| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2024/1016/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1037 |
| Огноо | 2024-11-20 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1037
2024 11 20 2024/ШЦТ/1037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, СүхБ., Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд СүхБ. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч С.Эрдэнэбаяр,
хохирогч М.М.,
шүүгдэгч Ц.Б. нар оролцсон эрүүгийн 2409017041252 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О. овогт Ц.ийн Б.
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Ховд аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” зах дээр тэрэг түрдэг ажил хийдэг гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 194 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б. нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.М.ийг “хариулт мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар түүний дух хэсэгт гэрийн түлхүүрээр цохиж, хохирогчийг гэрээс гарч зугтаах үед нь араас нь цементэн шат руу түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч М.М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 2409017041252 дугаартай хэргээс:
Хохирогч М.М.ийн мэдүүлэг /хх-ийн 27/,
Гэрч Б.Х.гийн мэдүүлэг /хх-ийн 30/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7500 дугаартай дүгнэлт /хх-ийн 37/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх- ийн 18/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Ц.Б. нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.М.ийг “хариулт мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар түүний дух хэсэгт гэрийн түлхүүрээр цохиж, хохирогчийг гэрээс гарч зугтаах үед нь араас нь цементэн шат руу түлхэж унагаан эрүүл мэндэд нь “баруун шуу ясны хугарал, духанд зулгаралт, шарх, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, зүүн хөх, хоёр өвдөгт цус хуралт, нуруунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч М.М.ийн өгсөн “...Тухайн өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэр болох ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод байх гэртээ ирэхдээ нэг шил виски авчирсан байсан. Ц.Б. хэлэхдээ эх үрсийн баяр болох гэж байгаа учир баяр хүргэхээр виски авчирлаа гэж байсан. Бид хоёр вискигээ хувааж уугаад, хоол хийгээд, би Ц.Б.т хэрчсэн гурил аваад ир гээд 10.000 төгрөг өгөөд гаргасан. Орж ирэхээр нь би “хариулт яасан бэ” гэхэд Ц.Б. “би чамд хариулт өгсөн” гэж хэлээд зочны өрөөний орон дээр байхад миний баруун дух хэсэг рүү гэрийн түлхүүрээр цохиод, зоож цус гаргаж, цээж рүү гараараа хэд хэдэн удаа цохиод байхаар нь би зугтаад гүйж гарахад ардаас түлхээд амбаарын урд байх цементэн шатны уруу унагаагаад миний баруун гарыг хугалчихсан. Би том охин Б.Х. рүү залгаад дуудсан. Би Ц.Б.тай 1988 оноос хамт амьдраад дундаасаа 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Манай нөхөр залуу байхын л гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг байсан. Би хамгийн том охин Б.Х.гээ төрүүлэх гээд эмнэлэг рүү явсан хойгуур манай хамаатантай явалдаж байгаад баригдаж байсан. Үүнээс хойш манай гэр бүлд хэрүүл тасрахаа больсон. Ц.Б. надтай хамт амьдрахдаа 4-5 жил ажил хийж үзсэн, ажил хийхээрээ дандаа хариуцлага алдаад гарчихдаг байсан. Би суусан цагаасаа хойш байнга л зодуулж ирсэн. Цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд ороод, буцаад хүрч ирээд дахин зоддог байсан. Би цагдаагийн байгууллагад 2-3 удаа л дуудлага өгч байсан. Би ..., ... гэсэн дугааруудаас дуудлага өгч байсан. Би өмнө Төмөр замд амьдардаг байхад хардалтаас болоод намайг хавирга руу өшиглөөд, хана руу толгой мөргүүлж хамраас цус гарч байсан. Тэгээд миний хамар хугарч байсан. Гэхдээ би цагдаа дуудаж, эмнэлэгт үзүүлж байгаагүй. Цагдаа дуудахаар дахиж зодох байх гэж айгаад дуудаагүй өнгөрч байсан. 1991 оны үед төмөр замд байхад зодоод хавирга, хамар хугалж байсан. Дараа нь миний толгойг цай ууж байсан аягаараа хагалж байсан. Хэзээ болсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
Гэрч Б.Х.гийн өгсөн “...Би ээж М.М., аав Ц.Б. нарын хамт амьдардаг. Би 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16:00 цагийн үед ажлаа тараад явж байхад ээж М.М. видео коллоор залгасан. Утсаар дүрсээ өгч ярихад ээжийн толгойноос цус гарчихсан “аав чинь намайг зодоод байна, аав чинь зугтаад явчихсан” гэж хэлсэн. Би ээжтэй ярьж дуусаад шууд өөрийн ... дугаараас 102 луу залгаж цагдаа дуудсан. Би цагдаатай зэрэгцээд ээж дээр очиход аав гэртээ байхгүй байсан. Ээжийн толгойноос цус гарчихсан хэвтэж байсан. Ээж хэлэхдээ “хэвтэж байхад нь толгой руу нь түлхүүрээр хэд хэдэн удаа цохиод байхаар нь зугтахад ардаас нь түлхээд шатны уруу унагааж, гарыг нь хугалсан байсан. Ээж том өрөөний цонхны хажуугийн орон дээр хэвтэж байхад орны хажууд хаалганы түлхүүр байсан бөгөөд түлхүүр цус болчихсон байсан. Орноос шат хүртэл цусны толбо байсан. Тухайн үед ээж ганцаараа байсан. Би 2023 оны өвөл гэртээ байж байхад аав Ц.Б. дүү Б.О. бид хоёрыг хувцсаа сольж байхад шагайгаад байхаар нь би аавд хандан “яагаад шагайгаад байгаа юм бэ” гэж хэлээд гарахад аав шууд намайг боогоод, толгой руу гараараа 2-3 удаа цохиж, газар унагаад, дараа нь сандлаар 2-3 удаа цохисон. Энэ үед хажууд ээж байсан. Дүү өрөөндөө айгаад гарч ирээгүй. Ээжийг ганцаараа байхад нь аав байнга л зодчихсон байдаг ч цагдаад дуудлага өгдөггүй байсан. Учир нь цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд ороод гарч ирээд улам л хүчирхийлэл үйлдэж занадаг байсан учир өгч чаддаггүй байсан. Намайг зодсоны дараа би цагдаад мэдүүлэг өгөөд шүүх эмнэлэгт би өөрөө үзүүлээгүй. Учир нь ээж “хөгшин хүнийг одоо баривчилгаанд явуулахаар ядрах байх” гээд гуйгаад байсан учир үзүүлээгүй өнгөрсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7500 дугаартай “М.М.ийн биед баруун шуу ясны хугарал, духанд зулгаралт, шарх, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, зүүн хөх, хоёр өвдөгт цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 37/,
Аюулын зэргийн үнэлгээний “...Өндөр” гэх маягт /хх-ийн 18/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б. нь эхнэр М.М.ийг “хариулт мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар орны хажууд байсан түлхүүрийг авч хохирогчийн дух хэсэгт түлхүүрээр цохиж, нүүр, цээж хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохиж, улмаар байшингийн гадаа буюу амбаарын урд байх цементэн шат руу араас нь түлхэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний маягт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Хохирогч М.М., шүүгдэгч Ц.Б. нар хоорондоо эхнэр, нөхрийн харилцаатай буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тэдгээрийн мэдүүлэг, гэрлэлт бүртгэсний лавлагаа, гэрчийн мэдүүлэг бусад баримтуудаар тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “Энэ хуулийн үйлчлэлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна.” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуульд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн ойлголтод халдагч этгээд гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг илт тэгш бус давуу байдлыг бий болгох зорилгоор түүнд бие махбод, сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэж тэрхүү үйлдлээ тогтсон хугацаанд хэвшмэл маягаар үйлдэхийг хамааруулдаг.
Хэрэгт авагдсан гэрлэлт бүртгэсний лавлагаагаар Ц.Б., М.М. нарыг 1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүл болсныг бүртгэсэн байх бөгөөд тэдгээрийн хооронд үүсэх хүчирхийллийн шинжтэй илт тэгш бус аливаа үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч М.М., гэрч Б.Х. нарын өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч хохирогчийг байнга бие махбодид нь халдаж зоддог гэсэн байх ба Ц.Б.т холбогдох дуудлагын лавлагаа (2014-2024 оны хооронд хохирогчийн эсрэг 5 удаа дуудлага бүртгэгдсэн), түүнчлэн үйлдлийн шинж зэргээс үзэхэд шүүгдэгч нь гэр бүлийн хамтын амьдралын явцад хохирогчийн бие, сэтгэл санааны эсрэг удаан хугацааны туршид хүчирхийлэл үйлдэж байсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Ц.Б. нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч М.М.ийн биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Б.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Ц.Б.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б. нь ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 2 охины (2 хүүхэд нь тусдаа амьдардаг) хамт амьдардаг, тодорхой оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, хохирогчоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан төрөл, хэмжээний дотор 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж гэр бүл, нийгмийн харилцаанд бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага бО.
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О. овогт Ц.ийн Б.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б.ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б.т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН