Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/903

 

 

 

 

 

  

 

 

    2024          11           13                                    2024/ШЦТ/903

 

 

                               

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,

улсын яллагч Г.Түвшинбаяр,  

шүүгдэгч Б.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар   

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-н У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн Шаамар суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын гааль татварын мэргэжилтэн мэргэжилтэй, “***” ХХК-д сэлбэгийн нярав ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Б-н У- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.У- 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” баараар үйлчлүүлж байхдаа бүжгийн талбайд үүссэн үл ялих зүйлээр шалтаглан Д.А-тэй хэрүүл маргаан үүсгэж, үүссэн таарамжгүй харилцааны явцад хохирогч Д.А-н нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж биед нь халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд 2-р шүдний хөндлөн хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Би тухайн бааранд нэг найзтайгаа хамт, харин хохирогч дөрвүүлээ явж байсан. Баар хаах дөхөж байсан ба бүжгийн талбайд бүжиглэж байгаад хохирогч А манай найзтай маргалдсан. Энэ үед найзууд нь боль гэж хэлээд салгасан боловч А дахин эргэж ирээд манай найзтай хэрэлдээд хойшлохдоо намайг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд хамар хэсэгт нь цохисон. Доошлохдоо миний эмзэг эрхтэнг базахаар нь би өвдөглөсөн. Ингээд салсан, хохирогч өөрөө эхэлж хэрүүл маргаан эхлүүлсэн. Тухайн үед миний биед ямар нэгэн хохирол учраагүй...” гэх мэдүүлэг, 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Аийн хохирогчоор өгсөн: “...Би 2024 оны 8 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед найз Б-тэй хамт Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй бааранд орсон. Б-ний найзууд гэх 2 эмэгтэй найзтайгаа хамт байсан. Бид нар тухайн бааранд бүжиглэж байсан чинь хажууд бүжиглэж байсан танихгүй залуугийн хөл дээр нь гишгэсэн. Тухайн үед нөгөө залуу над руу дайрч эхэлсэн. Хажууд би хар цамцтай бор царайтай залуутай маргалдаж, муудалцаж, түлхэлцэж эхэлсэн. Тэр үед Б хажуу талаар орж бид хоёрыг болиулах гэж оролдоод байсан. Би хар цамцтай залуутай барьцалдаад хоорондоо цохилцож эхэлсэн. Тэр үед миний баруун хацар хэсэгт цохиход би хажуу тал руугаа хазайсан. Тухайн хар цамцтай, бор залуу хөлөөрөө өшиглөж миний шүдийг хугалсан. Би 280.000 төгрөгөөр шүд хийлгэсэн. Одоо шүдийг бэхжүүлэгч бүрээсийн төлбөр 600.000 төгрөг болж байгаа, надад мөнгө байхгүй тул хийлгэж чадахгүй байна. Мөн хагалгаанд орохоор эмнэлэг хайж байгаа. Тухайн эмнэлгээс тодорхойлолт гаргуулж авчирч өгнө. Толгойн рентген зураг авахуулсны 150.000 төгрөг болсон. Одоогийн байдлаар 1.030.000 төгрөг болсон байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19, 22-23 дахь тал/,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Б-ий өгсөн: “...Би 2024 оны 8 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед А найзтайгаа гадуур уулзаад бид 2 миний машинтай хамт манай 2 найз Д, Н хоёрыг 3, 4 дүгээр хорооллоос очиж аваад машин дотроо пиво тус бүр хоёрыг уусан. Тэгээд клуб оръё гээд шөнийн 12 цагийн үед “***” нэртэй бааранд орж бүжиглэсэн. Бүжгийн талбай дээр А бид хоёр бүжиглэж байх үед хажуу талд 2 танихгүй залуу бүжиглэж байгаад Аийн хөл дээр гишгээд хоорондоо муудалцаад тухайн 2 залуугийн бор царайтай, махлаг биетэй залуутай А барьцалдаж аваад зууралдаж байх хооронд би тэр хоёрыг салгах гээд голоор нь орсон. Тэр үед А доош харах үед тухайн бор царайтай, махлаг биетэй, 175 сантиметр орчим өндөртэй залуу Аийн нүүр хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэр үед Аийн хамраас цус гараад цусыг тогтоож байх үед Аийн шүд байхгүй, амнаас нь цус гараад байгааг Ад хэлтэл сандраад миний шүд байхгүй болчихож гээд буцаж баар руу  ороод харах үед олохгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дахь тал/,

 

            Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

  Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Д.Аийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд 2-р шүдний хөндлөн хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 

 Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 43-55 дахь тал/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 56 дахь тал/,

 

            Д.А 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр *** шүдний эмнэлэгт 11 дүгээр шүд сувгийн эмчилгээнд  орсон бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 11 дүгээр шүдний эмчилгээ эхэлсэн. 180.000 төгрөгийг дансаар, 2024 оны 11 дүгээр сар, 9 дүгээр сарын 3-ны өдөр үлдэгдэл 100.000 төгрөгийг дансаар шилжүүлж төлбөр дууссан. Дараагийн эмчилгээнээс шүдэнд бүрээс хийлгэнэ. 1 шүдний үнэ 600.000 төгрөг болно...” гэх баримт /хавтаст хэргийн 57 дахь тал/,

 

 Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн мэдээлэл /хавтаст хэргийн 71 дэх тал/,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд Б.У-ын яллагдагчаар өгсөн: “...Би гэрчээр 2 удаа мэдүүлэг өгсөн. Тухайн үед болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан тул надад нэмж ярих зүйл байхгүй... Надад цохиулж шүдээ унагаасан залуугийн хохирлыг бүрэн төлж барагдуулна. Миний буруутай үйлдэл байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

 

 Шүүгдэгч Б.У-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст 63 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд хэрэгт авагджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.У- 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” баараар үйлчлүүлж байхдаа бүжгийн талбай дээр үүссэн үл ялих зүйлээр шалтаглан Д.А-тэй хэрүүл маргаан үүсгэж, үүссэн таарамжгүй харилцааны явцад хохирогч Д.А-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж биед нь халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд 2-р шүдний хөндлөн хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.У- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч Б.У- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.У- хохирогч Д.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Б.У-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр нөхөн төлөхөө идэрхийлсэн байдал, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Д.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.

 

Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 25 дахь талд авагдсан байна.

 

Иймд хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг хохирогч Д.А-ийн сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.

 

Хавтаст хэрэгт “Мед тарума” эмнэлгийн дүрс оншилгооны 150.000 төгрөгийн баримт /хх-ийн 56 дахь тал/-д авагдсан байх тул шүүгдэгч Б.У-аас 150.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ад олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.У- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н У-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.У-аас 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Д.А-д олгосугай.

 

6. Шүүгдэгч Б.У- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг эд мөрийн баримтаар  хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ