| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2024/1018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1028 |
| Огноо | 2024-11-20 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Г.Онон |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1028
2024 11 20 2024/ШЦТ/1028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, ..., Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч Г.Онон,
шүүгдэгч Д.Г., түүний өмгөөлөгч С.Энхбат нар оролцсон эрүүгийн 2402004950271 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б. овогт Д.ийн Г.
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн бүртгэгчээр ажиллаж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г. нь ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн бүртгэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээд болох ...-оос 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст “Монгол Улсын хилээр худал мэдээлэл агуулсан баримт бичиг ашиглан гарах” зорилгоор иргэн А.Э. /.../-ын иргэний бүртгэл мэдээллийг ашиглан гадаад паспорт гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн авч хянахдаа иргэн А.Э. нь биечлэн ирж хүсэлт гарган бүртгүүлээгүй, хурууны хээгээ уншуулаагүй байхад Б-д Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх давуу байдал бий болгох зорилгоор улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд худал мэдээлэл оруулж, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б-д түүний фото зурагтай А.Э.ын мэдээлэлтэй ... дугаартай худал мэдээлэл бүхий үндэсний энгийн гадаад паспорт олгосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Г. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 2402004950271 дугаартай хэргээс:
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 6/8774 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 4/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2788 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 5-8/,
Гэрч А.Мөнхцэцэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 12-13/,
Гэрч Б.Э.ийн мэдүүлэг /1-р хх-ийн 15-16/,
Гэрч М.Алтанбуянгийн мэдүүлэг /1-р хх-ийн 28/,
Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт бүртгэлд бүртгүүлэх хүсэлт /1-р хх-ийн 35-41/,
2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 30-34/,
Д.Г.ийн ажилд томилсон, халсан тушаал, албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 42-52/,
... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Д.Г.ийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас иргэн Б.-д., А.Э. нарын мэдээллийг хайлт хийсэн бүртгэл /1-р хх-ийн 53-55/,
Иргэн А.Э.ын “Оюуны хүнд хомсдолтой”-г нотлох тодорхойлолт, албан бичиг, даатгуулагч иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1-р хх-ийн 25-26/,
“Хаан” банкны дансны хуулгуудад үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 187-188/,
... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1089 дугаартай захирамж /1-р хх-ийн 243-245/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Д.Г. нь ... дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн бүртгэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээд болох Б.-оос 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст “Монгол Улсын хилээр худал мэдээлэл агуулсан баримт бичиг ашиглан гарах” зорилгоор иргэн А.Э. /.../-ын иргэний бүртгэл мэдээллийг ашиглан гадаад паспорт гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн авч хянахдаа иргэн А.Э. нь биечлэн ирж хүсэлт гарган бүртгүүлээгүй, хурууны хээгээ уншуулаагүй байхад Б.-д Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх давуу байдал бий болгох зорилгоор улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд худал мэдээлэл оруулж, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр А.-д түүний фото зурагтай А.Э.ын мэдээлэлтэй ... дугаартай худал мэдээлэл бүхий үндэсний энгийн гадаад паспорт олгосон болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 6/8774 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр А.Э.ын мэдээллээр үндэсний гадаад паспортын бүртгэлд бүртгэж ... дугаартай үндэсний гадаад паспорт хэвлэгдсэнтэй холбоотой асуудлаар хяналт шалгалт хийсэн.
Энэхүү хяналт шалгалтны хүрээнд иргэн А.Э.ын мэдээллээр иргэн Б.Б-ийн зургаар хэвлэгдсэн ... дугаартай хуурамч үндэсний гадаад паспортын бүртгэлийг хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 2788 дугаартай дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.
Дээрх иргэний мэдээллээр хуурамч үндэсний гадаад паспортын бүртгэл бүртгэсэн нь Эрүүгийн хуульд заасан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг шалгаж, хариу ирүүлнэ үү.” гэх албан бичиг /1-р хх-ийн 4/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2788 дугаартай “...Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд ... регистрын дугаараар ... овогт ... Э. бүртгэлтэй байх бөгөөд үндэсний гадаад паспортын бүртгэлийг Нийслэлийн ... дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Д.Г. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч бүртгэж, тус тасгийн улсын ахлах бүртгэгч Б.Э. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр баталгаажуулсан байх бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ... дугаартай үндэсний гадаад паспорт хэвлэгдсэн байна.
Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн ... дугаартай үндэсний гадаад паспортын бүртгэлийг гэмтээсэн шалтгаанаар 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэгч Д.Г. хүчингүй болгосон байна.
Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд А.Э.ын ... дугаартай үндэсний гадаад паспортын бүртгэлийн зураг Улсын бүртгэлийн нэгдсэн архивын Иргэний баримтын архивт буй А.Э.ын эх нотлох баримт бичиг дэх зургаас зөрүүтэй байна.
Улсын бүртгэлийн нэгдсэн архивын цахим мэдээллийн санд А.Э.ын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үндэсний гадаад паспортын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт авагдсан байх бөгөөд мэдүүлэгчийн болон улсын бүртгэгчийн гарын үсэг зурагдсан байна.
А.Э.ын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн үндэсний гадаад паспортын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт болон цээж зураг бүхий баримтыг Улсын бүртгэлийн нэгдсэн архивын Иргэний баримтын архивын эх нотлох баримт бичигтэй тулган шалгахад ... регистрын дугаартай ... овогт ... ...-ийн баримт бичиг дэх зурагтай тохирч байна.
Мөн А.Э. /.../-ын мэдээллээр Б-д /.../-ийн зургаар 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэсэн үндэсний гадаад паспортын бүртгэлтэй холбоотой Нийслэлийн ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Д.Г.ийн логийн бүртгэлийн мэдээллийг шалгахад А.Э.ын ... регистрын дугаараар 2024 оны 04 дүгээр сарын 03, 09, 10, 12, 15-ны өдөр, Б.-ийн ... регистрын дугаараар 2024 оны 02 дугаар сарын 15, 16, 27-ны өдөр, 04 дүгээр сарын 01, 03-ны өдрүүдэд иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд тус тус хайлт хийсэн байна.
Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд улсын бүртгэгч Д.Г. нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үндэсний гадаад паспортын бүртгэлийг бүртгэхдээ иргэн А.Э.ын ... регистрын дугаараар дуудаж бүртгэсэн байх бөгөөд үндэсний гадаад паспортын бүртгэлийн засах хэсгээс хурууны хээгээр бүртгэсэн гэсэн төлөвтэй болгож өөрчилсөн байна.
Улсын бүртгэгч Д.Г. тус газарт гаргасан тайлбартаа “Миний бие нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ...-ийн Э.ын гадаад паспортын бүртгэлийг бүртгэсэн бөгөөд уг бүртгэл нь шал өөр хүний зургаар бүртгэгдсэн. Энэ нь миний буруу. Би өөрөө зураг тулгалт сайн хийдэггүй, регистрын дугаарыг копидож тавих тохиолдол байдаг, хурууны хээ уншигчаар бүртгэл хийх ёстой. Манай ахлах Б.Э. энэ талаар байнга шаардлага тавьдаг. Уг гадаад паспортыг 4 дүгээр сарын 12-ны өдөр гэмтээсэн гэж хүчингүй болгосон. Уг нь хяналтын байцаагчийн шийдвэрийг харж хүчингүй болгох ёстой байтал хүчингүй болгосон нь миний буруу.” гэсэн байна.
Иргэний улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Б.Э. тус газарт гаргасан тайлбартаа “...Мөн хэвлэгдсэн гадаад паспортыг иргэнд олгоход бүртгэл хөтөлдөг бүртгэлийн дэвтрийг шүүхэд иргэнд олгосон талаар бүртгэл байхгүй байна.” гэсэн байна.
Дээрх улсын бүртгэгч нар нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:”, мөн зүйлийн 4.1.4 дэх заалтад “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, мөн зүйлийн 4.1.5 дахь заалтад “нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:” гэж, мөн зүйлийн 19.4.3 дахь заалтад “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Иймд хууль зөрчиж хуурамчаар А.Э. /.../-ын мэдээллээр Б.-д /.../-ийн зургаар 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэсэн ... дугаартай үндэсний гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 5-7/,
Гэрч А.М-ийн өгсөн “...Би Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт хяналтын улсын ахлах байцаагчаар ажилладаг юм. Миний ажлын чиг үүрэг нь иргэд болон хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтад тулгуурлан хяналт шалгалтын ажиллагаа явуулж холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага тооцох саналыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад бичгээр хүргүүлдэг. Харин гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдох юм бол холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлдэг юм. 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас А3/8209 дугаартай хамтран ажиллах тухай албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт ирүүлсэн юм. Улмаар тухайн албан бичиг нь чиг үүргийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт хуваарилагдаж, газрын даргын цохолтоор надад ирсэн юм. Тухайн албан бичигт ... овогтой Б-д нь шүүхийн шатнаас оргон зайлж, Өмнөговь аймгийн харьяат хөгжлийн бэрхшээлтэй иргэн ... овогтой Э.ын нэр дээр ... дугаартай гадаад паспортыг хуурамчаар гаргуулан авсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул энэхүү гадаад паспортыг хүчингүй болгож, хариу мэдэгдэж, хамтран ажиллах талаар дурдсан байсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр А.Э.ын мэдээллээр үндэсний гадаад паспортын бүртгэлд бүртгэж ... дугаартай үндэсний гадаад паспорт хэвлэгдсэнтэй холбоотойгоор нотлох баримтуудыг хянаж үзэхэд Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд ... регистрын дугаараар ... овогт ... Э. бүртгэлтэй байсан бөгөөд Үндэсний гадаад паспортын бүртгэлийг Нийслэлийн ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Д.Г. нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр холбогдох материалыг хүлээн авч бүртгэж, тус тасгийн улсын ахлах бүртгэгч Б.Э. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр баталгаажуулсан байсан. Улмаар 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ... дугаартай үндэсний гадаад паспорт хэвлэгдсэн байсан. Мөн Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг шалгахад 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Г. нь дээрх ... дугаартай гадаад паспортыг хүчингүй төлөвтэй болгосон байсныг би хяналт шалгалтын явцад илрүүлэн тухайн улсын бүртгэлийг тэр чигт нь хүчингүй болгох дүгнэлт үйлдсэн. Нийслэлийн ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Г. нь А.Э. гэх хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл дээр цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан Б.Б-ийн гэрэл зургийг бүртгэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.4 “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5 “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, мөн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 19.4.3 дэх хэсэгт “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэсэн заалтуудыг зөрчиж бүртгэл хөтөлсөн байсан. Улмаар хууль зөрчиж бүртгэл хөтөлсөн ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Б.Э., улсын бүртгэгч Д.Г. нарт хариуцлага тооцох саналыг шийдвэрлүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн. Би хяналт шалгалтын явцад Нийслэлийн ... дүүргийн Улсын бүртгэлий хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Д.Г.ийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас дээрх А.Э., Б. нарыг хэзээ хэзээ хайлт хийсэн талаарх логийн бүртгэлийг шалгасан. Энэхүү шалгалтаар улсын бүртгэгч Д.Г. нь:
- Б.Б-ийн ... дугаарын регистрын дугаараар 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг 18 минут, 19 минут, 29 минут, 33 минут, мөн өдрийн 16 цаг 46 минут,
- 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 52 минутад, мөн өдрийн 14 цаг 38 минут,
- 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 37 минут,
- 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цаг 28 минут,
- 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цаг 26 минут, 30 минут, 32 минутад тус тус нэвтэрсэн байсан.
Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэн А.Э.ын мэдээлэл рүү 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цаг 50 минут, 56 минут, мөн өдрийн 19 цаг 03 минут, мөн өдрийн 20 цаг 06 минут, 08 минут, 19 минут, 28 минут, 31 минут, 33 минутад,
- 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 12 минут, 49 минут, мөн өдрийн 17 цаг 30 минут, 31 минут,
- 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 32 минут, мөн өдрийн 12 цаг 06 минут, 28 минут, 29 минут, мөн өдрийн 13 цаг 36 минут, 16 цаг 24 минут,
- 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цаг 29 минут, мөн өдрийн 15 цаг 40 минут, 16 цаг 17 минут, 17 цаг 02 минут, 07 минутад,
- 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08 цаг 01 минутад тус тус хайлт хийсэн байсан. Дээрх логийн бүртгэлүүд зөвхөн иргэний регистрын дугаарын мэдээллээр хайлт хийсэн бүртгэл болно. Харин бүртгэлийн логийн хувьд ... регистрын дугаартай А.Э.ын мэдээллээр 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цаг 51 минутад регистрын дугаараар үндэсний гадаад паспортын бүртгэл хөтөлж, мөн өдрийн 11 цаг 57 минутад дээрх бүртгэлд засвар оруулж, хурууны хээ төлөвтэй болгосон байсан. Энэ нь улсын бүртгэгч Д.Г. нь санаатайгаар бусдад давуу байдал бий болгох зорилгоор Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл хөтөлж, хурууны хээгээр бүртгүүлээгүй иргэнийг хурууны хээгээр бүртгүүлсэн мэтээр засвар оруулж бүртгэл хөтөлсөн байсан. Харин улсын ахлах бүртгэгч Б.Э. нь албан ажилдаа хайнга хандсан нөхцөл байдал тогтоогдсон. Мөн сонсох ажиллагааны явцад Д.Г. болон Б.Э. нар нь өөрсдийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар Б.Э.эд сахилгын шийтгэл, улсын бүртгэгч Д.Г.ийг ажлаас халахаар шийдвэрлэсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-13/,
Гэрч Б.Э.ийн өгсөн “...... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Д.Г. нь тухайн иргэний бүртгэлийг цахим мэдээллийн санд бүртгэхдээ хурууны хээний бүртгэлээр бүртгэсэн байсан. Миний тухайн өдөр харсан мэдүүлгийн хуудсан дээр тухайн иргэний гарын үсэг зурагдсан, мөн улсын бүртгэгч Д.Г. тэмдгээ дарж баталгаажуулсан байсан. Тухайн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор цахим мэдээллийн санд сонгуулийн хэсэг, оноолтыг хийх маш их ажилтай ажлын өдрүүд өрнөж байсан. Тухайн үед ажлын ачаалал маш ихтэй сонгуулийн хэсэг, оноолтыг хийхийн хажуугаар улсын бүртгэгч нарын бүртгэсэн бүртгэлийг баталгаажуулдаг байсан. Тухайн өдөр намайг ажил ихтэй, ажлын ачаалал ихтэйг мэдсээр байж улсын бүртгэгч Д.Г. тухайн хууль бус бүртгэлийг зориуд бүртгэсэн байсан. Үндэсний гадаад паспорт бүртгэх журамд улсын бүртгэлийг иргэний хурууны хээг уншуулж бүртгэх гэсэн заалттай. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас өгсөн чиглэлд эзэнгүй бүртгэл хийхгүй байх, хурууны хээг уншуулах зэрэг чиглэлийг байнга өгдөг. Улсын бүртгэлийг “хурууны хээний бүртгэл” гэсэн сонголтоор бүртгэсэн байвал тухайн иргэн өөрийн биеэр ирсэн гэж үзээд баталгаажуулалтыг хийдэг. Харин регистрын дугаараар бүртгэсэн байвал тухайн иргэн ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй /итгэмжлэлээр/, өөрийн биеэр ирсэн боловч хурууны хээ уншихгүй байгаа тохиолдолд бүртгэдэг. Ийм бүртгэлийг тухайн иргэний өөрийн гараар тайлбар бичүүлж, гарын үсэг зуруулж авдаг юм. Харин улсын бүртгэгч Д.Г.ийн хувьд тухайн А.Э.ын бүртгэлийг бүртгэхдээ өөрийн биеэр ирээгүй байхад нь цахим мэдээллийн санд регистрын дугаараар бүртгэж оруулаад, засварлах гэсэн цэс рүү орж, хурууны хээний төлөвт гар аргаар санаатай шилжүүлсэн байсан. Улмаар улсын ахлах бүртгэгч баталгаажуулахад тухайн бүртгэл хурууны хээний төлөвтэй байсан учраас тухайн иргэн өөрийн биеэр ирсэн юм байна гэж үзээд баталгаажуулалтыг хийсэн. Дээрх улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэл хөтөлсний дараа төлөв өөрчлөх боломжтой гэдгийг би саяхан дотоод хяналт шалгалтын явцад мэдсэн. Уг засварлах сонголтоор төлөв өөрчилдөг гэдгийг би болон манай бусад улсын бүртгэгч нар, хяналтын улсын байцаагч хүртэл мэддэггүй буюу системийн алдаа байсан. Үүнийг улсын бүртгэгч Д.Г. цахим мэдээллийн санг ухаж, оролдож үзээд бүртгэсэн мэдээллийг засварлаж болдог тухай ойлголт аваад санаатайгаар төлөвийг засварласан байна гэж үзэж байгаа. Би хяналт шалгалтын явцад улсын бүртгэгч Д.Г. нь Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 18 удаа Б.-д, А.Э. нарын мэдээллийг 1 минутын хугацаатай харьцуулж шалгаж байсан нь тогтоогдсон. Энэхүү үйлдэл нь ажлын цаг дууссан үед буюу 20 цаг 30 минутад хайлж хийж үзсэн нь цахим мэдээллийн сангийн логийн мэдээллээр тогтоодсон. Мөн би энэ асуудлаар 2024 оны 06 дугаар сарын сүүлээр Д.Г.тэй уулзаж тодруулга авахад би хүнийг нь танихгүй, би эзэнгүй материал авдаггүй, энэ материалыг А.Э. өөрөө ирж бүртгүүлсэн гэж хэлсэн. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тухайн гадаад паспортын бүртгэлийг Д.Г. “гэмтээсэн” гэх шалтгаанаар төлөвийг сонгож хүчингүй болгосон байсан. Энэ талаар тодруулахад Д.Г. “гадаад паспортоо хаясан, гээсэн иргэн болгоныг орж ирэхэд нь би хүчингүй болгодог” гэж надад хэлсэн. Энэ нь тухайн иргэн гадаад паспорт авах хүсэлт гаргасан тохиолдолд өмнөх гадаад паспортыг цахим мэдээллийн санд хүчингүй төлөвт шилжүүлдэг. Үүнийг зөвхөн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу торгууль оногдуулсны үндсэн дээр хүчингүй болгодог юм. Мөн нэмж хэлэхэд тухайн ... дугаартай гадаад паспортыг иргэн өөрийн биеэр хүлээн авсан талаар олголтын дэвтэрт бүртгэл байгаагүй. Мөн цахим мэдээллийн санд олгосон бүртгэл байхгүй байсан. Энэ байдлаас үзэхэд Д.Г. хэвлэгдсэн гадаад паспортууд дотроос тухайн ... дугаартай гадаад паспортыг өөрөө авсан гэж үзэж байна. Хэвлэгдсэн гадаад паспортыг байршуулсан шүүгээнд хяналт шалгалтын явцад буюу 2024 оны 06 дугаар сард шалгаж үзэхэд тус ... дугаартай паспорт байгаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16/,
Гэрч М.А.-ийн өгсөн “...Би 1960 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 1981-1996 онд Өмнөговь аймгийн Эрчим хүчний үйлдвэрт суурин дизелийн засварчнаар 16 жил ажилласан. Тэрнээс хойш гэртээ хүүхдүүдээ харж амьдарсан. Би ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Миний хүү болох А.Э. нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд ээж, аавынхаа хяналтад хамт амьдардаг. Би ам бүл гурвуулаа бөгөөд эхнэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүү А.Э.ын хамт амьдардаг. Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 21 дүгээр байрны 2-16 тоотод оршин суудаг. А.Э. бол миний төрсөн хүүхэд бөгөөд одоо хөгжлийн бэрхшээлтэй ба эхнэр бид хоёртой хамт амьдардаг. Харин тэр Б.-д. гэж хүнийг хэзээ ч хараагүй, огт танихгүй. А.Э. нь ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн. Төрснөөсөө хойш бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Тэгээд эмнэлгээс гараад гэрээр эмчилгээ хийлгэж эхлээд одоог хүртэл гэртээ хяналтад байдаг ба хүнтэй ярихгүй, гэрээс ч гарахгүй, гэртээ л байж байдаг хүүхэд байгаа юм. А.Э.ыг эмч надад хэлэхдээ төрөлхийн хөгжлийн бэрхшээлийн өвчтэй гэж хэлсэн. Миний хүү А.Э. ямар ч гадаад паспорт огт захиалж байгаагүй. Би хүүхдээ өөрөө гэрээсээ дагуулж салхинд гараад буцаагаад өөрөө оруулж ирдэг. Хэрэв А.Э. нь гэрээсээ ганцаараа гарвал төөрчихдөг хүүхэд байгаа юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28/,
Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт /1-р хх-ийн 9/,
2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн сонсох ажиллагааны “...Миний буруу...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 39/,
2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн сонсох ажиллагааны “...А.М.: Б.Э. ахлах 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үдээс хойш нь баталгаажуулсан байдаг. Д.Г. бүртгэгч бүртгэхдээ регистрын дугаараар дуудаж, бүртгэлийг унагаагаад, бүртгэсэн төлөвөө программд засах гэдэг хэсгээр регистрын дугаар гэдгээ хурууны хээгээр гэдгээр нь баталгаажуулсан байдаг. Ахлах бүртгэгч баталгаажуулахдаа хурууны хээгээр гэдгээр нь баталгаажуулсан байдаг. Гэхдээ зургийг хянадаг программ дээр үеийнх шиг хангалттай зураг харж таних боломжтой программ байгаа. Би ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж, Б.Э., Д.Г. нарын компьютер дээр ажиллагаа хийхэд зургийг таньж баталгаажуулалт хийх боломжтой байсан.” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 32/,
Д.Г.ийн ажилд томилсон, халсан тушаал, албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 42-52/,
... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Д.Г.ийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас иргэн Б.-д., А.Э. нарын мэдээллийг хайлт хийсэн бүртгэл /1-р хх-ийн 53-55/,
Иргэн А.Э.ын “Оюуны хүнд хомсдолтой”-г нотлох тодорхойлолт, албан бичиг, даатгуулагч иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1-р хх-ийн 25-26/,
... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 1089 дугаартай захирамжийн хуулбар /1-р хх-ийн 243-245/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл Д.Г. нь ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа урьдаас төлөвлөж, ... регистрын дугаартай иргэн А.Э. нь өөрийн биеэр ирж, үндэсний гадаад паспорт захиалах хүсэлт гаргаагүй байхад 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн мэдээллийн санд А.Э.ын хувийн мэдээлэл дээр иргэн Б.-ийн гэрэл зургийг оруулан “регистрын дугаараар” гэсэн төлвөөр үндэсний гадаад паспорт захиалах хүсэлтийг бүртгэж, улмаар төлвийг даруй “хурууны хээгээр” гэсэн төлөвтэй болгон өөрчилж, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хэвлэгдсэн үндэсний гадаад паспортыг өөрөө авч, Б.-д өгсөн үйл баримт нь гэрч нарын мэдүүлэг, улсын байцаагчийн дүгнэлт, мэдээллийн санд хайлт хийсэн бүртгэл зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 221 дүгээр тогтоолын 18 дугаар хавсралтаар баталсан Албан тушаалын тодорхойлолтод “Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч: дэс түшмэл, ТЗ7” гэж,
Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолын “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт” гэсэн хавсралтад: Дэс түшмэл: ТЗ7: Засгийн газрын агентлагийн мэргэжилтэн” гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж,
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/207 дугаар “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 9.2-т “Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэл хөтлөхөд 16-аас дээш насны иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлд үндэслэнэ.” гэж,
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн энгийн гадаад паспорт ... авахдаа ... өөрийн биеэр бүртгүүлнэ” гэж,
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв, бодитой байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 19 дүгээр зүйлийн 19.4.3-т “нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 20 дугаар зүйлийн 20.1.2-т “өөрийн чиг үүрэгт хамааралгүй мэдээллийг цуглуулах, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авч үзэх, ашиглах, бусдад мэдээлэх”,
Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн Ажлын байрны тодорхойлолтод “Улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хөтөлж, иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, Д.Г. нийтийн албан тушаалтны хувьд түүнд хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрхийн актуудаар тодорхой улсын бүртгэлийн үйл ажиллагааг үнэн зөв, зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон байхад улсын бүртгэгчийн мэдээллийн санд нэвтрэх эрх хэмжээгээ урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад өөрийн зурагтай боловч өөр хүний мэдээлэл бүхий үндэсний гадаад паспорт эзэмшиж, улмаар Монгол Улсын хилээр гарах боломж бүхий давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон...”, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон...” гэх хуулийн шинжийг тус тус хангасан байна.
Хавтаст хэрэгт авагдсан мэдээллийн сангийн хайлтын бүртгэлээс үзвэл шүүгдэгч нь уг гэмт үйлдлээ урьдаас төлөвлөж байсан, иргэн А.Э.ын хувийн байдлын талаар тодорхой мэдээлэлтэй байсан, үндэсний гадаад паспорт захиалсан гэх иргэн хурууны хээгээ уншуулаагүй байхад мэдээллийн санд засвар оруулж, хуруугаа уншуулсан гэх төлөвт оруулснаар түүний үйл ажиллагааг хянах чиг үүрэг бүхий тасгийн даргыг төөрөгдүүлж, улмаар үндэсний гадаад паспорт хэвлэгдмэгц Монгол Улсын хилээр өөрийн баримт бичиг, эрхийн хүрээнд гарах эрх нь хуулиар хязгаарлагдсан этгээдэд давуу байдал олгосон гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэх бүрэн үндэслэл тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд уг гэмт хэргүүдийн улмаас бусдад эдийн хохирол учирсан, эсхүл гэмт этгээд хөрөнгөжсөн байхыг шаардахгүй.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Г.ийг:
- нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1,
-нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас бусдад эдийн хохирол учраагүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Д.Г.ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Г.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял, нэмэгдэл ялуудыг нэмж нэгтгэн нийт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, эдгээрийг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх саналтай байх бөгөөд нэмэгдэл ял дээр тусгайлсан саналгүй” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Г. нь дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдийн хамт ... дүүрэгт оршин суудаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Г.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.”, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасныг журамлан дээрх үндсэн ял, нэмэгдэл ялуудыг нэмж нэгтгэн Д.Г.ийн эдлэх ялыг нийт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, бүсчлэлийг ... дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б. овогт Д.ийн Г.ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
мөн нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Г.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Г.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн Д.Г.ийн нийт эдлэх нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г.ийг өөрийн оршин суух Улаанбаатар хот, ... дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Г.т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН