| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2024/1092/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1110 |
| Огноо | 2024-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1110
2024 10 16 2024/ШЦТ/1110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
Улсын яллагч Л.Наранхүү,
Шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б-гийн Д-д холбогдох эрүүгийн 2406 00273 2398 дугаартай 1 хавтаст хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1729 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн, Б овогт Б-гийн Д-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 0 тоотод хохирогч С.У-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар сандал авч шидэн цохиж түүний эрүүл мэндэд духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Б.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 2 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 0 тоотод хохирогч С.У-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар сандал шидэн цохиж түүний эрүүл мэндэд духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;
Шүүгдэгч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед М, С- бид гурав Баянзүрх дүүргийн 0 тоотод С-ын гэрт ороод сууж байтал эхнэр У- нь уурлаад хадам аав руугаа утсаар яриад элдвээр хэлээд байхаар нь би У-ийн утсыг шүүрч аваад чи одоо болиоч хаа байгаа аав, ээж рүү нь залгаад байх юм гээд болиулсан. Тэгээд над руу танай найз С- чинь намайг ийм болгоод байна гээд байхаар нь би С- руу уурлаад эхнэр хүүхдээ олигтой аваад явчихгүй яасан бэ гэж хэлээд С-ын хажууд байсан сандал аваад шидсэн тэгтэл доор сууж байсан эхнэр У-ийн дух хэсэгт оносон. Тэгээд М намайг аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/,
Хохирогч С.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг 2024 оны 02 дугаар сарын 27-ны 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай Саруул тэнгэр хотхонд найз А-гийн гэрт байхад нөхөр Н.С-, найзууд болох Д-, М нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирж авсан. Тэгээд бид нар Баянзүрх дүүргийн 0 тоот манай гэрт очсон. Намайг авахаар тэр гурвыг ирэхэд нөхөр Н.С-ын хөмсөг хэсгээс цус гарсан байдалтай байсан ба яасан талаар асуухад өөр хүмүүстэй маргалдахад хазаж гэмтээсэн гэж хэлсэн учир хадам аав Нямзундуйтай холбогдож хэлэхэд хамт байсан Д- хол байгаа хүмүүст янз бүрийн юм хэллээ гэж уурлаж байгаад нөхөр Сумьяабазартай амьдралын талаар ярилцаж маргалдаж өөрийнхөө сууж байсан эхэлж цохих гэж далайж болиод үргэлжлүүлж ярилцаж байгаад сандлыг шидэж цаана нь сууж байсан миний зүүн хөмсөгний дээд дух орчимд онож гэмтээж цус гаргахад нь нөхөр яаж байгаа юм гэхэд уурласан хэвээр гарч явахад нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн газарт өөр ямар нэгэн маргаан болсон зүйл байхгүй. Уг маргааныг Мандах, нөхөр Сумъяа нар харсан. Миний хувьд уг асуудлаас үүдэн толгойн компьютерт томографын шинжилгээг 150,000 төгрөгөөр өгсөн ба өөр байдлаар эмнэлэгт үзүүлж хэвтэн эмчлүүлсэн зүйл байхгүй. Харин толгойн эм, сорвины тос худалдан авч хэрэглэсэн бөгөөд шинжилгээ өгсөн баримт байгаа боловч эм, тос худалдан авсан баримт байхгүй. Би уг асуудлаас үүдэн 150,000 төгрөгөөр шинжилгээ өгч, тос эм худалдан авахад 300,000 орчим төгрөг зарцуулсан ба Д- хохирол гэж 500,000 төгрөг төлж барагдуулсан. Би уг асуудалтай холбоотой сэтгэл санааны хохирол тогтоолгох шаардлага байхгүй. Уг асуудлаас үүдэн миний зүүн хөмсөгний дээд хэсэгт сорви үүсэж эдгэрсэн ба уг сорвийг арилгуулах хүсэлтэй байгаа бөгөөд арилгуулахад хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэхийг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,
Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд ажлаа тараад Д-, С- нарын хамтаар манай гэрт очиход 18 цаг болж байсан. Бид гурвуулаа 1 шил архи /ямар нэртэй архийг санахгүй байна/хувааж уугаад манай ажлын Т нь бид гуравтай хамт архи ууя гээд манайхаас гараад Т уулзаад дөрвүүлээ гаднаас Эдин нэртэй 700 мл-ийн архи хоёрыг аваад М-ын гэрт очсон. Тэгээд бид нар ууж байгаад С-, Т нар нь хоорондоо маргалдаж байсан. Би 00 өрөө ороод гараад ирсэн чинь С-ын баруун хөмсөг бага зэрэг хавдаад сэтэрсэн цус гарч байсан. Би С-ыг аваад М-ын гэрээс гарсан араас Д- гараад ирсэн бид гурав С-ын гэр рүү шууд явсан тухайн үед 03 цагийн орчим болж байсан. С-ын гэрт очиход У- нь унтаагүй сэрүүн байсан. Тэгээд би С-ын хөмсгийг У- нь хараад шууд С- руу уурлаад хэнтэй маргалдаад хөмсгөө ийм болгосон юм бэ гэж хэлээд С-ын аав руу нь залгаад "С- нь архи дарс уугаад байна" гэх зэргээр хэлээд байхад Д- нь У-ийн ярьж байсан утсыг булааж аваад С-т "Эхнэрийнхээ хэлж байгаа үгийг анхаарч байгаарай чамайг хүндэлж байгаа зүйл байхгүй байна" гэх мэтийн үг хэлсэн чинь С- нь Д- руу “чамд ямар хамаатай юм бэ” гэсэн чинь Д- “би чиний найз болохоор хэлж байна” гээд шалан дээр байсан хүүхдийн жижиг модон сандал аваад С- руу шидсэн чинь С- баруун гараа хаасан нөгөө шидсэн сандал нь унахдаа У-ийн дух хэсэгт оносон. Тэгээд Б.Д- нь С-ын гэрээс гарсан. У-ийн дух хэсэгт сандал шидээд дараа С- нь орилоод босоод ирсэн. Тэгээд С-, Д- тэр 2 хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ заамдаж аваад байхаар нь би дундуур нь ороод салгасан. Тэгээд С-ыг цаашаа түлхсэн чинь ширээ налаад унасан.
Тэгээд босож ирээд Д-тай маргалдаад байхаар нь би Д-г аваад гараад явсан.
Тэгээд такси бариад Д- бид 2 гэр, гэр рүү явсан. Д-гийн шидсэн сандалт эвдэрсэн байж магадгүй, тухайн гэр дотор нь эд зүйл эвдэж гэмтээсэн харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,
Шинжээч Ц.Бадралын 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3237 дугаартай "...1. С.У-ийн биед духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37-р тал/ зэрэг нотлох баримтыг судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Д- нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 0 тоотод хохирогч С.У-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар сандал авч шидэн цохиж түүний эрүүл мэндэд духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирогч С.У- нь энэ гэмт хэргийн учирсан хохирол хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Д- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...” гэж,
Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.
Шүүхийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагч Л.Наранхүү гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Д- өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3 дахь хэсэгт заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх саналтай байна” гэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 000 төгрөгийн торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Д- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-гийн Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 500 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 500 000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг 03 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Д- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичгийн брорн эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч С.У- нь энэ гэмт хэргийн учирсан хохирол хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА