| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0878/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/889 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/889
2024 11 11 2024/ШЦТ/889
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Уугантамир,
улсын яллагч Б.Билгүүн,
шүүгдэгч Б.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос Б овогт Б-ны З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын гадаад пасадны ажил хийдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ***дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч ** дүүргийн ** дугаар хороо, **** дүгээр гудамжны ** тоотод түр оршин суудаг гэх, 2019 оны 6 дугаар ** *-ны өдөр ** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Б-ны З /регистрийн дугаар ***/.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүдэгч Б.З- 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, ** тоотод хохирогч Б.Б-ийн “Самсунг А-52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.З- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийг нөхөн төлнө....” гэв.
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-ийн хохирогчоор өгсөн:
“...2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр найз Б-н гэрт очиж уулзаж байсан. Б-н гэр Баянгол дүүргийн *** дугаар хороо -- замын ард гэр хороолол дунд байдаг. Тухайн үед Б бид хоёр 1 шил архи хувааж уугаад би унтаад өгсөн. Би унтахаасаа өмнө “Самсунг А-52”, “Самсунг А-10” маркийн 2 гар утсыг цэнэглээд унтсан. Сэрэхэд миний “Самсунг А-52” маркийн гар утас алга болсон байсан ба “Самсунг А-10” маркийн гар утас цэнэглэсэн газраа байж байсан. Би тухайн өдөр цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулсан. Тэр өдрөөс хойш би Б-н гэрт хамт архи ууж байхад орж ирээд гар утас байна уу, нэг яриулаач гээд миний утсаар гуйж ярьсан залууг сэжиглэж 2-3 хоногийн дараа Б-н гэрийн урд талын хашаанд байх айлд орж үзэхэд гэртээ хэвтэж байхаар нь би тэр залуугаас “чи миний гар утсыг авсан биз дээ, хаана байна” гэж асуухад ломбарданд тавьсан гэж хэлсэн. Тэгээд би тэр залууг дагуулаад Баянгол дүүргийн цагдаад авчирч өгсөн. Би хэд хоногийн өмнө мөнгө олж байгаад өөрийн “самсунг А52” маркийн гар утсаа “Өргөө” кино театрын хажууд байрлах барьцаалан зээлдүүлэх газраас хүүтэй нь нийлүүлээд 320.000 төгрөгөөр авч байсан. Би гар утсаа авахдаа хүнээс хүүтэй мөнгө зээлж дараа нь эргүүлэн төлсөн учир өөрт учирсан хохирол болох 400.000 төгрөгийг олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...самсунг А52” маркийн гар утас 650.000 төрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
Шүүгдэгч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз У-н гэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би Б-ийн А52 маркийн загварын гар утсыг өөрт нь хэлэхгүйгээр тухайн үед аваад ломбардад 300.000 төгрөгөөр тавиад мөнгийг архи согтууруулах ундааны зүйлд хэрэглэж дуусгасан. Б- ломбардад мөнгө төлж утсаа авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85-86 дахь тал/,
шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.З- 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** тоотод хохирогч Б.Б-ийн “СамсунгА-52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б-ийн өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1-д “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.
Шүүгдэгч Б.З-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна, иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, бүсчлэлийг оршин суух газрын буюу *** дүүрэг, ажлын газар буюу Хан-Уул дүүргийн хооронд тогтоолгох санал дүгнэлтийг гаргав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Б.З-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.З-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Б.З-т шүүхээс оногдуулсан байнга оршин суух газар буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох болон шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр гэр, ажлын хооронд зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Гурав: Хохирол хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хэрэгт хохирогч Б.Б-ийн “...Би ломбардаас 320.000 төгрөгөөр гар утсаа авсан ба тухайн мөнгийг би хүнээс хүүтэй зээлсэн байсан тул 400.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/-д авагдсан байх тул шүүгдэгч Б.З-аас 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулж хохирогч Б.Б-т олгох нь зүйтэй байна.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.З- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ны З-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-т шүүхээс оногдуулсан байнга оршин суух газар буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газар, ажлын хооронд зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ял оногдуулахыг шүүгдэгч Б.З-т анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арваннайм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.З-аас нийт 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Б-т олгосугай.
8. Шүүгдэгч Б.З- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ