| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2017/01102/И |
| Дугаар | 135/ШШ2018/00090 |
| Огноо | 2018-01-17 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 135/ШШ2018/00090
| 2018 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 135/ШШ2018/00090 | Дархан-Уул аймаг |
*******УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/01102/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум *******, Бавуугийн гудамж, Дархан-Ус суваг ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******од оршин суух *******овогт ******* ******* холбогдох
6,291,807 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дархан-Ус суваг ХК-ийн гүйцэтгэх захирал П.Ариундалай, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******нь 2016 оны 1 сараас 2016 оны 8 сарын хооронд манай компанид Хууль эрх зүй дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа дараа тайлангаар сандал шүүгээ авна гэж 2016 оны 6 дугаар сарын 03-нд Улаанбаатар хот өр барагдуулах ажлаар явах зардал 3 000 000 төгрөг, ширээ, сандал авах зардал 2 000 000 төгрөг, Улаанбаатар хотоос санхүүгийн баримт авах зардал 438 000 төгрөг, албан хэрэгцээнд бичиг баримтын зардал 300 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын улсын тэмдэгтийн хураамжийн зардал 180 000 төгрөг, урьдчилгаа цалин 214807 төгрөг, санхүүгийн аудитын шалгалтаар тавигдсан акт 159 000 төгрөг нийт 6 291 807 төгрөг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Дархан ус суваг ХК-д 2016 оны 1 сард Хууль эрх зүй дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Намайг байгууллагын удирдлагууд өөрчлөгдөж ажлаас халсан гэх үндэслэлээр миний ажлыг хийлгэхгүй ажлыг хүлээн авсан юм. Миний бие одоог хүртэл ажлаас халагдсан тушаалаа гардан аваагүй тушаалтай танилцая гэж хэлэхэд үзүүлдэггүй байсан. Одоо тус байгууллага маань надаас ажиллаж байхдаа авсан гэх 6 291 807 төгрөгийг надаас гаргуулахаар нэхэмжилсэн байна. Миний бие дээрхи мөнгийг аваагүй ажиллаж байх явцдаа томилолтоор өр авлага барагдуулахаар явсны зардлаа баримтаар тухай бүрд гаргаж өгч байсан. Тухайн үеийн баримт нь байгууллагын даргаар ажиллаж байсан ******* холбогдох эрүүгийн хэрэгт эх баримтаар нь хавсаргаж байсан бичиг хэргийн зардал, ширээ, сандалын санхүүгийн баримтыг хуулбарласан. Энэ бүгдийг ажлын хэрэгцээнд зарцуулсан. 2016.05.30-наас Эрэл компаны өр барагдуулах зорилгоор томилолтоор явсан. Идэж уусан зүйл байхгүй, цагдаагийн газар шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Зарим баримтыг нь дараа тайлагнах боломжтой. Одоо хүртэл ажлаас халагдсан тушаалаа аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Дархан ус суваг ХК нь хариуцагч*******д холбогдуулан байгууллагад учруулсан хохирол 6,291,807 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч *******нь цагдаагийн байгууллагаас шалгаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, халагдсан тушаалаа аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Хариуцагч *******нь Дархан ус суваг ХК-д 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс Хууль эрх зүй, дотоод хяналтын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 175 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Дархан ус суваг ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалууд, ******* нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 34-37 дугаар хуудас/
Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор ...*******нь Дархан ус суваг ХК-д 2016 оны 1 дүгээр сараас 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Хууль эрх зүй, дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа дараа тайлангаар буюу авлага үүсгэж нийт ....6 291 807 төгрөгийг хувьдаа завшсан гэх үргэлжилсэн үйлдэл дууссанаас хойш 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан 6 сар өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Дархан-Ус суваг ХК-ны гүйцэтгэх захирал П.Ариундалайгаас гаргасан бүртгэлийн 923 дугаартай гэмт хэргийн талаархи гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч ******* 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гаргасан ...Хууль эрх зүй дотоод хяналт шалгалтын хэлтэс шинээр байгуулагдсантай холбоотойгоор шинээр сандал, ширээ, шүүгээ авч өрөө тохижуулах шаардлагатай байгаа тул 2 000 000 төгрөг гаргуулах хүсэлтийн дагуу Дархан ус суваг ХК-ны Кассын зарлагын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №93 дугаартай баримтаар 2 сая төгрөгийг олгосон, ******* 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс санхүүгийн баримт авах зорилгоор 438 000 төгрөг гаргуулах бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн дагуу, кассын зарлагын №75 дугаартай баримтаар 438 000 төгрөг олгосон, ******* 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ...албан хэрэгцээнд бичиг баримтын зардал 300 000 төгрөг олгохыг хүссэн өргөдлийн дагуу кассын зарлагын 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №103 дугаартай баримтаар 300 000 төгрөг олгосон, ******* 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ...өр барагдуулах ажлаар УБ хот явах зардал 3 000 000 төгрөг олгохыг хүссэн өргөдлийн дагуу кассын зарлагын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №6 дугаар баримтаар 3 сая төгрөг олгосон, ******* 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ...эвлэрүүлэн зуучлалын төлбөр 180 000 төгрөг олгохыг хүссэн өргөдлийн дагуу кассын зарлагын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №58 дугаартай баримтаар олгосон 180 000 төгрөг, нийт 5 918 000 төгрөг олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5-15 дугаар хуудас/
Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-03-16/98 дугаартай актаар*******, *******, *******нарт илүү олгосон 117000 төгрөг, 156 000 төгрөг, ******* 78 000 төгрөгийн акт тавигдсан байх бөгөөд төлбөрийг хувааж*******д 169 000 төгрөг ногдуулсан болох нь улсын байцаагчийн акт, актын хавсралт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын тавьсан актын төлбөрийг төлүүлэхээр*******д 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлж гарын үсэг зуруулсан байна.
Хариуцагч *******нь хэрэгт нотлох баримтаар Дархан ус суваг ХК-ийн Хууль эрх зүй дотоод хяналт шалгалтын хэлтсээс авлага барагдуулах чиглэлээр хийгдэх ажлын удирдамж, албан томилолтын үнэмлэх, НӨАТ-ын баримтууд, кассын орлогын баримт, Морь принтинг ХХК-ны зарлагын баримтууд ирүүлсэн боловч дээрх баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч байгууллагатай тооцоо нийлсэн эсэх нь тогтоогдохгүй байна.
Хариуцагч *******нь Дархан ус суваг ХК-ийн дотоод журмын 9.2.1-д Ажилтан Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дүрэм, дотоод журмын заалтыг чанд сахиж, хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэх ажил үүрэг буюу ажлын байрны тодорхойлолтод дурьдсан үүрэг, удирдлагаас өгсөн даалгаврыг хугацаанд нь чанартай бүрэн биелүүлэх, эргэж мэдээлэх үүргээ биелүүлээгүй, 15.1-д Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас компанид эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзалгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн дотоод журмыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д ...Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д ...Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно гэж зааснаар хариуцагч*******ос кассын зарлагаар гарсан 5 918 000 төгрөг, санхүүгийн хяналтын улсын байцаагчийн актаар тогтоосоны дагуу нэхэмжилсэн 159 000 төгрөг нийт 6 077 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дархан ус суваг ХК-д олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь цалингийн урьдчилгаанд өгсөн 214,807 төгрөг нэхэмжилж байгаа боловч ямар хугацаанд ажил эрхлээгүй болон энэ нь хэдэн сарын цалин болох зэрэг нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Дархан ус суваг ХК, хариуцагч *******нар нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон байх бөгөөд нэхэмжлэгчийг төлөөлж Н.Баттунсаг, хариуцагчийг төлөөлж Д.Гантулга нар шүүх хуралдаанд оролцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 136 дугаар зүйлийн 136.1-д заасныг баримтлан хариуцагч*******ос 6 077 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан ус суваг ХК-д олгож, 214 807 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 620 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ос улсын тэмдэгтийн хураамж 112 182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дархан ус суваг ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА