Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 115/ШШ2022/0033

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа би, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Цэнд-Аюушийн дүгнэлттэй, Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Т.Отгонбаярт холбогдох зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийн материалыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын прокурор Т.Цэнд-Аюуш шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Т.Отгонбаяр Ти Ти Си Энд Ти ХХК нь гаалийн бүрдүүлэлт хийгдсэн тээврийн хэрэгслийн жолоочийг сольсон талаар гаалийн байгууллагад мэдэгдээгүй гэх зөрчлийг илрүүлэн шалгаж холбогдогч Ти Ти Си Энд Ти ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 15.21 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шалгалтын хүрээнд хянахад материалд авагдсан холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, зөрчил илрүүлсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэргээр Ти Ти Си Энд Ти ХХК нь гаалийн бүрдүүлэлт хийгдсэн тээврийн хэрэгслийн жолоочийг сольсон талаар гаалийн байгууллагад мэдэгдээгүй болох нь тогтоогдсон байна.

Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Т.Отгонбаяр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0092126 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ Ти Ти Си Энд Ти ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.21 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байна.

Гэтэл энэхүү зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Т.Отгонбаярын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ти Ти Си Энд Ти ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.21 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Т.Отгонбаяр нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь Дорноговь аймаг Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажилладаг. Төмөрбаатар овогтой Отгонбаяр би 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0092126 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ Ти Ти Си Энд Ти ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 15.21 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт буруу хуулийн заалт оруулсан байна. Энэхүү зөрчлийг зохих хууль тогтоомжийн дагуу засварлах хүсэлтэй байна. Хялбаршуулсан журмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дорноговь аймаг Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Т.Отгонбаяр нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0092126 дугаартай Шийтгэлийн хуудас-аар холбогдогч Ти Ти Си Энд Ти ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.21 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар 750000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Цэнд-Аюушаас Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Т.Отгонбаярын гаргасан Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0092126 дугаартай Шийтгэлийн хуудас-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.21 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт гэснийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.21 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт гэж өөрчлөлт оруулахаар 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 53 дугаар дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Т.Отгонбаяр нь Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Цэнд-Аюушийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 53 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, өөрийн зөвшөөрлөө шүүхэд бичгээр ирүүлж баталгаажуулсан бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Цэнд-Аюушийн Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0092126 дугаартай Шийтгэлийн хуудас-д өөрчлөлт оруулах тухай 53 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Т.Отгонбаярын зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА