| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2024/0989/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1250 |
| Огноо | 2024-11-15 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1250
2024 11 15 1250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,
шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г-д холбогдох эрүүгийн 2306 05810 1570 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024.9.18-ны өдөр хэрэгт нэмэлт ажиллагаа хийхийг даалгаж шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.Г, урьд Нийслэлийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 91 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 384 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1422 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0030 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын урд талын автомашины зогсоол дээр байсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эзэмшлийн ... УАТ улсын дугаартай “Киа Рио” маркийн автомашины арын салхины шилийг ямар ч шалтгаангүйгээр гараараа цохиж хагалж хууль бусаар гэмтээсний улмаас 844,463 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Г шүүх хуралдаанд “Мэдүүлэг өгөхгүй. Маш их харамсаж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.Үүнд:
Дуудлагын лавлагааны хуудас,
/хавтаст хэргийн 11 дэх хуудас/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,
/хавтаст хэргийн 13-15 дахь хуудас/
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр “Албаны автомашины эд хариуцагчийг томилох тухай” тушаал,
/хавтаст хэргийн 17-18 дахь хуудас/
Иргэний нэхэмжлэгч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний хариуцдаг авто эргүүлийн ... УАТ улсын дугаартай “Киа Рио” маркийн тээврийн хэрэгслийг М.Г гэгч нь архи согтууруулах ундаааны зүйл хэрэглэсэн үедээ тус тээврийн хэрэгслийн арын сархины шилийг хагалж байгууллагын эд зүйлд хохирол учруулсан байх тул тус буруутай этгээдээр хохирлыг төлүүлж хуулийн хариуцлага хүлээлгэнэ үү.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 23 дахь хуудас/
Гэрч О.А-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “Би 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0830 цагаас 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0830 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 19, 22, 32 дугаар хороодын нутаг дэвсгэрт эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ж.Б-ийн хамтаар Цайз-112 чиглэлд ... УАТ улсын дугаартай “Киа Рио” автомашинтай 102 дугаарт өгсөн дуудлага мэдээллийг хүлээн авч 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Тус хугацаанд буюу 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 0030 цагийн орчимд .... караокены гаднаас хамгаалагч зодсон гэх дуудлага мэдээллийг шалгаад хохирогчийг эрүүгийн мөрдөгч Б.Л-д хүлээлгэн өгөхөөр, дэслэгч Батзаяа хүлээлгэн өгөхөөр ороод гарч ирээд автомашиндаа суугаад дуудлага мэдээллээ хаагаад, би дэвтэртээ бичиж тэмдэглээд сууж байхад хэлтсээс үл таних согтууруулах ундаа хэрэглэсэн эрэгтэй хүн гарч ирээд хүнтэй чанга дуугаар утсаар яриад “муу цагдаа лалрын пизданууд” гэх мэтчилэнгээр хүнтэй утсаар ярьж алхаж явж байгаад бидний суугаад зогсож байсан, арын салхины шил тас хийгээд явчихсан бөгөөд буугаад гарч ирээд харахад өөрийгөө М.Г гэх эрэгтэй хүн согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтайгаар хойд талын салхины шилийг гараараа цохиж хагалсан байсан. Тухайн хүнээс “та яаж байгаа юм бэ” гэж асуухад “та нар шиг лалрын писдануудыг яадаг юм, би хагалчихсан юм, яадаг юм” гэж байсан.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 25 дахь хуудас/
“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн БЗ1-23-2143 дугаар дүгнэлт,
/хавтаст хэргийн 41-44 дэх хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хавтаст хэргийн 55 дахь хуудас/
Шийтгэх тогтоолын хуулбарууд,
/хавтаст хэргийн 57-72 дахь хуудас/
Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/25554 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 125 дахь хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 0030 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын урд талын автомашины зогсоол дээр байсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эзэмшлийн ... УАТ улсын дугаартай Киа Рио маркийн автомашины арын салхины шилийг шалтгаангүйгээр гараараа цохиж хууль бусаар гэмтээсний улмаас 844,463 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0030 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын урд талын автомашины зогсоол дээр байсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эзэмшлийн ... УАТ улсын дугаартай “Киа Рио” маркийн автомашины арын салхины шилийг цохиж хагалсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх13/, мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.О-ын өгсөн “2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний хариуцдаг авто эргүүлийн ... УАТ улсын дугаартай “Киа Рио” маркийн тээврийн хэрэгслийг М.Г гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус тээврийн хэрэгслийн арын сархины шилийг хагалж байгууллагын эд зүйлд хохирол учруулсан.” гэх /хх23/, гэрч О.А-ы өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 0030 цагийн орчимд .... караокены гаднаас хамгаалагч зодсон гэх дуудлага мэдээллийг шалгаад хохирогчийг эрүүгийн мөрдөгч Б.Л-д хүлээлгэн өгөхөөр, дэслэгч Б хүлээлгэн өгөхөөр ороод гарч ирээд автомашиндаа суугаад дуудлага мэдээллээ хаагаад, би дэвтэртээ бичиж тэмдэглээд сууж байхад хэлтсээс үл таних согтууруулах ундаа хэрэглэсэн эрэгтэй хүн гарч ирээд хүнтэй чанга дуугаар утсаар яриад “Муу цагдаа лалрын писдаанууд” гэх мэтчилэнгээр хүнтэй утсаар ярьж алхаж явж байгаад бидний суугаад зогсож байсан, арын салхины шил тас хийгээд явчихсан бөгөөд буугаад гарч ирээд харахад өөрийгөө М.Г гэх эрэгтэй хүн согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтайгаар хойд талын салхины шилийг гараараа цохиж хагалсан байсан.” гэх мэдүүлгүүд /хх25/, “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн БЗ1-23-2143 дугаар дүгнэлт /хх41-44/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Г нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.
М.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.Г-ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.Г нь хохирогчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Дээрх гэмт хэргийн улмаас 844,463 төгрөгийн хохирол /хх43/ учирсан болох нь “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн БЗ1-23-2143 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-ын Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан “Миний бие О нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст НХЖХОНАБХТ-ын хэв журмын ахлах албан тушаалтай бөгөөд миний хариуцдаг ... УАТ улсын дугаартай Киа Рио маркийн албаны тээврийн хэрэгслийг иргэн М.Г гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хойд салхины шилийг хагалсны улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно.” гэх хүсэлт /хх91/ болон ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, зарлагын падан /хх121-123/ зэрэг баримтаар гэм хорын хохирлыг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэх төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.” гэв.
Шүүгдэгч М.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч М.Год эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч М.Г гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд 1,500,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч М.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд 1,500,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ