Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/32

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүгдэгч А.Чулуунбат  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Чулуунбатад холбогдох эрүүгийн 201721000045 дугаартай, 153/2017/0033/Э/ индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр  сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Алаг адуу овогт Алтанбаганын Чулуунбат, 1995 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 21 настай,эрэгтэй, ПГ95090513 регистрийн дугаартай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багт оршин суух, урьд ял шийтгэлгүй,хэрэг хариуцах чадвартай  гэх

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдсанаар/         

Шүүгдэгч А.Чулуунбат нь шууд санаатай шунахай сэдэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд машин механизм ашиглан Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутагт байрлах иргэн Д.Төмөрбаатарын гэрийн гаднаас 8 тооны шүдлэн ямаа хулгайлж  380000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан   гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч А.Чулуунбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 сарын 09-ний өдөр Д.Төмөрбаатарын  малнаас эхлээд 2 тооны шүдлэн ямаа аваачиж Нансалмаагийнд өгсөн. 2 хоногийн дараа дахин 2 тооны шүдлэн хүргэж өгсөн. Дахин 2 тооны малыг хүргэж байгаад нэг ишиг нь мөсөн дээр унаад, нэг ишгийг нь аваачиж өгсөн. Тэгээд 2 ишиг хүлчихсэн байж байгаад буцаж очсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Д.Төмөрбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр намайг Хөшөөтийн уурхайгаас ирэхэд манай эхнэр Л. Ундрам “ манай шүдлэн ямаанууд 2,2-оороо алга болоод байна. Одоо нийт 8 шүдлэн алга болоод 2-ыг нь мөсөн дээр 2 хөлийг нь уясан байхыг олж авлаа гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр шүдлэн авч байгаа хүн байна уу олъё гээд явж байгаад Ж.Нансалмаагийн хашаанд баруун талын чих он, хойноосоо ухам, зүүн талын чих догол имтэй 2 чих нь улаан даавуутай, улаан зүсмийн  5 тооны шүдлэн байхыг эхнэр Ундрам олоод хамт очиж авсан. Хэнээс авсан гэхэд А.Чулуунбат ганцаараа мотоциклиор авчирч өгсөн гэж хэлсэн  гэжээ. / хх-21-22-р хуудас/

Гэрч Ж.Цэцэгжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр миний төрсөн дүү Нансалмаа надад А.Чулуунбат 2 тооны шүдлэн ямаа авчирч өглөө, нэгийг нь 10000 төгрөгөөр тооцож 20000 төгрөгөөр 2 шүдлэн авлаа гэсэн. 2 хоногийн дараа буюу 01 дүгээр сарын 12-ны өдөр  дахин 2 шүдлэн, 01 дүгээр сарын 14-ний өдөр 1 шүдлэн авчирч өгсөн гэж хэлсэн.А.Чулуунбат шүдлэн авчирч өгөхдөө мотоциклиор авчирсан гэсэн. Тэгээд удалгүй Л.Ундрам ирээд манай шүдлэнгүүд байна гээд аваад явсан   гэжээ. / хх-23-р хуудас/

Гэрч Л.Ундрам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манайх ямаагаа тоолж үзэхэд 2 тооны шүдлэн ямаа дутсан. Тэгээд хайгаад олоогүй. 2017 оны 01 дүгээр сарын 13,14-нд дахиад тоолж үзэхэд 6 тооны шүдлэн ямаа дутаад,хайгаад явж байтал 2 шүдлэн ямааны хөлийг саарал өнгийн уяагаар  уяад голын захад мөсөн дээр байхад нь олж авсан боловч нэг нь 1 хоногийн дараа үхсэн.Үлдсэн шүдлэнгүүдээ хайгаад явж байтал Ж.Нансалмаагийн хашаанд 5 шүдлэн байхаар нь очиж үзэхэд манайх байхаар нь авсан. Хэн авчиряч өгсөн талаар асуухад А.Чулуунбат ганцаараа мотоциклиор авчирч өгсөн гэж хэлсэн гэжээ. /хх-24-р хуудас/

Гэрч Ж.Нансалмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байж байтал А.Чулуунбат ирээд “танайх шүдлэн ямаа авч байгаа юм уу “ гэхээр нь “ авч байна “ гэхэд 2 тооны шүдлэн авчирч өгсөн. Нэгийг нь 10000 төгрөгөөр тооцож, 20000 төгрөгөөр 2 шүдлэн авсан. 2 хоногийн дараа  дахиад 2 шүдлэн авчирч өгөхөөр нь “ хэнийх юм бэ “гэхэд “ манайх “гэсэн.Мөнгийг нь Цэцэгжаргал эгч өгсөн. Дараа нь бас Цэцэгжаргал эгчид 1 тооны шүдлэн авчирч өгсөн байсан гэжээ. /хх-25-26-р хуудас/

Хэргийн газар нөхөн  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-5-р хуудас/

Малд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18-р хуудас/

Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-19-р хуудас/

Мал үнэлсэн тухай тайлан / хх-33-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх46-47-р хуудас/

Хураан авсан тухай тэмдэглэл / хх-53-р хуудас/

Хохирогч Д.Төмөрбаатарын мал тооллогын карт / хх-66-р хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно.

Шүүгдэгч  А.Чулуунбат нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд машин механизм буюу БНХАУ-д үйлдвэрлэсэн 40-23ХОБ улсын дугаартай мотоцикл ашиглан Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутагт байрлах иргэн Д.Төмөрбаатарын 8 ширхэг шүдлэн ямаа хулгайлж  380000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Төмөрбаатарын ... нийт 8 шүдлэн алга болоод 2-ыг нь мөсөн дээр 2 хөлийг нь уясан байхыг олж авлаа гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр шүдлэн авч байгаа хүн байна уу олъё гээд явж байгаад Ж.Нансалмаагийн хашаанд баруун талын чих он, хойноосоо ухам, зүүн талын чих догол имтэй 2 чих нь улаан даавуутай, улаан зүсмийн  5 тооны шүдлэн байхыг эхнэр Ундрам олоод хамт очиж авсан. Хэнээс авсан гэхэд А.Чулуунбат ганцаараа мотоциклиор авчирч өгсөн гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч Ж.Цэцэгжаргал /хх-23/, Л.Ундрам /хх-24/, Ж.Нансалмаа / хх-25-26/ нарын мэдүүлэг, хэргийн газар нөхөн  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,малд үзлэг хийсэн тэмдэглэл,мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл,мал үнэлсэн тухай тайлан,мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ,хураан авсан тухай тэмдэглэл,хохирогч Д.Төмөрбаатарын мал тооллогын карт зэрэг баримтуудаар  тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Чулуунбат нь машин механизм ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч нь хохирогч Д.Төмөрбаатарт учруулсан хохирлоо барагдуулсан болох нь хохирогч Д.Төмөрбаатарын ... “хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Чулуунбатыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох нь ЦЕГ-ын МНБГ-ын лавлагаагаар / хх-48/ нотлоглож байна.

Шүүгдэгч А.Чулуунбат  нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хувьд ноогдох эд хөрөнгөгүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болох нь багийн засаг даргын тодорхойлолт /хх-540х/, хувийн байдлыг тогтоосон баримт/хх-62-65х/ гэрч Б.Чулуунцэцэгийн /хх-30/ мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шийдэв.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан бусдын эд зүйл хулгайлсан үйлдэлд нь баривчлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 300.000 төгрөгний үнэлгээ бүхий “ Чансаа” маркийн мотоциклийг  шүүгдэгч А.Чулуунбатаас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн 201721000045 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн ЕL маркийн хөлдөөгч битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Чулуунбатын цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохыг  тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,284,286,290 дүгээр зүйлийн 290.3,294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алаг адуу овогт Алтанбаганын Чулуунбатыг машин мехианизм ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч А.Чулуунбатад эд хөрөнгө хураахгүйгээр 03 / гурав/ сар 10/ арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч А.Чулуунбатад оногдуулсан 03 / гурав/ сар 10/ арав/ хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж  тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч А.Чулуунбат  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Төмөрбаатар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус  дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 300.000 төгрөгний үнэ бүхий  “Чансаа” маркийн мотоциклийг шүүгдэгч А.Чулуунбатаас хурааж, улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч А.Чулуунбатын ЕL маркийн хөлдөөгч битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч,  дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС