Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/197

 

 

 

 

 

 

 

 

 2024        02          26                                      2024/ШЦТ/197

           

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

улсын яллагч Г.Чанцалдулам,

хохирогч Ц.Ц,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт Бын Эт холбогдох эрүүгийн 2406 00000 0327 дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

...............................................................................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  26 дугаар хороо Олимп виллаж хотхоны ........................ тоотод эхнэр Ц.Цтай хардалтын улмаас маргалдаж, улмаар толгой, нүүрэн тус газарт нь толгойгоороо цохиж, гараараа хоолойг боож биед зүүн нүдний зовхи, зүүн хацрын товгорт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаалт, баруун бугалга зүүн гарын ядам хурууны 2-р үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогч Ц.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай нөхөр надаас уучлалт гуйсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

 

 

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  26 дугаар хороо Олимп виллаж хотхоны ........................ тоотод эхнэр Ц.Цтай хардалтын улмаас маргалдаж, улмаар толгой, нүүрэн тус газарт нь толгойгоороо цохиж, гараараа хоолойг боож биед зүүн нүдний зовхи, зүүн хацрын товгорт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаалт, баруун бугалга зүүн гарын ядам хурууны 2-р үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдсон болох нь

 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2, 3 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Цгийн өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп виллаж хотхоны ........................тоот гэртээ байхад манай нөхөр Э согтуу орж ирсэн бөгөөд над руу учир зүггүй чи муу жолоочтойгоо явалддаг янхан биз дээ гээд хэл амаар доромжилж байснаа шууд миний хоёр гарыг барьж байгаад шууд миний зүүн нүд рүү шууд духаараа мөргөчхөөд намайг хувцаснаас минь татаад чирээд байсан ба би нөхрийгөө гэрээс түлхэж гаргаад шууд цагдаад дуудлага өгсөн. Зүүн нүд хөхөрч хавдсан толгой өвдөж байна. 2-3 удаа духаараа миний зүүн нүд рүү мөргөсөн. Хоолой боосон. Намайг ажлын залуутай хардаад байдаг юм, " гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2161 дугаартай: “..Ц.Цгийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацрын товгорт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаалт, баруун бугалга зуун гарын ядам хурууны 2-р үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Эийн яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр найз Баажийтай хамт гадуур архи ууж байгаад орой нь гэртээ 23 цагийн үед харьсан юм. Би гэртээ гаднаас нэлээн согтуу орсон бөгөөд эхнэр Ц.Цтай ялихгүй зүйлээс болж хоорондоо хэрүүл маргаан хийгээд тэгээд маргаанаасаа болоод би эхнэр Ц.Цгийн хувцаснаас татаж зулгааж, түлхээд толгойгоороо мөргөчихсөн юм. Архи ууснаас л болж ийм асуудал үүслээ. ...би өөрийн эхнэр Ц.Цтай маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт нь духаараа 2 удаа мөргөж хөнгөн гэмтэл учруулсанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Буруугаа ойлгож байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Цгаас гаргасан хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Эээс гаргасан хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

2024 оны 20 дугаар сарын 19-ний өдрийн Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Эийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 31-47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Б.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

                                               ТОГТООХ нь:

1. Г овогт Бын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Эт оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.АЛДАР