Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02191

 

Ж.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02001 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох,

 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг автозогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041502 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахыг тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С ХХК-ийн хийсэн үнэлгээний тайланг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тусгана гэж заасан. Тус компани үнэлгээний тайландаа 4700 гаран барилгатай харьцуулж дүгнэлт гаргасан мэтээр бичсэн. Ийм чанартай материалаар, ингэж босгосон байна гэж дүгнээгүй. Нэг айл нь гэхэд 300 м.кв бүхий 24 айлын орон сууцыг тухайн үеийн барилгын жишиг үнээр үнэлгээг гаргаагүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Жишээ нь гэхэд тооцоолол огт хийгдээгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх аргыг хуульчилсан байдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасныг зөрчсөн гэж би үзэж байна. Яагаад вэ гэхээр үнэлгээний тайланг харахаар үнэлгээний ном дүрмийн дагуу гарсан мэт харагдаж байх хэдий ч үнэлгээг нэг бүрчлэн судлаад үзэхээр орлогын, зах зээлийн, харьцуулсан гээд өртгийн зах зээлийн хандлагууд нь стандартын дагуу гараагүй байсан. Үнэлгээ хийсэн объектоо бусад объекттой харьцуулж жишиж үзээгүй байгааг эрхэм шүүгч анхаарч үзээсэй. Олон улсын үнэлгээний 300 стандарт нь үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн шугамыг үнэлэхэд баримталдаг стандартыг баримталсан тул үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг Олон улсын хөрөнгийн үнэлгээний стандартын дагуу хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байна. Нэгэнт энэ нь бага хэмжээний мөнгөний асуудал биш тул төлбөр төлөгч хэдийгээр төлбөр төлөх хэдий ч тухайн эд хөрөнгийг босгохдоо хичнээн төгрөг зарцуулсан юм бэ гэдгийг анхаараагүй, энэ хөрөнгөнд төлбөр төлөгчийн оруулсан хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа нь үнэхээр харамсалтай, гомдолтой байна гэж үзэж байгаа учраас үнэлгээг стандартын дагуу дахин хийлгүүлэх хүсэлтэй байна. Иймд энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хөрөнгийн үнэлгээчин мэт ийнхүү ярьж байгааг ойлгохгүй байна. Энэхүү үнэлгээний тайланг мэргэжлийн эрх бүхий хуулийн этгээд үйл ажиллагаагаа явуулаад Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон бусад хуулийн хүрээнд үнэлгээ хийсэн. Би шийдвэр гүйцэтгэгчийн хувьд хөрөнгийн үнэлгээний стандартыг мэдэхгүй. Бодит байдал дээр бол тухайн 24 айлын орон сууцнаас нэг ч айлын орон сууц өнөөдөр худалдагдаагүй. Тухайн үед Ж.Б хоёр орон сууцаа чөлөөлүүлж аваад м2-ыг нь 2 500 000 төгрөгөөр худалдсан боловч өнөөдөр тэр орон сууцанд хүн амьдрах аргагүй болоод буцаагаад зарах гэхэд зарагдахгүй, Ремакс гэх хуулийн этгээд 12 орон сууцыг нь 1 800 000 төгрөгөөр зарах гээд зарж чадахгүй байгаа. Тухайн орон сууцанд нэг ч айл байхгүй. Уг барилгыг яг стандартын дагуу ашиглалтад оруулаагүй байсан. Хүн амьдрах боломжгүй орон сууц байсныг газар дээр нь очиж үзсэн хүний хувьд хэлж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч уг барилгад очиж үзсэн эсэхийг мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар талуудаас гомдол гараагүй тохиолдолд хугацаа олгоно гэж заасан. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ж.Быг хүсэлт гаргах үед талуудаас үнэлгээний талаар гомдол гараагүй байсан тул төлбөр төлөгчид нэг сарын хугацаа олгосон. Хэрвээ тухайн үед үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан байсан бол хугацаа олгох тухай хүсэлтийг хүлээж авахгүй байх байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах зорилгоор хүсэлт бичиж хугацаа авчхаад хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргасныг хүлээж авах боломжгүй байна” гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Тус шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2018/08531 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүгч маргааныг хянан хэлэлцэхдээ Хөрөнгийн үнэлгээний байгууллага болох “Сэлэнгэ Эстимейнт” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлийн 8.1 дэх, 8.2 дахь заалт зөрчсөн эсэх, маргаж буй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тухайн үеийн ханшаар болон маргаж буй үеийн ханшаар харьцуулсан тооцоолол хийсэн эсэх, Олон улсын үнэлгээний стандартыг мөрдсөн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаагаас гадна “С” ХХК-ны хийсэн үнэлгээг эс зөвшөөрч маргаж байхад дээрхи Үл хөдлөх эд хөрөнгөнд дахин үнэлгээг хийлгээгүй байна. Энэхүү үнэлгээний тайланг мэргэжлийн байгууллага хийсэн гэж байгаа боловч үнэлгээний талаар бодит эсэхийг нотолж чадаагүй байхад Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийсэн байгууллагаас төлөөлөгч оролцуулан үнэлгээ хийсэн тайланг хамгаалуулаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх процессын алдаа гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт “Шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж болно” гэсний дагуу өөр үнэлгээний байгууллагаар дахин үнэлгээг хийлгэсэний үндсэн дээр шийдвэрлэх байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Нт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг автозогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041502 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “хуулийн хүрээнд ажилласан” гэж тайлбарлажээ. /хх-ийн 1-2, 21-22/

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2788 дугаар захирамжаар Ж.Б нь 1 551 616 000 төгрөгийг Д.Энхжаргалд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Y-2206041502 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Эмэралд Ливинг 24 айлын орон сууцны зориулалттай барилгын 4, 6, 8, 13 тоот тус бүр 280 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, 4 ширхэг автомашины дулаан зогсоолыг албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн 7-8 дугаар хуудас/

 

Төлбөр төлөгч Ж.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041502 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Эмэралд Ливинг 24 айлын орон сууцны зориулалттай барилгын 4, 6, 8, 13 тоот тус бүр 280 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 18290004/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18290004/03 тоот тогтоолоор тус орон сууцны 4, 6 тоот орон сууц болон B2 давхарт байрлах 4 ширхэг авто зогсоолыг хурааж, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 122 тоот тогтоолоор шинжээч томилжээ. /хх-ийн 23-24 39, 43, 51/

 

Дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, авагчид харилцан тохиролцоогүй, төлбөр төлөгчөөс гаргасан үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй байна. Иймд хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ тогтоосныг буруутгах боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Нэхэмжлэгч нь тухайн орон сууц болон авто зогсоолыг үнэлсэн шинжээчийн үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

 

Харин нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн эд хөрөнгүүдийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулна гэсэн агуулгаар шаардлага гаргасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа талаарх гомдол гэж үзнэ.

 

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон асуудлаар найруулгын өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02001 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах” гэснийг “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг автозогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041502 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

                                        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД