Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    М.Цийн нэхэмжлэлтэй иргэний

                                                       хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-н өдрийн 129/ШШ2018/01067 дугаар шийдвэртэй

М.Цийн нэхэмжлэлтэй

Ж.Мд холбогдох

худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгч М.Цийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Ц, хариуцагч Ж.М, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт:

“Иргэн М.Ц би 2017.05 дугаар сард 10 үнээ, 1 бух зарахаар Ж.Баянмөнхтэй гэрээ хийсэн. Гэрээнд нэг үнээг 900 000 төгрөгөөр, нэг бухыг 1 000 000 төгрөгөөр, бүгд 10 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож надад 4 750 000 төгрөг шилжүүлсэн. 6 дугаар сард 4 үнээ, 1 бухыг 4 600 000 төгрөгт тооцон буцааж өгөөд 650 000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Энэ мөнгөнөөс 2018.05 дугаар сард Баянмөнх эхнэр Мгийн хамт Сувд буудлын үүдэнд нэхүүлэн байж 300 000 төгрөг өгөөд үлдэх 350 000 төгрөгийг хоёулаа удахгүй өгнө гээд явсан. Гэтэл Ж.Баянмөнх нас барсан гэж дуулдсан. Нилээн хугацааны дараа эхнэр Мгаас “350 000 төгрөгийг өгөөч” гэхэд урдаас “үхэр чинь үхсэн, өгөхгүй” гэх юм ярьж байв. Иймд хуулийн дагуу эхнэр Мгаас 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт:

“Миний нөхөр Жигжидсүрэн овогтой Баянмөнх нь 2018.05.23-нд нас барсан. Иргэн Ц гуайтай 2017.06 дугаар сард саалийн үнээний наймаа хийсэн. Гэвч Ц гуай нэг үнээгээ одоо тугаллана гээд сувай үнээ өгсөн учир тэр жил манайх тугал ч үгүй, сааль ч үгүй хохирсон. Ингээд 650 000 төгрөг өгөх байснаас 300 000 төгрөг өгөөд 350 000 төгрөгийг өгөөгүй. Өөрт нь бид хоёр хоёулаа хэлсэн. Одоо би энэ хүний хохирлыг барагдуулж өгч чадахгүй. Учир нь би 2 банкны зээлтэй, бас оюутан хүүхэдтэй, ганц хүний орлого хаа ч үгүй байна. Миний нөхөр 2018.01.03-нд ХААН банкнаас зээл аваад Ц гуайн 300 000 төгрөгийг өгөхдөө “та үнэхээр сайн мал өгсөн бол би таны мөнгийг өгөлгүй яахав, хөгшин хүн байж хүн хуурч сувай үнээ өгсөн” гэж хэлсэн” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2018/01067 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар хариуцагч Ж.Мгаас 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч М.Цийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 150 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч М.Цийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

          “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2018/01067 шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт Уулын 1а-8 тоотод оршин суугч Ж.Баянмөнхтэй 10 үнээ, 1 бухыг худалдахаар гэрээ хийсэн. Үнээг 900 000 төгрөгөнд, бухыг 1 000 000 төгрөгөнд тооцож бүгд 10 сая төгрөг болсон. Анх Ж.Баянмөнх, эхнэр Ж.М нар 4 750 000 төгрөг өгөөд 6 дугаар сард 4 үнээ, 1 бухыг 4 600 000 төгрөгөнд тооцон буцааж өгсөн. Үлдэх 650 000 төгрөгийг 08.01-нд өгөхөөр тохирсон боловч хугацаандаа өгөлгүй 2018.01 дүгээр сард эхнэрийн хамт 300 000 төгрөг өгөөд үлдэх 350 000 төгрөгийг удахгүй өгөхөөр тохирсон. Гэтэл Ж.Баянмөнх маань нас барсан. Үүний дараа 2018.10 дугаар сард 350 000 төгрөгийг эхнэр Ж.Мгаас нэхэхэд нэг үнээ чинь сувай гэж хэлээд өгөхгүй байлаа.Тэгвэл 4 үнээ, 1 бухыг эргүүлж өгөхдөө уг үнээг мөн л буцааж өгч болох байсан. Одоо болохоор үнээ чинь сувай гэж ярих нь үнэнд нийцэхгүй. Иймийн тулд шүүхэд хандсан. Би шүүхийг, шүүгчийг буруу шийд гаргасан гэж үзээгүй юм шүү. Шүүх шийд гаргахдаа өвлөгчөө тогтоогоогүй, нотлох баримт дутуу гээд хэрэгсэхгүй болгосон. Би шүүх хуралдаан дээр Ж.Мд “хоёулаа тохирвол зүйтэй юм биш үү” гэхэд Ж.М тохирохгүй байлаа. Гэтэл одоо Ж.М 1а-8 тоот хашаа байшин, машиныг нь өвлөж эзэмшин амьдарч байна. Мөн Ж.М Ж.Баянмөнхтэй амьдраад 30 гаруй жил болсон баталгаатай гэр бүл тул Ж.Мг өвлөгч гэж үзээд би 350 000 төгрөгөө авахаар шүүхэд хандсан. Иймд Ж.Мгаас хохирлыг минь барагдуулж өгөхийг хүсэж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Ж.Мд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид шүүх хуралдаан дээр харилцан тохиролцож эвлэрсэн байна.

 

Талуудын эвлэрлээр нэхэмжлэгч М.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Ж.М нь үлдэх 200 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.

 

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-д “Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заажээ.

 

Иймд зохигчдын эвлэрлийг баталж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2018/01067 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Ж.М нь үлдэх 200 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                                      Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                                       Д.БЯМБАСҮРЭН