| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэний Алдар |
| Хэргийн индекс | 105/2024/0546/Э/220/2024/0708 |
| Дугаар | 2024/ШЦТ/586 |
| Огноо | 2024-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/586
2024 05 24 2024/ШЦТ/586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
хохирогч С.О,
шүүгдэгч Р.У түүний өмгөөлөгч Л.Ононбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шүүгдэгч О овогт Р У холбогдох эрүүгийн 2306 03654 0818 дугаар хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1.... оны .... дугаар сарын ....-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Бадрал хүнсний төвийг ажиллуулдаг, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 40 дүгээр хороо, Монлаагийн 4-9 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
О ургийн Р.у / ГО72103168/ дугаартай.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Р.У нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэг, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б хүнсний бөөний төв дотор, НӨАТ-ын баримтын асуудлаас болж үйлчлүүлэгч иргэн С.О маргалдан, зуралдаж ноцолдон, улмаар гараараа зүүн хацар хэсэгт алгадаж, эрүүл мэндэд нь зулайн хуйх, цээж, зүүн хацар, бугалга, баруун дал, мөр, шуу, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.У өгсөн мэдүүлэгтээ: “... 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тайлан гаргах гээд камераа хараад сууж байхад хохирогч орж ирсэн. Манай худалдааны гурил, төмс аваад худалдагчаас маань нөат /нэмэгдсэн өртгийн албан татвар/-ын баримт авъя гэж хэлсэн. Манайх “Таван богд”-оос Улаанбаатар гурилаа авдаг тул нөат /нэмэгдсэн өртгийн албан татвар/-ын баримт өгдөггүй. Ногоогоо “Б” худалдааны төвөөс авдаг гэж манай худалдагч удаа дараа тайлбарлаж хэлсэн. Тэгэхэд уурлаж, бухимдаад байхаар нь би гарч ирээд “манай худалдагч танд яагаад баримт өгөх боломжгүй талаараа хэлсэн шүү дээ. Улаанбаатар гурил нь Монгол улсын хуулиараа татвараас чөлөөлөгдсөн байдаг. Эсхүл та нөат /нэмэгдсэн өртгийн албан татвар/-ын баримт гардаг дэлгүүрээс авч болно гэж хэлсэн. Эхэлж миний нүүрийг маажсан. Харилцан цохилцсон гэж харж байгаа. Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний тавьсан шаардлага зөв байсан. Худалдааны төв маань өмнө нь гурил зардаггүй байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.О өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Б” худалдааны төвийн байнгын үйлчлүүлэгч. Өмнө нь ажилладаг байсан 2 залуу нөат /нэмэгдсэн өртгийн албан татвар/-ын баримт өгдөг байсан. Би нөат-ын баримт авъя гэхэд Уранчимэг гэх эмэгтэй “би чамд баримт өгөхгүй. “Таван Богд”-оос гурилаа авдаг. “Барс” захаас ногоогоо авдаг гэж тайлбарлаж өгсөн мөртлөө лангууныхаа цаанаас гарч ирээд “чи наад тортой юм аа өг” гээд мөр хэсгээс зулгаасан. Тэр үед би татварын хэлтэс рүү залгаад ярьж байсан болохоор Уранчимэгийн нүүр хэсэгт хүрээгүй. Миний биед 3 хүн халдсан. Уранчимэгийн охин нь араас зулгаагаад нөгөө хүн нь төмөр хаалганы тэнд түлхээд байсан. Би анх удаа тийм байдалд орсон. Цагдаа ирэхэд Уранчимэг намайг “чи битгий цагдаа харж жүжиглээд бай, хар авгай минь гэж арьс өнгөөр маань ялгаварласан. Манай охин 103-т ээлжийн ахлах, эмч хийдэг. Тэр өдөр манай охин ажилтай байсан. Уранчимэг “цагдаагаар яваад дийлэхгүй” гэж хэлсэн. Зодуулсны маргааш миний бие энд тэндгүй хөхөрсөн байсан. Охиндоо хэлээд бид хоёр Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тухайн асуудал болсноос хойш надтай холбоо барьж уучлалт гуйгаагүй. Би нөат /нэмэгдсэн өртгийн албан татвар/-ын баримттай хохирлын баримтуудаа гаргаж өгсөн. Би хувиараа бариа засал хийлгэсэн. Би энэ эмэгтэйд зодуулснаас хойш даралт ихсэж, нойр хүрэхгүй болсон. Хүүхэд маань та зодуулаад үхсэн бол яах байсан юм бэ гэж хэлсэн. Энэ хэрэг маш удаашралттай байсан. Би өөрөө байцаагчтай болон даргатай нь уулзсан. Миний мэдрэлийн судас дарагдсан. Хагалгаанд орох заалттай байгаа. Би сэтгэл санаагаар унасан.” гэв.
Нэг. Нотлох баримтын талаар:
- Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, /Хэргийн 03 дугаар хуудас/
-Хохирогч С.О: "... Бадрал нэртэй худалдааны төв ороод хүнсний ногоо, 1 кг гурилаас 2 ширхгийг аваад тооцоогоо хийх гэсэн 10,000 гаран төгрөг болоод би төлөөд И баримтаа авъя гэсэн чинь худалдагч нь гурил болон ногоон дээр И баримт гарахгүй гэж хэлсэн. Яагаад өгдөггүй юм бэ гэсэн чинь цаанаас нь нэг эмэгтэй гарч ирээд манайх гурилаа таван богдоос, ногоогоо барсаас авдаг учир тэр газрууд нь И баримт өгдөггүй юм гэж хэлэхээр нь би танайхыг татварын газарт гомдол гаргана гэж маргаан эхэлсэн. Тэгсэн тэр лангууны ард байсан эзэн бололтой эмэгтэй наадахынхаа авсан юмыг нь ав гээд миний хар торонд хийж явж байсан зүйлийг булаахаар нь би тэгээд тэр эмэгтэй миний биеийн энэ тэндээс зулгаагаад үсдээд чимхээд байсан. бас миний утсыг газарт унагаагаад эвдсэн. Учирсан гэмтлүүдийг надтай маргалдаж байсан эмэгтэй гараараа миний толгой болон бие рүү цохиж учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Э 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 9503 дугаартай "...С.О биед зулайн хуйх, цээж, зүүн хацар, бугалга, баруун дал, мөр, шуу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана..." rэх дүгнэлт /хх-ийн 9-10/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/,
- Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Р.У эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,
Шүүгдэгч Р.У иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/
Шүүгдэгч Р.У иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,
Шүүгдэгч Р.У хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хавтаст хэргийн 48-55 дугаар хуудас/,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: ‘’…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд тодорхой заасан. Анхнаасаа энэ хэргийг Зөрчлийн хэрэг гэж шалгаж байсан. Өмгөөлөгчийн харж байгаагаар 10.000 төгрөг ч биш, нөат /нэмэгдсэн өртгийн албан татвар/-ын асуудал ч биш, хоёр эмэгтэй хоорондоо маажилцсан зүйл ч биш. Үүнд зарчмын асуудал байна уу даа гэж харж байна. Хохирогч хохирсон нь үнэн. Үйлчлүүлэгч бол хаан гэж бид нар ярьдаг. Өнөөдөр миний үйлчлүүлэгчийн буруутай үйлдэл байгаа. Үйлчлүүлэгчийн төлбөрөө төлөөд авсан зүйлийг буцаан авах гэж биед нь халдаж байгаа нь маш буруу. Өөрийнхөө бурууг хүлээж байгаа. Гэхдээ хууль тогтоогчоос Эрүүгийн хууль болон Зөрчлийн хэргийг тусад нь ялгаж зааглаж хуульчилж өгсөн. Гэтэл Зөрчлийн тухай хууль зааснаар шийдэх боломжтой зүйлсийг Эрүүгийн гэмт хэрэг гэж шалгадаг. Би үйлчлүүлэгчтэйгээ уулзаад “хохирогч тал эгзэг нь таараад амь нас нь эрсэдсэн бол яах байсан юм” гэж хэлсэн. Мөрдөгч, прокурор нь прокурорын тогтоолыг тухай бүрд нь танилцуулах үүргээ биелүүлдэггүй. Өнөөдөр хохирогч болон шүүгдэгчийн хэн алиных нь буруутай үйлдэл байна гэж харж байна. Учир нь хүлээцтэй хандаж тулгарсан асуудлыг өөр аргаар шийдэж болох байсан. Хэрэгт нотлох баримт хангалтгүй. Нотлох баримтын шаардлага ч хангахгүй зүйлс байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгуулж, шийдвэрлүүлж өгнө үү…’’гэв.
Хохирогч: ‘’…Өмгөөлөгч үйлчлүүлэгчээ өмгөөлөх эрхтэй. Аливаа зүйл үнэн байх ёстой. Би шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна…’’ гэв.
Шүүгдэгч: ‘’…Хэлэх зүйлгүй…’’гэв.
“Шүүгдэгч Р.У нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэг, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бадрал хүнсний бөөний төв дотор, НӨАТ-ын баримтын асуудлаас болж үйлчлүүлэгч иргэн С.О маргалдан, зуралдаж ноцолдон, улмаар гараараа зүүн хацар хэсэгт алгадаж, эрүүл мэндэд нь зулайн хуйх, цээж, зүүн хацар, бугалга, баруун дал, мөр, шуу, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд тогтоолоо.
Шүүгдэгч Р.У нь хохирогч С.О зүүн хацар хэсэгт алгадаж, эрүүл мэндэд нь зулайн хуйх, цээж, зүүн хацар, бугалга, баруун дал, мөр, шуу, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол, үүсгэж эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Р.У гэмт үйлдлийн улмаас хохирогч С.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болгов.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм. Мөн шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үнэлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.О нь цагаатгах байр суурьтай оролцсон нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-29-32 хуудас/ болон хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаа, болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Гэрч У.Мандухай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгдээ ...Тухай үед ээж болон тэр эгч 2 хэрүүл маргаан хийж хоорондоо зууралдсан би тэр үед нь дундуур нь орж гар хүрээгүй 2 гараа урдаа барьж байгаад биеэрээ л салгасан өөр зүйл болоогүй. Тэр эгч ээжийн нүүрийг маажсан ээж зөрүүлээд цохиж байх шиг харагдсан... гэх мэдүүлэг болон, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Э 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 9503 дугаартай "...С.О биед зулайн хуйх, цээж, зүүн хацар, бугалга, баруун дал, мөр, шуу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана ..гэх.
Хохирогч, гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр өмгөөлөгчийн гаргасан санал нь няцаагдаж байх тул хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Р.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
1.4 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хохирогч С.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрхээ эдэлж өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцсон болно.
1.5 Хууль, эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Хохирогч С.О биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “ Зулайн хуйх, цээж, зүүн хацар бугалга, баруун дал, мөр шуу, гуянд цус хуралт” гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Р.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирсан байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Р.У үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Р.У “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.6 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заажээ.
Хохирогч С.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 580,619 төгрөг нэхэмжилснээс 135,910 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлсэн ба үлдэгдэл 444,709 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ учир хэрэг учрал болсноос хойш буюу 2023 оны 10 сараас хойш гарсан эмчилгээний зардлыг үнэлэх боломжгүй байх ба, “бүсэлхий нугалмайн тэнхлэг” баруун тийш бага зэрэг мурийсан нь уг гэмт хэрэгтэй ямар шалтгаант холбоотой талаар баримт байхгүй учир, баримтыг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Р.У жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн байх тул, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03 өдрийн Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай 25 дугаар тогтоолд заасны дагуу, Шүүгдэгч Р.У хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн буюу 3,300,000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.О олгуулах нь зүйтэй байна гэж үзлээ. Иймд нийт 3.435.910 төгрөгийг шүүгдэгч Р.У гаргуулж хохирогч С.О олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.У нь хохирол төлж барагдуулаагүй болохыг дурдаж, хохирогч нь хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болон цаашид гарах гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Р.У жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч Б.О: “...Шүүхээс шүүгдэгч Р.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Шүүхээс тогтоосон хохирлыг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогч нар нь эрүүгийн хариуцлагын тал дээр тусгайлан гаргах саналгүй гэв.
2.2 Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Р.У нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүгдэгч Р.У эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Р.У нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, хохирогчийн санал гомдол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.Ут мэдэгдэх нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Р.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Р.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Уийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Р.У оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.У мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, дэх хэсэг. 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.У хохиролд 3.435.910 төгрөг гаргуулан хохирогч С.О олгосугай.
6. Хохирогч С.О нь хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болон, энэ гэмт хэргийн улмаас хохирсон бусад зардлыг нотлох баримтаар бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Р.У жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ш сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэвээр хадгалахаар шийдвэрлэсүгэй.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Р.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.АЛДАР