Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1326

 

 

 

 

  2024         12          02                                  2024/ШЦТ/1326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч М.Сумьяа,

Шүүгдэгч Ш.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш.Т холбогдох эрүүгийн 2406 03268 2589 дүгээр 1 хавтаст хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 19 оны .... дүгээр сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо.................. тоотод оршин суух,

           Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жил тэнссэн хянан харгалзаж УХ92011612 регистрийн дугаартай Бо овогт Ш.Т,

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ш.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, Монелын 17-354 тоотод байрлах Монгол гэрт амьдрах оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг эвдэж устган дураараа авирласан, Мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Ш.М өмчлөлийн Монгол гэрийн хаалга, Хайер загварын зурагт зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш буюу 1,608,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн 2406 03268 2589 дүгээр хэргээс:

 

-Цагдаагийн байгууллагад гаргасан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7/

-Хохирогч Ш.М "...2024 оны 05 дугаар сарын 23 цагийн үед би гэртээ 3 хүүхдийн хамт байсан. Тэгтэл манай төрсөн дүү Тү энхэр Б над руу залгаад Т гэрт агсан тавьж байгаад явлаа, одоо танайх руу явна гээд явлаа гэж хэлсэн. Тэгээд би согтуу орилж хашхираад байна гээд 3 хүүхдээ дагуулаад гэрээсээ гараад эгчийн гэр рүү явсан. Тэгээд би буцаад гэртээ иртэл манай гэрийн хаалганы модыг хугалаад бас гэр байсан Хайер маркийн 65 инчийн зурагтыг маань хагалаад яваад өгсөн байсан... Манай гэрийн модон хаалганы мод нь хугарсан. Бас манай зурагтыг хагалсан байсан. Манай зурагт 1,500,000 төгрөгний үнэлгээтэй байсан. Харин хаалганы үнэлгээг мэдэхгүй байна. Т өмнө нь согтуу ирж агсан тавьж байсан болохоор би дахиад согтуу ирж төвөг болох нь гэж бодоод гэрээсээ гараад явсан. Тэгтэл гараад явсан хойгуур ирээд хаалга, зурагт эвдсэн байсан. Би гэрээ түгжээд явсан байсан. Гэрт хүн байгаагүй. Т ганцаараа ирээд л агсан тавиад эд зүйл эвдээд явсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

-Монгол гэрийн хаалга, 65 инчийн Хайер загварын зурагт зэргийн зах зээлийн үнэлгээг 1,608,000 төгрөг болохыг тогтоосон хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б31-24-1202 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-35/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.                          

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Ш.Т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, ...............тоотод байрлах Монгол гэрт амьдрах оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг эвдэж устган дураараа авирласан, Мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Ш.М өмчлөлийн Монгол гэрийн хаалга, Хайер загварын зурагт зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш буюу 1,608,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан шүүгдэгч Ш.Тын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

-Хохирогч Ш.М"...2024 оны 05 дугаар сарын 23 цагийн үед би гэртээ 3 хүүхдийн хамт байсан. Тэгтэл манай төрсөн дүү Т энхэр Б над руу залгаад Т гэрт агсан тавьж байгаад явлаа, одоо танайх руу явна гээд явлаа гэж хэлсэн. Тэгээд би согтуу орилж хашхираад байна гээд 3 хүүхдээ дагуулаад гэрээсээ гараад эгчийн гэр рүү явсан. Тэгээд би буцаад гэртээ иртэл манай гэрийн хаалганы модыг хугалаад бас гэр байсан Хайер маркийн 65 инчийн зурагтыг маань хагалаад яваад өгсөн байсан... Манай гэрийн модон хаалганы мод нь хугарсан. Бас манай зурагтыг хагалсан байсан. Манай зурагт 1,500,000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Харин хаалганы үнэлгээг мэдэхгүй байна. Т өмнө нь согтуу ирж агсан тавьж байсан болохоор би дахиад согтуу ирж төвөг болох нь гэж бодоод гэрээсээ гараад явсан. Тэгтэл гараад явсан хойгуур ирээд хаалга, зурагт эвдсэн байсан. Би гэрээ түгжээд явсан байсан. Гэрт хүн байгаагүй. Т ганцаараа ирээд л агсан тавиад эд зүйл эвдээд явсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

-Монгол гэрийн хаалга, 65 инчийн Хайер загварын зурагт зэргийн зах зээлийн үнэлгээг 1,608,000 төгрөг болохыг тогтоосон хөрөнгийн үнэлгээний  ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б31-24-1202 дугаартай дүгнэлт /хх 30-35/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст  хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан бол,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь хэсэгт “...Бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ш.Т тухайд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ш.М байнга оршин суух гэрт хэн нэгний зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, улмаар хохирогчийн гэрийн хаалга болон түүний эзэмшлийн  Haier брэндийн зурагтыг хууль бусаар устгаж гэмтээсэн, тухайн үйлдлийн улмаас хохирогчид 1.608.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б31-24-1202 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Т хууль бус гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.М эд хөрөнгөд 1.608.000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх ерөнхий нөхцөлд хамаарч байхын зэрэгцээ мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь хэсэгт заасан бага хэмжээнээс дээш байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэний орон байр халдашгүй дархан байна, 2 дахь хэсэгт “...Орон байранд хийх нэгжлэгийг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулна...” гэж тус тус хуульчилжээ.

Хуулийн дээрх заалтаас харвал эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр иргэний болон хуулийн этгээдийг эзэмшлийн орон байр, тээврийн хэрэгсэлд аливаа хэлбэрээр нэвтрэхийг хориглох бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулж байгаагийн нэг хэлбэр мөн бөгөөд шүүгдэгч Ш.Т нь хохирогчийн байнга оршин суух албан ёсны гэрт хууль бусаар нэвтэрч байгаа тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь аливаа гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог нэгэн төрлийн зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

Түүнчлэн гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үзэх бөгөөд гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар гаднын ямар нэгэн нөлөөгүйгээр тухайн хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Шүүгдэгч Ш.Т нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдад хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэн болох нь тогтоогдсон энэ тохиолдолд түүний хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг өөр бусад этгээдийн хууль бус нөлөөллийн улмаас үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Ш.Т оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Ш.Т нь хохирогч Ш.М нийт 1 608 000 төгрөгийн хохирол учруулснаас 1 000 000 төгрөгийг төлсөн байна. Хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,

 

Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.

 

Улсын яллагч М.С эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгчид .......Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйгэх дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Ш.Т ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 000 /долоон зуун мянган/ төгрөгийн  торгох ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 000 /долоон зуун мянган/ төгрөгийн  торгох ялаар тус тус шийтгэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700.000 төгрөгийн торгуулийн ялд мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700.000 төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгуулийн ялын хэмжээг 1.400.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг .... хугацаанд төлөхөөр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т нь шүүхээс оногдуулсан 1.400.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

           Бусад.

Шүүгдэгч Ш.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ш.Т бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 Мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Тт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /Долоон зуун мянга/-н төгрөгийн торгох ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /Долоон зуун мянга/-н төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 1.400.000 /Нэг сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Тт оногдуулсан 1.400.000 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 /Арав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т нь шүүхээс оногдуулсан 1.400.000 төгрөгийн торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох  ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Ш.Т нь энэ гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар   шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.САНЖИДМАА