| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэний Алдар |
| Хэргийн индекс | 105/2024/0523/Э/220/2024/1016 |
| Дугаар | 2024/ШЦТ/966 |
| Огноо | 2024-09-06 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/966
g
2024 09 06 2024/ШЦТ/966
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
улсын яллагч Б.Мөнхтулга,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжин түүний өмгөөлөгч Л.Батжав
шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г овогт А.Д холбогдох “2306000002243” дугаартай 2 хавтаст хэргийг шүүх 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 0... дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй дээд боловсролтой, Сэтгэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун урт сум, Дэнжийн 10-01 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ...... регистрийн дугаартай.
Г. овогт А. Д.н
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч А.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Р." нэртэй рестораны гадна хохирогч Г.Д. хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, зодсоны улмаас биед нь тархины баруун тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доторх цусан хураа, аалзан хальсан доорх цус тархмал цус харвалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар :
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд: Шүүгдэгч Г. овогт А. Д. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Р." нэртэй рестораны гадна хохирогч Г.Д. эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
1. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 34-35 дахь тал) гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал) зэрэг нотлох баримтаар гэмт хэрэг гарсан газрын нөхцөл байдлыг сэргээн дүрсэлсэн байх бөгөөд энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгийг харьцуулан үнэлэхэд ач холбогдолтой болжээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э. нь Хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ.... Б.Э... "Би нөхөр Г.Д., түүний найз Д., Төрбилгүүний хамт 2023.05.13-ны үүрээр Д. машинаар хамт Улаанбаатар хотод ирсэн. Тэмцээн дуусч 2023 оны 05 дугаар сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн Хавдар судлалын төвийн автобусны буудлын тэнд байх "Р." лоунж пабт төгсөгчдийн хүлээн авалт хийсэн. Д. бид хоёр уг газарт 00 цаг өнгөрөөж очсон. Тэнд ямар нэг маргаан, зодоон цохион болоогүй. Тэнд 50-60 хүн байсан, ямар ч хэрүүл шуугиан болоогүй. Д. тэр газраас надад Тамхи татахаар түрүүлээд гарч бая" гэж явсан. Яг гарахыг нь би хараагүй. Би удалгүй араас гарах гээд явж байтал Дашдаваагийн ангийн Онон гэх охин "Хоёр Д. зодолдоод байна" гэж сандрангуй хэлсэн. Би гарч уг Р.зүүн талын хаалгаар гарч лоунжийн урд очсон. Хоёр байшингийн завсар очиход Д., Д. хоёр бие биенийгээ заамдаад зогсож байсан. Би салгах гэсэн чинь Д. намайг түлхэж унагаад би босоод д салгаад чирээд. Д. бас араас нь зууралдсаар явсаар уг "Р" лоунжийн зүүн талд машины зогсоол зам хоёрын зааг цементэн дээр ирсэн. Би уурлаад Дашцэрэнд "Чи битгий манай нөхрийг цохиорой гуйж байна шүү" гэж хэлсэн. Яагаад гэвэл Д. 2022 оны 06 сард моринд нүүр рүүгээ өшиглүүлж нүдний ухархайн, хамар, хацрын хагалгаанд орж имплант хийлгэсэн байдаг. Тэгээд Д. Танай нөхрийг чинь ална, намайг өмөөрөхгүй байсан" гээд Д.н нүүрэн хэсэгт баруун гараараа хүчтэй нэг удаа цохисон. Д. ухаан алдаж унасан. Би шоконд ороод яг яаж унасныг анзаараагүй, хүчтэй унах нь сонсогдсон. Тэгээд би Дашцэрэн рүү "Чи хүн алчихлаа шдээ" гээд чанга орилсон. Мөн би Б. Б. гэж хашгирсан. Энэ үед Дашцэрэн Би цохиогүй" гээд байсан. Маргад хамт яг цохихыг нь харсан тул "Чи цохисон" гэж хэлэхэд Маргадтай хэрэлдээд цохих гээд дайраад байсан. Би ойртоогүй айгаад биед нь хүрээгүй зогсож байсан... Төрбилгүүн шууд ирээд "Хиймэл амьсгал хийсэн. Бэку "Түргэн дуудаарай битгий хөдөлгөөрэй" гээд хажууд нь байсан, тэгтэл Дашцэрэн буцаж ирээд "Наадах чинь жүжиглэж байгаа юм" гээд Дашдавааг цээжнээс нь сэгсрээд байсан. Тэгсэн Беку "болиоч чи, хөдөлгөж болохгүй" гээд Дашцэрэнг түлхээд явуулсан. Бекүг хиймэл амьсгал хийхэд Дашдаваа сэргэж босч ирээд Бекуг налаад ухаан алдсан ба Беку унагаагүй түшсэн.... Сүүлд хэд хоногийн дараа манай үеийн залуу Тамираа ГССҮТ дээр ирээд "Хэрэг болдог өдөр би Дашцэрэнтэй муудалцаад Д. салгасан" тэгээд Д. "намайг өмөөрсөнгүй" гээд Дашдаваа руу дайрсан юм байна лээ гэж хэлсэн... Хэрэг гарсан шөнө Дашдаваа гадуураа хар өнгийн савхин куртик, дотуураа зузаавтар цагаан өнгийн хоолойтой цамцтай 2012 он гэсэн подволка цамцныхаа гадуур өмссөн байсан. Би гадуураа ногоон өнгийн пиджактай байсан. Дашцэрэн гадуураа, бор өнгийн хантаазтай, дотуураа цагаан шаргал өнгийн юүдэнтэй цамцтай байсан...." гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 15-16 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э. өгсөн мэдүүлэгт’’…2023 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө бид нар хүлээн авалтад ороод тарж байсан байх. “Д. Тамираатай зодолдоод байна” гэж хэн нэг нь хэлэхэд би гарч харахад манай нөхөр тухайн зодооныг салгаж байхад нь би ч гэсэн “болиоч ээ” гэж хэлэхэд намайг Д. цааш түлхэхэд би нөхөртөө “одоо явцгаая” гэж хэлж такси барих гээд замын хажууд зогсож байтал Д.н бид хоёр дээр ирж манай нөхөрт “чи намайг өмөөрсөнгүй” гэж хэлж цохиж зодсон. Манай нөхрийн сэтгэц нь өөрчлөгдсөн юм шиг байна лээ. Өмдөндөө бие засаж, янхан гичий гэж хэлж хоол өгсөнгүй гэж уурлаж, хоол идсэнээ санадаггүй. Бид хоёр 3 настай, 10 настай хүүхдүүдтэй. Би багш мэргэжилтэй. Нөхрөө гэртээ ганцааранг нь үлдээхдээ санаа зовдог тул камер суурилуулаад нөхрөө харахад хөнжлөө шатааж байсан. Бид нарт амьдрах амьдралын баталгаа байхгүй байна. Манай нөхрийн сэтгэц цаашдаа эдгэхгүй бол яах вэ, бид үүнийг эмчлэх бүхий л арга хэрэглэж байгаа. Миний хүүхдүүдийг харж хандах хүн байхгүй. Миний охин 10 настай. Надад “Аавыг харж хандах хүн байхгүй юм уу, би гадаа тогломоор байна” гэж хэлж уйлдаг. Бид маш их хохиролтой байна. Санхүүгийн маш их асуудалтай байгаа учраас хохирлоо гаргуулан авмаар байна гэж Дашцэрэнд удаа дараа хэлсэн. Миний нөхөр амьдралын хэвийн хэв маягтай болно гэсэн баталгаа алга гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Гэрч Ч.А..... "Шөнийн 02 цагийн үед манайх хаасан. Бид нар цэвэрлэгээ хийгээд ойролцоогоор 30 минутын дараа лоунжаас гарсан. Гарах үед тэр хүмүүс хэсэгт В1 караокены үүд, Цэцгэн буузны үүд хэсгээр бөөн бөөнөөрөө юм яриад зогсож байсан. Үүдний машины баруун урд талын зогсоолд амьжиргаа цагаан машиныг хажууд юүдэнтэй цайвар цамцтай залуу нэг залуугийн хамт зогсож байсан. Хаалгач ах болон зохион байгуулагчийн хамт замаар хөндлөн гарахаар алхсан. Тэр үед амьжиргаа цагаан машины цаана цайвар юүдэнтэй цамцтай залуу дээшээ хараад ухаан алдсан маягийн хэвтсэн, ногоон пиджактай махлаг эмэгтэй "Түргэн дуудаарай, хүн үхчихлээ" гээд орилоод байж байсан. Бид нар тэнд ангийнхан нь олон хүн байсан тул замаар хөндлөн гарч орлогоо тушаахаар R. руу явсан.." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32-33 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Гэрч Ц.М. ".. Намайг гарах үед Д., Д. нар уг "Р.." лоунжийн зүүн талд буюу төв зам дагуух автомашины зогсоолын зүүн урд хэсэгт хоорондоо маргалдаж байсан. Тухайн үед Д.н эхнэр Э.болиулахыг оролдож, "битгий муудалц" гэж хэлж байсан. Би Д., Д. хоёр дээр очиж юу болоод байгааг ажиглаад Д., Д. руу агсраад байхаар нь “боль” гэх шаардлага тавьсан. Д. над руу “Маргадаа чи бол барахгүй шүү” гэсэн утгатай зүйл ярьсан. Энэ үед тэр хоёр салсан байсан. Тэгээд Д. намайг гараараа холдуулаад Д. зууралдсан. Би энэ үед Д. ард гарсан байсан. Д. нь уг "Р." нэртэй лоунжийн автомашины төв зам дагуух зогсоол дээр Д. нүүрэн тус газар нь баруун гараараа маш хүчтэй нэг удаа цохиж унагасан. Тэр үед Д. дагзаараа савж асфальтан дээр унасан. Унаад сэрээгүй. Би “Хүн алчихлаа шдээ түргэн дуудаачээ” гээд тэр хавьд байсан хүмүүсийг сонстол чанга дуугаар орилсон. Энхжин тухайн үед уйлаад мөн " хүн алчихлаа шдээ, сэрэхгүй байна шдээ" гээд орилоод уйлж байсан. /хх-ийн 22-23 хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Гэрч Б.Т. "2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн 2004 оноос 2012 оны төгсөгчдийн хоорондох спортын 2 төрөлт тэмцээн Спортын ордонд болсон юмаа. Тухайн тэмцээн нь нэг үеэс эрэгтэй эмэгтэй нэг баг оролцсон ба би сагсан бөмбөгийн тэмцээнд нь орж алтан медаль авсан. Уг тэмцээн нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дуусаж 2012 оны төгсөлтийнхөн R.нэртэй газарт орж баяраа тэмдэглэсэн. Тухайн үед 2012 оны өөр өөр анги сургуулийн төгсөгчид нийлээд 30 гаруй хүмүүс уулзсан. R.-ын Lounge-д архи согтууруулах ундаа хэрэглэж, түүний доор байрлах караоке руу орцгоосон. Тухайн үйл ажиллагаа өндөрлөх тал руугаа хандаж байсан ба цаг ойролцоогоор 03:00 цаг орчим болж байсан байхаа. Ерөнхийдөө хүмүүс караокеноос гарчихсан тамхи татах нь татаад, явах нь яваад, хоорондоо юм ярих нь гадаа яриад зогсож байсан. Гэрэлчимэгтэй уг R -ын гадаа юм яриад зогсож байтал, эмэгтэй хүн "Чи хүн алчихлаа" гээд орилох шиг болсон тэгэхээр нь би сандраад юу болсон юм бол гэж бодоод хартал R -ын хажууханд Д газарт унасан байдалтай хажууд нь Дн, Д эхнэр Э орилоод зогсож байсан. Тухайн үед орилсон газар руу харахад Д, Дашцэрэн, Э нар л зогсож байсан. Тэгэхээр нь би энэ гурав дээр очтол хүмүүс шавалдаж мөн адил очсон ба, Д ухаангүй газарт хэвтчихсэн, Э хажууд нь уйлаад түргэн дууд мөн Д хандаж чи хүн алчихлаа шдээ гээд хэлж байсан. Тэгээд түргэн ирж Д авч яваад уг үйл ажиллагаа өндөрлөсөн." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 124 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Гэрч Б.Д".. Намайг очиход тус газарт Дашдаваа газар уначихсан, манай үеийн олон төгсөгч нар тухайн газрын хажууханд хэсэг газарт бөөгнөрчихсөн зогсож байсан. Тухайн үед Д "чи яагаад найз Д өвчтэй гэдгийг нь мэдсээр байж цохиж байгаа юм бэ" гээд асуухад хариулж чадахааргүй согтуу байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд Д аваад явахаар нь Эн, Д, Д болон дахиад нэг хүнийг нь санахгүй байна бид нар араас нь таксинд суугаад гэмтлийн эмнэлэг рүү явж байх замдаа буюу Их дэлгүүр хавьцаа Да дахин чи Д өвчтэй гэдгийг мэдсээр байж цохиж газар унагаадаг нь яаж байгаа юм бэ гээд бид хоёр хоорондоо маргалдаж муудсан бөгөөд Д нь надтай маргалдаж муудсан уураа таксины жолоочид гаргахдаа машин явж байхад жолоочийг араас нь боосон тэгэхэд таксины жолооч зогсоод Д машинаасаа буулгаад бид нар цаашаа явцгаасан." гэсэн мэдүүлэг, /2 дугаар хх-ийн 35 дугаар хуудас/
Дээр дурдсан гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, нарын мэдүүлгүүд шинжлэн судлагдсан бөгөөд эдгээр мэдүүлгийн агуулгаас үзхэд, мэдүүлгүүд үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, цаг хугацааны хувьд тохирсон буюу үнэн зөв хэмээн үнэлэхээр байгааг харж болохоор байна.
3. Шүүгдэгч А.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Д биед учруулсан гэмтлийг, бүхэлд нь зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн болно. Хэн боловч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй. Иймд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч дангаар нь яллах үндэслэл болохгүй. Харин хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн бусад нотлох баримтаар батлагдаж байгаа тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжтой.
Мөндөн байцаалтын үед А.Д нь яллагдагчаар татагдсаны дараа буюу 2023 оны 07 дугаар сарын 03 -ны өдөр өмгөөлөгч П.Эрхэмбаярыг оролцуулан “ ... Би ер нь архи согтууруулах ундаа хүргэлдэггүй юмаа. Тухайн үед төгсөлтийн найз нараа хараад сэтгэл хөөрөөд Royal lounge нэртэй газарт нэг ширээн дээр 7 уулаа суугаад том савлагаатай архи, би 2 шил шар айраг хувааж уусан. Би архи согтууруулах ундаа хэргэлдэггүй учир ямар савалганатай ямар нэртэй архи гэдгийг нь ч мэдэхгүй. Нэг мэдсэн тухайн газар нь хаах болсон байсан ба би Сараатай одоо хаана гэж байна шдээ өөр газар руу орох юм уу гэж юм ярьж байгаад цаашаагаа юу болсон талаар санахгүй байна. Нэг сэргэсэн өглөө их дэлгүүрийн ойролцоо ганцаараа хэвтэж байсан... гэх мэдүүлэг, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д нь гэм буруу дээр маргаагүй ба өөрийн үйлдлээс болж хохирогчид хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн нь бусад гэрч нарын мэдүүлгээр батлагдаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6766 дугаартай...Г.Д биед тархины баруун тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус тархмал цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.." гэсэн дүгнэлт, /хх-ийн 41-43 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 233 дугаартай шинжээчийн "..Г овогтой Д сэтгэцэд DS: F07.8 тархины өвчин, гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэгүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн тавдугаар зэрэглэлд хамаарна. Үзлэгийн явцад хэрэг нэмэлт ач холбогдол бүхий зүйл илрээгүй." гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 40-43 дугаар хуудас/
Шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогч Г.Д биед хүнд гэмтэл учирсан нь нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1хх-ийн 5 дугаар хуудас/
Гэрч Н.Дмэдүүлэг / 1хх-ийн 25 дугаар хуудас/
Гэрч З.Б мэдүүлэг / 1хх-ийн 27-28 дугаар хуудас/
Гэрч С.Б мэдүүлэг / 1хх-ийн 30 дугаар хуудас/
Гэрч Б.Т мэдүүлэг / 1хх-ийн 124 дугаар хуудас/
Гэрч Э.Д мэдүүлэг / 2 хх-ийн 25 дугаар хуудас/
Гэрч Б.Тмэдүүлэг / 2 хх-ийн 30 дугаар хуудас/
Гэрч Б.Д мэдүүлэг / 2 хх-ийн 35 дугаар хуудас/
Гэрч Д.О мэдүүлэг / 2 хх-ийн 38-39 дүгээр хуудас/
Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үнэлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч П.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э нь Тр, Д 2 маргалдаад зогсож байсан гэх, О нь хоёр дашка муудалцаад зогсож байна гэх мэдүүлгүүд наад захын зөрүүтэй хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, энд зогсож байгаа шүүгдэгч нь хүн ёс найзыгаа бодоод олдохгүй бол би өөрөө гэм бурууг нь хүлээгээд холбогдох хохирлын барагдуулъя гээл зогсож байгаа гэх агуулга бүхий тайлбар хэлж мэтгэлцсэн нь дээр дурдсан Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжингийн мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр, үгүйсгэгдэж байх тул миний үйлчлүүлэгч найзыгаа бодоод өөрийгөө гэм буруутай гэж үзэж байгаа гэх агуулга бүхий дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юмаа.
1.3 оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Шүүгдэгч Г овогт А. Д. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Р" нэртэй рестораны гадна хохирогч Г.Д цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, иргэн Г.Д эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Шүүгдэгч А.Д нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хохирогч Г.Д эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Шүүгдэгч А.Д тус зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5 гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “....Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э баримтаар нэхэмжилсэн 10.946.020 төгрөгөөс шүүгдэгч А.Д нь 12.737.380 төгрөг төлж барагдуулсан нь баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 233 дугаартай шинжээчийн "..Ганбат овогтой Дашдаваагийн сэтгэцэд DS: F07.8 тархины өвчин, гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэгүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн тавдугаар зэрэглэлд хамаарч байгаа тул шинжээчийн дүгнэлтэд заасан зэрэглэлээр сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилсэн ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн гарсан иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэсэн тайлбарыг хүлээн авч шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийг шууд хэрэгсэхгүй болгох боломжгүй ба хэлэлцэхгүй орхиж жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6.1-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж зааснаас үзвэл хууль хэрэглээний хувьд 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарахаар байна. Хэдий тийм ч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй байгаа учир хэлэлцээгүй орхиж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: Шүүхээс шүүгдэгч Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Дашцэрэн нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн хувийн байдал мэдүүлгээс үзэхэд Д нь чин сэтгэлээсээ гэмшиж гэм уруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь огт харагдсангүй гэж үзэж байна. Харин хуулийн хүрээнд яавал хөнгөн ял авах вэ, яавал хохирол төлбөр төлөхгүй, чөлөөлөгдөх вэ гэсэн бодолтой байгаа юм байна. Гэм буруугаа өөрийн итгэл үнэмшлээрээ ойлгож, ухамсарлаагүй хүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж болохгүй гэж бодож байна. Эрүүгийн хуулийн бодлого ч гэсэн яг л ийм байгаа шүү дээ. Миний зүгээс улсын яллагчаас санал болгосон 4 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч нь цаашид найздаа тусална гэж байгаа боловч хэрэг гарснаас хойш 4 удаа л уулзсан байна. Миний бие үйлчлүүлэгчтэйгээ 3 удаа очиж уулзсан. Хүнээр түшүүлж бие засаж, шуудхан хэлэхэд амьд үхдэл болсон шүү дээ. Шинжээчийн дүгнэлтэд авагдсанаар миний үйлчлүүлэгч сэтгэцийн өөрчлөлттэй болсон. Та үнэхээр л миний үйлчлүүлэгчийн жинхэнэ найз байсан бол сахиж, нэг жилийн хугацаанд 4 биш 40 удаа очиж болох байсан шүү дээ. Энэ гэмт хэрэгт зөвхөн хохирогчийн хохирол яригдаж байна. Бүр цаашлаад эхнэр, гэр бүл, үр хүүхдүүд, амьдралын баталгаа яригдана шүү дээ. Та үүнийг өмгөөлөгчөөсөө асуугаарай. Дахин хэлэхэд шүүгдэгч Дашцэрэн нь өөрийн гэм буруугаа хүлээж, гэмшээгүй, хохирол төлөхгүй байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд хэмжээ буюу 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгчид хуульд заасан хөнгөрүүлэн үзэх үндэслэлгүй байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн саналыг дэмжихгүй, хүлээн зөвшөөрөх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд мэтгэлцэх ёстой. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх гэсэн зорилготой байна. Цээрлүүлэх гэдэг нь тухайн этгээдийг тодорхой хэмжээний эдийн засгийн байдал буюу торгох, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх гэдэг нь хохирогчийн эмчилгээний зардал бусад эрх ашигтай холбоотой төлбөрийг барагдуулах, хохирлыг нөхөн төлүүлэх гэдэг нь шүүгдэгч нийгэмд ажил, тодорхой үйл ажиллагаа явуулсны үндсэнд эдгээр хохирол төлбөр төлөхтэй холбоотой зорилго биелэгдэх боломжтой гэж үзэж байгаа учраас хорих ялын санкц хэрэглэх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан үзэж бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Бид нарын зүгээс Солонгос улсын 3 эмнэлэг рүү өвчний түүх, баримтаа явуулсан боловч Д буцаж эрүүл болж чадахгүй гэсэн хариу өгсөн учраас хохирол төлбөрийг баримтаар нэхэмжилж чадахгүй байна. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэв.
Шүүгдэгч: Би энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Энхжин ээ би хэрвээ Дашдавааг ийм байдалд оруулсан бол намайг уучлаарай. Би та бүхэнд цаашид өөрийн чадах чинээгээрээ тусална. Өөр хэлэх зүйл алга гэв.
2.2 Эрүүгийн хариуцлага
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол” арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь торгох, эсхүл хорих ялын сонгох санкцтай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно, .. гэж хуульчилсан байна.
Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээсэн, баримтаар нэхэмжилсэн хохирлыг барагдуулсан боловч хор уршгийн шинж чанар арлаагүй, сэтгэцэд нь DS: F07.8 тархины өвчин, гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэгүүд илэрч байна гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ.
Иймээс Шүүхээс шүүгдэгч А.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Д нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г овогт А.Дн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дг 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497.1 дэх, 505 дугаар зүйлийн 505.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э баримтаар нэхэмжилсэн 10.946.020 төгрөгөөс шүүгдэгч А.Д нь 12.737.380 төгрөг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нар нь сэтгэцэд учирсан хохирол болон бусад эмчилгээний зардлаа гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч А.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛДАР