Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/886

 

 

 

 

 

 

  

 

    2024          11           08                                    2024/ШЦТ/886

 

 

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,

улсын яллагч Б.Билгүүн,  

шүүгдэгч С.Д-, Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар   

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С овогт С-н Д-, Д овогт Г-н Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний эрүүл ахуйч мэргэжилтэй, мужааны ажил хийдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ** дүүргийн ** дүгээр хороо, ** гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт С-н Д- / регистрийн дугаар ***/,

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын -ны өдөр *** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч  мэргэжилтэй, хувиараа ажил хийдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** дүүргийн ** дүгээр хороо, **-ын *** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Г-н Э /регистрийн дугаар ******/.

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.Д- 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хороо, *** дугаар байрны гадаа хохирогч Ч.Г-н “олон нийтийн газар бие засахаа боль” гэж хэлсэн үгэнд дургүйцэн улмаар түүний нуруу, цээж, хөл, гар хэсэгт цохиж эрүүл мэндэд нь баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, хэвлийн зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Г.Э 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хороо, *** дугаар байрны гадаа хохирогч Б.О-н “Олон нийтийн газар бие засахаа боль” гэж хэлсэн үгэнд дургүйцэн улмаар түүний хэвлий хэсэгт өшиглөж унагаан эрүүл мэндэд нь зүүн өгзөгт цус хуралт, ууцны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д-гийн өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эийн өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, 

Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Г-н хохирогчоор өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байрны гадаа эхнэр Б.О-нийн хамт ажил руугаа орж байтал танихгүй 2 залуу орцны үүдэнд бие засаж байхаар нь би хөөе болиоч гэж хэлэхэд тэр 2 залуугийн халзан нь шууд нүүр рүү цохиод авсан. Бид хоёр барьцалдаж аваад миний нүүр, нуруу, цээж хэсэг рүү цохисон. Тэр хоёр залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай эхнэр Б.О-н хажуу талаас чи болиоч гэж олон удаа хэлсэн. Тэр халзан залуу үргэлжлүүлээд намайг цохиод байхаар нь би тэр халзан залууг дарж унагаад эхнэртээ цагдаа дууд гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирсэн... Намайг халзан, 170 сантиметр өндөртөй залуу нь зодоод байсан. Нөгөө залуу нь манай эхнэр Б.О-нийг өшиглөж унагасан. Бид хоёр эмнэлэгт үзүүлж 280.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.О-нийн хохирогчоор өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр ажил дээрээ байж байтал манай ажлын хүн танай нөхрийг гадаа 2 залуу зодоод байна гэж хэлэхээр нь би гарч очоод нөхрөөсөө юу болсон талаар асуухад манай нөхөр надад хоёр залуу ажлын  байшин руу шээгээд байхаар нь би боль гэж хэлсэн гэсэн. Халзан залуу нь манай нөхрийн нүүр хэсэг рүү нь цохиод болихгүй байсан. Намайг хар куртиктэй залуу хэл амаар доромжлоод хөлөөрөө цохисон... Хар куртиктай залуу намайг түлхэж унаган гэдэс рүү өшиглөхөд манай ажлын хүн гарч ирж салгасан. Бид хоёр эмнэлэгт үзүүлж 280.000  төгрөгийн эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.О-нын гэрчээр өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 18 цагийн үед *** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны “***” ХХК-д ажлаа хийгээд  сууж байхад гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь цонхоор харахад манай захирал О-н болон Г- нар гадаа хүмүүүстэй маргалдаад байж байсан. Би гараад  та нар больцгоо, цаашаа яв гэж хэлээд байж байтал Г-н 165-170 сантиметр өндөртэй залуу нь цохиж эхэлсэн. Харин хар цамцтай жижиг биетэй залуу нь О-нийн гэдэс хэсэг рүү нь өшиглөөд өгзөг хэсгээр нь унагаж гэмтээсэн. Тэгэхэд би О-нийг хөлөөрөө цохиж унагаасан залууг татаж цаашаа яв гэж хэлээд салгасан. Г-ийг халзан, 170 сантиметр орчим өндөртэй залуу зодож байхаар нь очиж салгаж байтал цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85-86 дахь тал/,  

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 93 дахь тал/,

Хохирогч Х.Г-н “...Сэтгэцэд учирсан хохирлын үнэлгээ гаргуулахгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 94 дэх тал/, хохирогч Б.О-нийн “...Сэтгэцэд учирсан хохирлын үнэлгээ гаргуулахгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 95 дахь тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4815 дугаартай шинжээчийн “...Ч.Г-н биед баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, хэвлийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4817 дугаартай шинжээчийн “...Б.О-нийн биед зүүн өгзөгт цус хуралт, ууцны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 97-100 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Эийн яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр гадуур ажил хийж байгаад Д-тай ярьсан чинь Цэбо ахын төрсөн өдөр гээд бид хоёрыг дуудахаар нь бид хоёр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах буудал руу орсон. Бид хоёрыг хамт дэлгүүр орж архи авъя гэхээр нь бид нар дэлгүүр ороод 2 шил 0.75 граммын хэмжээтэй архи аваад буцаж буудал орж авсан архиа хувааж уусан. Д- нилээн согтуу муудсан байхаар нь бид хоёр гарсан. Ингээд Д- байрны буланд шээж байсан чинь танихгүй ах, эгч хоёр Д- дээр очоод нөхөр нь шууд цамцаас нь боосон. Д- тэр хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. Хажууд нь байсан эхнэр нь надтай муудалцаад байхаар нь 1 удаа өшиглөхөд тэр эгч цааш бөгсөөрөө унасан. Миний биед халдсан хүн байхгүй. Удалгүй цагдаа нар ирсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр гэртээ амарч байхад манай найз Э над руу залгаад манай найз Э танил ахын төрсөн өдөр болж байна, хоёулаа очъё гээд Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны хажууд байрлах буудал орж Эийн ах Ц-той танилцаад тухайн буудалд 1 шил 0.5 грамм архи хувааж уугаад Э бид хоёр тухайн буудлаас гараад баригдаж байсан барилгын хашаа руу орж бие засаж байхад араас нэг том биетэй ах эхнэртэйгээ хүрч ирээд хаана шээгээд байгаа юм гэж хэлээд хэл үгээр доромжлохоор нь тэр ахтай зууралдаж аваад хоорондоо цохилцож эхэлсэн. Тэр үед хажуу талаас эхнэр нь хүрч ирээд Этэй муудалцаж маргалдаад байсан. Би тухайн ахтай зууралдаад унасан. Бид хоёр газар унаад хоорондоо зодолдоод байсан... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106,116 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Д- 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хороо, *** дугаар байрны гадаа хохирогч Ч.Г-н “олон нийтийн газар бие засахаа боль” гэж хэлсэн үгэнд дургүйцэн улмаар түүний нуруу, цээж, хөл, гар хэсэгт цохиж эрүүл мэндэд нь баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, хэвлийн зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Г.Э 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны гадаа хохирогч Б.О-нийн “Олон нийтийн газар бие засахаа боль” гэж хэлсэн үгэнд дургүйцэн улмаар түүний хэвлий хэсэгт өшиглөж унагаан эрүүл мэндэд нь зүүн өгзөгт цус хуралт, ууцны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Д-, Г.Э нарын гэм буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Б.О-нийн биед учирсан “зүүн өгзөгт цус хуралт, ууцны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Эийн хохирогчийг хөлөөрөө өшиглөж унагаасан үйлдлийн улмаас, хохирогч Х.Г-н биед “баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, хэвлийн зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч С.Д-гийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна. Энэ талаар тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд тус тус гарчээ.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Д-гийн хохирогч Х.Г-н эрүүл мэндэд эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл, шүүгдэгч Г.Эийн хохирогч Б.О-нийн  эрүүл мэндэд эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд “...шүүгдэгч С.Д-, Г.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” санал гаргав.

 

Шүүгдэгч нар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул тэдний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Иймд прокуророос шүүгдэгч С.Д-, Г.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч С.Д-, Г.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Д-, Г.Э нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Д-, Г.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял”-ын санкцтай.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Г.Ээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Гурав: Хохирол хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Х.Г-, Б.О-н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хавтаст хэрэгт хохирогч Х.Г-, Б.О-н нарын “...Сэтгэцэд учирсан хохирлын үнэлгээ гаргуулахгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 94, 95 дахь тал/-д тус тус авагдсан байх ба “Мед тарума” эмнэлгийн үзлэгийн 150.000 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 97 дахь тал/, “Мөнгөн гүүр” эмнэлгийн цээжний зураг авахуулсан төлбөрийн талаарх баримт /хавтаст хэргийн 98 дахь тал/-д тус тус авагдсан байх тул шүүгдэгч С.Д-гаас 65.000 /жаран таван мянган/ төгрөг гаргуулж хохирогч Х.Г-д, шүүгдэгч Г.Эээс 150.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.О-нт тус тус олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт хураан ирсэн шүүгдэгч С.Д-, Г.Э нар цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С овогт С-н Д-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д овогт Г-н Эийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Г.Ээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-, Г.Э нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Д-, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-гаас 65.000 /жаран таван мянган/ төгрөг гаргуулж хохирогч Х.Г-д, шүүгдэгч Г.Эээс 150.000 төгрөг гаргуулж хохирогч Б.О-нт тус тус олгосугай.

 

6. Шүүгдэгч С.Д-, Г.Э цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ