д гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас гэм хорын хохирол тус тус учирсан тул Н ХХК нь “Ц” ХХК-аас нийт хохирол болох 71 751 291 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудад шүүхийн өмнө эрх тэгш байх, харилцан мэтгэлцэх боломж олгоогүйгээс шийдвэрийг өөрчлөх боломжгүй алдаа гаргаж шийдвэрлэсэн гэсэн үндэслэл дурьдаж гомдол гаргаж байгаа болно. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Монгол Улсын Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.дэх хэсэгт “Барилга байгууламж дараах шаардлагыг хангасан байна” гэж, мөн зүйлийн 14.3 дахь хэсэгт “Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна” гэж, мөн 14.6 дахь хэсэгт ”Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, ...тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна” гэж тус тус заасан ба барилгын чанарын баталгаат хугацааг нийт 4 жилээс доошгүй байхаар хуульчлан заасан байхад анхан шатны шүүх түүнийг хэрэглэх эсэх талаар дүгнэлт өгөөгүй нь шүүх тусгайлан зохицуулсан хуулийг хэрэглээгүй гэж, мөн ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацааг хууль ёсны мэт дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

          Талуудад шүүхийн өмнө эрх тэгш байх, харилцан мэтгэлцэх боломж олдоогүй талаар: нэхэмжлэгч Н ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 146 тоот актанд бичигдсэн “Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт заасан заалт зөрчигдсөн тухай” дүгнэлтийг гаргаж өгсөн ба хариуцагчаас энэ баримтыг үгүйсгэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй, хариуцагчийн тайлбар үндэслэлтэй эсэх нь хуулийн дээрх заалт болон нотлох баримтаар тогтоогдоогүй, тодорхой бус байхад шүүх зөвхөн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийлээ. Барилгын засвар хийсэн этгээд нь “Ц” ХХК мөн бөгөөд хуулиар тогтоосон хугацаанд барилгын чанарын талаар илрэх боломжгүй доголдол илэрсэн байхад шүүх хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийлгүй барилгын захиалагч болон эзэмшигч, ашиглагч нарын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргаж байгаа нь талууд шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчим зөрчигдсөн гэж нэхэмжлэгчийн талаас үзэж байгаа болно. Иймд дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н ХХК “Ц” ХХК-д холбогдуулан хохиролд 71 751 291 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

 

Номин Реалтор ХХК Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Номин их дэлгүүрийн 1 дүгээр давхарт байрлах “Терранова” дэлгүүрийн дотор засал болон гадна фасад, 1 дүгээр давхрын цахилгаан гэрэлтүүлгийн ажлыг “Ц” ХХК-аар ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгүүлж, тус дэлгүүрийн бэлэн хувцасны тасагт 2017.04.02-ны өдөр барилгын тааз нуржээ. 

 

Барилгын тааз нурсны улмаас үүссэн хохирлыг шаардах эрхийг Номин Реалтор ХХК, Номин Тав трейд ХХК, Номин Трейдинг ХХК, Ухаалаг эрчим хүч ХХК нэхэмжлэгч Н ХХК-д 2017.09.13-ны өдөр шилжүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь Барилгын тухай хуульд барилгын чанарын баталгаат хугацааг нийт 4 жилээс доошгүй байхаар хуульчлан заасан учир хуулиар тогтоосон хугацаанд барилгын чанарын талаар илрэх боломжгүй доголдол илэрсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02-06-038/146 дугаар актаар Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг зөрчсний улмаас барилгын тааз нурсан нь тогтоогдсон байна. Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байхаар, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д “барилгын материал” гэж стандарт, эрүүл ахуй, экологийн шаардлагыг хангасан барилга байгууламжид хэрэглэгдэх эрдэс, түүхий эд, материал, бүтээц, бүтээгдэхүүн, эдлэхүүнийг ойлгохоор тус тус заасан байх бөгөөд “Ц” ХХК нь Н ХХК-ий материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн ба нэхэмжлэгч компаний хяналтын инженерүүд технологи хийцэд өдөр тутам хяналт тавьж ажиллаж байсан тул хариуцагч нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.  

 

Мөн талууд баталгаат хугацааг ажил хүлээлгэн өгснөөс хойш нэг жил байхаар гэрээнд заасан байх ба ажил гүйцэтгэгч 2014.11.17-нд ажлын үр дүнг хүлээлгэн өгч гэрээнд заасан баталгаат хугацаа 2015.11.17-нд дууссан ба 2017.04.02-ны өдөр барилгын тааз нуржээ. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул баталгаат хугацааг гэрээнд ийнхүү өөрөөр тогтоох нь хууль зөрчихгүй юм.   

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Барилгын тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 213 081 төгрөг илүү төлснийг буцааж олгоогүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2018/01052 дугаар шийдвэрийн 2 дахь заалтад “729 788 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй” гэснийг “729 788 төгрөгөөс 516 707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 213 081 төгрөгийг Архангай аймгийн Татварын хэлтсийн 180000280976 дугаар данснаас буцаан гаргуулж олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч Н ХХК-ий төлөөлөгч Ж.Д нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 516 707 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.