Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1054

 

 

 

 

 

 

 

 

 

   2024         11         22                                    2024/ШЦТ/1054

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч: Э.Мөнхболд,

шүүгдэгч: М.Б., түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нар оролцсон эрүүгийн 2409000001881 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д. овогт М.ы Б.

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, “Х.” хотхон, ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б. нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ... дүүргийн ... дүгээр хороо, “Х.” хотхон, ... дугаар байрны ... тоотод хамт унтсангүй гэх шалтгаанаар хамтран амьдрагч М.М.г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газар нь хоёр удаа алгадах, 2 удаа цохих, 1 удаа паар мөргүүлэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас М.Б.гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.   

Эрүүгийн 2409000001881 дугаартай хэргээс:

Хохирогч М.М.гийн мэдүүлэг /хх-ийн 13-14, 16-18/,

Гэрч А.О.ын мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч Г.А.ын мэдүүлэг /хх-ийн 23/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11976 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33/,

Аюулын зэргийн үнэлгээний “...Өндөр...” гэх тэмдэглэл /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч М.Б. нь 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ... дүүргийн 11 дүгээр хороо, “Х.” хотхон, ... дугаар байрны ... тоотод хамт унтсангүй гэх шалтгаанаар хамтран амьдрагч М.М.г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газар нь хоёр удаа алгадах, 2 удаа цохих, 1 удаа паар мөргүүлэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч М.М.гийн өгсөн “Нөхөр М.Б. согтуудаа намайг анх 4 сартай жирэмсэн байхад гэдэс рүү цохиж “ингээд хүүхдийг чинь би ална” гэж цохиж, боож байсан. Энэ тухай би хадам ээж Г.А.д бүр дараа нь хэлж байсан боловч нээх тоогоогүй өнгөрсөн. Өөрийн гэрийнхэндээ санаа зовоод хэлж чаддаггүй. М.Б. манай аав, ээжийг үл тоодог. Согтуудаа намайг дандаа зодож, гэрээсээ хөл нүцгэн хөөдөг. Намайг хөөхөөр нь гэр лүүгээ явахаар гуйсаар байгаад буцаад авчирдаг. Өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 08-ны 20:00 цагийн үед М.Б. гэрээсээ гарч явсан. Тэгээд гарч явахаар нь би охинтойгоо унтсан. М.Б. өглөө буюу 2024 оны 09 дүгээр сарын 09-ний 07:20 цагийн үед хөл дээрээ ч тогтож чадахгүй согтуу орж ирсэн. Би охинтойгоо том өрөөнд унтаж байхад М.Б. хажуунаас чихээд оролдож эхлэхэд манай охин сэрсэн. Охин сэрүүн байхад намайг оролдоод байхаар нь би түлхэж эсэргүүцэл үзүүлсэн. Охин ч сэрээд аавыгаа түлхэж байсан. Би арга ядаад охиноо аваад жижиг өрөөнд орсон. Гэсэн ч ардаас ирээд дахин оролдсон. Би “чи цаашаа бай” гэхэд гэнэт нүд нь аймар томроод “чи одоо зайл” гэж хэлээд шууд нүүр лүү хоёр удаа алгадахад нь би хажууд байсан дэрээ авч өөрийгөө хамгаалахыг хичээж орон дээр урдаа дэрээ бариад явган суухад хоёр гараараа ээлжлэн намайг толгой руу цохиж, гэдэс рүү өшиглөсөн. Зодож байхдаа “зайл, янхан, гичий” гэх мэтээр харааж байсан, хажууд охин хараад уйлаад байсан. Би хажууд байсан утсаа аваад хадам ээж рүү залгаад юу болж байгааг сонсгох гээд спикер дээр нь тавиад “танай хүүхэд чинь орж ирээд ингээд байна” гэж хэлэхэд намайг дахин цохиж паар мөргүүлсэн. Би өөрийн ээж А.О. руу залгахад ээж цагдаа дуудсан. Би эмнэлгийн байгууллагад хандаагүй, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлээгүй, сэтгэл санааны хохирол гэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 16-18/,

Гэрч А.О.ын өгсөн “2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр охин над руу залгаад “ээж ээ, намайг ирээд аваач, хөөгөөд байна” гэж уйлахаар нь очиж авахад охин “шөнө агсам тавиад, намайг нэг удаа алгадсан” гэж байсан. Би охиноо аваад гэртээ авчирсан. Нөгөөдөр М.Б. аавын хамт ирээд дахин хөөхгүй, ийм асуудал гаргахгүй гээд амлалт өгөөд охиныг авч явсан. М.Б. өөрийн аав, ээжийн үгийг үл тоодог, хэнд ч захирагддаггүй. Өнөөдөр хоёр цагдаа ирээд эрүүлжүүлэх гэхэд урдаас нь эсэргүүцэл үзүүлж зодолдож, салаавч өгч, пизда гэх мэтээр хараан “та нар амжихгүй шүү” гэх мэтээр авирлаж байсан. Өмнө нь охин маань зулбаж, мөн охин Адана 7 сартай дутуу төрж байсан. Би энэ асуудлыг охиныг минь зодсоноос үүссэн байж болзошгүй гэж хардаж байгаа. Охиныг минь М.Б. эдийн засаг, бие махбодийн хувьд бүрэн хараат байлгадаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч Г.А.ын өгсөн “Өглөө 07:30 цагийн үед бэр залгаад “Жавхаа орой ажлаа тарж ирээд гарч явсан. Би хойноос нь нэг удаа ч залгаагүй, гэтэл өглөө орж ирээд намайг цохиж, зодоод байна гэж хэлсэн. Утасны цаанаас М.Б. “чи яагаад худлаа яриад байгаа юм” гэж хэлсэн. Би М.Б.д “чи эмэгтэй хүнд гар хүрч болохгүй, болиоч” гэж хэлсэн. Удалгүй М.Б. өөрийн утаснаас залгаад “өглөө намайг ирэхэд зайл гэж хөөгөөд, өшиглөж цохиод байсан шүү дээ” гэж хэлэхэд нь “чи шөнө орой ирэхгүй, хар үүрээр орж ирэхэд чинь уурлах нь зөв шүү дээ, тэглээ гээд чи эмэгтэй хүнд гар хүрээд байхдаа яадаг юм” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11976 дугаартай “М.М.гийн биед тархи доргилт, зүүн чамархайн урд хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б. нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.М.г “хамт унтсангүй, татгалзлаа” гэсэн шалтгаанаар алгадах, цохих зэргээр биед нь халдаж зодсон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “Энэ хуулийн үйлчлэлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна.” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.” гэж тус тус заасан.

Дээрхээс үзвэл гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн шинжтэй харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа эрэгтэй, эмэгтэйг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзэх бөгөөд тэдгээрийн хооронд үүсэх хүчирхийллийн шинжтэй, үйлдлийн шинж илэрхий догшин, урьд тус шинжийг агуулсан үйлдлүүд гаргаж байсан илт тэгш бус давуу байдлыг үүсгэсэн аливаа үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч М.Б. нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаагаа далимдуулан давуу байдал үүсгэн хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч М.М.гийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Б.гаас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч М.Б.г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол, төлбөрийн талаар:

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зардал нэхэмжлэхгүй, хэрэг учрал болсон өдөр эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан байх боловч хэрэгт иргэний нэхэмжлэгч тогтоогдоогүй, энэ талаар нэхэмжлэл гараагүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч М.Б.г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч М.Б. нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, тодорхой оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

Улсын яллагчаас “шүүгдэгч М.Б.д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч М.Б. танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, нийгэм, гэр бүлийн харилцаанд бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д. овогт М.ы Б.г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б.г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б.д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДУЛАМСҮРЭН