Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2019/00061/И |
Дугаар | 134/ШШ2019/00086 |
Огноо | 2019-06-05 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 134/ШШ2019/00086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Э
Хариуцагч: Б
Ажилгүй байсан хугацааны цалин 1 800 000 төгрөг, амралтын мөнгө 550 000 төгрөг, хагас, бүтэн сайн өдөр ажилласан нийт 7 сарын илүү цагийн хөлс 1 302 000 төгрөг, сул зогсолтын нөхөн олговор 320 000 төгрөг, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин 1 000 000 төгрөг, нийт 4 972 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр БХХК-д төмөр бэлтгэгчээр ажилд орсон. Уг ажилд ажиллаж байх явцад гаргасан алдаа зөрчилгүй ажилласан. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс бүх ажилтнуудаа амралт өгч амраасан. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажил нь эхэлсэн. Би ажилдаа орохоор очтол түр хүлээж бай, дуудна гэсэн ахиад 2 очсон 3-4 удаа утсаар ярьсан боловч дандаа дээрх хариултыг авсаар өдий 2 сар хүлээсэн боловч одоог хүртэл шийдэхгүй байгаа. Энэ амралт нь өдөр болгон ажилчид авна гэж фэйсбүүкээр зар явуулдаг. Би 2019 оны 04 дүгээр сарын 05-нд очиж бичиг баримт, тушаалаа авъя гэхэд хүний янз үзэж байгаа юм шиг бидний буруу, ажилдаа ор гээд тушаал ч гаргаж өгөхгүй байна. Чамайг ажлаас халаагүй, халах ч үндэслэл байхгүй гэх мэтээр хүнд хүртэл чирэгдэл учруулаад байна. Жижиг зээлээ төлж чадахгүй хохирсоор байна. Ийм учраас ажилгүй байсан цалин 1 800 000 төгрөг, амралтын мөнгө 550 000 төгрөг, хагас бүтэн сайнаар ажилласан нийт 7 сарын илүү цаг 1 302 000 төгрөг, сул зогсолтын нөхөн олговор 320 000 төгрөг, энэ нэхэмжлэлийн хариу гартал дор хаяж сар гарангийн хугацаа шаардагддаг тул энэ хоорондын цалин болох 1 000 000 төгрөг, нийт 4 972 000 төгрөгийг БХХК-иас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Манай компани 2011 оноос Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн компани юм. Б ХХК нь энэ хугацаанд давхардсан тоогоор 300 гаруй ажилтныг сургаж, ажиллуулж ирсэн юм. 2015 онд Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр шалгарч, Татварын ерөнхий газрын хөх дэвтэр болон Монгол, Өвөрмонголын хамтарсан бизнес холбооны шилдэг байгууллага, Монголын ажил олгогч шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан. Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж орон нутагт тодорхой хэмжээний хандив болон татварыг төлж аймгийн татварын баазыг нэмэгдүүлж ирсэн байгууллага юм. Тус компанийн ажилтан Дэмбэрэл овогтой Энхбаатарын Баяннексус ХХК-ийг хариуцагчаар татаж танай шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлтэй 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр компанийн удирдлага танилцаж үзсэний үндэс нь дээр доорхи талбарыг хийж байна. Д.Э нь ямар ч үндэслэлгүй хийсвэр тоо бичиж 4 972 000 төгрөгийг тус компаниас нэхэмжилсэн байна. Д.Э нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ажилд орсон боловч 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн компанийн ерөнхий захирлын 05 тоот ажилд авсан тушаал Д.Э дээр гарсан. Д.Э нь Нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа гэх шалтгаанаар өөр дээрээ тушаал гаргуулахгүй өөрийн эхнэр Ж.Т нэр дээр тушаал гаргуулан цалингаа авч байхыг компанийн удирдлагаас удаа дараалан гуйж байсан. Тухайн үед ажилтын хэрэгцээ их байсан учраас хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн юм. Д.Э эхнэр дээрээ цалин гаргаж авах, эсвэл ажил хийж боломжгүй байна гэсэн шахалтыг хүлээн авч, хууль зөрчиж шийдвэр гаргасандаа хүлцэл өчиж байна. Манай компани нь 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 2019 оны 03 дугаар сарын 01-ний хүртэл ажилчдын ээлжийн амралт болон ээлжийн нөхөн олговрыг олгож амралтыг биеэр эдлүүлсэн. Жич: Тус компанийн дотоод журамд ажилтан нь 8 сар ажилласны дараа ээлжийн амралтын олговрыг олгохоор тусгасан байдаг. Д.Э дээр тушаал гарч нийгмийн даатгал төлсөн хугацаа нь компанийн дотоод журмын ээлжийн амралт олгох тухай заалттай нийцээгүй тул ээлжийн амралтыг биеэр эдлүүлж, ээлжийн амралтын олговрыг олгоогүй байсан болно. 2019 онд үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, төмөр хайлуулах бригадыг шинээр бүрдүүлж, Д.Э тогоонд төмөр хайлуулагчаар ажиллуулах компанийн сонирхол байсан боловч аймгийн ажиллах хүчний нөөц дутмаг байгаатай холбогдож өдийг хүртэл шинэ бригадыг бүрдүүлж чадаагүй байгаа юм. Д.Э нь энэ хугацаанд компанийн удирдлага болон хүний нөөцтэй энэ асуудлаар нэг ч удаа биеэр уулзаж санал бодлоо хуваалцаагүй. Харин ХАБЭА-н инженер Ц.Б утсаар 2-3 удаа сураглаж, 1 удаа гудамжинд тааралдахад Ц.Б нь таныг төмөр хайлуулагчаар ажиллуулах юм шиг байна, бригад бүрдүүлж байгаа, түр хүлээж бай гэсэн хариу өгсөн байдаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Д.Э нь гэр бүлийн хүний хамт ирж, компанийн удирдлагатай албан ёсоор уулзсан. Компанийн удирдлага ажилдаа орохыг санал болгосон боловч би өөр ажилд орохоор болсон танай компанид ажиллахгүй, тэгэхдээ өөрийн хүсэлтээр гарахгүй, миний тулшаалыг гаргаж өг гэж тулгахад компани 1 сар хүлээлгэсний хариуд үндсэн цалин болох 320 000 төгрөгийг амралтын олговрын хамт өгье гэсэн боловч саналыг хүлээж аваагүй шүүхэд хандаж шүүхээр шийдвэрлүүлье хэмээн явсан.
1. Д.Э нэхэмжлэлд гаргасан илүү цагийн тооцоог сар бүр гаргаж илүү цаг болон урамшуулал өгч байсан нь нийгмийн даатгал төлсөн баримтнаас харагдах юм.
2. Д.Э ээлжийн амралтын олговор, сул зогсоож хүлээлгэсний 1 сарын үндсэн цалинг олгоход манай компани бэлэн байна.
3. Д.Э нь өөрөө ажиллахгүй гэсэн болохоор нэхэмжлэлийн хариу шүүхээс гарах хүртэл хугацааны хохирол гэх 1 000 000 төгрөгийг манай байгууллага хариуцах боломжгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад тооцоо хийсэн. Илүү цагийн тооцоог 2018 оны 07 дугаар сараас эхэлж бодсон. 2018 оны 07 дугаар сард 149 724 төгрөг, 2018 оны 08 дугаар сард 121 824, 2018 оны 09 дүгээр сард 289 756 төгрөг, 2018 оны 10 дугаар сард 120 584 төгрөг, 2018 оны 11 дүгээр сард 194 787 төгрөг, 2018 оны 12 дугаар сард 172 030 төгрөг, 2019 оны 01 дүгээр сард 272 045 төгрөг гэж гаргасан. 1 319 892 төгрөг болсон. Хэрхэн бодсон талаар жишээлбэл: 2018 оны 10 дугаар сард 23 хоног ажиллаж 767 000 төгрөгийн цалин авсан. 1 өдрийн 8 цагаар ажилласан ба нийт 184 цаг ажилласан байсан. 184 цагийг 767 000 төгрөгөд хуваахаар 1 өдрийн 4 168 төгрөг болсон. Нэхэмжлэгч нийт 42 цаг илүү ажилласан байсан. 4 168 төгрөгийг 42 цагаар үржүүлж 175 056 төгрөг гарсан. Үүнийг 1,5 хувиар үржүүлэхэд 262 584 төгрөг гарна. Үүнээс авсан цалин болох 142 000 төгрөгийн цалин авсан байсан. Зөрүү нь 120 584 төгрөг гарна. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бодсон. 2019 оны 02, 03 дугаар саруудад нэхэмжлэгч Д.Э ажиллаагүй. Хэрэгт түүнтэй холбоотой нотлох баримтууд авагдсан. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл ажилласан. Яагаад хүний нийгмийн даатгалын дэвтэрт үндэслэлгүй нөхөн бичилт хийснийг манай тал мэдэхгүй. Тэгээд дундаж цалин хөлсөө 1 сарын 773 500 төгрөг гэж үзээд 3 сарын цалин нэхэмжилсэн. Үүнээс гадна амралтын мөнгө бодсон. Амралтын мөнгийг хариуцагч тал 12 сард хуваасан байсан. Түүнийг ажилласан сард нь буюу 7 сард хувааж бодно. Манай тал амралтын мөнгийг бодох журмын дагуу бодсон. 2018 оны 07 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл нийт 7 сар ажиллаж 5 285 420 төгрөгийн цалин авсан. Үүнийг 7 сард хуваахаар 1 сарын дундаж цалин 755 060 төгрөг гарна. Аж ахуйн нэгж байгууллагын дундаж хоногийг тооцох журамтай. Түүнд зааснаар 21,2 хоногоор бодно. Ингээд 755 060 төгрөгийг 21,2-т хуваахаар 1 өдрийн цалин гарна. 1 өдрийн цалин нь 35 616 төгрөг гарч түүнийг 12 хоногоор үржүүлсэн. 12 хоногийг амралтын хоногоо тооцоод Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар ажлын 15 хоног дээр халуун нөхцөлд ажиллаж байсан буюу 79 дүгээр зүйлийн 79.6-д зааснаар 5 хоног нэмэгдээд 20 хоног болно. 20 хоногийг журамд зааснаар харвал 1,67 гэсэн тогтсон тоо гарна. 1,67-г 20 хоногоор үржүүлэхэд 12 хоног гарна. 12 хоногийг 1 өдрийн цалингаар буюу 35 616 төгрөгөөр үржүүлэхээр 427 392 төгрөг гээд амралтын мөнгө гарна. Ийм үндэслэлээр амралтын мөнгө гарна. Миний хувьд сул зогсолт дээр зөрүү саналтай байна. Хариуцагч тал сул зогсолт зарлаагүй, харин ажлын байраар хангаагүй гэж үзэж байна. Сул зогсолтын 320 000 төгрөг авснаас сарын бүтэн цалингаа авах үндэслэлтэй. Гэрчийн мэдүүлэгт 2 тогоо ажиллаж байхад ажиллах хүн дутуу байсан гэж мэдүүлдэг. Хөдөлмөрийн гэрээнд ажлын байраар хангах нь ажил олгогчийн үүрэг байдаг. Гэтэл хариуцагч тал ажлын байраар хангаагүй байх тул сул зогсолт биш, ажлын байраар хангаагүй гэж үзэх үндэслэл. Тиймээс цалингаа бүтэн нэхэмжлэх эрхтэй. Нэхэмжлэгч халуун нөхцөлд ажилладаг. Баяннексус ХХК нь ган бөмбөлгийн үйлдвэр. Хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээнд ган бөмбөлгийн үйлдвэр гэсэн зүйл байдаг. Мөн хариуцагчаас танайх халуун нөхцөлд ажилладаг уу? гэхэд тийм гэж хүлээн зөвшөөрсөн. Тиймээс халуун нөхцөлд ажилладаг хүний амралтын мөнгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6-д зааснаар 5 хоногийг нэмж бодох ёстой. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 77 дугаар тушаалд халуун нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс хүнд хортой нөхцөлд орно гэж заасан. Үүнийг үндэслээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ажилгүй байсан хугацааны цалин 1 800 000 төгрөг гэж нэхэмжилсэн нь ямар ч үндэслэлгүй. Хэрвээ гэрээгээр сарын үндсэн цалинг тооцвол 1 сарын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 320 000 төгрөгөөр бодох хэрэгтэй. Мөн 01 дүгээр сарын 29-нд манайх бүх ажилчиддаа амраасан, амралтын үе байсан. Амралтын мөнгө нэхэмжилсэн байна. Манайх 8 сар бүтэн ажиллаж байж амрах эрх болон амралтын мөнгө олгодог. Нэхэмжлэгчийн амралтын үе болоогүй байсан. Манай компани 7 сар ажилласан гэж үзээд 380 000 төгрөг өгсөн. Нэхэмжлэгч өөрөө дундчилж тооцоолсон гээд 550 000 төгрөг нэхэмжилсэн байна. Юу дундчилж тооцоолсныг нь ойлгохгүй байна. Илүү цагийн мөнгө гэж нэхэмжилсэн байна. Үүнд сая тайлбар хэлсэн. Сул зогсолтын нөхөн олговор гээд үндсэн гэрээнд тусгасан цалингаараа буюу 320 000 төгрөг нэхэмжилсэн байна. Тэгэхдээ гэрээний нөхцөлд үндсэн цалин 320 000 төгрөг гэсэн ч мөн ажлын бүтээмжийн үр дүнгээр цалин нь нэмэгддэг. Мөн манай компани сул зогсолт хийгээгүй. Сул зогсолтын нөхөн олговор авлаа гэхэд хамтын гэрээний 60 хувиар бодох ёстой. Манай компанид хамтын гэрээ байхгүй. Тиймээс сул зогсолтын мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн хариу гарах хүртэл хугацааны 1 000 000 төгрөг гэсэн хэсэг нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 800 000 төгрөг, амралтын мөнгө 550 000 төгрөг, илүү цагийн хөлс 1 302 000 төгрөг, сул зогсолтын нөхөн олговор 320 000 төгрөг, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин 1 000 000 төгрөг, нийт 4 972 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэг. Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 800 000 төгрөг, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин 1 000 000 төгрөг, сул зогсолтын нөхөн олговор болох 320 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Б ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Ажилд авах тухай 05 дугаар тушаалаар Д.Э тус компанийн төмөр бэлтгэгчийн албан тушаалд томилжээ. /хх-17/
Улмаар тус компани нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ээлжийн амралт болон ээлжийн нөхөн олговрыг олгож, амралтыг биеэр эдлүүлсэн гэж,
Нэхэмжлэгчээс ... 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажил эхэлсэн, ажилдаа орох гэж 2 удаа очсон, түр хүлээж бай гэсэн хариултыг удаа дараа хэлж байсан, ...2019 оны 04 дүгээр сард тушаалаа авах гэтэл өгөөгүй... гэж маргана.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримтлан /тушаал, тогтоол, захирамж/ гаргана, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д ... ажил олгогч ийнхүү захиргааны санаачилгаар ажилтны байрыг өөрчлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар ажилтны зөвшөөрлийг авна хэмээн заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухай үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу олгодог.
Тодруулбал, ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй, нөгөөтэйгүүр ажил олгогч нь урд эрхэлж байсан албан тушаалд нь ажиллуулахгүй байгаа нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Б-иас ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нь хуульд нийцнэ.
Иймд, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Эажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг дараах байдлаар тооцож шийдвэрлэв.
Д.Э нь нэг сард 773 500 төгрөгийн дундаж цалинтай болох нь нэхэмжлэгчид олгосон 0631350 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдох ба /808 500+742 000+770 000=2 320 000:3 сар=773 500/ түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-ын А-д зааснаар тооцож олгов.
Үүнд: 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 3 сар 20 хоног байна. 773 500 х3 сар=2 320 500 төгрөг, 773 500:21.5=35 976 төгрөг /1 хоногийн цалин/ 20хоног x 35 976төгрөг=719 534 төгрөг, нийт 3 040 034 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр болон лавлагаан дээр 2019 оны 01 дүгээр сард 114 000 төгрөг, 02 дугаар сард 320 000 төгрөг бичигдсэн байх боловч 114 000 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...манай компани сар бүрийн 20 гэж урьдчилгаа цалингаа өгөөд, үлдэгдэл цалинг дараа сарын эхэнд өгдөг учир 114 000 төгрөг бол 1 сарын цалин гэж, 2 дугаар сарын 320 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөөгүй, харин манай компани ажилчдынхаа нийгмийн даатгалыг таслахгүйн тулд бичсэн гэж тус тус тайлбарласан тул нэхэмжлэгчийн цалинг тооцохдоо 2018 оны 11, 12 сар, 2019 оны 01 дүгээр сарын цалингийн нийлбэрээр тооцож олгосон болно.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс сул зогсолт гэсэн ойлголт байхгүй тул сул зогсолтын 320 000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Хоёр. Амралтын олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... 382 034 төгрөгийг амралтын олговор болгож өгөхийг зөвшөөрч байгаа... гэж тайлбарлана. /хх-57/
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ .., 79.2-д ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна, 79.5.2-д 11-15 жилд ажлын 5 өдөр-ийн нэмэгдэл олгоно гэж заажээ.
Хавтаст хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, түүний баталгаажилтын хуудсаар нэхэмжлэгч нь нийт 13 жил ажилласан болох нь тогтоогдож байх тул амралтын хоногийг 20 хоногоор тооцов.
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд ажилтны ээлжийн амралт, түүний хугацааг зохицуулсан ба ажилтан жил бүр амрах эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн амралтын цалинг тооцохдоо Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалын хавсралт Ээлжийн амралтын олговор тооцох журам-д зааснаар тооцож, амралтын олговорт 371 240 төгрөгийн олговрыг олгож шийдвэрлэв. Үүнд: Нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэл нийт 6 сар ажилласан. Дундаж цалин нь 767 236 төгрөг байна. /4 603 420:6 сар=767 236 төгрөг/,
Нийт амрах хоног: 20 хоног х12 сар=1.66 хоног
Нийт ажилласан 6 сар х1,66=10 хоног /6 сар ажилласан хугацааны амрах хоног/
Дундаж цалин 767 236 х 6 сар =4 603 416 төгрөг
4 603 416:124 хоног /6 сард нийт ажилласан хоног/ =37 124 төгрөг /1 хоногийн цалин/
10 хоног х 37 124=371 240 төгрөг /10 хоногийн амралтын цалин/
Гурав. Хагас, бүтэн сайнаар ажилласан илүү цагийн хөлс болох 1 302 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс ... Анх ажилд орсоноос хойш илүү цагийн хөлсийг олгох тухай менежер Д.Уртнасанд хэлдэг байсан гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс манай компани тогоо болон хэв цутгагч дээр ажилладаг ажилтнууддаа сард 50 000 төгрөгийг нэмж цалин дээр нь олгодог гэж маргана.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байсан тул хагас, бүтэн сайнд ажилласан илүү цагийн хөлсийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр илүү цагийн хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгддөг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид 69 530 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Баяннексус ХК-иас нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 3 040 034 /гурван сая дөчин мянга гучин дөрвөн/ төгрөг, амралтын олговорт 371 240 /гурван зуун далан нэгэн мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Э олгож, үлдэх 1 560 726 /нэг сая таван зуун жаран мянга долоон зуун хорин зургаан/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 69 530 /жаран есөн мянга таван зуун гучин/ төгрөг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА