Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1068

 

 

 

 

 

 

 

 

 

   2024         11          27                                    2024/ШЦТ/1068

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цэнд-Аюуш,

Улсын яллагч: Ж.Энхбат,

Хохирогч: Ш.Э.,

Шүүгдэгч: Б.А., түүний өмгөөлөгч Ц.Долгорсүрэн нар оролцсон эрүүгийн 2409000001750 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Б. овогт Б.гийн А.

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ...-ийн уул уурхайн тоног төхөөрөмжийн ангид оюутан, ам бүл 7, эцэг, эх, 4 дүүгийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А. нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ш. молл худалдааны төвийн 5 давхарт байрлах И. нэртэй үйлчилгээний газарт Ш.Э.тэй маргалдаж, улмаар түүний нүүр, зүүн гарын хэсэг рүү гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2024 оны 09 дүгээр сарын 14-ний орой 22:00 цагийн үед найз маань намайг дуудаж би 23:00 цагийн үед тухайн пабд очсон. Би болон манай 4 найз байсан. Хойноос Ш.Э., Н.Т. нар орж ирсэн. Ш.Э. намайг ариун цэврийн өрөө рүү оръе гэхэд нь би дагаж орсон. Ш.Э. ариун цэврийн өрөө рүү ороод намайг 3 удаа түлхсэн. Би тэр үед юу ч хэлээгүй. Сүүлдээ намайг мөргөхөд нь би хариу үйлдэл үзүүлж хохирогчийн нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Ш.Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2024 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө би Б.А.ыг ариун цэврийн өрөө рүү хамт дагуулж орсон нь үнэн. Ариун цэврийн өрөөний коридор нарийхан байсан учир би урд нь алхаж байсан. Хаалга нээгдэхэд миний нүд рүү цохисон. Би Б.А.ыг сайн танихгүй. Манай найзыг тарган гэж доромж маягаар ярихаар нь би дургүйцлээ илэрхийлсэн. Би ширээний хажууд яриад яах юм бэ, ариун цэврийн өрөө рүү ороод ярья гээд орсон. Би урд нь алхаж байгаад ариун цэврийн өрөөний хаалгыг түлхэж онгойлгосон. Надад ариун цэврийн өрөө рүү ороод Б.А.ыг түлхэж, цохисон зүйл байхгүй. Ариун цэврийн өрөөний хаалга онгойв уу, үгүй юу миний хойноос цохисон. Тэрийг би сүүлд санахад надад хэцүү байсан. Учир нь цохиулсны дараа миний нүд харахаа байсан, би тэрийг сайн санаж байгаа. Намайг Б.А.ыг маажсан гэж хэлсэн. Тэр үед миний хойноос 1 цохичихоод дахиад дайрахаар нь би өөрийгөө хамгаалсан. Б.А. намайг 3-4 удаа цохисон. Би Б.А.ыг цохиогүй, барьцалдсан. Би маш их гомдолтой байна. Би ангийнхаа хүүхдүүдийн туслахаар ажилладаг. Нүдний гэмтлээс болж ажлаа хийгээгүй, зогсоосон. Мөн өөрийнхөө хичээллэдэг спортоор хичээллэх боломжгүй болсон. Миний нүд одоо болтол мэдээ ороогүй. Б.А.ас эмчилгээний зардалд 2.270.000 төгрөг болон сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилнэ.” гэв.

Эрүүгийн 2409000001750 дугаартай хэргээс:

Хохирогч Ш.Э.гийн мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Гэрч Д.О.ын мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12370 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27/,

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Б.А. нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ш. молл” худалдааны төвийн 5 давхарт байрлах “И.” нэртэй үйлчилгээний газарт Ш.Э.тэй маргалдаж, улмаар түүний нүүр, зүүн гарын хэсэг рүү гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн доод хананы хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, баруун хөмсөгт зулгаралт, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Ш.Э.гийн өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш. моллын 5 давхарт байрлах И. гэх нэртэй лоунжид Н.Ц., Н.Э., Н.Г., Д.О. бид 5 хамт суугаад, шил архи аваад хуваагаад ууж байх үед Н.Г.ын найз гэх 2 үл таних эрэгтэй орж ирээд шууд суугаад байхаар нь “чи яг хэн юм бэ, чи одоо яадаг нөхөр юм?” гээд хэлсэн. Тэгээд би үл таних хар малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэйд хандаж “хоёулаа ариун цэврийн өрөө оръё” гээд би мөрөн дээр нь гараа тавиад ариун цэврийн өрөө рүү орох гээд хаалгыг нь түлхээд, миний араас үл таних хар өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй намайг цохиод, миний баруун нүд харанхуйлаад байхаар нь 2 нүдээ аниад, үл таних эрэгтэйтэй ноцолдоод, би айсандаа болоод ариун цэврийн өрөө дотроо цагдаагийн байгууллагад хандсан. Б.А. гэх эрэгтэй миний хаашаа хэд цохисныг сайн санахгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч Д.О.ын өгсөн “...Ариун цэврийн өрөө ороод гараа угааж байх үед Ш.Э., Б.А. 2 хамт орж ирээд гэнэт нэгнээ заамдаад нэгнийгээ унагаах гээд оролдоод байхаар нь би гараа угааж дуусаад Ш.Э. болон Б.А. дээр очоод салгахад Ш.Э. нь баруун нүд нь хөхөрсөн, цус гарсан байхаар нь цэвэрлэж өгөөд буцаад ширээн дээрээ очсон.” гэх мэдүүлэг /хх-ийн /хх-ийн 25/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12370 дугаартай “Ш.Э.гийн биед баруун нүдний ухархайн доод хананы хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, баруун хөмсөгт зулгаралт, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А. нь хохирогчийн хэлсэн  үгэнд дургүйцэж, улмаар хоорондоо зүй зохисгүй харьцаж, хохирогч Ш.Э.гийн нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болохыг хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлж, шүүгдэгчээс хохирогчийг зодсон үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн доод хананы хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, баруун хөмсөгт зулгаралт, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Б.А. нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Ш.Э.гийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.А.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол, төлбөрийн талаар:

Хохирогчоос 2.789.200 төгрөгийн хохирлын зардал нэхэмжилсэн.

Хавтаст хэргийн 33-34 дүгээр талд “Рехамед” нэгдсэн эмнэлэгт зүрхний цахилгаан бичлэг, уушигны эгц байрлалын рентген зураг хийлгэсний 60.000 төгрөг, “Гялс” анагаах ухааны төвд үзлэг, үйлчилгээ авсны 237.100 төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээ авсны 160.000 төгрөг, “Орбита” эмнэлгээс нүдний дусаагуур худалдан авсны 20.000 төгрөг, “ТЭУ” эмнэлэгт Батхуягийн ... гэх иргэнээс “Имплант” гэх утгатайгаар бэлнээр 1.800.000 төгрөг тушаасны, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “Нүд ба ухархайн гэмтэл” гэсэн үйлчилгээний нэртэй 300.000 төгрөг, “Орбита” эмнэлгийн 60.000 төгрөг, “Монос” эмийн сангийн буюу Сейроган, Амоксиклав, Тийр натураль, Инсти хүүхэд, Инсти сахархгүй гэсэн бараа бүтээгдэхүүний нийт 152.100 төгрөгийн баримтууд авагджээ.

Дээрх баримтуудаас ТЭУ” эмнэлэгт Батхуягийн ... гэх иргэнээс “Имплант” гэх утгатайгаар бэлнээр 1.800.000 төгрөгийн, Монос” эмийн сангийн буюу Сейроган, Амоксиклав, Тийр натураль, Инсти хүүхэд, Инсти сахархгүй гэсэн бараа бүтээгдэхүүний нийт 152.100 төгрөгийн баримтуудаас бусад баримтуудын нийт дүн  болох 912.000 төгрөгийн нэхэмжлэлийн баримтууд нь энэ хэрэгт хамааралтай гэж үзэхээр байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Харин ТЭУ” эмнэлэгт Батхуягийн Ундармаа гэх иргэнээс “Имплант” гэх утгатайгаар бэлнээр 1.800.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул хэлэлцэхгүй орхиж, түүнчлэн 152.100 төгрөгийн баримт нь хохирогчид гэм хор учирсантай холбоо хамааралгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батласан ба үүний хавсралтын 3.6 болон хүснэгтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл буюу хөнгөн хохирлын тухайд сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (3.300.000-8.573.400 төгрөг) тооцож гаргуулахаар тогтоож, үүнд холбогдуулан мөрдөгчөөс Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж зааснаар хх-ийн 41-р талд хохирогч Ш.Э. нь сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрөв гээд гарын үсгээ зуржээ.

Иймд шүүх гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор/ 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /660.000 төгрөг*7=4.620.000 төгрөг/ буюу 4.620.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Тийнхүү шүүгдэгчээс нийт 5.532.100 төгрөгийг гаргуулах шийдвэрлэж, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид 500.000 төгрөгийг төлсөн тул үлдэх 5.032.100 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь хуульд нийцнэ.

Харин хохирогчоос шүүхийн хэлэлцэхгүй орхисон хохирлын зардал болон цаашид хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Б.А.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.А. нь бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 7, тодорхой оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.А.д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.А.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 700  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, нийгэм, гэр бүлийн харилцаанд бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б. овогт Б.гийн А.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А.д 700 нэгжтэй /1 нэгж=1000 төгрөг/ тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А.д оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар Б.А.ас 5.032.100 төгрөгийг гаргуулан хохирогч ... овогт ... Э. /.../-д олгосугай.

5. Хохирогч Ш.Э.гийн нэхэмжилсэн 1.877.100 төгрөгийн хохирлын зардлыг хэлэлцэхгүй орхиж, үүнд холбогдох баримтыг зохих ёсоор бүрдүүлэн, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А. нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН