| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2024/1098/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1117 |
| Огноо | 2024-10-17 |
| Зүйл хэсэг | 10.1.2.7., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1117
2024 10 17 2024/ШЦТ/1117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж, шүүгч Ч.Алдар, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
иргэдийн төлөөлөгч Г.Бууралхангай
улсын яллагч М.Сүхчулуун,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-, түүний өмгөөлөгч М.Чинзориг,
шүүгдэгч Ч.Ж-, түүний өмгөөлөгч Ц.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-гийн Ж-д холбогдох эрүүгийн 2406 00000 1419 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0 тоотод оршин суух, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн 02 жил 13 хоногийн хорих ялаас 02 жилийг өршөөн хасч, 13 хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэн, Б овогт Ч-гийн Ж-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн үүрээр “Чингис” дэн буудал дотор намайг зодож буудлаас хөөж гаргасан үл таних эрэгтэйчүүдээс өс хонзон авна, хохирогч Б.Т- нь намайг зодож дэн буудлаас хөөж гаргасан эрэгтэй хүн мөн байна” гэж андууран бодож, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өглөөний 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Чингис дэн буудлын 2 давхрын коридор хэсэгт хохирогч Б.Т-тай өс хонзонгийн сэдэлтээр маргаан үүсгэж, амь хохирогч хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, зориуд бэлтгэж биедээ авч явсан ахуйн хэрэглээний эвхдэг хутгаар хохирогчийн хүзүүний баруун урд хэсэгт 1 удаа хутгалж хүзүүний баруун урд доод хэсэгт гүрээний баруун хураагаар судлыг бүрэн бус гэмтээж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины уналт, цээжний хөндийд цус сул алдалт дээд уруулын салстад шарх, эрүүний төвгөрт зулгаралт бүхий хохирогчийг үхэлд хүргэсэн амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Ж- шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хамтран амьдрагчтайгаа тус буудалд очиж хоносон. Тэгээд 06 дугаар сарын 14-ний өдөр буудлаас гарахад үүдэнд 3, 4 залуучууд зогсож байсан. Надаас тамхи асуусан санагдаж байна. Би байхгүй гэж хэлэхэд намайг шат руу түлхсэн. Босож амжаагүй байхад дахиад нэг нь ирж өшиглөсөн юм. Тэгээд би тэндээ хэсэг сууж байгаад гарсан. Гараад алхаж явтал нэг залуу архи авах гэхэд мөнгө хүрэхгүй байна хоёулаа нэг шил архи аваад уух уу гэхээр нь би буудлын хажуу талын дэлгүүр лүү ороод архи аваад замын хажууд талд байсан сааданд суугаад авсан архиа уусан. Архиа ууж дуусаад буудал руу ороод гэрийн түлхүүрээ авах гэхэд хэн ч байгаагүй. Тэгэхэд цаад буланд нөгөө намайг цохисон хүмүүс байсан. Би очоод танай найзууд намайг өшиглөсөн гэхэд надад ямар хамаатай юм гээд цохисон. Би буцаагаад нэг цохисон. Тэгээд би цээж рүү нь хатгах шиг болсон. Тэгээд буудлаас гараад Хаан банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гэсэн боловч харуул нь согтуу байна гээд хөөгөөд гаргасан. Мөнгөгүй байсан учраас О-аас таксины 10,000 төгрөг аваад гэртээ харьсан” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Т- ах маань Увс аймгийн Баруунтүрүү суманд 1985 оны 5 дугаар сард төрсөн, бидний том ах юм. Доороо 3 дүүтэй. Ах маань 2006 онд ШУТИСургуулийг төгссөн. Биднийг өсгөж хүмүүжүүлж өгсөн. Ах маань харамсалтайгаар амь насаа алдсанд гомдолтой байна. Үнэхээр харамсаж байна. Ид хийж бүтээх насан дээрээ бусдын гарт амь насаа алдлаа. Шүүгдэгчийн тайлбарыг сонсоход хэрэгт авагдсан мэдүүлгээс зөрүүтэй зүйл ярьж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд ээж, төрсөн дүү маань ирсэн байгаа. Ээжийн маань сэтгэл санаа үнэхээр хүнд байгаа. Ах маань Багануур дүүрэгт ээжтэй хамт амьдардаг байсан. Монполимет ХХКомпанид ээлжээр ажиллаж байсан. Сая компанийн үйл ажиллагаанаас шалтгаалаад зарим уурхайнууд хаагдсан шалтгаанаар ажилдаа гараагүй байсан юм. Багануур дүүрэг рүү явахын урд өдөр нь ийм асуудал гарсан. Бид гомдолтой байна. Шүүгдэгчийн зүгээс оршуулгын 15 485,968 төгрөгийг төлж барагдуулсан. Сэтгэл санааны хохирлоо хуульд заасан журмын дагуу тогтоолгох хүсэлтэй байна” гэв.
Гэрч Д.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чингис” нэртэй дэн буудалд хоногийн өрөө авч байрласан. Тухайн өдөр “Чингис” нэртэй дэн буудалд анх удаа орсон. Амь хохирогчтой 2019 онд нэг газар ажилд орсон. Манай аймгийн Баруун туруу сумын ах. Тэр өдөр би гар утасгүй явж байсан. Т- ах А- руу залгаад ах нь гэрээсээ хөөгдчихлөө, ВиВа ситигээс гараад явж чат бичсэн байсан. А- бид хоёр таксинд явж байгаад шөнө 03 цаг өнгөрч байхад “Чингис” дэн буудалд орсон. Амь хохирогчийг хаана байна гэж асуухад талбайн урд талаас ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд А- бид хоёр очиж авсан. Чингис” дэн буудлын 2 номерын өрөө буюу 201 тоотод орсон. Биднийг уг буудалд байхад ресейпшн эмэгтэй орилоод намайг дуудаад миний толгойг хүн хагалчихлаа.Энэ хүнийг эндээс гаргаад өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Буудлын ресейпшн эмэгтэй өнөөдрийн надтай хамт гэрчээр дуудагдсан Д.О- мөн. Намайг очиход буудлын ресейпшн эмэгтэйн толгой нь хагарчихсан цус гарсан байдалтай толгойгоо бариад зогсож байсан. Шүүгдэгч миний байсан өрөөний эсрэг талын өрөөнд байсан бөгөөд буудлын ресейпшн эмэгтэй тусламж хүссэн учраас ганцаараа очиж шүүгдэгчийг буудлаас гаргасан. Би буцаж орж ирээд шүүгдэгчийн цүнхийг А-ын хамт гаргаж өгсөн. Түүнээс хойш дахиж шүүгдэгчтэй буудалд таараагүй. Амь хохирогч болон А- бид нар шүүгдэгчийг цохиж, зодож, доромжлоогүй. Шүүгдэгчийн цүнхийг гаргаж өгөхөд “ална шүү” гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Амь хохирогчийг нас барсан гэдгийг өглөө цагдаа нар сэрээхэд мэдсэн. А- бид хоёрыг унтаж байхад коридорт хүмүүс маргалдаж, эмэгтэй хүн тусламж хүсэж байгаа эсхүл ална гэсэн яриа сонсогдоогүй. Унтаж байхад Т- ах Ч, А гэж дуудахыг сонссон. Гэхдээ хэдэн цаг болж байсан талаар сайн санахгүй байна. Нойрон дундаа сэрж чадаагүй. Өглөө босоход тийм зүйл болсон байсан. А-тай нэг ортой өрөөнд унтсан. Эсрэг талын хоёр ортой өрөөнд манай үеэл дүү найзуудтайгаа байсан. Амь хохирогч ирээд авчих гэхээр нь очиж авсан. Амь хохирогч манай дүүгийн 2 ортой өрөөнд ганцаараа орсон бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид нар нэг том пиво, 0.5 гр Сэнгүр нэртэй пиво 2 ширхэгийг уусан” гэв.
Гэрч Т.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Амь хохирогчтой нэг албан байгууллагад ажилладаг. Амь хохирогч нь бусадтай нийтэч, ажил дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Даруу төлөв зантай, бусадтай түрүүлж маргалдах хүн биш. Тухайн орой Дархан хотоос ирсэн. Ч- буудал авсан хүрээд ир гэж хэлсэн. Буудлын ресейпшн эмэгтэй намайг дуудаад миний толгойг хүн хагалчихлаа, тэр хүнийг гаргаад өгөөч гэж тусламж хүссэн. Эхлээд Ч- очиж шүүгдэгчийг буудлаас гаргасан. Дараа нь бид хоёр шүүгдэгчийн цүнхийг нь гаргаж өгсөн. Түүнээс хойш дахиж буудал дотор таараагүй. Өмнө нь буудлын ресейпшн эмэгтэйг харж байгаагүй. Өнөөдөр надтай хамт гэрчийн мэдүүлэг өгөх гэж ирсэн Д.О- буудлын ресейпшн эмэгтэй мөн байна. Буудлын ресейпшн эмэгтэйг тусламж хүсэж орилоход амь хохирогч, Ч- бид гурав буудлын ресейпшний хажуу талын өрөөний эсрэг талд өрөөнд байсан. Орилох үед нь өрөөндөө сууж байсан. Хүн байна уу туслаарай гэж хэлсэн. Яваад очиход шил хагарсан байсан. Бидний зүгээс шүүгдэгчийг зодож, цохисон, доромжилсон зүйл байхгүй. Буудлын ресейпшн эмэгтэй тусламж хүссэн болохоор очсон. Өөрөөр очих шаардлага байхгүй. Т- ахыг очиж авахад нилээн согтуу байсан.. Ч- бид хоёрт 2 том пиво, 4 ширхэг лааз пиво авч өгсөн. Өөрөө 4 ширхэг лааз пиво уусан. Амь хохирогчийг нас барсан гэдгийг өглөө 8-9 цагийн үед цагдаа нар сэрээхэд мэдсэн” гэв.
Шинжээч Т.Чимэд-Очир шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Амь хохирогч Т-ын цусанд 3.4 промиль спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан. Тухайн хүний биеийн онцлогоос хамаараад орон зай баримжаа алдах, шийдвэр гаргах чадвар буурдаг гэж ойлгож болно. Согтолтын хүнд зэргээс илүү хүнд зэрэгт шалгуур тогтоосон байгаа. Химийн шинжилгээгээр 2.5 аас дээш промиль илрэх юм бол онолын хувьд согтолтын хүнд зэрэгт хамаарна.Тухайн хүний өндөр, жинтэй нь хамааруулж спиртийн хэмжээ, согтолтын зэргийг тодорхойлох боломжгүй. Жишээ нь хүний сэтгэл зүй, энерги зарцуулалт, ажлын ачаалал, бие хүчний ачаалал, цаг агаар ямар байсан зэргээс хамаарч архи эсэргүүцэх, хүлээн авах, биедээ шингээх чадвар нь өөр өөр байдаг. Тийм учраас нарийн хариулах боломжгүй. Хүн нас бараад бодисын солилцоо тэр цагт зогсдог. Хувь хүний онцлогоос хамаарч архи эсэргүүцэх чадварыг тогтоох боломжгүй. Согтолтын зэргийг цус, ходоодны шингэн, шээснээс дээж авч тодорхойлдог. Ходоод гэдэг бол амны хөндийгөөр ороод хамгийн эхэнд очиж байгаа сав гэж ойлгож болно. Шээс нь биеэс гарч байгаа спиртийн агууламж гэж ойлгож болно. Амь хохирогч нь ердийн согтолтын хэмжээнээс илүү согтолттой байсан. Өөрөөр хэлбэл согтолтын хүнд зэрэгтэй байсан” гэв.
Эрүүгийн 2406 00000 1419 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ч.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, ялллагдагчаар өгсөн: “...Би Д.О- гэх эмэгтэйтэй 2020 онд танилцсан. Түүнээс хойш бид хоёр харьцаж хамтран амьдарч эхэлсэн юм. Би 2024 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Өмнөговь аймгийн Цагаанхадаас ирээд Д.О-тай холбогдсон чинь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” нэртэй зочид буудал дээр ажил дээрээ байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би таксины мөнгө аваад таксинд сууж очоод 70 000 төгрөгөөр өрөө аваад орж унтсан. Би яг хэдэн тоот өрөөг нь бол мэдэхгүй байна. Тухайн буудлын өрөөний төлбөрийг Д.О- өгсөн. Зочид буудлын доод талын дэлгүүрээс 1 шил ногоон шилтэй 0,5 литрийн архи, Сэнгүр нэртэй 1 лааз пиво авч өрөөндөө ганцаараа уусан. Тэгээд би өрөөндөө унтаж байгаад өглөө сэрээд ариун цэврийн өрөө рүү орж бие засчихаад гараад ирсэн чинь гарах үүдний хэсэгт 3-4 залуучууд зогсож байсан. Тэр залуучууд надаас тамхи байна уу гэж асуухаар нь та нарын тамхийг бэлдэх албатай юм уy гэж хэлэхэд намайг шат руу түлхэж унагаасан. Би зочид буудлаас гарч иртэл нэг үл таних залуу таараад хоёулаа 1 шил архины мөнгө нийлүүлээд хамт архи ууя гэхээр нь би зөвшөөрөөд замын урд талын дэлгүүрээс Тайга нэртэй 0,5 литрийн архи аваад Чингис зочид буудлын замын урд талын модны сүүдэрт хувааж уучхаад буцаад зочид буудал руу ороод өрөөндөө орсон чинь өрөөнд хүн байхгүй байхаар нь буцаж гарч иртэл намайг түлхэж унагаасан залуучуудтай хамт байсан нэг залуу байсан. Би тэр залууд танай найзууд чинь намайг шатны уруу түлхэж унагаагаад алах дөхлөө гэж хэлсэн чинь тэр залуу надад чамд ямар хамаатай юм гэж хэлээд намайг түлхсэн, тэгэхээр нь би зөрүүлээд нөгөө залууг түлхээд гарт байсан зүйлээрээ цээж хэсэг рүү хатгачих шиг болсон. Тэр үед цаад талын өрөөнөөс нэг үйлчлэгч эгч гарч ирээд намайг аваад өрөө рүү оруулсан. Би өрөөнд ороод халаасанд мөнгө байхгүй болохоор нь буудлаас гараад 16-гийн автобусны буудлаас зүүн тийшээ яваад Хаан банк дээр очоод цалингийн зээл авах гэсэн боловч би авч чадаагүй. Би Д.О- руу гар утсаар залгаад таксины 10,000 төгрөг өгчих би харилаа гэж хэлээд таксинд сууж гэр рүүгээ явсан. Би гэртээ ороод унтаж байсан чинь ардаас Цагдаагийн алба хаагч нар ирсэн юм. Надад ямар нэгэн шалтгаан байгаагүй. Тэр залуучууд намайг эхлээд шатаар түлхэж унагаасан. Тэгээд л би буцаж орсон чинь нэг залуу зогсож байсан. Би очоод найзууд чинь намайг шатны уруу түлхэж унагааж алах дөхлөө гэтэл чамд хамаагүй гэж хэлээд намайг түлхсэн. Би зөрүүлээд түлхээд гарт байсан зүйлээрээ цээж хэсэг рүү нь нэг удаа хатгасан юм. Тухайн үед тэр залуугийн биеэс ямар нэгэн цус гарсан зүйл байгаагүй. Би тухайн зүйлийг бол яг хаанаас олж авсан талаараа санахгүй байна. Миний биед хутга мэсний зүйл бол байгаагүй юм. Би яг ямар зүйлээр биед нь халдсан талаар бол мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр тал/,
Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хороог хэлж мэдэхгүй газарт үйл ажиллагаа явуулдаг Чингис нэртэй дэн буудалд ресейпшний ажпыг хийдэг ба 2024 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө ээлжийн ажилтай хонож байхад 2024 оны 06 дугаар сарын 13-ны 07 цагийн орчимд миний 86**-**32 дугаарын утас руу өөрийнхөө 88**-**32 дугаарын утаснаас холбогдож би архи ууж байгаад ажлаасаа халагдсан одоо таксинд сууж байна Улаанбаатар хотод очоод шууд ажил дээр чинь очиж гэрийнхээ түлхүүрийг авна гэсэн ярьсан найз болох Ч-гийн Ж-ыг 23 цагийн орчимд ирж ядарч байгаа талаар хэлж өрөө авна гэхэд нь 203 тоот өрөөнд оруулсан. Тухайн үед Ч.Ж- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба надаас архи аваад өгчих гэж гуйгаад байхаар нь доод талын дэлгүүрээс 4 ширхэг 0.5 литрийн лаазтай Сэнгүр пиво авч өгөөд хамт байхад 3 ширхгийг нь ганцаараа уучхаад унтаж байхад нь хажуу өрөөний залуучуудыг гаръя гэж орж ирэхэд нь буудлын хаалгыг нээж өгч гарчхаад буцаж 203 тоот өрөөнд ороход Ч.Ж- сэрж хаашаа яваад ирж байгаа юм гэж уурлаж архины шилээр толгой руу цохиж хагалахад нь муухай орилоход гадагш гарсан 3 залуу пиво барьж орж ирэх нь таарч болиулж Ч.Ж-ыг чирч гаргахад нь хаалгыг түгжсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Ч.Ж-ыг орох гэж хаалга цохиход оруулахгүй байхад яваад өгсөн ба үүнээс хэсэг хугацааны дараа над руу өөрийнхөө утсаар холбогдож Киоски машинаас мөнгө авах гэсэн чинь иргэний үнэмлэхийг залгуулчихлаа хүрээд ир гэж дуудахад нь ажлаас буух болоогүй байна наанаа хүлээж бай ажпаас буугаад яваад очъё гэхэд чи яг наанаа байж байгаарай би явж очоод чамайг хутгалж ална гэхэд нь шинэ үйлчлэгч эмэгтэйд өөрийнхөө утасны дугаарыг хэлж намайг хайж эрэгтэй хүн орж ирэх юм бол ажлаасаа буугаад явсан гэж хэлээрэй тэгээд явчихаар нь над руу залгаарай гэж хэлээд уг газраас гарч зочид буудалтай ойролцоо байдаг гэрийн гадна ирэхэд үйлчлэгч эмэггэй над руу залгаж танай хүн гаднаас хутга барьж орж ирж чамайг хайгаад байхгүй гэсэн чинь гарч явсан нэг өрөөнд цусандаа хутгалдсан хүн хэвтэж байна түргэн тусламж дуудаарай гэж хэлэхэд нь түргэн болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд уг асуудал болсны дараа цагдаа нар ирээд бичлэг шүүж үзээд энэ хүнийг таних уу гэж зураг харуулахад нь өнгөрөх шөнө цагаан хаданд ажиллаж байгаа Улаанбаатар хотод ирж манай буудалд орсон найз Ж- болохыг хэлж түүний гэрийг зааж өгсөн. Нэрийг мэдэхгүй шинээр ажилд орсон үйлчлэгч эмэгтэй Ч.Ж-ыг хутга барьж орж ирсэн талаар болон өрөөнд цустайгаа хутгалдсан эрэгтэй хүн хэвтэж байгаа талаар хэлсэн ба өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Миний хувьд тухайн үед Ч.Ж-аас айгаад зупгаж явсан байсан болохоор тухайн газарт ямар асуудал болсон болохыг огт мэдэхгүй ба намайг ирэхэд 201 тоот өрөөний дотор талын үүд хэсэгт Ч.Ж-ыг хөөж шат руу түлхэж ходуулсан гурван залуугийн нэг нь цустайгаа хутгалдсан байдалтай хэвтэж харагдсан” гэм мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,
Гэрч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 13-ны 18 цаг өнгөрч байхад Дархан Уул аймгаас өөрийн эзэмшлийн 03-72 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүн зөөвөрлөж 21 цагийн орчимд Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай хороог мэдэхгүй 16 /арван зургаа/-гийн автобусны буудлын ойролцоо байрлалтай Чингис нэртэй дэн буудалд найз Ч-ын түрээсэлсэн номерыг санахгүй байгаад 1 ортой өрөөнд орж хоорондоо ярилцаж байгаад такси үйлчилгээнд явахаар түүний хамт гарсан. Намайг уг буудалд найз Ч- дээр очиход Ч- нь 3 ширхэг Сэнгүр нэртэй 0.5 литрийн пиво уусан гэж хэлж байсан ба түүнтэй хамт 00 цаг хүртэлх хугацаанд таксинд үйлчилгээнд явж байхад хамт ажилдаг ах Т- фейсбүүк чатаар гэрээсээ хөөгдсөн талаар хэлэхэд нь хаачих талаар асуухад буудалд очиж хононо гэсэн ба Ч- энэ буудалд өөр түрээсэлсэн хоёр ортой өрөө байгаа тэр өрөөнд манай дүү байгаа авч ирээд хамт хонуулчихъя гэж хэлэхэд Сүхбаатарын талбай дээр байна гэсэн Т- ахыг очиж аваад буудалд орсон. Тэгээд буудалд орохын өмнө Т- ахын худалдан авсан 0.5 литрийн 4 ширхэг Сэнгүр, 2 ширхэг 0.5 литрийн улаан касс нэртэй пивыг хувааж ууж байхад эмэгтэй хүн ёолж орилох чимээ гарахад нь Ч-, Т- нарын хамт явж очиход буудлын ресейпшн эмэгтэй нэг эрэгтэйн хамт байсан ба ресейпшн эгч миний толгой архины шилээр цохчихлоо чирээд гаргачих гэж хэлэхэд нь Ч- уг эрэгтэй гаргахаар чирч байхад хажуу талаас нь Т- өшиглөх гэхэд нь татаж холдуулахад Ч- уг эрэгтэй гаргаж буудлын ресейпшн эгч хаалгыг түгжсэн. Тэгээд бид нарыг өрөөнд буцаж орох гэж байхад буудлын ресейпшн эгчийг цүнхийг нь гаргаад өгчих гэж хэлэхэд нь Ч- би гаргаад өгчихье гэхэд буудлын ресейпшн эгч намайг хамт гар гэсэн болохоор нь Ч-ын хамт цүнхийг нь гаргаж өгчхөөд буцаж орж үргэлжлүүлж ууж байгаад уух пиво дуусахад нь Ч-, Т- нарын хамт буудлаас гарч буудлын хажуу талын Си үйлчилгээний төв орж 2.4 литрийн Сэнгүр нэртэй пиво, 0.5 литрийн 2 ширхэг улаан касс худалдан авч буцаж ороод үргэлжлүүлж ууж байхад би тасраад унтчихсан байсан ба нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн намайг сэрээсэн. Миний хувьд хол замд машин барьж нойргүй яваад бас дээр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтоод унтсан болохоор юу болсон болохыг огт санахгүй байна. Намайг тасарч унтах хүртэлх хугацаанд бид нарын хооронд ямар нэгэн маргаан болсон зүйл байхгүй. Бид нарын хувьд ресейпшн эгчтэй хамт байсан эрэгтэйн биед халдаж зодож цохисон зүйл байхгүй ба ресейпшн эгчийг гаргачих гэж хэлэхэд нь гаргасан бөгөөд ресейпшн эгчийн биед учирсан гэмтэл шарх ажиглагдаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар тал/,
Гэрч Д.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уржигдар буюу 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 12:00 цагийн орчимд үеэл дүү Д.У-тэй хамтдаа явж байгаад Чингис гэх нэртэй буудалд 201 тоот эхлээд тэр дүүтэйгээ хамтдаа орсон, тэр өдрөө дүүтэйгээ хамтдаа хоносон бөгөөд тэр шөнө дүүгийн найз Д- гэх хүн ирсэн. Тэр тэдэнтэй хамтдаа хоноод байж байсан чинь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нь дүүгийн найз нь хамтдаа архи ууя гээд байхаар нь би уухгүй гэж хэлээд 204 тоотод ороод тэр өдрөө амарч байгаад тэр өдрийн орой 20:00 цагийн орчимд хамтдаа ажилладаг найз А- нь Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод ирчихлээ гээд над руу залгахаар нь би гараад Сансарын ойролцоогоос гарч очиж тосож аваад хамтдаа буудалдаа хүрч ирээд ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй амарцгаасан. Тэгэхэд өнөөдөр өглөө 04:00 цагийн орчимд унтаж байхад хамтдаа ажилладаг Т- нь А- руу чат бичээд яармагт байна ирээд авчих гэж хэлсэн байсан ба согтууруулах ундаа хэрэглэчихсэн гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь би А-тай хамтдаа гараад Сүхбаатарын талбайгаас Т-ыг аваад буцаад гурвуулаа буудалдаа ирэхдээ Т- нь 4 лаазтай Сэнгүр пиво, 2 ширхэг улаан Cass пивотой нийтдээ 6 ширхэг лаазтай пиво Чулуун-Овооны CU дэлгүүрээс авчихаад орж гурвуулаа орж ирсэн. Орж ирэхэд буудлын ресепшн нь 2 ортой 201 тоот руугаа орчих гэж хэлэхээр нь бид нар 201 тоот руугаа хамтдаа орсон, ороход У- нь ганцаараа унтаж байсан бөгөөд найз нь явчихсан байсан, улмаар бид гурав пиво оо уугаад ажлынхаа талаар юм яриад дуулж сууж байгаад дахиад гараад буудлын ойролцоох CU-д орж 1 ширхэг том Сэнгүр пиво, 2 ширхэг лаазтай Red Cass пиво аваад дахиад тэрийгээ ууж сууж байсан. Уугаад сууж байхад ресепшн эгч намайг дуудаад "Миний толгойг хүн хагалаад хаячихлаа, тэр хүнийг эндээс гаргаад өгөөч” гэж хэлэхээр би хамгийн түрүүлж очиход намхан бордуу царайтай, ширүүн харцтай ойролцоогоор 40 гарсан настай эрэгтэй хүн байсан ба согтууруулах ундаа хэрэглэчихсэн байр байдалтай байсан, намайг орж ирэхэд ална шүү гээд өөдөөс босоод ирсэн учраас түүнийг дарж аваад, газарт суулгаад хөдөлгөөнгүй барьчихсан байсан, тэгэхэд миний араас А- Т- нар нь ороод ирчихсэн байсан ба гурвуулаа хамтдаа нийлээд буудлаас чирээд гадаа гаргасан. Гаргачихсан чинь тэр ресепшн эгч цагдаа дуудна гэж хэлж байсан боловч нөгөө нэг согтуу ах нь өөрөө цаашаагаа яваад өгчихсөн учраас гээд цагдаа дуудаагүй, араас нь ресепшн эгч цүнх нь энд үлдсэн гаргаад өгчих гэхээр нь А- бид хоёр нөгөө ахад цүнхийг нь аваачиж өгсөн ба цүнхээ аваарай гэхэд өөдөөс ална шүү гэхэд нь ойртоогүй цүнхийг нь зайнаас шидэж өгчихөөд эргэж хараад явсан. Буцаж өрөөндөө орж ирээд өмнө авсан юмаа ууж сууж байгаад дуусаад Т- ахад хандаад энэ өрөөндөө унтаад амарчих, би А-тай хамтдаа өрөөндөө 204 тоот руу ороод унтаж амарлаа гэхэд Т- ах явлаа гэж хэлээд сууж байхад нь би А-тай хамтдаа ТҮЦ-орохоор гарахад араас цүнхээ авъя, ах нь явлаа гэж хэлээд гарч ирэхэд нь нэгэнтээ 12:00 цагт гарах учраас та унт гэж хэлээд бид хоёр гараад ТҮЦ-ороод 2 ширхэг тамхи, CU-дэлгүүрээс 1 том Сэнгүр пиво аваад буцаад удаагүй орж ирэхэд Т- ах буудалдаа байхгүй байсан. Тэгэхээр нь ресепшнээс асуусан чинь доошоо буусан гэж хэлсэн ба гарч ирж байна гэхэд нь бид хоёр бид хоёрыг 204 гэдгийг битгий хэлээрэй гэж хэлээд дотогш ороод пиво оо уух гэж байгаад найз А- нь ядраад байна гэсэн учраас нь уугаагүй А- унтчихаар нь би гарч ирээд нөгөө өрөөнөөс Т- ахыг байна уу үгүй юу гэж харахад орон дээрээ сууж байсан учраас байгаа юм чинь унтчих байлгүй дээ гэж бодоод өрөөндөө буцаж орж ирээд хэвтэж байхад Т- ах буудлын коридороор явангаа чанга хоолойгоор “А, Ч” гэж дуудаж байсан, тэгэхээр нь бид хоёрыг цүнхээ авах гээд хайж байгаа юм байна гэж бодоод хэвтэж байгаад унтчихсан байсан. Унтаж байхад дүү У- болон ресепшн эгч хоёр манай өрөөнд орж ирээд Т- ахыг цус болоод доошоо хараад уначихсан байна гэж хэлсэн, тэгэхээр нь би сэрээд гарч ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дугаар тал/,
Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Үнэгүй.мн сайт дээрээс Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” нэртэй зочид буудалд үйлчлэгчээр ажилд авна гэх зарын дагуу холбогдоод очиж уулзаад өнөөдрөөс ажлаа аваад ажиллаж байсан. Би өнөөдөр өглөө 08 цаг 30 минутын үед ажил дээрээ ирэхэд зочид буудлын угтагч О- гэх эмэгтэй ганцаараа байж байсан. Би ирээд ажлаа хүлээж аваад 202 тоот өрөө суларсан байхаар нь би цэвэрлэгээ хийсэн юм. Тухайн өрөөний ариун цэврийн өрөөг угаасан, амрах өрөөний аяга, үнсний сав, шал зэргийг угаасан. Ариун цэврийн өрөөний хогийн саванд нойлын цааснууд байхаар нь хогны уутанд хийгээд зочид буудлын ард талд байх хогийн цэг дээр аваачиж хаясан юм. Би О-той хамт хог хаясан юм. Уг өрөөнөөс өөр ямар нэгэн эд зүйл гаргаж хогийн цэг дээр хаясан зүйл байхгүй. Тэгтэл 10 цаг болж байсан байх О- надад “намайг асууж хар малгайтай залуу ирээд намайг ажлаасаа буусан гэж хэлээрэй” гэж надад хэлээд эмийн сангаас эм аваад ирье гээд гарч явсан. Би ганцаараа үлдээд байж байтал гаднаас хар өнгийн малгайтай, хар өнгийн куртиктэй, 40 гаран настай үл таних эрэгтэй хүн гаднаас орж ирээд ресепшн хаана байна гэж асуухаар нь ажлаасаа буугаад явсан би ээлжийг нь хүлээж авсан хүн байна гэж хэлсэн чинь тэр эрэгтэй хүн худлаа яриад бай, энд байх ёстой бас намайг зодуулсан 5 залуу нь хаана байна гэж хэлээд өрөөнүүдээр хайгаад яваад байсан. Тэгтэл ардаас нь үл таних эрэгтэй хүн гарч ирээд тэр хоёр хүмүүс хоорондоо маргалдаад бие биетэйгээ зодолдсон. Тэгэхээр нь би дундуур нь ороод одоо болиочээ гэж хэлээд салгасан чинь нөгөө сүүлд орж ирсэн эрэгтэй нь хаашаа ч юм яваад өгсөн. Харин анх орж ирсэн хар өнгийн малгайтай, хар өнгийн куртиктэй, 40 гарал настай үл таних эрэгтэй хүн өрөөнүүдээр ороод хүн хайгаад байх шиг байсан ба ардаас нь цагаан малгайтай туранхай биетэй үл таних эрэгтэй хүн орж ирсэн чинь нөгөө хар өнгийн куртиктэй эрэгтэй тухайн хүнтэй мөн адил маргалдсан. Тэр үед би сандраад цагаан малгайтай эрэгтэй хүнийг өөрийнхөө нөхөр гэж нөгөө хар куртиктэй хүнд хэлсэн. Учир нь би дахиад олон хүмүүстэй маргалдаад асуудал үүсгэчих болов уу гэж бодоод тэгэж хэлсэн юм. Тухайн хар куртиктэй залуу өрөөнүүдээр хүн хайж явж байхдаа өчигдөр орой намайг 5 залуу зодсон гэж хэлээд гуя хэсгээ харуулсан ба гуя хэсэг нь зулгарсан байсан юм. Би нарийн учрыг нь бол олоогүй юм. Тэгээд л нөгөө хар куртиктэй эрэгтэй гараад явсан. Би хар куртиктэй эрэгтэйг өрөөнүүдээр хүн хайгаад явж байх үед О- руу залгаад нөгөө эрэгтэй хүн чинь орж ирээд чамайг хайгаад байна. Нэг эрэгтэй хүнтэй зодолдсон гэж хэлсэн чинь О- нь за одоо очлоо гэж хэлсэн. Тэгтэл 201 тоотод байсан нэг үл таних шар царайтай залуу буудлын коридорт гарч ирээд манай өрөөнд нэг хүн хачин болчихсон байна, цагдаа, эмнэлэг дуудъя гэж хэлэхээр нь би очиж харсан чинь 201 тоот өрөөний үүдэнд нөгөө хар өнгийн куртиктэй эрэгтэй хүнтэй маргалдсан үл таних залуу шалан дээр хэвтчихсэн, шалан дээр их хэмжээний цус асгарсан байдалтай байхаар нь би сандарч О- руу дахин залгаад болсон асуудлыг хэлсэн чинь О- нь би Цагдаа, Эмнэлэг рүү дуудлага өгчихье гэж хэлээд гар утсаа салгасан. Удалгүй О- гаднаас орж ирээд нөгөө хүнийг хараад юу болсон юм бэ, яасан юм бэ гэж хэлж байсан, Ардаас нь Цагдаагийн байгууллагын алба хаагч нар орж ирсэн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/,
Гэрч Д.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монполимет ХХК-д эргийн ажилтан ажилтай 20 хоног ажиллаад 10 хоног амардаг. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ажлаасаа буугаад Баянзүрх дүүрэгт байрлах зочид буудлын нэргийг мэдэхгүй байна. Тус буудал би үеэл ах болох Д.Ч-ын хамт орсон. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 05 цагийн орчим Д.Ч- ах гаднаас найзууд гээд 2 эрэгтэйн хамт орж ирээд манай өрөөнд пиво ууж байгаад 06:00 цаг өнгөрч байхад CU дэлгүүрээс нэг шил архи аваад ууна гэж хэлээд гарсан. Би өрөөндөө ганцаараа үлдээд унтсан. Өглөө 08:00 .агаас 09:00 цагийн орчим байх бие засах санаатай өрөөнөөсөө гартал манай өрөөний үүдэнд Д.Ч- ахтай хамт явсан найз нь /нэрийг мэдэхгүй/ доошоо харсан биеэс нь их хэмжээний цус гарсан байдалтай газарт хэвтэж байсан. Тухайн үедээ би сандарч гүйж гараад буудлын угтах үйлчилгээний эгч дээр гүйж очоод түргэн тусламж, цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгүүлсэн. Удалгүй цагдаагийн алба хаагчид түрүүлж ирээд намайг хөдөлгөхгүй байлгаж байгаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Үеэл ах Д.Ч- өөрийнхөө өрөөнд нэг найзынхаа хамт унтаж байхад нь би цагдаагийн алба хаагчийн хамт сэрээж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,
Гэрч Т.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уржигдар буюу 2024 оны 06 дугаар сарын 12-ны шөнө би тухайн 16 дугаар хорооллын замын хойд талд байдаг Чингис гэх буудалд хоноод маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус буудлаас гарсан. Тэгээд тэр өдрөө буудлын цаг нь дуусчихсан байсан учраас гарч явсан бөгөөд өчигдөр гэртээ өнжөөд гэртээ хоносон. Тэгээд өнөөдөр еглөө би өмнөх өдрөө буудлаас гарахад өрөөндөө үлдээсэн байсан эрүүл мэндийнхээ картыг хайгаад олоогүй учраас тус буудалд хамтдаа хоносон найз Д- маань доод ресепшн дээр үлдээсэн байж магадгүй гэж бодоод тэр буудалд 09:00-10:00 цагийн орчимд очсон. Тэгэхэд ресепшн нь байхгүй байсан бөгөөд 2 давхарт гарч ирэхэд 2 давхрын коридорт цэвэрлэгч нь бололтой хүн цэвэрлэгээ хийгээд явж байсан ба асуухад ресепшн нь байхгүй байна, одоо удахгүй хүрээд ирнэ гэж хэлсэн, тэр үед 2 давхрын нэг өрөөнд нь нэг эрэгтэй хүний хоолойгоор чанга чанга дуугараад хүнтэй муудалцаж байгаа мэт сонсогдож байсан, тэгэхэд цэвэрлэгч нь цаана дугараад байгаа хүнтэй маргалдаж магадгүй гэж бодоод намайг цэвэрлэгээ хийчихсэн өрөөнд ороод хүлээгээд сууж бай гэсэн, тэгээд яг өрөөнд орж ирэхэд цаанаас чанга дуу гаргаад байсан эрэгтэй хүн гарч ирээд цэвэрлэгч дээр хүрч ирээд “Намайг 4-5 хүн зодчихлоо, ресепшн нь хаана байна" гэж асууж байсан. Тэгсэнээ өрөөний хаалга онгорхой, хаалганы яг урд цэвэрлэгч зогсож байсан учраас тэр эрэгтэй намайг хараад шууд орж ирээд “Чи намайг зодсон хүмүүсийн нэг нь мөн үү” гэж хэлэхэд нь би биш хамаагүй гэдгээ хэлэхэд цэвэрлэгч нь намайг хамгаалаад наадах хүн чинь хамаагүй, манай нөхөр байна гэж хэлж тайвшруулаад гаргасан. Тухайн эрэгтэй хүн нэлээн согтсон байдалтай, шар өнгийн хагас түрүүтэй гуталтай, дээгүүрээ бор цамцтай надтай ойролцоо настай эрэгтэй хүн байсан. Тэгээд шууд буудлаас гараад явчих шиг болсон бөгөөд удалгүй миний суугаад хүлээж байсан өрөөний яг хажуугийнх нь өрөөнөөс бас 20-30 орчим настай залуухан залуу гарч ирээд цэвэрлэгчид хандаад “Гар утас байна уу, цагдаа түргэн дуудъя, манай өрөөнд нэг хүнээс аймар их цус гараад хэвтэж байна” гэж хэлэхэд нь би гарч ирээд цэвэрлэгчтэй хамтдаа харахад өрөөний шалан дээр нь цус алдсан байдалтай эрэгтэй хүн доош хараад хэвтчихсэн байсны дагуу цэвэрлэгч нь ресепшн гэх хүн рүүгээ яриад тэр ресепшн гэх хүн нь цагдаа, түргэн дуудах шиг болсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн “...Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байна. Тус хорооны нутаг дэвсгэрт 16 /арван зургаа/-гийн хойд автобусны буудлаас ертөнцийн зүгээр баруун тийш 200 метр орчим зайд байрлалтай “Чингис дэн буудал” гэсэн бичиглэлтэй нэгдүгээр давхар нь шар өнгийн хавтан, хоёрдугаар давхар нь шилэн фасад бүхий гадаргуутай баруун урагш чиглэсэн бор саарал өнгийн бүргэд хаалгатай зочид буудлын гадна ирэв. Хэрэг учрал болсон гэх газарт хэргийн газрын хамгаалалт авагдаагүй байх бөгөөд ойр орчимд хяналтын камер байгаа эсэхийг эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Билгүүн шалгахаар тогтож, уртраг, өргөргийг өөрийн Айфоне 13 маркийн гар утсаар шалгахад нь N47.92792792, Е106.96515228 гэсэн солбилцохыг зааж байсан болохыг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгав. Хэргийн газрын үзлэгийг цааш үргэлжлүүлж зочид буудлын ертөнцийн зүгээр баруун урагш чиглэсэн бор саарал өнгийн хаалгаар дотогш ороход 1 давхрын баруун хойд хана дагуу мөнгөлөг өнгийн төмөр хаалга нээлттэй байдалтай байх бөгөөд дотогш ороход баруун хойд хана хэсэгт “Вааг” гэсэн бичиглэлтэй бор хүрэн өнгийн хаалга байхыг тусгай зориулалтай бээлий өмсөж татаж үзэхэд түгжээтэй байсан тул тухайн газраас гарч зүүн урд болон зүүн ханыг дагасан тойрог хэлбэрийн явган хүн явах хэсгийн шатаар 2 давхарт гарч зүүн хана дагуух “Буудалд тавтай морилно уу” гэсэн бичиглэл бүхий хар саарал өнгийн хаалганы гадна ирэв. Хэргийн газрын үзлэгийг цааш үргэлжлүүлж уг нээлттэй байх хар саарал өнгийн зочид буудлын хаалгаар дотогш ороход зочид буудлын үйлчлүүлэгч хүлээн авах хэсгийн хүрэн өнгийн ширээ харагдах бөгөөд зочид буудал нь ертөнцийн зүгээр зүүн болон баруун хана дагуу хойш чиглэлтэй 2 хэсэг урт коридор байх ба коридор хэсгийн хана дагуу тус бүрийн 4 тасалгаа бүхий өрөөтэй байна. Хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлж хэрэг учрал болсон гэх баруун хана дагуух коридорын урдаас 2 дахь 201 гэсэн тэмдэглэл бүхий бор шаргал өнгийн нээлттэй хаалгатай өрөөнд үзлэгийг явуулахаар тогтов. Уг зочид буудлын тасалгааны хаалга нээлттэй 201 тоот гэсэн бичиглэлтэй өрөөнд орж үүд хэсгээс үзлэгийг явуулахад ач холбогдолтой гэж үзэж эхлүүлэхэд хаалганы босго хэсгээс баруун хойш чиглэлд 60 см орчим зайд шалан дээр биеийн зүүн хэсгээр дарж, толгойн зулай хэсгийг баруун хойш чиглэлд ертөнцийн зүгээр баруун хойд хана дагуух ариун цэврийн өрөөний нээлттэй цагаан өнгийн хаалганы нугас хэсэг рүү наалдуулж биеийн нуруу хэсгээр ариун цэврийн өрөөний босго болон хаалганы босоо хүрээ хэсэг рүү налж, баруун гарыг биеийн доод хэсэгт, зүүн гарыг тохойн үеэр дотогш нугалж алгыг дээш харуулж, баруун хөлийг өвдөгний үеэр дотогш нугалж, зүүн хөлийг дотогш хагас нугалж жийсэн байдалтай дээд хэсгээр хар өнгийн судалтай цэнхэр өнгийн цамц, доод хэсгээр шаргал өнгийн өмд, хар өнгийн оруулгатай бор өнгийн гутал өмссөн байдалтай эрэгтэй хүний цогцос байна. Уг цогцсын цээж хэсгийн доод тал болон баруун талын хана дагуу хэсэг нэлэнхийдээ цус мэт улаан хүрэн шингэн зүйлээр бохирлогдсон байдалтай байх ба амь хохирогчийн баруун нугалсан хөлийн ойр орчмын цус мэт улаан хүрэн өнгийн бохирлогдсон хэсэг нь цэгчилдсэн зүүн хөлөөр баруун чиглэлд зурж жийсэн байдалтай байж болохуйц зурагдсан ором гарсан баруун гарын алга хувцас хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байхыг гэрэл зургаар бэхжүүлж цогцсыг дээш харуулж хөдөлгөхөд шал хэсэгт дарагдсан байсан нүүрний баруун шанаа болон мөр цээж хэсгийн хувцас нэлэнхийдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байх ба нэг удаагийн бээлий хэрэглэж амь хохирогчийн цээж хэсгээр өмссөн цамцны товчийг тайлж үзэхэд баруун эгмийн дээд хэсэгт хүзүү орчимд хатгагдсан байж болохуйц шарх байхыг масштабын шугам ашиглан гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Үзлэгийг үүд хэсэгт үргэлжлүүлэхэд өөр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй тул цааш өрөөнд цагийн зүүний дагуу явуулахад урд хана дагуу бар шаргал өнгийн шүүгээ, түүний дээд хэсэгт бор шаргал өнгийн түшлэгтэй сандал, түүний хажууд цагаан өнгийн тавцантай ширээ, түүний хажууд бор шаргал өнгийн сандал, түүний ойролцоо баруун болон зүүн хана дагуу голдоо хүрэн өнгийн жижиг шүүгээ байрлуулсан ор, түүний ойролцоо ураг илүү гаргаж барьсан хэсэгт цагаан хаалга нээлттэй ариун цэврийн өрөө байна. Хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлж хэрэгт ач холбогдол бүхий баримт цуглуулах зорилгоор цонхны хэсгээс гарын мөр үзэж бариулын дээд хэсгээс 1 ширхэг, ширээн дээрх Voyage 0.5 литрийн хуванцар савны гадаргуу хэсгээс 1 ширхэг, мөн ширээн дээрх Сэнгүр гэсэн бичиглэл бүхий 0.5 литрийн лаазнуудын гадаргуу хэсгээс 3 ширхэг, ширээн доорх Сэнгүр гэсэн бичиглэл бүхий 2.4 литрийн хуванцар савны гадаргуу хэсгээс 2 ширхэг ариун цэврийн өрөөний хаалганы дотор бариулын дээд талаас 2 ширхэг, үүдний хэсгийн шүүгээний тавцан хэсэг дээрх 0.5 литрийн лаазнуудын гадаргуу хэсгээс 19 ширхэг гарын мөрийг хар өнгийн сажа нунтаг энгийн багс наалдамхай тууз ашиглан бэхжүүлж баруун талын хана дагуух орон дээр, ариун цэврийн өрөөний хаалга дээрх, ариун цэврийн өрөөний ойролцоох хана дагуух цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байдал болон ариун цэврийн өрөөн дотор хэсгийг гэрэл зургаар бэхжүүлж авав. Хэргийн газрын үзлэгийг уг тасалгаанд эд зүйлийг хөдөлгөж явуулахад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй тул амь хохирогчийн цогцсыг шүүх шинжилгээний байгууллагад хүлээлгэн өгч цогцсын доод хэсгийг гэрэл зургаар бэхжүүлж цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон нүдний шилийг хураан авав. Хэргийн газрын үзлэгийг тухайн өрөөнөөс гарч баруун болон зүүн хана дагуух коридор хэсэг рүү туссан хяналтын камерын бичлэгт үндэслэн үзлэгийг явуулж холбогдогчийн орсон 202 гэсэн бичиглэлтэй бор шаргал өнгийн хаалгатай зочид буудлын өрөөний тасалгааны орж урд хана дагуу байрлалтай ариун цэврийн өрөөний дотор болон өрөөн доторх тавилга, цонхны байдал гэрэл зургаар бэхжүүлж эд зүйлийг хөдөлгөж үзэхэд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй ба өрөөн доторхыг цэвэрлэсэн байдалтай байсан учир өрөөний харалдаа цонхны гадна хэсэгт үзлэгийг явуулахаар тогтов. Уг өрөөнөө гарч зүүн хана дагуу байрлалтай коридор хэсгээр явж баруун хойд хана дагуух хаалгаар зочид буудлын тасалгааны өрөөнд орж хойд хана дагуу тагтны цонхоор гадагш гарч зочид буудлын баруун хана барилга хажуу барилгын шахагдсан хавчиг хэсгийн зай руу ороход нэлэнхийдээ хуванцар савны хогоор дүүрсэн байх бөгөөд холбогдогчийн орсон цонхны ойролцоо цагаан өнгийн гялгар торон дээр ямар нэгэн тоос болгоогүй хар өнгийн эвхдэг хутга байхыг “1” дугаарлан гэрэл зургаар бэхжүүлж шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав. Уг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авсан эвхэгддэг хутганы нийт урд нь 16 см, ажлын хэсгийн урд нь 7 см, бариул хэсгийн урт нь 9 см, дунд өргөн нь 2 см хэмжээтэй байв. Тухайн газарт болон зочид буудалд хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлэхэд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй тул 11 цаг 42 минутад дуусгаж холбогдогч Ч.Ж-ы байна гэх газарт очиж хэргийн газрыг үргэлжлүүлж явуулахаар тогтов. Хэргийн газрын үзлэгийг 12 цаг 06 минутад Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шар хад 8 гудамжны 1476 тоот гэсэн бичиглэл бүхий ертөнцийн зүгээр хойш харсан ногоон хаалгатай хашааны гадна ирэв. Тухайн газарт хэргийн газрын хамгаалалт авагдаагүй байх бөгөөд уг ногоон өнгийн хаалгаар дотогш ороход хашааны баруун хойд шивээ дагуу өрхийг бүтээсэн Монгол гэр, түүний хажууд саарал өнгийн амины орон сууц байна. Уг саарал өнгийн амины орон сууцны ертөнцийн зүгээр ураг харсан цагаан өнгийн нээлттэй амбаар хэсгийн хаалгаар дотогш ороход холбогдогч Ч.Ж- өөрийн өмсөж явсан гэх хувцсыг заасныг 2,3,4,5,6 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлж шинжилгээнд хүргүүлэхээр түр хураан авав. Уг амины орон сууц нь 2 өрөө зохион байгуулалттай бөгөөд өрөөн доторх эмх цэгцтэй байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлж хэрэгт ач холбогдол бүхий ул мөр хайсан боловч илрээгүй тул оролцогч нарт танилцуулахад гомдол саналгүй гэснээр 12 цаг 28 минутад дуусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 11-29 дэх тал/,
Цогцост үзлэг хийсэн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “...Цогцос нь 173 см урттай, 67 кг жинтэй, толгойдоо үсгүй халзан, биеийн хэлбэр зөв, булчин өөхөн эдийн хөгжил биедээ тохирсон 41 настай эрэгтэй хүний цогцос байна. Цогцосны 2 нүдний зовхи аниатай, эвэрлэг бүрхүүл тунгалаг, зовхины салст цайвар шаргал өнгөтэй, хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, хамрын яс болон чихний мөгөөрс бүрэн бүтэн, хамрын баруун нүхэнд хар хүрэн өнгийн хатсан цустай, уруул хагас жимийсэн, үзэгдэх шүд бүрэн, уруул ягаан өнгөтэй чийглэг, буйл мөлгөр, дээд уруулны зүүн дотор талд, 0.9x0.3 см хэмжээтэй ташуу ирмэг тэгш хүрэн улаан өнгийн шархтай, эрүү, хүзүү 4 мөчдөд хөшилт тод илэрсэн, нурууны дарагдаагүй хэсгээр улаан ягаан өнгийн хүүрийн толбо үүссэн, дарахад арилна 15 секунт, цээжний хэлбэр зөв, хэвлий хэлбэр зөв, бэлэг эрхтний хэлбэр зөв, умдагны үс эрэгтэйлэг, төмсөг тэмтрэгдэнэ, өтгөн шингэний сүвнээс гарсан зүйлгүй. Хэсэг газрын үзлэгт хүзүүний урд хэсэгт баруун эгэмний дотор дээд хэсэгт 3.5x1x1.5 см хэмжээтэй ирмэг тэгш гүн шархтай, шархнаас 15x5 см хэмжээтэй хар хүрэн өнгийн бүлэгнэсэн цус гарч баруун мөрөн дээр хатсан, шархны эргэн тойронд цусархаг шингэнээр бохирлогдсон, баруун хацрын төвгөрт 4x3 см хэмжээтэй захаараа хүрэн ягаан төвдөө шаргал өнгийн цус хуралттай биед өөр ил харагдах гэмтэл үгүй. Щулуун гэдэсний температүр 14:45 цагт 32 .градус целс,„нас бараад 4-5 цаг орчим болсон байна. Цогцосны үзлэгээр амь хохирогчийн өмсөж явсан хөх өнгийн шоотой урд хэсэгтэй цахилгаантай хар цамц, хөх болон саарал өнгийн цамц, шаргал өнгийн өмд, саарал өнгийн тамрийн өмд, хөх өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн оймс 2 хос, бор хүрэн өнгийн гутал 2 хос, бор хүрэн өнгийн тэлээ, хар өнгийн дотуур хувцас, халаасанд байсан хар өнгийн цэнэглэгч 2 ширхэг, Редми маркийн хар ногийн өнгийн rap утас 1 ширхэг гэрэл зургаар бэхжүүлж авав. Цогцосны үзлэгийн к/ш ахлах дэслэгч Э.Отгонцэцэг Никон Д3200 маркийн аппартаар . кадр зураг авч бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 30-33/,
Хүний биед үзлэг хийсэн 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б.Ж- нь саарал өнгийн мак, ногоон эрээн өнгийн өмд, хар өнгийн цагаан ултай гутал, ногоон өнгийн оймстой байв.
Нүцгэн биед үзлэг хийхэд зүүн гарны бугалга хэсгийн гадна талд “Ж” “Б” “М” гэсэн 1-тэй шивээстэй. Баруун талын ташааны ар хэсэгт зулгарсан шархтай байв. Биеийн өндөр 167 см, 60 кг жинтэй байв.
Ч.Ж-ы өмсөж явч байгаа хувцас болон нүцгэн биеийг шинжээч оролцуулж Nikon D3400 маркийн гэрэл зургийн аппаратаар нийт 12 кадр гэрэл зураг авч бэхжүүлэв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 70-74 дүгээр тал/,
Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 76-97 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Шинэбаярын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3652 дугаар “...шинжилгээнд хүргүүлсэн сэжигтэн Ч.Ж-ы баруун, зүүн гарнаас авсан арчдас 2 ширхэг хөвөнгөөс цус болон биологийн бусад ул мөр илрээгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 101-103 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Шинэбаярын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3651 дүгээр “...шинжилгээнд ирүүлсэн хумснууд дээрээс цус болон биологийн бусад ул мөр илрээгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 109-111 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн хошууч Б.Золзаяагийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2092 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн куртикт үүссэн 30 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, хар өнгийн өмдөнд үүссэн 15 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 116-120 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн ахмад Ш.Пүрэвдуламын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3680 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогчийн өмсөж явсан гэх хувцас болон хар өнгийн иштэй хутганд цусны ул мөр илрээгүй, куртка, футболка дээр хүний шүлсний ул мөр илэрсэн. Шүлсний ул мөрөөс бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 123-126 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Чимэд-Очирын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2191 дүгээр “...Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүзүүний баруун урд доод хэсэгт гүрээний баруун хураагуур судсыг бүрэн бус гэмтээж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины уналт, цээжний хөндийд сул алдалт /430 гр цусан бүлэн, 200 мл цус/, дээд уруулын салстад шарх, эрүүний төвгөрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх “хүзүүний баруун урд доод хэсэгт гүрээний баруун хураагуур судсыг бүрэн бус гэмтээж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины уналт, цээжний хөндийд сул алдалт /430гр цусан бүлэн, 200мл цус/” гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, “дээд уруулын салстад шарх, эрүүний төвгөрт зулгаралт” гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрх гэмтлүүд нь бүгд амьд үед үүссэн шинэ гэмтлүүд байна.
Дээрх “хүзүүний баруун урд доод хэсэгт гүрээний баруун хураагуур судсыг бүрэн бус гэмтээж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины уналт, цээжний хөндийд сул алдалт /430гр цусан бүлэн, 200мл цус/” гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-д зааснаар хохирлын хүнд зэрэгт, “дээд уруулын салстад шарх” гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул дээрх журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, “эрүүний төвгөрт зулгаралт” гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул дээрх журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэгт хамаарагдахгүй.
Шүүх эмнэлгийн шинжилгээгээр амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
Амь хохирогч нь дээрх гүрээний хураагуур судсыг гэмтээж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цочсогоор цус алдаж зүрх судасны дутагдлаар нас баржээ.
Химийн шинжилгээгээр амь хохирогч Б.Т-ын цусанд 3.4 промилли, ходоодны шингэнд 7.1 промилли, шээсэнд 3.6 промилли спиртийн зүйл илэрсэн. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Цусанд 3.4 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 131-142 дугаар тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 733 дугаар “...Ч.Ж- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Ч.Ж- нь өөрийнхөө үйлдлийг зөвөөр ойлгон мэдэж удирдан жолоодох чадвартай байна. Ч.Ж- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ч.Ж- нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Ч.Ж- нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдах чадвартай байсан байна. Ч.Ж- нь тухайн үедээ өөрт болон нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийх боломжтой эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. Ч.Ж- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ч.Ж- нь өөрийн үйлдсэн хэргийн учир холбогдлыг зөвөөр тусган авах, хэрэг хариуцах чадвартай байна. Ч.Ж-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Ч.Ж- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ч.Ж- нь болсон байдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 193-195 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 13/5249 дүгээр “...Танай тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Очирын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2406000001419 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б-гийн Ө- /РД:ОА850Ю518/-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох "Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай" тогтоолыг 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч танилцлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ын 2.5 дахь хэсэгт "Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт заасны дагуу арилгана", Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 сарын 03 өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3 дахь хэсэгт "Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно" гэж тус тус заасан. Иймд Иргэний хууль болон холбогдох журам, тогтоолыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллахыг хүсэж, ирүүлсэн тогтоолыг буцаав” гэх албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 178 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын газраас шүүгдэгч Б овогт Ч-гийн Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дах заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч М.Сүхчулуун гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” нэртэй зочид буудлын 2 давхрын коридорт хохирогч Б.Т-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хүзүүн тус газарт нэг удаа хутгалж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид өс санасан зүйл гаргасан уу гэдэг нөхцөл байдлыг шалгасан. Тухайн үед гэрч Б- нь эрүүл байсан. Шүүгдэгч, гэрч, амь хохирогч нартай харилцаа хамааралгүй. Хяналтын камерын бичлэгүүдээс хэрэгт хамааралтай гэсэн хэсгийг сидинд дээр буулгасан. Хохирогчтой шүүгдэгч дэн буудалд таарсан. Хохирогчийн хувьд шүүгдэгчид өс санасан зүйл байхгүй. Амь хохирогч болон бусад гэрч нар гэрч Б.О-ын хүсэлтийн дагуу шүүгдэгчийг дэн буудлаас гаргасан. Шүүгдэгч Ч.Ж- нь хутгалсан үйлдэл дээрээ маргахгүй гэж байна. Шүүгдэгчийн хувьд хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байхад алсан гэж хүндрүүлж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Шүүгдэгч нь дэн буудал руу буцаж ирээд өрөө өрөөгөөр хүмүүс хайсан. Зарим хүмүүстэй хэрүүл маргаан гаргасан. Гэрч Б- шүүгдэгчийн гарт хутга байгааг мэдээгүй учраас манай нөхөр байгаа юм гэж асуудлыг зайлуулсан. Шүүгдэгч болж байгаа үйлдэлдээ дүгнэлт хийх боломжтой гэж харж байгаа. Намайг дээрэлхсэн учраас би буцаж орж өшөөгөө авна гэж орсон нь тодорхой байна. Шинжээч хувь хүний биеийн онцлог зэргээс хамаарч дүгнэлт гаргах боломжгүй гэсэн. Хохирогчийг хүнд зэргийн согтолттой байсан гэдгийг шинжээч дүгнэсэн. Тухайн үед хохирогч биеэ хамгаалах чадвартай байсан уу үгүй юу гэхээр биеэ хамгаалах чадваргүй байсан. Шүүгдэгч гартаа хутгатай орж ирсэн нь камерын бичлэгт харагдаж байгаа. Шүүгдэгч гарт байх хутгаа хүнд харах боломжгүй байдлаар халхалсан нь бас бичлэгээр харагддаг. Хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орчноо мэдэх боломжгүй байсан байна. Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүн орчноо мэдрэхгүй харьцаж чадахгүй. Шүүгдэгч бусдаас өс хонзон санаж хүн алах гэмт хэргийг үйлдсэн. Хэн аль нь өмнө нь нэг нэгнийгээ таньдаггүй байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт гэрчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү” гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Чинзориг гэм буруугийн саналдаа: “...Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ж- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдлоо. Шүүгдэгч Ч.Ж- нь өс хонзонгийн сэдэлтэйгээр бусдын амь насыг хохироосон гэж үзэж байгаа. Өс хонзон гэдэг нь хохирогчийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд гэмт этгээд өөрийнх нь үзэл бодол, үнэлэмжид нийцээгүй гэж дургүйцэн гомдож, түүнээс хариу авах, хорсол тайлах гэсэн санаа зорилгыг ойлгоно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэрч Б.О-тай таарамжгүй харилцаатай байсны улмаас маргаан гаргаж Б.О- нь бусдаас тусламж хүсэж шүүгдэгч Ч.Ж-ыг буудлаас гаргасан. Улсын дээд шүүхийн тогтоолд "Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж" гэж бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ. Биеэ хамгаалж чадахгүй хүнд бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээд хамаарна гэж заасан. Гэрч нар Б.Т- анх согтуу ирсэн, дараа нь буудалд гаднаас 16 пиво авчирч түүнийг хэрэглэсэн гэж хэлсэн. Гэрч нь нар согтож унаад тасарсан байсан гэдэг зүйлийг ярьдаг. Ийм шүүгдэгч Ч.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дугаар хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдэхүйц хэмжээгээр тогтоож өгнө үү” гэх саналыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө- гэм буруугийн саналдаа: “...Өмгөөлөгчийнхөө байр суурийг дэмжиж байна. Шүүгдэгч өнөөдрийн шүүх хуралдаанд унтаж биднийг үл хүндэтгэж байгаад харамсаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч амь хохирогчийг согтуу байсан тал дээр маргаж байна. Амьтан хүртэл биед нь халдахад өрвөлздөг. Тэгэхэд өөрийгөө хутгалуулсанаа мэдэхгүй байсан. Буудлын ресепшин хүн хөтлөөд аваад явсан. Ах маань өрөө рүү ороод унаж байгаа мэт харагдсан. Шүүгдэгч буцаад тэнд байсан хүмүүстэй маргалдаад манай ахын байсан өрөөний хаалгаар доошоо харсан байдалтай зогсож байсан. Манай ахыг цус алдаад хэвтэж байхад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй, гомдолтой байна. Анхнаасаа хүнийг санаатай алах зорилготой байсан гэдэг нь харагдаж байна. Шүүгдэгчийн зүгээс оршуулгын 15 485 968 төгрөгийг төлж барагдуулсан. Сэтгэл санааны хохирлоо хуульд заасан журмын дагуу тогтоолгох хүсэлтэй байна” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энх-Амгалан шүүхэд гаргасан тайлбартаа: “...Гэрч Б-ийн хажууд гэмт үйлдэл гарсан. Амь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй гэж ярьж байна. Гэхдээ камерын бичлэгт хохирогч өөрийнхөө хийж байгаа үйлдлийг хянах чадвартай харагддаг. Б- Батжаргалаас хохирогчийг салгахад хохирогч өрөөндөө орсон. Мөн хэргийн газрын үзлэг хийгээд дараа нь Ч.Ж-ы гэрт үзлэг хийсэн. Тэгээд Ч.Ж-ы 1 дүгээр хэлтэст эрүүлжүүлэхэд орсон. Уг нь тэр даруй цусны шинжилгээ хийлгүүлэх шаардлагатай байсан. Миний үйлчлүүлэгч архины хамааралтай F10.2, F10.5 оноштой. Шүүгдэгч хохирогчийг намайг буудлаас гаргасан хүн мөн байна гэж яриагүй. Мэдсээр байгаад алсан гэж таамгаар хүнийг яллаж болохгүй. Шүүгдэгч гаднаас намайг зодсон 5 хүн хаана байна, би өс хонзонгоо авна гэж орж ирээгүй. Гэрчүүд талийгаачийг биеэ хамгаалах чадвартай байсан гэж хэллээ. Хамт байсан гэрчүүд хохирогчийг согтуу байхад нь анхаарал халамж тавиад өрөөнд нь оруулаад унтуулах боломжтой байсан ч тийм үйлдэл гаргаагүй. Шүүгдэгч өс хонзонтойгоор бусдын эрүүл мэндийг хохироогоогүй. Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтаар хүнийг яллаж болохгүй. Шүүгдэгч камерын бичлэг үзээд би өөрийгөө ямар үйлдэл гаргасан гэдгээ мэдсэн гэж хэлсэн. Хяналтын прокурор М.Сүхчулууны хяналтанд ороход хэргийг хүндрүүлж зүйлчилсэн. Дээд шүүхийн тайлбарт хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулсан гэдгийг тайлбарласан. Хэрэгт хохирогч биеэ хамгаалах чадваргүй байна алъя гэсэн бодол байгаагүй. Иймд миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Шүүгдэгч цэргийн ангийн ажилтан хилийн цэрэгт ажиллаж байхдаа архины хамааралтай болсон нь харагдаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг гаргуулах санал гаргаж байна. Үйлчлүүлэгчийн маань өвчний байдлыг харгалзаж сэтгэцэд учирсан хохирлыг үзэж тогтоож өгнө үү, өнөөдөр цэргийн ангийн тэтгэврээс өөр орлогогүй” гэх тайлбарыг гаргаж мэтгэлцэв.
Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч “Ч.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 14-ний өглөөний 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Чингис дэн буудлын 2 давхрын коридорт хохирогч Б.Т-ын хүзүүний баруун урд хэсэгт хутгалж түүний бие махбодид хүзүүний баруун урд доод хэсэгт гүрээний баруун хураагаар судлыг бүрэн бус гэмтээж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины уналт, цээжний хөндийд цус сул алдалт дээд уруулын салстад шарх, эрүүний төвгөрт зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж хүнийг алсан” хэргийн үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Ч.Ж-ы шүүх хуралдаанд гаргасан: “...2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хамтран амьдрагчтайгаа тус буудалд очиж хоносон. Тэгээд 06 дугаар сарын 14-ний өдөр буудлаас гарахад үүдэнд 3, 4 залуучууд зогсож байсан. Надаас тамхи асуусан санагдаж байна. Би байхгүй гэж хэлэхэд намайг шат руу түлхсэн. Босож амжаагүй байхад дахиад нэг нь ирж өшиглөсөн юм. Тэгээд би тэндээ хэсэг сууж байгаад гарсан. Гараад алхаж явтал нэг залуу архи авах гэхэд мөнгө хүрэхгүй байна хоёулаа нэг шил архи аваад уух уу гэхээр нь би буудлын хажуу талын дэлгүүр лүү ороод архи аваад замын хажууд талд байсан сааданд суугаад авсан архиа уусан. Архиа ууж дуусаад буудал руу ороод гэрийн түлхүүрээ авах гэхэд хэн ч байгаагүй. Тэгэхэд цаад буланд нөгөө намайг цохисон хүмүүс байсан. Би очоод танай найзууд намайг өшиглөсөн гэхэд надад ямар хамаатай юм гээд цохисон. Би буцаагаад нэг цохисон. Тэгээд би цээж рүү нь хатгах шиг болсон. Тэгээд буудлаас гараад Хаан банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гэсэн боловч харуул нь согтуу байна гээд хөөгөөд гаргасан. Мөнгөгүй байсан учраас О-аас таксины 10,000 төгрөг аваад гэртээ харьсан.Би хуралд дээр унтаагүй, анхаарлаа төвлөрүүлж нүдээ аниад ярьж байгаа зүйлийг сонссон хохирогчийн ар гэрийнхээс уучлалт хүсч байна. Оршуулгын зардалд 15 485 968 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-ын шүүх хуралдаанд: “...Хохирогч Б.Т- ах маань Увс аймгийн Баруунтүрүү суманд 1985 оны 5 дугаар сард төрсөн, бидний том ах юм.Доороо 3 дүүтэй. Ах маань 2006 онд ШУТИСургуулийг төгссөн. Биднийг өсгөж хүмүүжүүлж өгсөн. Ах маань харамсалтайгаар амь насаа алдсанд гомдолтой байна. Үнэхээр харамсаж байна. Ид хийж бүтээх насан дээрээ бусдын гарт амь насаа алдлаа. Шүүгдэгчийн тайлбарыг сонсоход хэрэгт авагдсан мэдүүлгээс зөрүүтэй зүйл ярьж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд ээж, төрсөн дүү маань ирсэн байгаа. Ээжийн маань сэтгэл санаа үнэхээр хүнд байгаа. Ах маань Багануур дүүрэгт ээжтэй хамт амьдардаг байсан. Монполимет ХХКомпанид ээлжээр ажиллаж байсан. Сая компанийн үйл ажиллагаанаас шалтгаалаад зарим уурхайнууд хаагдсан шалтгаанаар ажилдаа гараагүй байсан юм. Багануур дүүрэг рүү явахын урд өдөр нь ийм асуудал гарсан. Бид гомдолтой байна. Шүүгдэгчийн зүгээс оршуулгын 15,485,968 төгрөгийг төлж барагдуулсан. Сэтгэл санааны хохирлоо хуульд заасан журмын дагуу тогтоолгох хүсэлтэй байна” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чингис” нэртэй дэн буудалд хоногийн өрөө авч байрласан. Тухайн өдөр “Чингис” нэртэй дэн буудалд анх удаа орсон. Амь хохирогчтой 2019 онд нэг газар ажилд орсон. Манай аймгийн Баруун туруу сумын ах. Тэр өдөр би гар утасгүй явж байсан. Т- ах А- руу залгаад ах нь гэрээсээ хөөгдчихлөө, ВиВа ситигээс гараад явж чат бичсэн байсан. А- бид хоёр таксинд явж байгаад шөнө 03 цаг өнгөрч байхад “Чингис” дэн буудалд орсон. Амь хохирогчийг хаана байна гэж асуухад талбайн урд талаас ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд А- бид хоёр очиж авсан. Чингис” дэн буудлын 2 номерын өрөө буюу 201 тоотод орсон. Биднийг уг буудалд байхад ресейпшн эмэгтэй орилоод намайг дуудаад миний толгойг хүн хагалчихлаа.Энэ хүнийг эндээс гаргаад өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Буудлын ресейпшн эмэгтэй өнөөдрийн надтай хамт гэрчээр дуудагдсан Д.О- мөн. Намайг очиход буудлын ресейпшн эмэгтэйн толгой нь хагарчихсан цус гарсан байдалтай толгойгоо бариад зогсож байсан. Шүүгдэгч миний байсан өрөөний эсрэг талын өрөөнд байсан бөгөөд буудлын ресейпшн эмэгтэй тусламж хүссэн учраас ганцаараа очиж шүүгдэгчийг буудлаас гаргасан. Би буцаж орж ирээд шүүгдэгчийн цүнхийг А-ын хамт гаргаж өгсөн. Түүнээс хойш дахиж шүүгдэгчтэй буудалд таараагүй. Амь хохирогч болон А- бид нар шүүгдэгчийг цохиж, зодож, доромжлоогүй. Шүүгдэгчийн цүнхийг гаргаж өгөхөд “ална шүү” гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Амь хохирогчийг нас барсан гэдгийг өглөө цагдаа нар сэрээхэд мэдсэн. А- бид хоёрыг унтаж байхад коридорт хүмүүс маргалдаж, эмэгтэй хүн тусламж хүсэж байгаа эсхүл ална гэсэн яриа сонсогдоогүй. Унтаж байхад Т- ах Ч, А гэж дуудахыг сонссон. Гэхдээ хэдэн цаг болж байсан талаар сайн санахгүй байна. Нойрон дундаа сэрж чадаагүй. Өглөө босоход тийм зүйл болсон байсан. А-тай нэг ортой өрөөнд унтсан. Эсрэг талын хоёр ортой өрөөнд манай үеэл дүү найзуудтайгаа байсан. Амь хохирогч ирээд авчих гэхээр нь очиж авсан. Амь хохирогч манай дүүгийн 2 ортой өрөөнд ганцаараа орсон бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид нар нэг том пиво, 0.5 гр Сэнгүр нэртэй пиво 2 ширхэгийг уусан” гэх мэдүүлэг,
Гэрч Т.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Амь хохирогчтой нэг албан байгууллагад ажилладаг. Амь хохирогч нь бусадтай нийтэч, ажил дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Даруу төлөв зантай, бусадтай түрүүлж маргалдах хүн биш. Тухайн орой Дархан хотоос ирсэн. Ч- буудал авсан хүрээд ир гэж хэлсэн. Буудлын ресейпшн эмэгтэй намайг дуудаад миний толгойг хүн хагалчихлаа, тэр хүнийг гаргаад өгөөч гэж тусламж хүссэн. Эхлээд Ч- очиж шүүгдэгчийг буудлаас гаргасан. Дараа нь бид хоёр шүүгдэгчийн цүнхийг нь гаргаж өгсөн. Түүнээс хойш дахиж буудал дотор таараагүй. Өмнө нь буудлын ресейпшн эмэгтэйг харж байгаагүй. Өнөөдөр надтай хамт гэрчийн мэдүүлэг өгөх гэж ирсэн Д.О- буудлын ресейпшн эмэгтэй мөн байна. Буудлын ресейпшн эмэгтэйг тусламж хүсэж орилоход амь хохирогч, Ч- бид гурав буудлын ресейпшний хажуу талын өрөөний эсрэг талд өрөөнд байсан. Орилох үед нь өрөөндөө сууж байсан. Хүн байна уу туслаарай гэж хэлсэн. Яваад очиход шил хагарсан байсан. Бидний зүгээс шүүгдэгчийг зодож, цохисон, доромжилсон зүйл байхгүй. Буудлын ресейпшн эмэгтэй тусламж хүссэн болохоор очсон. Өөрөөр очих шаардлага байхгүй. Т- ахыг очиж авахад нилээн согтуу байсан.. Ч- бид хоёрт 2 том пиво, 4 ширхэг лааз пиво авч өгсөн. Өөрөө 4 ширхэг лааз пиво уусан. Амь хохирогчийг нас барсан гэдгийг өглөө 8-9 цагийн үед цагдаа нар сэрээхэд мэдсэн” гэх мэдүүлэг,
Шинжээч эмч Т.Чимэд-Очирын шүүх хуралдаанд гаргасан: “...Амь хохирогч Т-ын цусанд 3.4 промиль спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан. Тухайн хүний биеийн онцлогоос хамаараад орон зай баримжаа алдах, шийдвэр гаргах чадвар буурдаг гэж ойлгож болно. Согтолтын хүнд зэргээс илүү хүнд зэрэгт шалгуур тогтоосон байгаа. Химийн шинжилгээгээр 2.5 аас дээш промиль илрэх юм бол онолын хувьд согтолтын хүнд зэрэгт хамаарна.Тухайн хүний өндөр, жинтэй нь хамааруулж спиртийн хэмжээ, согтолтын зэргийг тодорхойлох боломжгүй. Жишээ нь хүний сэтгэл зүй, энерги зарцуулалт, ажлын ачаалал, бие хүчний ачаалал, цаг агаар ямар байсан зэргээс хамаарч архи эсэргүүцэх, хүлээн авах, биедээ шингээх чадвар нь өөр өөр байдаг. Тийм учраас нарийн хариулах боломжгүй. Хүн нас бараад бодисын солилцоо тэр цагт зогсдог. Хувь хүний онцлогоос хамаарч архи эсэргүүцэх чадварыг тогтоох боломжгүй. Согтолтын зэргийг цус, ходоодны шингэн, шээснээс дээж авч тодорхойлдог. Ходоод гэдэг бол амны хөндийгөөр ороод хамгийн эхэнд очиж байгаа сав гэж ойлгож болно. Шээс нь биеэс гарч байгаа спиртийн агууламж гэж ойлгож болно. Амь хохирогч нь ердийн согтолтын хэмжээнээс илүү согтолттой байсан. Өөрөөр хэлбэл согтолтын хүнд зэрэгтэй байсан” гэх тайлбар,
Шүүгдэгч Ч.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн яллагдагчаар өгсөн: “...Би Д.О- гэх эмэгтэйтэй 2020 онд танилцсан. Түүнээс хойш бид хоёр харьцаж хамтран амьдарч эхэлсэн юм. Би 2024 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Өмнөговь аймгийн Цагаанхадаас ирээд Д.О-тай холбогдсон чинь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” нэртэй зочид буудал дээр ажил дээрээ байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би таксины мөнгө аваад таксинд сууж очоод 70 000 төгрөгөөр өрөө аваад орж унтсан. Би яг хэдэн тоот өрөөг нь бол мэдэхгүй байна. Тухайн буудлын өрөөний төлбөрийг Д.О- өгсөн. Зочид буудлын доод талын дэлгүүрээс 1 шил ногоон шилтэй 0,5 литрийн архи, Сэнгүр нэртэй 1 лааз пиво авч өрөөндөө ганцаараа уусан. Тэгээд би өрөөндөө унтаж байгаад өглөө сэрээд ариун цэврийн өрөө рүү орж бие засчихаад гараад ирсэн чинь гарах үүдний хэсэгт 3-4 залуучууд зогсож байсан. Тэр залуучууд надаас тамхи байна уу гэж асуухаар нь та нарын тамхийг бэлдэх албатай юм уy гэж хэлэхэд намайг шат руу түлхэж унагаасан. Би зочид буудлаас гарч иртэл нэг үл таних залуу таараад хоёулаа 1 шил архины мөнгө нийлүүлээд хамт архи ууя гэхээр нь би зөвшөөрөөд замын урд талын дэлгүүрээс Тайга нэртэй 0,5 литрийн архи аваад Чингис зочид буудлын замын урд талын модны сүүдэрт хувааж уучхаад буцаад зочид буудал руу ороод өрөөндөө орсон чинь өрөөнд хүн байхгүй байхаар нь буцаж гарч иртэл намайг түлхэж унагаасан залуучуудтай хамт байсан нэг залуу байсан. Би тэр залууд танай найзууд чинь намайг шатны уруу түлхэж унагаагаад алах дөхлөө гэж хэлсэн чинь тэр залуу надад чамд ямар хамаатай юм гэж хэлээд намайг түлхсэн, тэгэхээр нь би зөрүүлээд нөгөө залууг түлхээд гарт байсан зүйлээрээ цээж хэсэг рүү хатгачих шиг болсон. Тэр үед цаад талын өрөөнөөс нэг үйлчлэгч эгч гарч ирээд намайг аваад өрөө рүү оруулсан. Би өрөөнд ороод халаасанд мөнгө байхгүй болохоор нь буудлаас гараад 16-н автобусны буудлаас зүүн тийшээ яваад Хаан банк дээр очоод цалингийн зээл авах гэсэн боловч би авч чадаагүй. Би Д.О- руу гар утсаар залгаад таксины 10,000 төгрөг өгчих би харилаа гэж хэлээд таксинд сууж гэр рүүгээ явсан. Би гэртээ ороод унтаж байсан чинь ардаас Цагдаагийн алба хаагч нар ирсэн юм. Надад ямар нэгэн шалтгаан байгаагүй. Тэр залуучууд намайг эхлээд шатаар түлхэж унагаасан. Тэгээд л би буцаж орсон чинь нэг залуу зогсож байсан. Би очоод найзууд чинь намайг шатны уруу түлхэж унагааж алах дөхлөө гэтэл чамд хамаагүй гэж хэлээд намайг түлхсэн. Би зөрүүлээд түлхээд гарт байсан зүйлээрээ цээж хэсэг рүү нь нэг удаа хатгасан юм. Тухайн үед тэр залуугийн биеэс ямар нэгэн цус гарсан зүйл байгаагүй. Би тухайн зүйлийг бол яг хаанаас олж авсан талаараа санахгүй байна. Миний биед хутга мэсний зүйл бол байгаагүй юм. Би яг ямар зүйлээр биед нь халдсан талаар бол мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр тал/,
Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хороог хэлж мэдэхгүй газарт үйл ажиллагаа явуулдаг Чингис нэртэй дэн буудалд ресейпшний ажпыг хийдэг ба 2024 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө ээлжийн ажилтай хонож байхад 2024 оны 06 дугаар сарын 13-ны 07 цагийн орчимд миний 8688-3432 дугаарын утас руу өөрийнхөө 88**-**32 дугаарын утаснаас холбогдож би архи ууж байгаад ажпаасаа халагдсан одоо таксинд сууж байна Улаанбаатар хотод очоод шууд ажил дээр чинь очиж гэрийнхээ түлхүүрийг авна гэсэн ярьсан найз болох Ч-гийн Ж-ыг 23 цагийн орчимд ирж ядарч байгаа талаар хэлж өрөө авна гэхэд нь 203 тоот өрөөнд оруулсан. Тухайн үед Ч.Ж- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба надаас архи аваад өгчих гэж гуйгаад байхаар нь доод талын дэлгүүрээс 4 ширхэг 0.5 литрийн лаазтай Сэнгүр пиво авч өгөөд хамт байхад 3 ширхгийг нь ганцаараа уучхаад унтаж байхад нь хажуу өрөөний залуучуудыг гаръя гэж орж ирэхэд нь буудлын хаалгыг нээж өгч гарчхаад буцаж 203 тоот өрөөнд ороход Ч.Ж- сэрж хаашаа яваад ирж байгаа юм гэж уурлаж архины шилээр толгой руу цохиж хагалахад нь муухай орилоход гадагш гарсан 3 залуу пиво барьж орж ирэх нь таарч болиулж Ч.Ж-ыг чирч гаргахад нь хаалгыг түгжсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Ч.Ж-ыг орох гэж хаалга цохиход оруулахгүй байхад яваад өгсөн ба үүнээс хэсэг хугацааны дараа над руу өөрийнхөө утсаар холбогдож Киоски машинаас мөнгө авах гэсэн чинь иргэний үнэмлэхийг залгуулчихлаа хүрээд ир гэж дуудахад нь ажлаас буух болоогүй байна наанаа хүлээж бай ажпаас буугаад яваад очъё гэхэд чи яг наанаа байж байгаарай би явж очоод чамайг хутгалж ална гэхэд нь шинэ үйлчлэгч эмэгтэйд өөрийнхөө утасны дугаарыг хэлж намайг хайж эрэгтэй хүн орж ирэх юм бол ажлаасаа буугаад явсан гэж хэлээрэй тэгээд явчихаар нь над руу залгаарай гэж хэлээд уг газраас гарч зочид буудалтай ойролцоо байдаг гэрийн гадна ирэхэд үйлчлэгч эмэггэй над руу залгаж танай хүн гаднаас хутга барьж орж ирж чамайг хайгаад байхгүй гэсэн чинь гарч явсан нэг өрөөнд цусандаа хутгалдсан хүн хэвтэж байна түргэн тусламж дуудаарай гэж хэлэхэд нь түргэн болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд уг асуудал болсны дараа цагдаа нар ирээд бичлэг шүүж үзээд энэ хүнийг таних уу гэж зураг харуулахад нь өнгөрөх шөнө цагаан хаданд ажиллаж байгаа Улаанбаатар хотод ирж манай буудалд орсон найз Ж- болохыг хэлж түүний гэрийг зааж өгсөн. Нэрийг мэдэхгүй шинээр ажилд орсон үйлчлэгч эмэгтэй Ч.Ж-ыг хутга барьж орж ирсэн талаар болон өрөөнд цустайгаа хутгалдсан эрэгтэй хүн хэвтэж байгаа талаар хэлсэн ба өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Миний хувьд тухайн үед Ч.Ж-аас айгаад зупгаж явсан байсан болохоор тухайн газарт ямар асуудал болсон болохыг огт мэдэхгүй ба намайг ирэхэд 201 тоот өрөөний дотор талын үүд хэсэгт Ч.Ж-ыг хөөж шат руу түлхэж ходуулсан гурван залуугийн нэг нь цустайгаа хутгалдсан байдалтай хэвтэж харагдсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,
Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Үнэгүй.мн сайт дээрээс Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” нэртэй зочид буудалд үйлчлэгчээр ажилд авна гэх зарын дагуу холбогдоод очиж уулзаад өнөөдрөөс ажлаа аваад ажиллаж байсан. Би өнөөдөр өглөө 08 цаг 30 минутын үед ажил дээрээ ирэхэд зочид буудлын угтагч О- гэх эмэгтэй ганцаараа байж байсан. Би ирээд ажлаа хүлээж аваад 202 тоот өрөө суларсан байхаар нь би цэвэрлэгээ хийсэн юм. Тухайн өрөөний ариун цэврийн өрөөг угаасан, амрах өрөөний аяга, үнсний сав, шал зэргийг угаасан. Ариун цэврийн өрөөний хогийн саванд нойлын цааснууд байхаар нь хогны уутанд хийгээд зочид буудлын ард талд байх хогийн цэг дээр аваачиж хаясан юм. Би О-той хамт хог хаясан юм. Уг өрөөнөөс өөр ямар нэгэн эд зүйл гаргаж хогийн цэг дээр хаясан зүйл байхгүй. Тэгтэл 10 цаг болж байсан байх О- надад “намайг асууж хар малгайтай залуу ирээд намайг ажлаасаа буусан гэж хэлээрэй” гэж надад хэлээд эмийн сангаас эм аваад ирье гээд гарч явсан. Би ганцаараа үлдээд байж байтал гаднаас хар өнгийн малгайтай, хар өнгийн куртиктэй, 40 гаран настай үл таних эрэгтэй хүн гаднаас орж ирээд ресепшн хаана байна гэж асуухаар нь ажлаасаа буугаад явсан би ээлжийг нь хүлээж авсан хүн байна гэж хэлсэн чинь тэр эрэгтэй хүн худлаа яриад бай, энд байх ёстой бас намайг зодуулсан 5 залуу нь хаана байна гэж хэлээд өрөөнүүдээр хайгаад яваад байсан. Тэгтэл ардаас нь үл таних эрэгтэй хүн гарч ирээд тэр хоёр хүмүүс хоорондоо маргалдаад бие биетэйгээ зодолдсон. Тэгэхээр нь би дундуур нь ороод одоо болиочээ гэж хэлээд салгасан чинь нөгөө сүүлд орж ирсэн эрэгтэй нь хаашаа ч юм яваад өгсөн. Харин анх орж ирсэн хар өнгийн малгайтай, хар өнгийн куртиктэй, 40 гарал настай үл таних эрэгтэй хүн өрөөнүүдээр ороод хүн хайгаад байх шиг байсан ба ардаас нь цагаан малгайтай туранхай биетэй үл таних эрэгтэй хүн орж ирсэн чинь нөгөө хар өнгийн куртиктэй эрэгтэй тухайн хүнтэй мөн адил маргалдсан. Тэр үед би сандраад цагаан малгайтай эрэгтэй хүнийг өөрийнхөө нөхөр гэж нөгөө хар куртиктэй хүнд хэлсэн. Учир нь би дахиад олон хүмүүстэй маргалдаад асуудал үүсгэчих болов уу гэж бодоод тэгэж хэлсэн юм. Тухайн хар куртиктэй залуу өрөөнүүдээр хүн хайж явж байхдаа өчигдөр орой намайг 5 залуу зодсон гэж хэлээд гуя хэсгээ харуулсан ба гуя хэсэг нь зулгарсан байсан юм. Би нарийн учрыг нь бол олоогүй юм. Тэгээд л нөгөө хар куртиктэй эрэгтэй гараад явсан. Би хар куртиктэй эрэгтэйг өрөөнүүдээр хүн хайгаад явж байх үед О- руу залгаад нөгөө эрэгтэй хүн чинь орж ирээд чамайг хайгаад байна. Нэг эрэгтэй хүнтэй зодолдсон гэж хэлсэн чинь О- нь за одоо очлоо гэж хэлсэн. Тэгтэл 201 тоотод байсан нэг үл таних шар царайтай залуу буудлын коридорт гарч ирээд манай өрөөнд нэг хүн хачин болчихсон байна, цагдаа, эмнэлэг дуудъя гэж хэлэхээр нь би очиж харсан чинь 201 тоот өрөөний үүдэнд нөгөө хар өнгийн куртиктэй эрэгтэй хүнтэй маргалдсан үл таних залуу шалан дээр хэвтчихсэн, шалан дээр их хэмжээний цус асгарсан байдалтай байхаар нь би сандарч О- руу дахин залгаад болсон асуудлыг хэлсэн чинь О- нь би Цагдаа, Эмнэлэг рүү дуудлага өгчихье гэж хэлээд гар утсаа салгасан. Удалгүй О- гаднаас орж ирээд нөгөө хүнийг хараад юу болсон юм бэ, яасан юм бэ гэж хэлж байсан, Ардаас нь Цагдаагийн байгууллагын алба хаагч нар орж ирсэн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/,
Гэрч Д.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монполимет ХХК-д эргийн ажилтан ажилтай 20 хоног ажиллаад 10 хоног амардаг. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ажлаасаа буугаад Баянзүрх дүүрэгт байрлах зочид буудлын нэрийг мэдэхгүй байна. Тус буудал би үеэл ах болох Д.Ч-ын хамт орсон. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 05 цагийн орчим Д.Ч- ах гаднаас найзууд гээд 2 эрэгтэйн хамт орж ирээд манай өрөөнд пиво ууж байгаад 06:00 цаг өнгөрч байхад CU дэлгүүрээс нэг шил архи аваад ууна гэж хэлээд гарсан. Би өрөөндөө ганцаараа үлдээд унтсан. Өглөө 08:00 .агаас 09:00 цагийн орчим байх бие засах санаатай өрөөнөөсөө гартал манай өрөөний үүдэнд Д.Ч- ахтай хамт явсан найз нь /нэрийг мэдэхгүй/ доошоо харсан биеэс нь их хэмжээний цус гарсан байдалтай газарт хэвтэж байсан. Тухайн үедээ би сандарч гүйж гараад буудлын угтах үйлчилгээний эгч дээр гүйж очоод түргэн тусламж, цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгүүлсэн. Удалгүй цагдаагийн алба хаагчид түрүүлж ирээд намайг хөдөлгөхгүй байлгаж байгаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Үеэл ах Д.Ч- өөрийнхөө өрөөнд нэг найзынхаа хамт унтаж байхад нь би цагдаагийн алба хаагчийн хамт сэрээж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,
Гэрч Т.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уржигдар буюу 2024 оны 06 дугаар сарын 12-ны шөнө би тухайн 16 дугаар хорооллын замын хойд талд байдаг Чингис гэх буудалд хоноод маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус буудлаас гарсан. Тэгээд тэр өдрөө буудлын цаг нь дуусчихсан байсан учраас гарч явсан бөгөөд өчигдөр гэртээ өнжөөд гэртээ хоносон. Тэгээд өнөөдөр еглөө би өмнөх өдрөө буудлаас гарахад өрөөндөө үлдээсэн байсан эрүүл мэндийнхээ картыг хайгаад олоогүй учраас тус буудалд хамтдаа хоносон найз Д- маань доод ресепшн дээр үлдээсэн байж магадгүй гэж бодоод тэр буудалд 09:00-10:00 цагийн орчимд очсон. Тэгэхэд ресепшн нь байхгүй байсан бөгөөд 2 давхарт гарч ирэхэд 2 давхрын коридорт цэвэрлэгч нь бололтой хүн цэвэрлэгээ хийгээд явж байсан ба асуухад ресепшн нь байхгүй байна, одоо удахгүй хүрээд ирнэ гэж хэлсэн, тэр үед 2 давхрын нэг өрөөнд нь нэг эрэгтэй хүний хоолойгоор чанга чанга дуугараад хүнтэй муудалцаж байгаа мэт сонсогдож байсан, тэгэхэд цэвэрлэгч нь цаана дугараад байгаа хүнтэй маргалдаж магадгүй гэж бодоод намайг цэвэрлэгээ хийчихсэн өрөөнд ороод хүлээгээд сууж бай гэсэн, тэгээд яг өрөөнд орж ирэхэд цаанаас чанга дуу гаргаад байсан эрэгтэй хүн гарч ирээд цэвэрлэгч дээр хүрч ирээд “Намайг 4-5 хүн зодчихлоо, ресепшн нь хаана байна" гэж асууж байсан. Тэгснээ өрөөний хаалга онгорхой, хаалганы яг урд цэвэрлэгч зогсож байсан учраас тэр эрэгтэй намайг хараад шууд орж ирээд “Чи намайг зодсон хүмүүсийн нэг нь мөн үү” гэж хэлэхэд нь би биш хамаагүй гэдгээ хэлэхэд цэвэрлэгч нь намайг хамгаалаад наадах хүн чинь хамаагүй, манай нөхөр байна гэж хэлж тайвшруулаад гаргасан. Тухайн эрэгтэй хүн нэлээн согтсон байдалтай, шар өнгийн хагас түрүүтэй гуталтай, дээгүүрээ бор цамцтай надтай ойролцоо настай эрэгтэй хүн байсан. Тэгээд шууд буудлаас гараад явчих шиг болсон бөгөөд удалгүй миний суугаад хүлээж байсан өрөөний яг хажуугийнх нь өрөөнөөс бас 20-30 орчим настай залуухан залуу гарч ирээд цэвэрлэгчид хандаад “Гар утас байна уу, цагдаа түргэн дуудъя, манай өрөөнд нэг хүнээс аймар их цус гараад хэвтэж байна” гэж хэлэхэд нь би гарч ирээд цэвэрлэгчтэй хамтдаа харахад өрөөний шалан дээр нь цус алдсан байдалтай эрэгтэй хүн доош хараад хэвтчихсэн байсны дагуу цэвэрлэгч нь ресепшн гэх хүн рүүгээ яриад тэр ресепшн гэх хүн нь цагдаа, түргэн дуудах шиг болсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 11-29 дэх тал/,
Цогцост үзлэг хийсэн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 30-33/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 70-74 дүгээр тал/,
Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 76-97 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Шинэбаярын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3652 дугаар “...шинжилгээнд хүргүүлсэн сэжигтэн Ч.Ж-ы баруун, зүүн гарнаас авсан арчдас 2 ширхэг хөвөнгөөс цус болон биологийн бусад ул мөр илрээгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 101-103 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Шинэбаярын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3651 дүгээр “...шинжилгээнд ирүүлсэн хумснууд дээрээс цус болон биологийн бусад ул мөр илрээгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 109-111 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн хошууч Б.Золзаяагийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2092 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн куртикт үүссэн 30 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, хар өнгийн өмдөнд үүссэн 15 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 116-120 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн ахмад Ш.Пүрэвдуламын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3680 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогчийн өмсөж явсан гэх хувцас болон хар өнгийн иштэй хутганд цусны ул мөр илрээгүй, куртка, футболка дээр хүний шүлсний ул мөр илэрсэн. Шүлсний ул мөрөөс бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 123-126 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Чимэд-Очирын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2191 дүгээр “...Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүзүүний баруун урд доод хэсэгт гүрээний баруун хураагуур судсыг бүрэн бус гэмтээж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины уналт, цээжний хөндийд сул алдалт /430 гр цусан бүлэн, 200 мл цус/, дээд уруулын салстад шарх, эрүүний төвгөрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх “хүзүүний баруун урд доод хэсэгт гүрээний баруун хураагуур судсыг бүрэн бус гэмтээж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины уналт, цээжний хөндийд сул алдалт /430гр цусан бүлэн, 200мл цус/” гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, “дээд уруулын салстад шарх, эрүүний төвгөрт зулгаралт” гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Шүүх эмнэлгийн шинжилгээгээр амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
Амь хохирогч нь дээрх гүрээний хураагуур судсыг гэмтээж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цочсогоор цус алдаж зүрх судасны дутагдлаар нас баржээ.
Химийн шинжилгээгээр амь хохирогч Б.Т-ын цусанд 3.4 промилли, ходоодны шингэнд 7.1 промилли, шээсэнд 3.6 промилли спиртийн зүйл илэрсэн. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Цусанд 3.4 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 131-142 дугаар тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2/246 дугаар тоот “Шүүгдэгч Ч.Ж-ы СЭМҮТ-өөр үйлчлүүлсэн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 185-192 дугаар тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 733 дугаар “...Ч.Ж- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Ч.Ж- нь өөрийнхөө үйлдлийг зөвөөр ойлгон мэдэж удирдан жолоодох чадвартай байна. Ч.Ж- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ч.Ж- нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Ч.Ж- нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдах чадвартай байсан байна. Ч.Ж- нь тухайн үедээ өөрт болон нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийх боломжтой эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. Ч.Ж- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ч.Ж- нь өөрийн үйлдсэн хэргийн учир холбогдлыг зөвөөр тусган авах, хэрэг хариуцах чадвартай байна. Ч.Ж-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Ч.Ж- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ч.Ж- нь болсон байдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 193-195 дугаар тал/,
Чингис дэн буудлын хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Ч.Ж-ы үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж, Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх…” гэж заасан эрхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хохирогчийн амь насыг хохироосон нийгэмд аюултай гэмт үйлдэл гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” хүний алах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдэг нь хохирогч бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй үйлдэл бүхий эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ойлгож мэдсэн бөгөөд тэрхүү нөхцөл байдлыг далимдуулж буюу зориуд ашиглан хүнийг алсан ухамсарт үйлдлээр илэрнэ.
Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдалд бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалж, хянах чадваргүй нөхцөл байдлыг хамааруулна. Өөрөөр хэлбэл, согтуурсан эсэх, согтуурсан хэр хэмжээг анагаахын шинжлэх ухаанаар тодорхойлох боломжтой боловч хохирогч согтуурсны улмаас идэвхтэй үйлдэл хийх чадваргүй, өөрийгөө хамгаалах боломжгүй болсон нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож, хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгсний үндсэн дээр тодорхойлох учиртай.
Хохирогч Б.Т- нь амь хохирох үедээ хүнд зэргийн согтолттой байсан болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2191 дугаартай дүгнэлтээр 3,4 промиллийн согтолттой байсан /1 дүгээр хавтаст хэргийн 132-142 тал/, шинжээч эмч Т.Чимэд-Очирын шүүх хуралдаанд гаргасан: “...Амь хохирогч Б.Т-ын цусанд 3.4 промиль спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан. Тухайн хүний биеийн онцлогоос хамаараад орон зайн баримжаа алдах, шийдвэр гаргах чадвар буурдаг гэж ойлгож болно. Согтолтын хүнд зэргээс илүү хүнд зэрэгт шалгуур тогтоосон байгаа. Химийн шинжилгээгээр 2.5 аас дээш промиль илрэх юм бол онолын хувьд согтолтын хүнд зэрэгт хамаарна.Тухайн хүний өндөр, жинтэй нь хамааруулж спиртийн хэмжээ, согтолтын зэргийг тодорхойлох боломжгүй. Жишээ нь хүний сэтгэл зүй, энерги зарцуулалт, ажлын ачаалал, бие хүчний ачаалал, цаг агаар ямар байсан зэргээс хамаарч архи эсэргүүцэх, хүлээн авах, биедээ шингээх чадвар нь өөр өөр байдаг. Тийм учраас нарийн хариулах боломжгүй” гэх тайлбарыг тус тус гаргасан бөгөөд тухайн хэрэг гарах үед хохирогч Б.Т- нь идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийж коридорт шүүгдэгчтэй харьцаж байгаа байдал нь Чингис дэн буудлын 2 давхарын камерын бичлэгээр нотлогдон тогтоогдож байх тул амь хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж алсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдсэн болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Ж-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч Ч.Ж-ы үйлдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол болон энэхүү үр дагавар нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ч.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Ч.Ж- нь оршуулгын зардалд 15,485,968 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-д төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ын 2.5 дахь хэсэгт "Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт заасны дагуу арилгана", Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 сарын 03 өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3 дахь хэсэгт "Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Батжаргалаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 99,000,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,
Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.
Улсын яллагч М.Сүхчулуун эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Ч.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Чинзориг эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Ч.Ж-ы гэмт хэрэг үйлдэх болсон санаа зорилго, хувь хүний биеэ хамгаалах чадваргүй байдал зэргийг харгалзан үзэж 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энх-Амгалан эрүүгийн хариуцлагын талаар: “...Өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан нь эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Ч.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Ж-д 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж-д 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 123 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасан болно.
Энэ хэрэгт иргэний хувийн байдалтай болон бичгийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус
тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт Ч-гийн Ж-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Ж-д 14 /арван дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж-д оногдуулсан 14 /арван дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж-ы цагдан хоригдсон 123 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CД-ийг хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ж-аас 99,000,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-д олгосугай.
8. Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Ж- нь оршуулгын зардалд 15,485,968 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-д төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА
ШҮҮГЧИД Ч.АЛДАР
С.ӨСӨХБАЯР