Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1069

 

 

 

 

 

 

 

 

 

 2024           11           27                                 2024/ШЦТ/1069

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч Ж.Энхбат,

шүүгдэгч О.Б. нар оролцсон эрүүгийн 2409000001964 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х. овогт О.ийн Б.

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Нийслэлийн ерөнхий боловсролын ... цогцолбор сургуулийн ...-г ангид сурдаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б. нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А.Г.тэй фэйсбүүк цахим хаягаар харилцан А.Г.ийн эзэмшлийн Surron 21X маркийн цахилгаан дугуйг худалдан авахаар тохиролцон Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сүхбаатарын талбайн хөшөөний хажууд уулзаж, түүний эзэмшлийн цахилгаан дугуйг унаад үзье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан авч зугтаж 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Эрүүгийн 2409000001964 дугаартай хэргээс:

Хохирогч А.Г.ийн мэдүүлэг /хх-ийн 12/,

Насанд хүрээгүй гэрч Б.А.ын мэдүүлэг /хх-ийн 42-43/,

“Ашид Б.” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-27/,

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 30-34/,

Хохирогч А.Г.ийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч О.Б. нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А.Г.тэй фэйсбүүк цахим хаягаар харилцан А.Г.ийн эзэмшлийн Surron 21X маркийн цахилгаан дугуйг худалдан авахаар тохиролцон Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сүхбаатарын талбайн хөшөөний хажууд уулзаж, түүний эзэмшлийн цахилгаан дугуйг “унаад үзье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан авч зугтаж 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч А.Г.ийн өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр фэйсбүүк цахим орчимнд өөрийн Суррон унадаг дугуйг худалдан борлуулахаар зар нийтэлсэн бөгөөд над руу Д.Т. нэртэй фэйсбүүк цахим хаягтай хүн холбогдож, үзэж байгаад худалдан авахаар болсон бөгөөд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн хөшөөний хажууд 19:35 цаг минутаас 19:40 цаг минутын хооронд дээгүүрээ саарал өнгийн юүдэнтэй цамцтай,  доогуураа хар саарал өнгийн жинсэн өмдтэй 17-20 орчим насны эрэгтэй хүрч ирээд худалдаж авахаасаа өмнө эхлээд нэг унаж үзнэ гээд миний Суррон дугуйг унаад Сүхбаатарын талбайгаас хойшоо Хүнсний 4 чиглэлтэй яваад эргэж ирээгүй. Миний алдагдсан Суррон дугуй нь хар өнгийн цэнхэр өнгийн рам төмөртэй бариулын хэсэг нь шар өнгийн резин бариултай Суррон брэндийн 21Х загварын цахилгаан дугуй байсан бөгөөд би одоогоор 10 орчим хоногийн өмнө ... дугаартай хүнээс 5.500.000 төгрөгөөр хямд худалдан авч байсан. Онцлог содон шинж тэмдэг гэвэл урд тормозгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Насанд хүрээгүй гэрч Б.А.ын өгсөн “...Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Тэр өдөр би О.Б.ий хамт явж байгаад Сүхбаатарын талбай орсон. Тэгээд тэнд очсоны дараа О.Б. нэг хүнтэй чат бичээд байсан, юуны талаар бичиж байсныг мэдэхгүй байна, тэгж байгаад намайг харж байхад нэг Суррон буюу цахилгаан дугуй унаж байсан харагдсан, тэгээд алга болсон. Дараа нь хэсэг хугацааны дараа над руу залгаад Сансарт хүрээд ир гэсэн. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй байна. Ямар нэгэн байдлаар ярилцаж байгаад энэ санааг гаргасан зүйл бол миний хувьд байхгүй. О.Б.ийг талбай дээр ирж цахилгаан дугуй авах гэж байгаа талаар ерөөсөө мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

“Ашид Б.” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Суррон 21Х загварын цахилгаан дугуй 6.500.000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 21-27/,

О.Б.ий яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 6/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас О.Б. нь цахим орчинд хохирогчийн цахилгаан дугуйг худалдаж авах гэж буй мэт ойлголт төрүүлэн, улмаар уулзаж, дугуйг эхлээд “жолоодож үзнэ” хэмээн хэлж төөрөгдүүлэн жолоодон зугтаасан болохыг хохирогч, насанд хүрээгүй гэрч нараас тодорхой мэдүүлж, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ.

Шүүгдэгчээс ийнхүү амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болж, хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авахыг ойлгодог.

Ийнхүү шүүгдэгчийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч О.Б.ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид 6.500.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хх-ийн 30-р талд хохирогч А.Г. нь өөрийн Суррон Х21 загварын цахилгаан дугуйг хүлээн авсан баримт авагдсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч О.Б.ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Улсын яллагчаас “шүүгдэгч О.Б.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч О.Б. нь бүрэн бус дунд боловсролтой, ерөнхий боловсролын дунд сургуульд сурдаг, тодорхой оршин суух хаягтай зэрэг хувийн байдлыг тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасанд холбогдуулан шүүгдэгч О.Б.ий тухайд гэм буруу дээр маргаагүй, хохирогчид эд зүйлийг буцаан өгсөн зэрэг нь түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл бүрдсэн байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу эд зүйлийг бүрэн бүтэн буцаан өгсөн байдал, хувийн байдал буюу шүүгдэгч нь насанд хүрээгүй байхдаа буюу 17 нас 11 сар 4 хоногтой байхдаа уг гэмт хэргийг үйлдсэн, тухайн үйлдлийнхээ нийгмийн аюулын хэр хэмжээг бүрэн гүйцэд ухамсарлахуйц төлөвшөөгүй байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б.д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хууль зүйл, хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х. овогт О.ийн Б.ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б.д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч О.Б.д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн хууль, зүйл, хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч О.Б.д тайлбарласугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН