Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
Хэргийн индекс | 104/2017/00033/И |
Дугаар | 104/ШШ2017/00061 |
Огноо | 2017-02-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 104/ШШ2017/00061
2017 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 104/ШШ2017/00061 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: , тоотод оршин суух Боржигин овгийн *******гийн ******* /РД:*******/-ын
Хариуцагч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ээс
зээлийн гэрээний үүргийн биелэлт 9.246.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Х.******* 6.000.00 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж гэрээг бичгээр байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болсон ч үндсэн төлбөр, зээлийн хүүг өгөөгүй. Хэзээ төлөх талаар асуухад удаа дараа шалтаг хэлсээр өдийг хүрсэн. Иймд Х.*******ээс үндсэн зээл 6.000.000 төгрөг, 3 сарын хүү 1.800.000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоногийг тооцоход 241 хоногийн 1.446.000 төгрөг нийт 9.246.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Х.******* 3.000.000 төгрөгийг бэлнээр авч гэрээ байгуулсан. Түүнээс хойш 3 хоногийн дараа дүү Солонгос явах гээд замын зардал хэрэгтэй байна гээд нэмж 3.000.000 төгрөг зээлье гэсэн. Тухайн үед мөнгө байгаагүй учраас мөнгө орж ирэхээр өгье гээд 100.000 төгрөгөөр 2 удаа, 1.000.000 төгрөгийг нэг удаа тус тус бэлнээр, 1.300.000 төгрөгийг мобайлаар, 500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Цувуулж өгсөн учраас баримт үйлдэж гэрээг бичгээр байгуулаагүй. Мөнгөө өгөхгүй удаад байхаар нь нөхөж 2 зээлийг нэгтгэж 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичгээр гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Энэ хугацаанд 8 нэрийн барааны дэлгүүрээс нь өрөндөө суутгаад 308.640 төгрөгний бараа авсан. 900.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байсан. Мөн 800.000 төгрөгөөр үнэлж буйдан авсан. Үүнийг хасч тооцож болно гэв.
Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би дугаар байранд хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан. Найз П.******* би чамд дэлгүүрт чинь хөрөнгө оруулалт хийж туслъя гээд 2015 оны 08 дугаар сард 3.000.0000 төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн. Тухайн үед хүү, хугацааны талаар бид хоёр ямар нэг тохиролцоо хийгээгүй. Бизнес чинь гайгүй болохоор өгөөрэй гэж байсан. 2015 оны 08 дугаар сарын 31-нээс хойш П.*******д бэлнээр 3.570.000 төгрөг, дансаар 900.000 төгрөг, дэлгүүрээс 1.186.540 төгрөгний бараа, 800.000 төгрөгний диван өгсөн. Нийт 6.430.000 төгрөгийг зээлийн өрөнд төлсөн. 2016 оны 08 дугаар сард баримт хэрэгтэй байна гэж хэлээд нотариатын газар надтай гэрээ хийсэн. Одоо төлөх төлбөргүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Х.*******ээс 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл 6.000.000 төгрөг, хүү 1.800.000 төгрөг, алдани 1.466.000 төгрөг нийт 9.246.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Х.******* гэрээний үүргийг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч П.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж хэрэгт 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 6.000.000 төгрөгний үнийн дүнтэй зээлийн гэрээ /хх-5/, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 3.000.000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ /хх-36/, дансны дэлгэрэнгүй хуулгууд /хх-6-35/-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаж шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч Х.******* 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 6.000.000 төгрөгний үнийн дүнтэй, 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлийн гэрээг бодитоор байгуулагдаагүй гэж маргана.
Харин 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 3.000.000 төгрөгний үнийн дүнтэй, нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй байгуулагдсан зээлийн гэрээг бодитоор байгуулагдсан мөнгийг бэлнээр хүлээн авсан талаар хүлээн мэдүүлж маргаагүй.
Тэрээр 2015 оны 10 дугаар сард 3.000.000 төгрөг зээлсний дараа өөрийн дансаар 1.800.000 төгрөгийг нэг удаа 500.000 төгрөгөөр, нэг удаа 1.300.000 төгрөгөөр хэсэгчлэн авснаа хүлээн мэдүүлж нийт зээлсэн гэрээний үнийг 4.800.000 төгрөг гэж тодорхойлж 3.570.000 төгрөгийг бэлнээр, 900.000 төгрөгийг дансаар, 800.000 төгрөгний буйдан, 1.186.540 төгрөгний хүнс, барааны зүйлийг бэлнээр өгсөн гэж маргасан.
Нэхэмжлэгч П.******* 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 6.000.000 төгрөгийг урьд нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлсэн 3.000.000 төгрөг, түүнээс хойш 3 хоногийн дараа цувуулан авсан 3.000.000 төгрөгийг нэгтгэж нөхөж бичгээр гэрээ үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч П.******* зээлдэгч Х.*******ийн хүсэлтээр хэдэн төгрөгийг түүний өмчлөлд шилжүүлэхээр тохирсон түүнийгээ шилжүүлэх, шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан зээлдэгч Х.*******, тэр хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй учраас 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлж бэлнээр хүлээн авсан 3.000.000 төгрөгийг гэрээнд заасан 1 сарын хугацаанд, мөн оны 10 сарын 27, 29-ний өдрүүдэд өөрийн ХААН банкны 5749875895 дугаарын дансаар хүлээн авсан нийт 1.800.000 төгрөгийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй учраас Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-д зааснаар зээлдүүлэгч П.*******ын шаардсанаас хойш нэг сарын дотор буцаан төлөх үүрэгтэй нь хавтаст хэргийн /хх-5,36/ дугаарт авагдсан зээлийн гэрээ, хавтаст хэргийн /хх-6-36/ дугаарт авагдсан нэхэмжлэгч П.*******ын депозит дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч Х.******* зээлдүүлэгч П.*******д зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн 3.570.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 1.186.540 төгрөгний барааг зээлийн өрөнд авсан гэж дэлгүүрээс хүнсний бараа авсан тухай гар дансыг эхээр нь, мөн дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан өөрийн төрсөн охин М.Гийг гэрчийн этгээдээр оролцуулсан. Гэрч М.Г нэхэмжлэгч П.*******ыг зээлийн өрөнд 2.000.000 гаран төгрөгний бараа авсан гэж мэдүүлсэнийг хариуцагч Х.******* баримтаар давхар нотолж чадаагүй.
Нэхэмжлэгч П.******* зээлдүүлсэн мөнгөнийхөө тооцоонд дэлгүүрээс хүнсний бараа болон бэлэн мөнгө авч байсан тухай үйл баримтад маргаагүй. Тэрээр 308.640 төгрөгний хүнсний бараа, нэг удаа 100.000 төгрөг хүлээн авсан гэж мэдүүлсэн боловч дэлгүүрээс бараа авсан тухай гарын үсэг зурж баталгаажуулсан гар данс, гэрч М.Гийн мэдүүлгээр 526.570 төгрөгний бараа, 1.100.000 төгрөгийг бэлнээр авсан нь тогтоогдсон. Уг баримтад зурсан гарын үсэг нэхэмжлэгч П.ын өөрийнх нь гарын үсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч П.******* 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 6.000.000 төгрөгний үнийн дүнтэй зээлийн гэрээг бичгээр байгуулахдаа хариуцагч Х.*******т 6.000.000 төгрөгийг бэлнээр өгөөгүй учраас хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэхийг буюу 6.000.000 төгрөгийг хүү, алдангийн хамт шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ нь мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т заасан шаардлагыг хангаагүй учраас дээрх гэрээг байгуулаагдаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч ******* 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 3.000.000 төгрөг, мөн оны 10 сарын 27, 29-ний өдрүүдэд хариуцагчийн дансруу шилжүүлсэн 1.800.000 төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээлгэн өгсөн учраас хариуцагч Х.*******ээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч П.******* 1.800.000 төгрөгийг хариуцагчийн дансруу шилжүүлэхдээ түүнтэй хүү, алданги тооцохоор бичгээр гэрээ байгуулаагүй учраас хүү, алданги шаардах эрхгүй. Учир нь зээлдүүлэгч 1.800.000 төгрөгийг зээлдэгч Х.*******т зээлдүүлэхдээ Иргэний хуулийн 282 дугар зүйлийн 282.3.-т зааснаас хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангаагүй, мөн энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т зааснаар зээлдэгчийг үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд торгууль буюу алданги шаардах бол бичгээр гэрээ хийнэ гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй учраас хүү, алданги шаардах эрхгүй.
Харин 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 3.000.000 төгрөгний зээлийн гэрээг бичгээр үйлдэхдээ хүү тогтоосон, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар торгууль төлүүлэхээр тохиросон байгаа учраас хүү 300.000 төгрөг, анз 1.446.000 төгрөгийг шаардах эрхтэй.
Гэрээний 3-т зааснаар нэхэмжлэгч хариуцагчаас зээлийг буцааж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувиар торгууль тооцолгүй алданги 1.446.000 төгрөг нэхсэн нь энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч П.******* хариуцагч Х.*******ийн үндсэн зээл 4.800.000 төгрөг гэж маргасныг няцааж баримтаар нотлож чадаагүй, цувуулж өгсөн гэх 1.200.000 төгрөгийг Х.*******т хүлээлгэн өгсөнийг нотолсон баримт байхгүй учраас шүүх үндсэн зээлийг 4.800.000 төгрөгөөр тооцож 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээл 3.000.000 төгрөг, нэг сарын хүү 300.000 төгрөг, алданги 1.446.000 төгрөг, мөн оны 10 сарын 27, 29-ний өдрүүдэд дансаар хүлээн авсан 1.800.000 төгрөг нийт 6.546.000 төгрөгийг хариуцагч Х.*******, нэхэмжлэгч П.*******д төлөх ёстой байсан гэж үзсэн. Үүнээс хариуцагч Х.******* дансаар 900.000 төгрөг, 800.000 төгрөгт тооцож буйдан авсантай нэхэмжлэгч маргаагүй, бэлнээр 1.100.000 төгрөг, 526.570 төгрөгт тооцож хүнсний зүйл өгсөн нь баримтаар тогтоогдсон учраас үндсэн зээл, хүү, алданги нийт 6.546.000 төгрөгнөөс 3.326.570 төгрөгийг хасч тооцон үлдэх 3.219.430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, баримтаар тогтоогдоогүй буюу хуулиар шаардах эрхгүй 6.026.570 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162.886 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 66.461 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгов.
Хариуцагч Х.*******т шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдааны товыг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн, түүний өмгөөлөгч, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэрэг хэлэлцэх ажиллагаа явуулахыг хүссэн тул энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсаныг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.2., 232 дугаар зүйлийн 232.4.-т заасныг баримтлан хариуцагч *******ын *******ээс 3.219.430 /гурван сая хоёр зуун арван есөн мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 6.026.570 /зургаан сая хорин зургаан мянга таван зуун дал/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162.886 /нэг зуун жаран хоёр мянга найман зуун наян зургаа/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.*******ээс 66.461 /жаран зургаан мянга дөрвөн зун жаран нэг/ төгрөгийг гаргуулж П.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ