| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/1093/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1031 |
| Огноо | 2024-11-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1031
2024 11 20 2024/ШЦТ/1031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цэнд-Аюуш,
Улсын яллагч: Б.Цэрэнтогтох,
Шүүгдэгч: Д.А., түүний өмгөөлөгч М.Отгонмаа нар оролцсон эрүүгийн 2309011241684 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т. овогт Д.ийн А. /.../,
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А. нь ... дүүргийн ... дугаар хороо, “...” баарны ... тоот өрөөнөөс 2023 оны 03 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө хохирогч Ө.Н-ийн Айфон 13 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.025.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.
Эрүүгийн 2309011241684 дугаартай хэргээс:
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 16-18/,
Хохирогч Ө.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Гэрч Б.А.ийн мэдүүлэг /хх-ийн 27/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-33/,
Д.А.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-7/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Д.А. нь ... дүүргийн ... дугаар хороо, “...” баарны ... тоот өрөөнөөс 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 26-нд шилжих шөнө хохирогч Ө.Н-ийн “Айфон 13 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.025.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийг тоглуулахад 00:17 секундэд цэнхэр өнгийн саравч хэсэгтээ шар өнгийн оруулгатай саравчтай малгай, урт хар куртка, цэнхэр жинсэн өмдтэй бор шаргал өнгийн ботинк гуталтай, 30-35 орчим насны эрэгтэй хүн 1 дугаартай өрөөнөөс гарч ирэн эсрэг талын хохирогчийн байсан гэх өрөө рүү шагайж харж байгаад дотогш орж байгаа дүрс бичигдсэн байв. Үргэлжлүүлэн үзэхэд 1 минут 2 секундийн дараа дээрх эрэгтэй хүн нь тус өрөөнөөс эргэж гарч ирэн хяналтын камер луу нэг удаа харж, эргээд өөрийн байрлаж байсан 1 тоот өрөө рүү орж байгаа дүрс бичигдсэн байв.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,
Хохирогч Ө.Н-ийн өгсөн “Би 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21:00 цагийн орчимд ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баар, зочид буудалд очиж, “...” бааранд ганцаараа орж суусан. Тухайн үед 21:00-22:00 цаг болж байсан. Тэгээд би “...” бааранд ганцаараа суугаад 3 ширхэг лааз Касс нэртэй пиво уусан. Тэгээд сууж байгаад тус бааранд үйлчлүүлж байсан танихгүй залуутай танилцсан. Тэгээд бид хоёр хамт суугаад, дахиад 1-2 пиво ууж сууж байгаад “...” зочид буудалд амрахаар болсон. Тэгээд “...” баарны дээд давхарт байх “...” зочид буудалд ... номерын өрөөнд танилцсан эрэгтэйн хамтаар орж 2-3 пиво уусан. Тэгээд бид хоёр байж байгаад 03:00 цаг гэж унтсан. Тэгээд өглөөний 09:00 цагийн орчимд сэрэхэд миний “Айфон 13 про макс” гар утас алга болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Гэрч Б.А.ийн өгсөн “...буудлынхаа камерыг шүүгээд үзтэл 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 06 цаг 14 минутад 1 тоот өрөөнөөс Д.А. гарч ирээд 5 тоот өрөө рүү шагайж байгаад ойролцоогоор 10 гаран минут болоод буцаж гарч ирээд камер луу нэг харснаа эргээд өрөө рүүгээ орсон байсан. Тэр өдрөө архи уугаад гадуур хүн амьтан цайлаад яваад байна гэж Н.Б. надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3.025.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх тайлан /хх-ийн 32-33/,
Д.А.ийн яллагдагчаар өгсөн “...би үүрээр сэрээд урд талын өрөө рүү тамхи асуухаар орсон чинь хоёр залуу унтаж байсан. Тэгээд би орон дээр нь байсан Айфон 13 про макс загварын гар утас байхаар нь шууд аваад гарсан. Тэгээд би шууд 100 айл ороод нэлээн удаан тэр хавиараа явж байгаад өдөр 11:00 цагийн үед байх нэг залуутай таараад тэр залууд нөгөө утсыг 100.000 төгрөгөөр өгсөн. Тэгээд би нөгөө мөнгөөрөө архи уугаад дууссан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Д.А. нь зочид буудлаар үйлчлүүлж, амарч байхдаа бусдын үйлчлүүлж, амарч байсан өрөө рүү онгорхой байсныг далимдуулан нэвтэрч, улмаар бусдын орон дээр байсан Айфон 13 про макс загварын гар утсыг нууцаар авч яван 3.025.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.
Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.
“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог бөгөөд шүүгдэгчээс хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан.
Ийнхүү шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.А.ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 3.025.000 төгрөгийг хохирогч Ө.Н-ийн “Хаан” банкин дахь ... тоот дансанд төлсөн болох нь Мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Д.А.ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Улсын яллагчаас “шүүгдэгч Д.А.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.А. нь бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу Д.А. нь шүүхийн шатнаас оргон зайлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахад саад учруулснаар хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажиллагаа удаашрах шалтгаан болсон зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч Д.А.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь нийт 34 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.А.д оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний цагдан хоригдсон 34 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар буюу 272 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар дүйцүүлэн хасаж Д.А.ийн эдлэх ялыг 448 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь хуульд нийцнэ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, шүүгдэгч 34 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т. овогт Д.ийн А.ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А.ийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.А.д оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний цагдан хоригдсон 34 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар буюу 272 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар дүйцүүлэн хасаж тооцож Д.А.ийн эдлэх ялыг 448 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.А.д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 34 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Д.А. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН