| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2018/00422/И |
| Дугаар | 135/ШШ2018/00634 |
| Огноо | 2018-05-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 135/ШШ2018/00634
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2018/00422/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамж, өөрийн байранд байрлах ******* ХК /РД:..., утас:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн *******/РД: ..., Утас:.../-д холбогдох
“1,117,035 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэлгэрнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоот хэрэглэгчийн өр төлбөр нь 2012 оны 05 дугаар сараас хуримтлагдсаар 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 1,117,035 төгрөгийн төлбөр байна. Хэрэглэгч нь хүйтэн усны тоолууртай, халуун усны тоолуургүй, 3 ам бүл задгайгаар тооцогддог. Тухайн байрыг хариуцсан байцаагч төлбөрөө төлөхийг удаа дараа шаарддаг боловч цалин буухаар хуваагаад төлнө гэдэг боловч цалингаа буухаар утсаа таслаад авдаггүй. Хаалган дээр нь мэдэгдэл наагаад захиа үлдээдэг боловч холбоо барьдаггүй. Иймд хариуцагч *******аас цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсан төлбөрийн үлдэгдэл 1,117,035 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Би Д.Т.Үт ажилладаг. Ажлын нөхцөлөөс болж даралт ихтэй гээд ажиллаагүй удчихсан юм. Одоо эмчилгээ хийлгээд даралт буураад эрүүл мэнд сайжирч ажлаа хийж эхэлсэн. 2 хүүхэд маань оюутан, 2014 оноос У хотод манай эгчийнд байгаа. Тоолуургүй тул 3 ам бүлээр тооцож байгаа ч, би ганцаараа амьдарч байгаа тул төлбөрийг багасгаж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******аас цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсан төлбөр 1,117,035 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг ...2012 оны 05 дугаар сараас хуримтлагдсаар 2018 оны 03 дугаар сарын 01-ний байдлаар 1 117 035 төгрөг. Халуун усны тоолуургүй, 3 ам бүл задгайгаар тооцогддог... гэж тодорхойлсон, хариуцагч ******* ...Т-ийн үйлдвэрт ажилладаг. Ажлын нөхцөлөөс болж хэсэг ажлаа хийгээгүй, эрүүл мэнд сайжирч ажлаа хийж эхэлсэн. 2 хүүхэд оюутан 2014 оноос хотод манай эгчийнд байдаг. Тоолуургүй тул 3 ам бүлээр тооцож байгаа ч, би ганцаараа амьдарч байгаа тул төлбөрийг багасгаж өнө үү... гэжээ.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК нь ус хуримтлуулан ариутгаж бохир усыг татан зайлуулж цэвэрлэх үйл ажиллах эрхлэх чиглэлээр байгуулагдсан цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд “хангагч” байгууллага байна.
Хариуцагч ******* нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн орон сууцанд амьдарч байгаагийн хувьд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа “хэрэглэгч” байна.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд зааснаар болон зохих ажил үйлчилгээ үзүүлсний хувьд ******* ХК нь “цэвэр усны үйлчилгээний төлбөр” буюу усыг олборлох, цэвэршүүлэх, зөөвөрлөн түгээх үйл ажиллагаатай холбогдон гарах зардал, “бохир усны үйлчилгээний төлбөр” буюу хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг шаардах эрхтэй байна.
Хариуцагч ******* нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгчийн хувьд цэвэр усаар хангуулах болон хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах талаар гэрээнд заасан нөхцөлийг биелүүлэх, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар ******* нь дээрх үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүрэгтэй байна.
Хариуцагч ******* хуульд зааснаар цэвэр усны болон бохир усны үйлчилгээний зардал төлөх үүргээ 2012 оны 05 сараас хойш төлөөгүй хуримтлал үүссэн талаар болон хангагч байгууллага болох нэхэмжлэгч ******* ХК Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулан, гэрээний үүргийг тогтмол шаардаж байсантай маргаагүй, хуримтлал үүсэж төлбөр их болсон, хэсэг хугацаанд ажил эрхлээгүй байсантай холбоотой хангагч байгууллагын холбогдох албан тушаалтныг тоолуурын заалт харах, төлбөр тооцоог гүйцэтгүүлэх боломж олгоогүй буруутай байна.
Хариуцагч ... сум ... баг ... байр ... тоотын өмчлөгч ******* нь тухайн орон сууцанд 2014 оноос ам бүл 1-ээр амьдарч байгаа тул задгай тооцоогоор бичигдсэн төлбөр 580,229.20 төгрөгийн 2 өрхийн гишүүнд хий тооцсон /Нэг өрхийн гишүүнд ногдох 193,410 төгрөг/ 386,820 төгрөгийн хэрэглээний зардлыг хасаж тооцон 730,215 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Капитрон банк, Төрийн сан 100 190 000 941 тоот дансанд урьдчилан төлсөн 31,359 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 22,075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 730,215 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, үлдэх 386,820 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,359 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 22,075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ