| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2024/1017/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1034 |
| Огноо | 2024-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1034
2024 11 20 2024/ШЦТ/1034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч С.Эрдэнэбаяр,
шүүгдэгч З.Б. нар оролцсон эрүүгийн 2409010931255 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М. овогт Э.ийн Б.
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “.” ББСБ-д зээлийн ажилтан ажил эрхэлдэг, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг, ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хэсэг, ... гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б. нь 2024 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С.” нэртэй караокены шатан дээр хохирогч С.Б.той “шүргэлцлээ” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчимд С.Б. гэдэг хүн ажлын газрынхаа хүмүүстэй манай караоке, лоунжид ирж үйлчлүүлсэн. Маргааш нь 03 дугаар сарын 18-ны өдөр буюу Цэргийн баяр болох байсан. Баярын өдрөөр бид ажиллах учир ажлынхаа газрын залуучуудыг аваад хоолонд орохоор болоод 22:00 цаг өнгөрөөгөөд ажлын байрнаасаа гарч явсан. Биднийг явахаас өмнө С.Б.ын ажлын хамт олон караокед хоорондоо муудалцсан. Гарахдаа ажил дээр эмэгтэй хүн үлдэж байгаа учир ийм зөрчил гаргаж болохгүй шүү гээд анхааруулж хэлсэн. Ресторанд хоол идэж байхад манай ажлын охиноос дуудлага ирсэн. Эхний дуудлагыг авахад эдгээр хүмүүс хоорондоо муудалцаад бид нар руу уурлаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь яаж зохицуулах талаар хэлж өгчихөөд, бүр болохгүй бол дахиад залгаарай гэж хэлсэн. 10-аад минутын дараа дахиад утас дуугарсан. Дуудлагыг авахад энэ хүмүүс зодолдоод 00-н өрөөний толь хагалсан, манай нэг зөөгчийг зодох гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хуучин ажиллаж байсан С.Б. гэх залуутай хамт ажил руу очсон. Ажил дээр очиход 23:00 цаг өнгөрсөн байсан. Очиход тэдний ажлынхан гарч явсан байсан. Би шатан дээр С.Б.той таарсан. Хажуугаар нь гарах гэхэд намайг заамдаад үгийн зөрүүгүй цохисон. Би С.Б.ын шанаа орчимд нь нэг удаа цохисон. Би шатнаас унах үедээ С.Б.ыг цохисон нь үнэн. Шатнаас унах үед миний биед гэмтэл учирч, баруун гарт байсан цаг эвдэрсэн.” гэв.
Эрүүгийн 2409010931255 дугаартай хэргээс:
Хохирогч С.Б.ын мэдүүлэг /хх-ийн 34/,
Гэрч Э.Э.гийн мэдүүлэг /хх-ийн 42/,
Гэрч С.Б.ын мэдүүлэг /хх-ийн 40/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3975 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Э.Б. нь 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С.” нэртэй караокены шатан дээр хохирогч С.Б.той “шүргэлцлээ” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хамрын зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт, хоёр нүдний дотор буланд цус хуралт, хамар, хүзүү, зүүн чамархайн хуйханд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч С.Б.ын өгсөн “Би 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “...”, “...” ресторан дотор ажлынхантайгаа хурал хийж байсан. Бөөнөөрөө цуглаад орой 19:00 цагт ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, “С.” бааранд хамт олонтойгоо тус газарт үйлчлүүлсэн. Тус газарт үйлчлүүлж байсан хүмүүс согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байсан. “С.” гэх газарт караоке орж өрөө захиалаад, дотор ороод хоол идээд сууж байсан. 12:00 цаг өнгөрөөд манай ажлынхан бүгд эхнээсээ гарч эхэлсэн. Би хамгийн сүүлд шатан дээр үл таних эрэгтэй хүнтэй шүргэлдсэн, газарт унаад цохиулсан, хамар хэсэгт өшиглөсөн, цохиулсан, тэр өдөр нэг ухаан ороод сэрсэн чинь хүнд зодуулсан, цус нөжтэй холилдсон байсан. Тэр үед би их согтолттой байсан. Хажуу талаас Э.Э. өшиглөсөн хүнийг харсан. Миний хамар хугарсан, зөөлөн эдийн гэмтэл учирсан. С.Б. гэх хүн миний биед халдаж гэмтэл учруулсан. “С.” баарны шатан дээр шүргэлдсэн. Тэрнээс болж маргалдсан. Миний биед гэмтэл учруулсан хүн бол С.Б.. Тэр өдөр хэрэг маргаан хэн үүсгэсэн талаар мэдэхгүй байна. Тэр өдөр согтолт өндөр байсан. “С.” баарны шатан дээр шүргэлдсэн, тэрнээс болж зодоон эхэлсэн. Би сэтгэл санааны хохирол тогтоолгоно. Мөн эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгсөн, хамрын хагалгааны төлбөр, бусад зардал төлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,
Гэрч Э.Э.гийн өгсөн “Бид 03 дугаар сарын 17-ны орой ажлаа тараад, бүгдээрээ хоолонд орохоор болоод 19-20 цагийн орчим бид ажлынхнаараа 20 гаруй хүн ... дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “С.” гэх газарт очиж үйлчлүүлсэн. Тэгээд эхнээсээ манай ажлынхан явцгааж эхлээд, бид 10 хүрэхгүй хүмүүс үлдээд, шөнө 01:00 цаг орчмын үед явахаар болоод бүгд гараад, би 1 давхрын угаалгын өрөө орчихоод буцаад гараад ирэхэд “С.” дотор байх шатан дээр С.Б. хэвтэж байсан. Яагаад тэнд байсныг нь мэдэхгүй байна. Тэгэхэд шатан дээр өндөр, халзан залуу О.-ын нүүр лүү нь 2 удаа өшиглөж байсан. Тэгээд би болон манай менежер зэрэг очиж салгаад аваад гарсан. Юунаас болж тэд нар маргалдсан талаар би мэдэхгүй. Намайг угаалгын өрөөнөөс гараад ирэхэд л зодуулаад хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,
Гэрч С.Б.ын өгсөн “Тухайн өдөр С.Б. бид хоёр ажлынхаа 2 давхар шат руу дээшээ өгсөөд явж байхад С.Б. гэдэг хүнтэй шатан дээр таарсан. С.Б. гэх хүн архи уусан нэлээн согтуу байсан. Урдаас С.Б. шууд С.Б.ийг шатан дээр заамдаж аваад, шатнаас зууралдаж буугаад С.Б.ийн эхлээд С.Б. цохиод авсан, дараа нь С.Б. нь С.Б.ыг нэг удаа цохисон. Темпо гэх найз нь гадаа авч гараад С.Б. нь над руу бас согтуу дайраад, би террас хэсэгт суулгаад, хамт явж байсан ажлынхан нь авч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3975 дугаартай “...С.Б.ын биед хамрын зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт, хоёр нүдний дотор буланд цус хуралт, хамар, хүзүү, зүүн чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Гэрч Э.Э. нь 1-6 хүртэл дугаарласан 6 ширхэг гэрэл зургаас №2 дугаартай ... регистрын дугаартай Э. Б.ийн зургийг энэ хүн нь 2024 оны 03 дугаар сарын 17-ны шөнө С.Б.ыг шатан дээр байхад нь цохисон хүн мөн байна гэж заав.
Зурагнуудын байрлалыг солиход №5 дугаартай Э. Б.ийн зургийг зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.” гэх тэмдэглэл /хх-ийн 44-49/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл Э.Б. нь “шүргэлцлээ” гэх шалтгаанаар С.Б.той маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж өшиглөн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Э.Б. нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж, өшиглөж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч С.Б.ын биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэхээр байна.
Хэдийгээр гэрч Э.Э. мэдүүлэгтээ “...Тэр үед С.Б. гэх шар үстэй эрэгтэй хүн О.-г бас нэг удаа нүүр лүү нь хөлөөрөө өшиглөсөн. Оршихоог С.Б., тэр өндөр халзан залуу хоёр өшиглөсөн...” гэх боловч хохирогч С.Б. анх өгсөн мэдүүлэгтээ “...Э.Б. миний нүүр хэсэг рүү хөлөөрөө цохисон.”, дахин өгсөн мэдүүлэгтээ “...Шатан дээр шүргэлдсэн залуу намайг газарт унагаад цохисон, хамар хэсэгт өшиглөсөн.” гэж, гэрч Д.... мэдүүлэгтээ “...Гадаа гарч ирээд дахиад зодолдсон. Очоод салгахад хажуунаас нь Б. гэх нэг залуу гэнэт гарч ирээд С.Б.ын толгой руу хэдэн удаа цохисон. Тэгэхэд ажлынх нь нэг залуу салгаад цаашаа ажил руугаа аваад орсон.” гэж тус тус зөрүүгүй мэдүүлсэн зэрэг нь гэрч Э.Э.гийн мэдүүлгийн зөрүүг үгүйсгэж байх бөгөөд түүний мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар дэмжигдэхгүй байна.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Б.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан.
Хохирогч С.Б. нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ “...Эмнэлэгт үзүүлсэн, шинжилгээ өгсөн, хамрын хагалгааны төлбөр, бусад зардлаа төлүүлэх хүсэлтэй байна.” гэсэн байх бөгөөд “Мөнгөн гүүр” эмнэлгээс С.Б.од 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үзүүлсэн оношилгоо, зөвлөгөөний баримт, С.Б.од олгосон 3.577.000 төгрөгийн үнэ бүхий “Хамрын ясны хугарал засах, таславч тэгшлэх” хагалгаа, түүнд холбогдох эмчилгээний зардлыг тодорхойлсон “Төлбөрийн нэхэмжлэх” зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргуулахаар ирүүлсэн, хохирогчоос “Мед травма” эмнэлэгт хийлгэсэн толгойн компьютер томографийн оношлогооны төлбөр 150.000 төгрөг, “Мөнгөн гүүр” эмнэлэгт 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр оношлуулж, зөвлөгөө авсны 30.000 төгрөг буюу нийт 180.000 төгрөгийг баримтыг хэрэгт хавсарган өгсөн байна.
Дээрх баримтуудаас үзвэл “Мөнгөн гүүр” эмнэлгээс зөвхөн төлбөрийн нэхэмжлэх ирүүлснээс бус С.Б. нь тухайн хагалгаанд холбогдох 3.577.000 төгрөгийг хэрхэн төлсөнд холбогдох үйл баримт тодорхойгүй, үүнд холбогдох баримтыг хохирогчоос болон “Мөнгөн гүүр” эмнэлгээс ирүүлээгүй байна.
Иймд хохирогчоос гарган өгсөн 180.000 төгрөгийн баримт нь энэ хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангаж байх тул холбогдох зардлыг шүүгдэгчээс гаргуулж, хагалгаанд холбогдох зардал буюу 3.577.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлогдохгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Харин хохирогч нь тийнхүү хагалгаанд орсонд холбогдох төлбөрийн баримтаа зохих ёсоор бүрдүүлж иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батласан ба үүний хавсралтын 3.6 болон хүснэгтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл буюу хөнгөн хохирлын тухайд сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (3.300.000-8.573.400 төгрөг) тооцож гаргуулахаар тогтоож, үүнд холбогдуулан мөрдөгчөөс Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж зааснаар хх-ийн 36-р талд хохирогч С.Б. нь сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрөв гээд гарын үсгээ зуржээ.
Иймд шүүх гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор/ 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /660.000 төгрөг*5=3.300.000 төгрөг/ буюу 3.300.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Тийнхүү шүүгдэгчээс нийт 3.480.000 төгрөгийг /3.300.000+180.000=3.480.000/ гаргуулан хохирогч С.Б.од олгож шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Э.Б.ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Улсын яллагчаас “шүүгдэгч Э.Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Б. нь дээд боловсролтой, “Төвхөн ингүүмэл” ББСБ-д зээлийн ажилтан, дүүгийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Э.Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоногггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М. овогт Э.ийн Б.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б.ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б.д оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Б.ээс 3.480.000 төгрөгийг гаргуулан хохирогч ... овогт ...-ын Б. /.../-д олгосугай.
5. Хохирогч С.Б.ын нэхэмжилсэн 3.577.000 төгрөгийн хохирлын зардлыг хэлэлцэхгүй орхиж, үүнд холбогдох баримтыг зохих ёсоор бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН