Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 154/ШШ2018/00404

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөст суманд 1993 оны 12 сарын 05-нд төрсөн, 25 настай, эмэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5 / эцэг,эх, дүү хүүхдийн хамт/ Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт оршин суух РД: ******* регистртэй Хэт******* овогт Даваанямын*******гийн нэхэмжлэлтэй.

Хариуцагч:Ховд аймгийн Мөст суманд 1992 оны 03 сарын 07-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Мөст сумын харъяат, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ** хороо ** тоотод түр оршин суух, РД:ПИ92030716 дугаарын регистртэй******* овогт*******гын*******д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Гантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Г.Хашчулуунтай оюутан цагаасаа үерхэж нөхөрлөсөн.Тухайн үедээ болно бүтнэ гэж хүлээдэг байсан.Сүүлдээ намайг зодож цохих асуудал гарч намайг хүүхдээ төрүүлснээс хойш эргэж тойрохоо больсон.

Бид хоёр жил гаруй хугацаанд хамт байсан.Би ажилтай байхад хүүхдээ ч харахгүй, архи ууж, мөрийтэй тоглоом тоглоод явчихдаг байлаа.Заримдаа намайг хардаж ажил ч хийлгэхгүй дарамттай байдаг байсан.Нэг өдөр аав нь ирээд хүүгээ хот руу ажилд оруулна гээд явуулсан.Түүнээс хойш эргэж ирээгүй.Ховдод айлын эхнэртэй бас нэр холбогдож байсан удаатай.

Энэ байдлаас болоод би хүү Х.Одбаярыг өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.Одоо шүүх хуралдаанд би гаргасан хүсэлтийнхээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна.Учир нь хүү Х.Одбаярын эцэг Г.Хашчулуун нь эрхэлсэн ажил төрөлгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй,хүүгээ гэх сэтгэлгүй, эргэж тойрдоггүй, санхүүгийн болоод сэтгэл санааны тус дэм өгдөггүй зэрэг байдлаас болоод татгалзаж байна.Харин хүүгээ өөрийн асрамжинд байлгах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Г.Хашчулуун шүүхэд гаргасан тайлбартаа:Би Д.Гантуяатай 2011 онд танилцаж үерхэж байгаад холбоо тасраад 2014 онд буцаж нийлсэн.2015 онд хүү******* мэндэлж эхнэр******* хүү*******ын хамт Ховд аймгийн Мөст суманд байж байгаад эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот руу ажил хийхээр явах гэхэд*******гийн эцэг эх нь дургүйцсэн.Би өөрөө 2017 оны 1 сард Улаанбаатар хот руу ажилд орохоор ирсэн.Дараа нь эхнэр хүүхдээ авахаар очиход эцэг эх нь явуулахгүй чи хүүхдээ ав бид хүний хүүхэд өсгөж чадахгүй гэж хэлсэн.Ингээд би буцсан. Д.Гантуяа нь С.Эрдэнэсүрэн гэх хүнийг эцэг эхдээ миний нөхөр гэж танилцуулсанаас хойш би очоогүй.

Утсаар ярих гэхээр надтай ярьдаггүй хүүхэдтэй ч яриулдаггүй.2018 оны 10 сард би хүүхэдтэйгээ уулзаад ирсэн.Эхнэр Д.Гантуяа нь Улаанбаатар хот руу явсан байсан.Өнөөдрийн байдлаар би ганц бие эцэг, эхийн хамт амьдарч байгаа.Миний бие хоёр чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орж амжилтгүй болсон.Цаашид ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломж байхгүй.Цаашид би эхнэр хүүхдийн хамт амьдрах хүсэлттэй байна гэх тайлбар

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Гантуяа нь 2015 оны 09 сарын 23-ны өдөр төрүүлсэн хүү Х.Одбаярыг өөрийн асрамжинд үлдээх,эцэг Г.Хашчулуунаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.Гантуяа нь хариуцагч Х.Хашчулуунтай хамтран амьдарч байх хугацаанд хүү Х.Одбаярыг төрүүлсэн нь 2015 оны 11 сарын 19-ны өдөр олгосон №8401000813 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаан гаргасан...Цаашид бид нар хамтран амьдрахгүй, хүүхдээ өөрийн асрамжинд авна гэх тайлбар, хариуцагч Г.Хашчулууны...Би Улаанбаатар хотод ажил хийж байгаад хоёр чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгаа хийлгэж ажил хийх боломжгүй болсон.Одоо би ганцаараа эцэг эхийн хамт амьдарч байгаа бөгөөд эхнэр хүүхдийн хамт амьдрах хүсэлттэй байна гэх тайлбараар нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдээ өөрийн асрамжинд авах шаардлагад маргахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Д.Гантуяа нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж байгаа, мөн хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй байгаа боловч хариуцагчгүй шүүх хуралдаанд оролцоно гэж хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар бага насны хүүхэд, одоогоор эх Д.Гантуяагийн хамт байгаа зэргийг харгалзан хүү Х.Одбаярыг эх Д.Гантуяагийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115,132 дугаар зүйлийн 115.2.2,116,118,132.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Гантуяа нь нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг дурьдсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 09 сарын 23-ны өдөр төрсөн хүү Х.Одбаярыг эх Д.Гантуяагийн асрамжинд үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Гантуяа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ