| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2018/00727/и |
| Дугаар | 151/ШШ2018/01043 |
| Огноо | 2018-10-04 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2018/01043
| 2018 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 151/ШШ2018/01043 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....... тоотод оршин суух .... овогт Б.М -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: .......... оршин суух, ..... овогт И.О-д холбогдох
Дүр үзүүлэн хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төгсгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төгсгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.М нь өөрийн эзэмшилд байсан ..............тоот үйлчилгээний зориулалт бүхий эд хөрөнгийг 2011 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр И.О-д орон сууц авахад нь зээлийн барьцаанд тавих зорилгоор бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлсэн. Ингээд энэ эд хөрөнгө И.Отгон-Эрдэнийн нэр дээр бичгээр шилжсэн байгаа. Үүнд Мөнхгэрэл түүний хамаатнууд үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр энэ байрыг чөлөөлж өг гэсэн шаардлага гаргасан. Үүнээс болоод дүр үзүүлж хийсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ байрыг анх авахдаа Мөнхгэрэл бэлнээр 13000 доллорыг Бат-Эрдэнэд өгөөд үлдснийг нь Голомт банкнаас зээлж авсан. Тэгээд Мөнхгэрэл Америкаас бараа авч ирээд үйл ажиллагаа явуулж байсан. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэглэгчийг ноцтой гомдоож байна гэж үзэж байгаа. Энэ нь цаасан дээр хийгдсэн гэрээ болохоос биш бодит байдал дээр Мөнхгэрэлийн эзэмшилд байгаад байсан. Үүнээс хойш 1 жилийн дотор гомдоо гаргаж байгаа учраас хүчинтэй хугацаа нь дуусаагүй гэж үзэж байгаа. Энэ объектийг худалдаж авахад И.Оэс нэг ч төгрөг аваагүй. Үүнийг хавтаст хэрэгт байгаа Голомт банкны зээл авсан гэрээ, анх Бат-Эрдэнэ гэдэг хүнээс худалдаж авсан гэдэг гэрээ нотолж байгаа. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй гэж үзэж байгаа. Мөн И.О-ийн объект биш гэдгийг нотолсон Авилгатай тэмцэх газрын бичиг ирсэн байгаа. Уулзаагүй гэсэн асуудал байна. Мэдэгдлийг Отгон-Эрдэнийн эгч Батбаяр өгч байгаа. Тэгэхээр нь байр хэний эзэмшилд байгааг харуулж байгаа нь мэдэгдэж байгаа. Тэгээд байраа суллаж өгөхгүй байгаад байхаар Осмад зар өгсөн байгаа. Тэгээд 3 сард шүүхэд хандсан. И.О-ийн байдаг газар нь шүүхэд өгөхөд энэ хаяг дээр байдаггүй гээд буцаасан тэгээд төв аймгийн шүүхэд хандсан байгаа. Хүний обектийг зөвшөөрөлгүй авчихсан байгаа нь хууль бус байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Б.Мийн 65.000.000 төгрөгөөр худалдаж авсан байраа И.О-д дүр үзүүлэн шилжүүлж өгсөн байраа бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзээд энэ хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Мөн бэлэглэгчийг ноцтой гомдоосон учраас эд хөрөнгөө буцааж авах гэж байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан
тайлбартаа:
Иргэний маргаан үүсгэх эрх зүйн цаг хугацааны зохицуулалт нь өөрөө Иргэний хууль дээр тодорхой туссан байгаа. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдэхгүй байх нь хуулийг хэрэглэхгүй байх болон хариуцлагаас чөлөөлөхгүй гэсэн байдаг. Хариуцлага гэдэг дээр хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхыг ойлгодог. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тохиолдолд маргаан үүсгэх боломжгүй гэсэн үг. Хэрэгт 2 удаагийн хүсэлтэд 2 удаагийн захирамж гарсан байгаа. Нэг нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлтэй холбоотой, нөгөө нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд холбогдон захирамж гарсан. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн зүйл рүү ордог. Үндэслэл нь дүр үзүүлэн хийсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан шаардлага гаргаад байгаа юм уу эсвэл дүр үзүүлэн хийсэн буюу Иргэний хуулийн 280 дугаар зүйлд үндсэлэн шаардлага гаргаад байгаа юм уу энэ нь тодорхой биш. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар явах гэж байгаа бол гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. 2011 оноос хойш 7 жил өнгөрсөн байгаа. Үл хөдлөх хөрөнгө гэж үзвэл мөн адил 3 жил өнгөрсөн байгаа. Бэлэглэгчийг гомдоох тухай асуудал яригддаг. Үүнийг ярихаас өмнө Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан зүйл заалтыг харах хэрэгтэй. Гомдолд алдар нэр, амь насанд аюултай байдал үүсгэх асуудал яригддаг. Нэхэмжлэгчийн ээж нь хуульч, Авилгатай тэмцэх газарт ажилладаг байгаа. Гэрээ нь 2 иргэний хооронд хийгддэг гэрээ байгаа. Иргэн иргэнээ гомдоосон бол 1 жил дотор гомдол гаргах эрхтэй байдаг. Отгон-Эрдэнэ, Мөнхгэрэл 2 хэзээ хамгийн сүүлд уулзаж байсан бэ гэсэн асуудал гарч ирж байгаа. 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүх дээр тааралдсан байдаг. Үүнээс өөр уулзалдсан зүйл байдаггүй. Тийм учраас энэ хүнийг ноцтой гомдоохоор зүйл болоогүй байгаа. Иргэний хуулийн 78 дугаар зүйл 78.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхтэй гэсэн байдаг. Нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаа бүрдүүлж, цуглуулж өгсөн байх шаардлагатай. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал нь ийм тодорхой байгаа. Тийм учраас үүнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнийг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл хийсэн бол 3 жилийн хугацаанд гомдол гаргах эрхтэй байсан. Тэр хугацаандаа гомдол гаргаагүй учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2 үзүүртэй зүү шиг юм яриад байна. И.О ингэсэн тэгсэн гээд яриад байна. Хамааралтай зүйл ярихгүй байгаад байна. Авилгатай тэмцэх газар хүсэлт гараад байгааг ойлгохгүй байгаа. Хүний шалгуулая гэсэн зүйлийг шалгаад байж байдаг газар биш. Авилгатай тэмцэх газраас Аймгийн Засаг даргын тамгын газарт ирүүлээд шаардуулсаар байгаад И.О ажлаас халагдсан байгаа гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Б.М нь И.Од холбогдуулж, дүр үзүүлэн хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар Б.Мийн нэхэмжлэлтэй И.Од холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482.950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Энэ шийдвэр нь уншиж сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН