Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2017/00328

 

2017 оны 02 сарын 08 өдөр

              Дугаар 184/ШШ2017/00328

            Улаанбаатар хот

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, шүүгч Т.Батсүх, Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, ... дүгээр баг, ... гудамж, ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Б овогт Д-ийн Б /рд: .../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Б овогт Х-ын А /рд: .../-д холбогдох,

Гэм хорын хохиролд 200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 12-нд болсон Өмнөговь аймгийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Х.А, Д.Б нарт холбогдох хэргийг хэлэлцээд Х.А нь өөрийн бурууг хүлээн зөвшөөрч түүний гэм буруутайг тогтоосон. Х.А нь миний эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 500.000 төгрөг төлнө гэж тохиролцсон ба шүүх хуралдаан болохоос өмнө 300.000 төгрөгийг төлсөн үлдэх 200.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 1-нд төлнө гэж өөрөө бичиж, нотариатаар баталгаажуулсан боловч уг мөнгийг өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Х.Агаас миний эмчилгээний зардлын 200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны ... дугаар сарын ..-ны өдрийн ... дугаартай, хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын 4-т: “...Х.А, Д.Б нь бусдад төлөх төлбөр хохиролгүй...” тухай заасан байдаг. Өөрөөр хэлбэл Х.А нь Д.Бд учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Түүнчлэн 500.000 төгрөгийг Х.А нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө бэлнээр Д.Бд өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын төлбөрт дутуу төлөгдсөн гэх 200.000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Х.А нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Х.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас, 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, нэхэмжлэгч Д.Бгийн эрүүл мэндэд гэм хор учирсан болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.. оны ... дугаар сарын ..-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байх ба гэм буруугийн талаар болон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэх талаар зохигчид маргаагүй. /хх16-19 дүгээр тал/ 

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь дээр дурдсанаар Х.Аг Д.Бгийн эрүүл мэндэд гэм хор учруулсан гэм буруутай болохыг тогтоосон боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр буюу хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр Х.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.

Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Х.Аг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг хариуцан арилгах Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үүргээс түүнийг чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хариуцагч Х.А нь нэхэмжлэгч Д.Бгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрийн зарим хэсэг болох 200.000 төгрөгийг  2015 оны 11 дүгээр сарын 1-ний дотор төлж барагдуулахаар Д.Бтай харилцан тохиролцож, бичгээр хүсэл зоригоо илэрхийлсэн талаар талууд маргаагүй боловч уг төлбөрийг төлсөн эсэх талаар маргажээ. /хх 14 дүгээр тал/

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Х.Агаас 200.000 төгрөгийг шаардах эрхтэй болох нь хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан бичмэл баримт, хариуцагчийн гэм бурууг тогтоосон Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан, өөрийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Энэ тохиолдолд хариуцагч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар, 200.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан гэх өөрийн татгалзлаа хуульд заасан нотлогооны хэрэгслээр давхар нотлох үүрэгтэй боловч хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үр дагавар үүссэн болно.

Хариуцагч тал гэм хорын хохиролд төлөх ёстой төлбөрийн зарим хэсэг болох 200.000 төгрөгийг Д.Бд 2015 оны 11 дүгээр сарын 1-ний дотор төлөх талаар 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, бичгээр хүсэл зоригоо илэрхийлсэн атлаа мөн өдөртөө буюу Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө уг төлбөрийг төлж барагдуулсан хэмээн татгалзлаа тайлбарлаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Эргэлзээтэй тайлбар буюу нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв гэж үзэх боломжгүй байдаг.

Түүнчлэн Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.. оны .. дугаар сарын ..-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоол, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалт нь иргэний хэрэг дэх нэхэмжлэл, түүний үндэслэлд хамаарах үйл баримтыг нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотлогооны хэрэгсэлд тооцогддоггүй.

Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба зохигч талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Х.Агаас 200.000 төгрөгийг гаргуулж, Д.Бд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.650 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд буцаан олгож, хариуцагч Х.Агаас 6.650 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР

                                 ШҮҮГЧ                                 Т.БАТСҮХ

                                                                             Д.УРАНЗУЛ