| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2022/00232/И |
| Дугаар | 151/шш2018/01086 |
| Огноо | 2018-10-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 151/шш2018/01086
| 2018 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 151/ШШ2018/01086 | Төв аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ө,
Хариуцагч: З
Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2017 оны 05 сарын 24-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 07 сарын 04-ний өдрөөс 2018 оны 09 сарын 24-ний өдөр хүртэлх цалин 8 483 539 төгрөг, мөн 2017 оны 06 дугаар сард ажилласан цалин 577 826 төгрөг, нийт 9 061 365 төгрөг гаргуулах, ажилгүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.”“““““““““““, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагч Төв аймгийн ““““““““““““ Б.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.”“““““““““““ 2017 оны 07 сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлдээ...
Борнуур сумын Засаг даргын Б/05 тоот захирамжийг хүчингүй болгуулах, сумын Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 06 дугаар сард бүтэн ажилласан цалин 577 826 төгрөг, 2016 онд үндэслэлгүйгээр бууруулж, дутуу олгосон цалин 307 524 төгрөг, алданги 350 270 төгрөг, нийт 1 235 620 төгрөг гаргуулах тухай.
Борнуур сумын Засаг даргын тамгын газар 2015 оны 03 сарын 05 ны өдөр Санхүүгийн алба байгуулан тэр өдрөөс миний биө сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нятлан бодогчоор 2 жил 3 сар ажиллаж байсан ба энэ хугацаанд зөрчил дутагдал гаргаж ямар нэгэн арга хэмжээ авхуулж байгаагүй юм. Энэ хугацаанд аймгийн засаг даргын нэрэмжит үзлэгээр санхүүгийн ажил 100 хувь сайн гэж үнэлэгдэж, Санхүү төрийн сангийн хяналт шалгалтаар 2015, 2016 оны санхүүгийн баримтаа шалгуулж Төрийн аудитаас санхүүгийн зөрчилгүй гэсэн санал дүгнэлтийг байгууллага тус бүр дээр авсан байдаг.
Гэтэл намайг улс төрийн шалтгаанаар ямар ч үндэслэлгүй урьдчилан мэдэгдэлгүйгээр миний хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон. Ажлаас чөлөөлөх захирамжид хөдөлмөрийн хуульд заасан ажил олгогчоос баримтлах хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй байгаа юм.
2017 оны 05 сарын 24-ний өдөр ажпаас чөлөөлөх захирамж гаргаж, 2017 оны 06 сарын 09-ний өдөр ажил хүлээлцэх комисс байгуулж, 2017 оны 07 сарын 04-ний өдөр ажлаа өгсөн. Халсан тушаалыг өдөрт ажилтанд гардуулж өгөх заалтыг зөрчсөн.
Хуульд зааснаар ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, 2 жил гаруй хугацаанд ажил хийх явцдаа Тамгын газрын дарга Б.Галбадрахтай хөдөлмөрийн гэрээ хийхийг Санхүү албаны дарга Д.Энхжаргалаар дамжуулан удаа дараа хүсэлт тавьж байсан. Иймд намайг үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна.
Анх санхүүгийн алба байгуулагдах үндсэн цалин ТҮ8 633 221 төгрөгөөр батлагдсан байхад ТҮ8 577 826 төгрөгөөр тогтоосон. Надад энэ дүнгээрээ цалинг олгож байгаад 2016 онд Засгийн газрын тогтоосон цалингийн шатлалыг дур мэдэн дахин өөрчилж ямар тушаал шийдвэргүй, ямар ч ангилал шатлал зэрэглэлд байхгүй 552 199 төгрөгөөр цалинжуулсан. 2017 оны 06 дугаар сард бүтэн ажилласан боловч цалин олгоогүй. Мөн дур мэдэн миний цалинг хууль зүйн үндэслэлгүй бууруулсан гэж үзэж түүний зөрүүг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд миний зөрчигдсөн эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ. /1хх1-2/
Хариуцагч Төв аймгийн ““““““““““““ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...
2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/01 тоот захирамжаар санхүүгийн алба байгуулагдахад сонгон шалгаруулалт зарлаагүйгээр сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчоор Б.”“““““““““““ыг түр ажилтнаар томилсон. 2015 оны 04 сарын 13-ны өдрийн А/02 тоот Засаг даргын тамгын газрын тушаалаар сонгон шалгаруулалтын ажлын хэсэг байгуулан 2015 оны 07 сарын 24-нд зохион байгуулж, Б.”“““““““““““ 49 оноо, Ш.Энхтунгалаг 57 оноо авсан боловч Б.”“““““““““““ыг түр тушаалаар, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй 2 жил ажиллуулсан байна.
Иймд 2017 оны 05 сарын 24-ний өдрийн Б/05 тоот Б.”“““““““““““ыг чөлөөлсөн захирамжийн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дүгээр заалтуудыг үндэслэх боломжгүй юм. Энэ ажилтан түр тушаалтай байсан учраас энэ ажлын байранд дахин сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтанд 2 удаа тэнцээгүй тул шалгарсан нягтлан бодогч Ш.Энхтунгалагийг ажилд томилсон болно.
Б.”“““““““““““ыг ажлаас чөлөөлөх захирамж 2017 оны 05 сарын 24-ний өдөр гарч, түүнд 5 дугаар сарын цалинг бүтнээр мөн ээлжийн амралтын мөнгийг 22 хоногоор тооцон олгосон. Ээлжийн амралттай байх хугацаанд буюу 6 дугаар сард Төв аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албанаас ээлжит 2 жил тутам хийгддэг 2014, 2015 оны санхүүгийн баримтын шалгалтанд 7 хоног ажилласан. Энэ нь нягтлан бодогчийн үүрэгт ажил юм.
2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/170 тоот захирамжаар ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулсан боловч Х.Энхтуяа нь Солонгос улсад 10 хоног ажлаар, гишүүн Баярмаа эмнэлэгт хэвтсэн тул ажлын хэсгийн бүрэлдэхүүн хүрэлцээгүй. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн гүйцсэн боловч Б.”“““““““““““ы ээж хагалгаанд орсон гэж мөн тэрээр санхүүгийн програмтай компьютерийг гэртээ аваачиж тавьчихаад 2-3 хоног гэртээ байгаа мөртлөө хаалгаа онгойлгож өгөхгүй хүндрэл учруулж хойшлогдсон байдаг. Ингээд 2017 оны 07 сарын 04-ний өдөр ажил хүлээлцсэн. Ажил хүлээлцэх үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Б.”“““““““““““ өөрөө ирээгүй, төрийн сангийн мэргэжилтэн санхүүгийн программыг ерөнхийд нь ажиллаж байгааг үзэж авсан. Гэвч хэд хоногийн дараа цалингийн программд зарим хүний мэдээлэл байхгүй, өмнөх бодсон цалин устсан байсан. Түүний ажиллаж байсан хугацаанд 2015 оны санхүүгийн тайланд төрийн аудитын байгууллагаас ерөнхий боловсролын сургууль зөрчилтэй, 2014-2015 оны баримтын шалгалтаар Сургууль, цэцэрлэгийн ажилчидтай холбоотой 3 138 260 төгрөгний төлбөрийн акт, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/05 тоот захирамжаар сахилгын шийтгэл, Сургууль, цэцэрлэгийн ажилчдын ҮЭ-ийн хорооноос гаргасан өргөх бичиг, багш ажилчдын амралт, цалинг буруу бодсон. Ерөнхий менежерийн гаргасан шийдвэрийг дур мэдэн засварлаж цалин боддог зэрэг алдаа дутагдалууд гарч байсан. Санхүү албаны ёс зүйд үл нийцэх асуудлыг удаа дараа гаргаж байсан.
2016 онд тамгын газрын цалингийн сан хүрэлцээгүй, батлагдаж ирсэн төсвийн хүрээнд бүх ажилчдын үндсэн цалинг 7 хувиар бууруулж олгосон. Ганц Б.”“““““““““““ы цалингийн асуудал хөндөгдөөгүй.
Б.”“““““““““““ сонгон шалгаруулалтанд тэнцээгүй, шүүхээр маргаантай, түр тушаалтай байсан, өөрөө тамгын газарт албан бичгээр хүсэлт гаргаж байгаагүй. Иймд Б.”“““““““““““ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. /хх/
Нэхэмжлэгч Б.”“““““““““““ 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ихэсгэсэн шаардлагадаа ...
2017 оны 05 сарын 24-ний өдрийн Б/05 тоот захирамжийг хүчингүй болгуулж, Борнуур сумын Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийг хариуцсан нягтлан бодогчоор эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 2017 оны сараас 2017 оны 12 сарыг дуусталх 3 466 956 төгрөг, 2017 оны 6 дугаар сард бүтэн ажилласан цалин 577 826 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, цаашид шүүхийн шийдвэр гарч ажилтай болох хүртэл хугацааны цалинг нэхэмжилж байна гэжээ. /1хх180-186/
Хариуцагч Төв аймгийн ““““““““““““ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...
Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 21 дугаар тогтоолын Төрийн үйлчилгээний албан тушаалтан сонгон шалгаруулах үлгэрчилсэн журмын дагуу сонгон шалгаруулах комиссыг 2015 оны А/02 тоот Засаг даргын Тамгын газрын тушаал, Сумын Засаг даргын 20147 оны 127 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсгийг 2 удаа байгуулан сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулсан боловч Б.”“““““““““““ нь тухайн шалгалтын журамд заагдсан шаардлагатай өндөр оноог аваагүй тул уг ажилд томилон ажиллуулахаас татгалзаж байна гэжээ. /1хх195/
Нэхэмжлэгч Б.”“““““““““““ 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ихэсгэсэн шаардлагадаа ...
Борнуур сумын Засаг даргын 2017 оны 05 сарын 05-ны өдрийн А/127 дугаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 05 сарын 17-ны өдрийн тэмдэглэлийн хүчингүй болгуулах. 2017 оны 07 сараас 2018 оны 01 сарыг дуустал цалин, 2017 оны 06 сарын цалин нийт 4 622 608 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж байна гэжээ.
Нээлттэй сонгон шалгаруулах гэж нэрлээд байгаа комисс нь ямар эрх зүйн актаар байгуулагдсан, сонгон шалгаруулалт хэрхэн явагдсан, ямар оролцогчид оролцоод хэдэн оноо авсан, Ш.Энхтунгалаг нь хэдэн оноо авсан, бусад оролцогчид ямар оноо авсан, сонгон шалгаруулалтыг үнэлж дүгнэсэн ажлын хэсгийн тогтоол, дүгнэлт байхгүй, надад энэ бүгдийг танилцуулаагүй.
Хариуцагч 2018 оны 1 дүгээр сард сонгон шалгаруулалттай холбоотой баримтыг нөхөн хийж шүүхэд ирүүлснийг хавтаст хэргийн баримттай 2018 оны 1 сарын17-ны өдөр танилцахдаа анх харсан.
Би сонгон шалгаруулалттай холбогдуулан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан, тус төв зөвлөл миний өргөдлийг Төв аймаг дахь салбар зөвлөлд шилжүүлсэн байсан. Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл надад 2017 дугаар 06 сарын 02-ны өдрийн 133 тоот албан бичгээр "шүүхийн байгууллагаар шийдвэрлүүл" гэсэн хариу өгсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч бичиг баримт тэмдэглэл байгаагүй учир би ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Иймээс сонгон шалгаруулалттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ахлах нягтлан бодогч, хууль эрх зүйн ажилтан Сарангэрэл нь шалгалтанд оролцогч Ш.Энхтунгалагтай хаан банкинд хамт ажилллаж байсан. Би шалгалт болохын урд өдөр Сарангэрэлээс шалгалтанд бэлтгэх ном гуйж авахад завсар нь Ш.Энхтунгалагийн Сарангэрэлд хандаж Чи номноосоо харж байгаад ийм хуулиудаас иймэрхүү асуулт оруулна гэсэн бичгийг гаргана биздээ, түүнийгээ орой эгчдээ өгөөрэй, маргааш ч гэсэн боломж гарвал чиг өгөөрэй, НД, ХАОАТ, Хөдөлмөр, татварын хуулиудыг сайн уншсан гэсэн зурвас байсан. Энэ нь Хууль эрх зүйн ажилтан Сарангэрэл сонгон шалгаруулалтанд ашиг сонирхлын зөрчилтэй хандсан гэдэг нь тогтоогдож байгаа юм.
Мөн шалгалтанд оролцогч Энхтунгалагаас сумын ИТХ-ын Төлөөлөгч Н.Лхагвацэрэн Чи ядарсан хүний ажил авч хэрэггүй юм бишүү гэж асуухад тэрээр Яадаг юм, засаг дарга өөрөө амалсан юм чинь гэж хариулсан байсан.
Энэ нь сонгон шалгаруулалт анхнаасаа хууль бус бөгөөд одоо нягтлан бодогчоор ажиллаж байгаа Ш.Энхтунгалагийг шалгаруулах зорилготой зохион байгуулалттай байсан нь илэрхий байна. Эхний сонгон шалгаруулалт нь шүүхээр хууль бус гэж тогтоогдсон, 2 дахь сонгон шалгаруулалт нь ч эхнээсээ хууль бус байсан талаар дээр би бичсэн. Ш.Энхтунгалаг нь тестийн бүх хариултыг балын харандаагаар дугуйлсан, мөн бодлогуудын хариуг өөрөө хэлж, шалгалтын комиссын дарга Энхжаргал нь Уучлаарай андуурч бичсэн байна хэмээн сандрахдаа ижил оноо өгье гэсэн нь шударга бус.
Миний ажлын байрыг нийтэд зарлан сонгон шалгаруулалтанд оролцохгүй бол болохүй болтол намайг гарцаагүй байдалд оруулан би оролцсон тул шалгалтыг дундаас нь орхиж гарсан. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч хариуцагч Б.Ууганбаяраас сонгон шалгаруулалтын дүгнэлтийг үндэслэн Б.”“““““““““““ыг ажлаас чөлөөлсөн гэсэн байна, дүгнэлт чинь хаана байна гэж асуухад Б.Ууганбаяр дүгнэлт байхгүй гэж хариулсан тайлбараар хууль бус сонгон шалгаруулалт зарлаж явуулсан нь тогтоогдож байна. /1хх31-38/
Нэхэмжлэгч Б.”“““““““““““ 2018 оны 08 сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэхдээ...
Ажлаас чөлөөлөх захирамжийг хүчингүй болгуулах, Борнуур сумын Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийг хариуцсан нягтлан бодогчоор эгүүлэн тогтоолгох,
ажилгүй байсан 2017 оны 07 сарын 04-ний өдрөөс 2018 оны 09 сарын 24 хүртэл 14 сар 24 хоногийн цалин 8483 539 төгрөгтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах
2017 оны 06 сард бүтэн ажилласан цалин 577 826 төгрөг гаргуулах, үнийн дүн нийт 9 061 365 төгрөг,
Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэжээ. /2хх/
Хариуцагч Төв аймгийн ““““““““““““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага тодруулах, нэмэгдүүлэх тухай гэсэн шаардлагатай танилцлаа. Өмнө нь гаргасан байсан шаардлагуудтай одоо байгаа мөн олон удаа энэ асуудалд тайлбар өгсөн. Хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шүүх хурал дээр тайлбараа гаргана гэжээ./хх/
Нэхэмжлэгч Б.”“““““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...2015 онд Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын захирамжаар сумын санхүүгийн алба байгуулж, миний бие тус санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчоор түр хугацаагаар томилогдон, 2 жил 3 сарын хугацаанд өөрийн хариуцсан ажлаа хариуцлагатай сайн ажилласаар ирсэн. Энэ хугацаанд надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. 2017 оны 05 сард шинээр томилогдсон Засаг дарга Б.Ууганбаяр нь миний ажиллаж байсан албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлаад сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 2017 оны 05 сарын 24-ний өдөр намайг ажлаас халсан тухай захирамж гаргасан. Энэ тушаалыг миний бие хууль бус гэж шүүхэд гомдлоо гаргасан. Учир нь Засаг дарга Б.Ууганбаяр хувийн эрх ашгийн үүднээс намайг халсан гэж үзэж байна. Сонгон шалгаруулалт зарлана гэдгийг надад хэлсэн, захирамж гаргасан тул би бүртгүүлж, оролцсон. Сонгон шалгаруулалтын комисс нь оролцогч Ш.Энхтунгалагтай ашиг сонирхлын зөрчилтэй бөгөөд шалгаруулалтын явцад түүнийг тэнцүүлэхийн тулд дэмжлэг үзүүлсэн нь илэрхий байсан тул би шалгаруулалтын явцад танхимыг орхиж гарсан. Гэтэл Ш.Энхтунгалагийг сонгон шалгаруулалтанд тэнцсэн гэж үзээд намайг ажлаас халсан нь хууль бус юм. Тус сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцуулахаар шаардлага гаргасан боловч энэ шаардлагаас татгалзсан байгаа. Ажлаас чөлөөлөх тушаалд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлээ заагаагүй байдаг. Иймд санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчийн ажилд тогтоож өгнө үү.
Миний бие 2016 оны ээлжийн амралтаа тус оны 06 дугаар сард эдэлсэн тул 2017 оны 05 дугаар сарын цалин дээр миний ээлжийн амралтыг 22 хоногоор бодож олгосон. Ингээд Засаг дарга 2017 оны 05 сарын 24-ний өдөр ажлаас халсан тушаал гаргасан боловч би 2017 оны 07 сарын 04-ний өдөр ажил хүлээлцэх комисс ирэх үед мэдсэн. Гэтэл миний бие нь 2017 оны 06 дугаар сард бүтэн ажилласан байхад энэ сарын цалин аваагүй тул ажилласан хугацааны цалин 577 826 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Ажлаа хүлээлгэж өгсөн 2017 оны 07 сарын 04-ний өдөр тушаалаа аваад шүүхэд гомдол гаргасан бөгөөд өдрөөс хойш 2018 оны 09 сарын 24-ний өдрийн байдлаар 14 сар 24 хоног ажилгүй байсан бөгөөд энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8 483 539 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэв. /Хуралдааны тэмдэглэл/
Хариуцагч Төв аймгийн ““““““““““““ Б.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь 2016 онд Засаг даргын ажлаа хүлээж аваад төрийн албыг эмх цэгцтэй, дэг журамтай болгох зорилгоор ажилласаар ирлээ. Төрийн албанд улс төрийн шалтгаанаар ажлаас халах, ажилд авах асуудал байхгүй, би ажлаа хүлээж аваад тамгын газрыг архигүй, үр бүтээлтэй хамт олон болгосон гэж үздэг.
Мөн сумынхаа 5233 иргэний ахуй амьдралыг ч сайн мэднэ.
2015 онд сумдад Санхүүгийн алба байгуулагдсанаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчоор Б.”“““““““““““ыг түр хугацаатай томилсон бөгөөд түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байдаг. Түр хугацаагаар томимлогдсон ажилтанг жинхэнлэх зорилгоор тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан. Энэ тухай Б.”“““““““““““д өөрийн биеэр хэлсэн, өөрөө ч зөвшөөрөөд шалгаруулалтад оролцсон. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг нь төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолд зааснаар захирамж гарган байгуулагдсан, үйл ажиллагаа нь журмын дагуу явагдсан, бүрэлдэхүүн нь оролцогч бүртэй ашиг сонирхлыг зөрчилгүй гэдгээ илэрхийсэн байдаг. Сонгон шалгаруулалтанд Б.”“““““““““““, Ш.Энхтунгалаг нар оролцож, Б.”“““““““““““ 2 дахь шалгалтын үед хаяж явсан байдаг. Ингээд сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2017 оны 05 сарын 24-ний өдөр захирамж гаргаж Б.”“““““““““““ыг ажлаас чөлөөлсөн юм.
2017 оны 06 сарын 09-ний өдөр ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулсан боловч Б.”“““““““““““ компьютерээ авч яваад ажилдаа ирдэггүй, гэрт нь очихоор хаалгаа тайлдаггүй утас нь холбогдохгүй байсаар 2017 оны 07 сарын 04-нд ажил хүлээлцэж, тушаалыг гардуулж өгсөн. Б.”“““““““““““ нь дээд боловсролгүй, шүүхээс эгүүлэн тогтоосон ч албан тушаалд ажиллах шаардлага хангахгүй. Ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...
Б.”“““““““““““ыг 2015 онд Засаг дарга Гүенбаатар анх томилохдоо түр хугацаагаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байдаг. Түр хугацаагаар томилсон ч гэсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах байтал гэрээ байгуулаагүй тул хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Түр хугацаагаар томилогдсоны дараа үндсэн ажилтнаар томилсон захирамж гараагүй тул түр ажилтныг чөлөөлөх эсхүл жинхэнлэх шаардлагатай юм.
Сонгон шалгаруулалт зарлахад Б.”“““““““““““ зөвшөөрч оролцсон боловч 2 дахь шалгалтын үед орхиж гарсан бөгөөд ажлын хэсгийн дүнг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн. Б.”“““““““““““ сонгон шалгаруулалтын талаар одоог хүртэл холбогдох байгууллагад, шүүхэд гомдол гараагүй байгаа нь тухайн шалгаруулалтыг хүлээн зөвшөөрсөн байна. Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд тавигдах шаардлага нь дээд боловсролтой байх ёстой гэтэл Б.”“““““““““““ нь тусгай дунд боловсролтой, эгүүлэн тогтоосон ч шаардлага хангахгүй, Засаг даргын ажлаас чөлөөлсөн Б/05 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй.
Б.”“““““““““““ 2017 оны 06 сард ажилласан гэж цалингаа нэхэмжилж байгааг мөн зөвшөөрөхгүй, 06 сард компьютерээ аваад ажилдаа ирээгүй байдаг. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасаны дараа япон улс руу 3 сар яваад ирсэн, гэтэл энэ хугацааныхаа цалинг хариуцагчаас нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй юм. Б.”“““““““““““ Б/05 тоот захирамжийг 2017 оны 07 сарын 04нд хүлээж авсан гэдэгтэй маргахгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.”“““““““““““ хариуцагч Төв аймгийн ““““““““““““д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байсан хугацааны цалин хөлс, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатггалын нөхөн бичилт хийлгэх тухай гомдол гаргасан байна.
Хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй байна. Байгууллага албан тушаалтаны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болох юм.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.”“““““““““““ нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар ихэсгэж, татгалзаж байсан байна. Үүнд:
1. 2017 оны 07 сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагад...Засаг даргын Б/05 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Борнуур сумын Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 06 дугаар сард бүтэн ажилласан цалин 577 826 төгрөг, 2016 онд үндэслэлгүйгээр бууруулж, дутуу олгосон цалин 307 524 төгрөг, алданги 350 270 төгрөг, нийт 1 235 620 төгрөг гаргуулах. /1хх1-3/
2. 2017 оны 12 сарын 06-ны өдөр ихэсгэсэн шаардлагад...Засаг даргын Б/05 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Борнуур сумын Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийг хариуцсан нягтлан бодогчоор эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуусталх 3 466 956 төгрөг, 2017 оны 6 дугаар сард бүтэн ажилласан цалин 577 826 төгрөгийг гаргуулах. Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгүүлэх, цаашид шүүхийн шийдвэр гарч ажилтай болох хүртэл хугацааны цалинг нэхэмжилнэ. /1хх180-186/
3. 2018 оны 01 сарын 18-ны өдөр ихэсгэсэн шаардлагад ... Борнуур сумын Засаг даргын 2017 оны 05 сарын 05-ны өдрийн А/127 дугаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 05 сарын 17-ны өдрийн тэмдэглэлийг хүчингүй болгуулах. 2017 оны 07 сараас 2018 оны 01 сарыг дуустал цалин, 2017 оны 06 сарын цалин нийт 4 622 608 төгрөг гаргуулна. /2хх31/
4. 2018 оны 08 сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ихэсгэсэхдээ...Засаг дарын Б/05 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Борнуур сумын Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийг хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох,
ажилгүй байсан 2017 оны 07 сарын 04-ний өдрөөс 2018 оны 09 сарын 24 хүртэл 14 сар 24 хоногийн цалин 8 483 539 төгрөгтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах
2017 оны 06 сард бүтэн ажилласан цалин 577 826 төгрөг гаргуулах, үнийн дүн нийт 9 061 365 төгрөг,
Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх гэжээ. /2хх/
Нэхэмжлэгч Б.”“““““““““““ шүүх хуралдаан дээр 2018 оны 08 сарын 31-ний өдөр бичгээр гаргасан ажлаас чөлөөлсөн Б/05 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Борнуур сумын Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийг хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 07 сарын 04-ний өдрөөс 2018 оны 09 сарын 24 хүртэл 14 сар 24 хоногийн цалин 8 483 539 төгрөгтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, 2017 оны 06 сард бүтэн ажилласан цалин 577 826 төгрөг гаргуулах, үнийн дүн нийт 9 061 365 төгрөг, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн шаардлагаа дэмжиж оролцсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан бусад шаардлагуудаас татгалзсан гэж байх тул хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2015 оны 03 сарын 05-ны өдрийн В/01 тоот захирамжаар санхүүгийн алба байгуулан, санхүүгийн албаны бүтэц орон тоо, цалингийн шатлал хэмжээг тогтоож, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд Б.”“““““““““““ /түр/-ыг томилж, ангилал ТҮ-8, цалингийн хэмжээ 577 826 төгрөгөөр тогтоожээ.
Ажилтаныг томилсон тушаал гарсан боловч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь ажил олгогчид хуулиар ногджээ.
Харин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтнаар ажил үүргийг гүйцэтгүүлсэн тохиолдолд тухайн ажилтаны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй ажилтаны нэгэн адил хэрэгжинэ.
Иймд Б.”“““““““““““ыг Борнуур сумын Засаг даргын 2015 оны 03 сарын 05-ны өдрийн В/01 тоот тушаалаар ажилд томилон ажиллуулж, цалин хөлс олгосноор тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.
Ажил олгогч нь ажилтныг томилсон тушаалдаа түр гэсэн нэр томъёог тодотгосон байх бөгөөд түүний ажлын байр нь мөн түр хугацаатай гэж тайлбарлажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар ажил албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар тус тус хугацаатай гэрээ байгуулж болох ба харин бусад тохиолдолд шинээр орж байгаа ажилтантай түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй юм.
Иймд Б.”“““““““““““ыг түр хугацаагаар тухайн албан тушаалд томилсон гэж үзэхээргүй байна.
Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачлагаар цуцлах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаар зохицуулжээ.
Борнуур сумын Засаг даргын 2017 оны 05 сарын 24-ний өдрийн Б/05 тоот захирамжид Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, сумын Засаг даргын 2017 оны 05 сарын 05-ны өдрийн А/127 тоот захирамжаар байгуулагдсан санхүүгийн албаны сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчийг нээлттэй сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлт ийг үндэслэн Сумын санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчоор түр ажиллаж байсан Б.”“““““““““““ыг ажлаас чөлөөлжээ.
Харин ажил олгогч дээрх тушаалаар ажилтан Б.”“““““““““““тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар үндэслэлээр цуцалсан тухай холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй байна.
Хариуцагч тал Б.”“““““““““““ыг түр хугацаатай томилогдсон тул жинхэнэлэх /байнгын ажлын байранд/ зорилгоор сонгон шалгаруулалт зарласан, сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ажлаас чөлөөлсөн, тухайн ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй тусгай дунд боловсролтой, дээд боловсролгүй гэж маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т аж ахуйн нэгж, байгууллагын харъяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэж заажээ.
Өөрөөр хэлбэл эрх, үүргийг шилжүүлэн авсан ажил олгогч нь ажилтан албан хаагчдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар нэгэн байдлаар цуцлах эрхгүй бөгөөд ажлын байранд шинээр сонгон шалгаруулах захирамж гаргаж, тухайн захирамжийг үндэслэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Б.”“““““““““““ы эрхэлж байсан албан тушаалд сумын Засаг даргын 2017 оны 05 сарын 05-ны өдрийн А/127 тоот захирамжаар Ажлын хэсэг байгуулан сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчийг нээлттэй өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулалт зарлаж, тэрээр сонгон шалгаруулалтад зөвшөөрч оролцсон байх боловч 2017 оны 05 сарын 17-ны өдрийн шалгаруулалтын үеэр оролцогч нартай холбоотой маргаан илэрсэн болох нь тус өдрийн сонгон шалгаруулалтын тэмдэглэлээр, /хх197, 221-223/
Мөн 2017 оны 05 сарын 17-ны өдрийн сонгон шалгаруулалтад оролцогчийн бичгийн хэв нь маргааны үйл баримттай холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна /хх000/
Харин нэхэмжлэгч нь дээрх сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2017 оны 05 сарын 17-ны өдрийн тэмдэглэлийг хүчингүй болгуулах шаардлагаас татгалзсан боловч дээрх баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнэлээ.
Иймд Борнуур сумын Засаг даргын 2017 оны Б/05 тоот ажлаас чөлөөлөх тухай захирамж хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.”“““““““““““ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Ажил олгогчийн дээрх ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй боловч уг тушаалаар ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож байгаа тул тухайн тушаалыг шүүх заавал хүчингүй болгох шаардлагагүй бгэж үзлээ. Энэ нь нэхэмжлэгчийн удаа дараагийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан асуудал биш бөгөөд харин нэхэмжлэлийн үндэслэл гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Б.”“““““““““““ нь 2017 оны 06 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэсэн тул тогтоосон цалин хөлс 577 826 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.
Тэрээр 2017 оны 06 дугаар сард ажиллаж байсан болох нь гүйлгээний баримт, цагийн бүртгэлээр, мөн ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 05 сарын 24-ний өдрийн Б/05 тоот тушаалаар түүний хөдөлмөрлөх эрх зүйн харилцаа дуусгавар болж, 2017 оны 05 дугаар сарын бүрэн цалин хөлс дээр 2017 оны 06 дугаар сард эдлэх ээлжийн амралтын олговор нийт 1 155 652 төгрөгийг ажил олгогчоос олгосон олгосон болох нь 0224583 тоот нийгмийн даатгалын дэвтрийн бичилт хийсэн байдлаар тус тус тогтоогдож байна. /хх00000012-13/
Харин ээлжийн амралтын олговор олгож, амралтыг биеэр эдлэх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд цалин хөлсийг хэрхэн тооцох талаар талуудын хамтын гэрээ, хэлэлцээрээр тогтсон гэсэн баримтгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
3. Б.”“““““““““““ыг ажилд томилсон 2015 оны В/01 тоот тушаалаар цалингийн хэмжээг 577 826 төгрөгөөр тогтоож, ажлаас чөлөөлөх тушаалаас өмнө сүүлийн 3 сар 577 826 төгрөгийн цалин хөлс олгож байсан болох тушаал болон нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байна.
Иймд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгохдоо дундаж цалин хөлсийг нэг сард 577 826 төгрөгийн дундаж цалин хөлс, ажлын нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс 26 875 гэж тооцож, ажил хүлээлгэн өдрөөс шаардлага ихэсгэж бичгээр гаргасан өдөр буюу 2017 оны 07 сарын 04-ний өдрөөс 2018 оны 09 сарын 24 хүртэл хугацааны /ажлын 310 хоног/ 8 331 444 төгрөг гаргуулж, илүү нэхэмжилсэн 152 095 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар ажил олгогч ажилтанд нийгмийн болон эрүүл мнэдийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж зааснаар Б.”“““““““““““ы ажилгүй байсан хугацааны олговроос шимтгэл хураамж төлсөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.”“““““““““““ыг Төв аймгийн Борнуур сумын Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийг хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн ““““““““““““ас нэхэмжлэгч Б.”“““““““““““д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 8 331 444 төгрөгийн олговрыг олгож,
нэхэмжлэлийн шаардлагаас 152 095 төгрөгийг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар 577 826 төгрөгийг тус тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.”“““““““““““ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Төв аймгийн ““““““““““““д даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн ““““““““““““ас улсын тэмдэгтийн хураамжид 148 253 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН